Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн 28 – 35 насанд төгс боловсордог гэсэн үг бий. Бид бүгд толинд хараад хорин хэдтэйгээсээ илүү өөртөө итгэлтэй, сэтгэл булаам, “болзоонд уримаар” өөрийгөө олж харах болжээ. Хэдий тийм ч, 10 жилийн өмнөхөөс ялгаатай нь бүсгүйчүүд бид яг одооноос гоо сайхныхаа төлөө илүү ихээр, шургуу хөдөлмөрлөх ёстой болж байгаа нь нууц биш.
Ганц хоёрын зэрэг үрчлээс, ганц хоёрын зэрэг цагаан үснүүд 30-аад насны цэх бардам байдлаас чинь хойш чангааж байвал дараах зөвлөгөөг хэрэгжүүлж, юунаас ч бүү айгаарай.
Ихэнх зөвлөгөө нь бидний урьд нь ч сонсож дадсан, шинэ зүйлс биш байгаа. Гэхдээ заавал бичих болсны шалтгаан нь 35 наснаас эхлээд тэдгээр “хэрэгжүүлэх эсэхээ өөрөө л мэд” гэдэг байсан зөвлөгөөнүүд бүгд “хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай” жагсаалт руу шилжсэнд байгаа юм.
1. Шатлалтайгаар цэвэрлэ
Ганцхан удаа угаадаг залхуу зуршлаа таягдан хаяж одооноос 3 шатлалтайгаар цэвэрлэж эхлээрэй. 4:2:4-ийн зарчмыг баримтал – Тосон цэвэрлэгчээр 4 минут зөөлөн иллэг хийж нүүрээ цэвэрлэнэ. Үүний дараа 2 минут хөөсөн цэвэрлэгчээр угааж, 4 минут бүлээн усаар шавшиж зайлснаар дуусна. Ингэж цэвэрлэсний дараа нүүрний будаг чинь бүрэн арилж, арьс толигор, булбарай болдог. Гэхдээ Солонгосын арьс арчилгаанаас гаралтай энэ арга нь хуурай, энгийн арьстай хүнд илүү зохимжтой гэдгийг санаарай. Харин хэрвээ чиний арьс тослог, холимог бол Clarisonic –ийнхтой адил нүүр цэвэрлэгч сойз ашиглаарай. Мөн давхар цэвэрлэх буюу хоёр өөр төрлийн цэвэрлэгч бүтээгдэхүүн хольж цэвэрлэх аргыг ч хэрэглэж болно. Ямартай ч өөртөө тохирсон аргаар нь, тодорхой үе шатлалын дагуу хэд дахин сайтар цэвэрлэж занших хэрэгтэй. Энэ бол арьсаа залуу, гэрэлтсэн хэвээр нь хадгалах үндсэн бөгөөд хамгийн чухал арга юм.
2. Витаминаар ханга
Зүгээр л дархлаагаа сайжруулах зорилгоор витамин C –г тогтмол уухад ч арьс өмнөхөөсөө илүү зөөлөн, жигд, өнгөлөг болж хувирах нь мэдэгддэг. Бидний арьс амин дэмээр үргэлж цангаж байдаг бөгөөд энэ нь уян хатан чанар алдагдаж эхлэх 35 насанд бүр ч илүү хамааралтай. Витамин C болон E-ийн найрлагатай байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж хэвшээрэй. Үүнийг бэлдмэл маягаар залгиж, уусмал маягаар ууж, хоол хүнсний сонголтондоо оруулж гээд яаж л бол яаж хэрэглэж болно. Эмэгтэйчүүдэд зориулсан үнэтэй бэлдмэлүүд гадуур олон зарагддаг ч, энгийн хямд C, E витаминууд ч сайн нөлөөтэй гэдгийг санаарай. Эдгээр витамин нь арьсыг чангаруулж, уян хатан байдлыг нь сайжруулж, коллагений үйлдвэржилтийг дэмжин “дотроос чинь гэрэлтүүлэх” болно.
3. Маскыг дуусгаж сур
Өмнө нь бид сонирхолдоо хөтлөгдөн авсан маскуудаа хоёр хэрэглээд л орхичих нь олон байсан. Харин одоо үнэхээр маскнуудыг авч, хэрэглэж, дуусгах нас ирж байна. Бүхнийг нэг дор багтаасан маск гэж байдаггүй. Байсан ч санасан үр дүнг чинь өгөхгүй. Түүний оронд зөвхөн чийгшүүлэх, үрчлээний эсрэг, коллагентэй, гиалуроны хүчилтэй, тайвшруулдаг, гэрэлтүүлдэг гээд тус тусдаа, ганц үйлчилгээн дээр төвлөрсөн сальфеткан эсвэл тосон маскнуудыг аваарай. Өөрийнхөө арьсанд тулгамдаж буй асуудал бүрт маск авахад болно, тэгээд долоо хоног бүр нэг нэгээр нь ээлжилж тавихыг заавал хийх зүйлсийнхээ жагсаалтанд оруул.
4. Чамайг ойлгодог үсчин, чамд таардаг гоо сайханч
Энэ хоёр хүнийг чи 35 насандаа заавал олсон байх хэрэгтэй. Салоноос салон хэсэж, туршилт хийж явдаг үе өнгөрсөн шүү дээ. Одоо гоо сайхнаа зөвхөн найдвартай гарт л даатгах хэрэгтэй. Маш сайн гоо сайханч эмчтэй болоод сард нэг удаа тогтмол үйлчлүүлж заншаарай. Энэ бүх цаг хугацаа, хичээл зүтгэл чинь тухайн үедээ анзаарагдахгүй байж болох ч хөгшрөлтийг чинь хэчнээн ихээр удаашруулна гээч. Мөн “Үсчинд орохоороо л хөөрхөн болдог” гэсэн өөрийнхөө бодлыг хаяад, үсчингийнхээ хийдэг зүйлсийг гэртээ өөрөө хийж сураарай. Байнга үйлчлүүлдэг үсчингээсээ яаж сэнсдэхээр, юу хэрэглэхээр чиний үс тийм сайхан хэлбэртэй болоод байгааг асууж, ажиглаж, гэртээ туршсаар гартаа хэвшүүл. Тэгвэл чи өндөр зардал гаргалгүйгээр өдөр бүр үсчинд орсон мэт харагдаж чадна. Энэ бол элегант харагдах ёстой 35+ насны бүсгүйчүүдийн эзэмшсэн байх чадваруудын нэг юм шүү.
5. Нарнаас “нуугд”
D витамины эх үүсвэр болсон нарны гэрэлд дурлах шалтгаан олон. Гэхдээ “Ямар сайхан нарлаг өдөр вэ?” гээд нүүрээ ээж алхахаа энэ наснаасаа эхлэн зогсоох хэрэгтэй болох нь. Нарны малгайг тогтмол өмсөж, SPF-30 болон түүнээс дээш нарны хамгаалалтгүйгээр хамраа ч цухуйлгахгүй байхыг эрмэлзээрэй. UVA, UVB хэт ягаан туяануудаас хамгаалснаар үрчлээ, нөсөө толбо болон арьсны хорт хавдруудаас сэргийлэх болно. Мөн зөвхөн нүүр биш хүзүү, гарандаа түрхэхээ мартуузай. Дандаа сонсдог ч одоо л хэрэгжүүлж эхлэхгүй бол оройтох зөвлөгөө энэ юм.
6. Царайгаа “төв” болго
Ямар нэг зүйлд төвлөрөх, уурлах, бухимдахдаа хөмсгөө зангидахаа болих ёстой цаад талын насыг 35 гэж ойлго. Арьс чинь таталдаж, зангирахыг мэдрэх тоолондоо царайгаа төв болгодог хэвшилтэй болоорой. Энэ нь чиний хөгшрөлтийг сааруулахаас гадна удаан хугацаанд стресстэхээс ч хамгаална.
7. Чамайг илэрхийлэх үнэртэн
35 настай бүсгүйчүүдийн олсон байвал зохих бас нэгэн зүйл юу гээч? Чиний ирж явааг ирэхээс чинь 1 минутын өмнө үнэрээрээ мэдрүүлдэг, нэрийн хуудас шиг чинь болсон тансаг сүрчиг. Өөрөөсөө яг юу үнэртээсэй гэж хүсдэг талаараа сайн бодоод үзээрэй. Тэгээд тэр үнэрээ өөрийн болго. Чамд л таалагдаж, чамайг л илэрхийлж байвал тэр чинь 300 долларын eau de parfum, эсвэл хэдэн дусал эфирийн тосны аль нь ч байж болно.
8. Илүү хөнгөн буд
Бүсгүйчүүдийн гаргадаг түгээмэл алдаануудын нэг нь нас нэмэх тусмаа илүү хүнд, их хэмжээгээр будах гэж оролдох явдал юм. Ингэвэл илүү залуу харагдах юм шиг эндүүрдэг ч, будаг ихдэх тусмаа овор нэмж, ядрангуй, цонхигор харагдуулдаг гэдгийг санаарай. Тиймээс одоо матт, хүнд будаг биш хөнгөн, чийг ихтэй энгэсэг, байгалийн зөөлөн өнгөтэй тень сонгоорой. Өөгөө дарахдаа энгэсэгнээс илүү өө дарагчийг ашиглаж, шаардлагатай газар нь л “зузаатга”. Гэхдээ царай чинь бүхэлдээ нимгэн, хөнгөн харагдаж байж үргэлж залуу төрхөө хадгалах болно.