Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Монголын сайтын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа “Ил тод, нээлттэй байхад бидний оролцоо” сэдэвт сургалтыг өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд болж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Сайтын Холбооны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэв.
Сургагч багш нар төрийн байгууллагын үйл ажиллагаа мэдээ, мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай боломжуудын талаар орон нутгийн ажилтнуудад мэдээлэл хүргэхийн зэрэгцээгээр тэдний өмнө тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд цахим орчинд мэдээ, мэдээллээ түргэн, оновчтой түгээх аргачлалд суралцсан бол төрийн албан хаагчид бусдад нөлөөлөх, ярих, илтгэх ур чадвараа нэмэгдүүлэх боломжийн тухайд илтгэгчдийн тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байлаа. Ийнхүү Монголын Сайтын холбоо Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран явуулсан сургалтын үр дүнг сургалтанд оролцогчид өндрөөр үнэлж талархан хүлээн авлаа.
Энэ үеэр Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү цаашид энэ чиглэлийн сургалтыг бусад аймаг, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад үргэлжлүүлэн хүргэхээр зэхэж байгаагаа илэрхийлэв.