Share Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон БНХАУ-ын Чинхай мужийн соёл, сонин мэдээ, хэвлэлийн тэнхимээс хамтран зохион байгуулж буй “Чинхай үндэсний гар урлал”-ын үзэсгэлэн өчигдөр буюу 11-р сарын 25-нд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх хатагтай Ли Вэй болон Чинхай мужийн соёлын тэнхимийн төлөөлөгчид нээлтийн үеэр үг хэлсэн юм. Уг үзэсгэлэнг Чинхай мужийн ястан үндэстний соёл, гар урлалыг Монголчуудад таниулах, туршлага солилцох зорилготой нээсэн байна. Нээлтийн үеэр СЭЗДС-ийн оюутнууд, Найрамдал дунд сургуулийн сурагчид, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд үзэж сонирхохоор ирсэн байлаа. Үзэсгэлэнгийн үеэр Чинхай мужаас хүрэлцэн ирсэн Чинхай мужийн соёлын тэнхимийн газрын дарга Ван Бу : -“Хятадын Чинхай муж нь 5 сая 800 мянга гаруй хүн амтай бөгөөд гар урлалаараа алдартай. Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ 6, 7 настайгаас нь эхлэн гар урлалаа зааж өгч өвлүүлдэг. Өнөөдрийн нээлтээ хийж байгаа үзэсгэлэнд долоон уран бүтээлчийн гар урлалын 7 төрөл зүйлээр нийт 200 гаруй бүтээл тавигдсан байгаа. Уран зураг, арьс ширэн урлал, чулуун урлал, дархан, уран хатгамал, хайчилбар, зүү ороох гэх мэт гар урлалын долоон төрөл зүйлээс Чинхайд хамгийн алдартай нь зүү ороох болон мөнгөн эдлэлийн дарханы урлал. Өнгөрсөн жил Англи, Франц, Африкийн зарим улсад гаргаж байсан үзэсгэлэн юм. Өмнөх өдрүүдэд бид бүхэн Монголын 2 уран сийлбэрчинтэй монгол гэрийн модон хийцийн талаар туршлага солилцсон. Мөн өнөөдрийн үзэсгэлэнгийн гол бүтээлүүд нь яах аргагүй бурханы зургууд . Бурхан урлах бүтээх урлаг нь Гүнбэн хийд баригдаж шашны нөлөөллөөр бий болсон. Мөн мөнгөн эдлэл хийх урлал нь надаас дээш лав 3 үеийнхэн хийж байсан.” гэж хэлсэн юм. Нээлтэнд ирсэн хүмүүст уран хайчилбар зааж, мөн шууд хайчилсан бүтээлүүдээ бэлэг болгон өгч байлаа. Хурц тод өнгө, амьд мэт зурсан зураг, хэлбэр хийц сайтай чулуун болон мөнгөн эдлэл, уран хийцтэй бурхадын зураг зэрэг Хятадын соёлын өв, Чинхай мужийн гар урлалын нэгээхэн хэсгээр аялахад гайхалтай, өвөрмөц санагдлаа. Уг үзэсгэлэн 11-р сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.