Гүег хааны хөвүүн
Гүйж л, гүйж л явдаг
/голын ус/
Гүрний ээж гүзээгүй
Олны ээж оломгүй
/гол/
Дэнжээр дэржигнэнэ
Хотгороор хоржигноно
/гол/
Жийжүү жирэлзээд
Жаран цагаан намалзаад
Хээр морь хэвэлзээд
Хивс тохом намилзаад
/усны мяраа, замаг/
Жороо хар гүү
Ороо цагаан унагатай
/ус, загас/
Зуны өдөр зөөлөн биетэй
Өвлийн өдөр хатуу биетэй
/ус, мөс/
Модгүй байж шуугина
Морьгүй байж давхина
/гол/
Морь биш байтлаа гүйнэ
Могой биш байтлаа атирна
/гол, ус/
Найган найган явах атлаа хөлгүй
Найралдуулан зохилдуулах атлаа хэлгүй
/гол/
Нүүх нь нүүнэ
Суух нь сууна
/гол, эрэг/
Нэг нь явна
Хоёр нь байна
/голын ус, эрэг/
Нэг нь явъя гэж
Нэг нь зогсъё гэж
Нэг нь хэвтье гэж
/ус, хулс, шавар/
Огтлоход оргүй
Цавчихад мөргүй
/ус/
Хувилбар: Огтлоход оногүй
Цавчихад цараагүй
/ус/
Өмнөө байгааг хамж дайрна
Өндөр товгороос халирч тойрно
Зунжингаа шогшин жирийнэ
Өвөлжингөө зогсон толийно
/гол мөрөн/
Тас хар морийг
Чи бид хоёр
Хэзээ хазаарлах бол
/гол/
Тогтдоггүй хар
Тонгорцог цагаан хүүтэй
/голын ус, загас/
Толгойгүй байтлаа эхтэй
Тон яаруу явахад
Тоос гарахгүй
Тогтон одоход үд хоног хэрэглэхгүй
/усны урсгал/
Толийн манханд тоосгүй
Холын замд мөргүй
/ус, загас/
Урт хар морь
Уургалж гүйцэгдэхгүй
/голын ус/
Хувилбар: Урт хар морийг
Уургаар барьж болдоггүй
/голын ус/
Урт хөх биетэй
Уруу газар явдалтай
Амьдрахад тустай
Аялахад саадтай
Шавар хэвтэртэй
Шороон хэрэмтэй
/гол/
Хар морь
Хайван хатирна
Хазааргүй
Жийгэн хатирна
/гол мөрөн/
Хар морь
Хатирч цуцдаггүй
/голын ус/
Хувилбар: Хатирч зогсдоггүй
Хар морь
/голын ус/
Хар морины гүйдэл сайхан
Халив хүүгийн суудал сайхан
/гол, загас/
Хар торгыг
Хавж болдоггүй
Шар торгыг
Шаглаж болдоггүй
/ус, гал/
Хар торгыг хайчилж болдоггүй
/голын ус/
Хар үхрийг
Хамгачилж болдоггүй
Бор үхрийг
Боомилж болохгүй
/гол/
Хасгүй морийг
Хааж, боож ч ядав
/гол, мөрөн/
Хатгах гэвч цусгүй
Хагалах гэвч ясгүй
/ус/
Хойноос ирсэн хойвоохой
Хоёр талдаа түшлэгтэй
/гол, эрэг/
Хөдөөд
Хөх тохом
/нуур/
Хөлгүй байтлаа явдаг
Хүзүүгүй байтлаа зүтгэдэг
/ус, усны онгоц/
Хөлгүй гүйгч
Хүрзгүй малтагч
/урсгал ус/
Хөлгүй хэвтээ явагч
Хөлс үгүй урианхай ноён
Сүүж үгүй хэлтэн түшмэл
Сүүл үгүй оодон баатар
/ус, могой, загас, мэлхий/
Хүүхэн хүний суудал сайхан
Хүрэн морины гүйдэл сайхан
/эрэг, ус/
Хэлгүй байтлаа үглэдэг
Хөлгүй байтлаа гүйдэг
/гол/
Цавчъя гэвч цав гарахгүй
Чичье гэвч нүх гарахгүй
/ус/
Цухуйх ноосгүй
Цурам хийх нойргүй
/гол/
Шувдан хөх морь
Шур шур гүйдэлтэй
/урсгал ус/
Хувилбар: Шур шур гүйдэлтэй
Шулуун хөх морь
/гол/
Явахад мөргүй
Огтлоход цусгүй
/гол, мөрөн/