Тэгвэл энэхүү уралдааны шилдэг орчуулагчаар шалгарсан Мөнхцолын Батбаярын орчуулсан Хятадын өнөө цагийн алдартай зохиолчдын нэг Чи Зи Жианы “Цасан хөшиг” өгүүллэгийг таалан уншина уу.
ЦАСАН ХӨШИГ
Цонхны цасан хөшиг, ойрын хэдэн жил оюун санааны минь аглагт оршиж байна билээ. Жилийн үнэр урьд урьдынхаас тод анхилах үед дуу шуутайгаар нүдний өмнүүр үеэлзэн гарч ирдэг билээ л. Би хэд хэдэн удаа бийрээ аваад өнөөх хөшгийг өлгөе гэж бодсон ч эцэстээ сүүдрээс нь өөр юу ч надад үлдээгүйсэн.
Миний зүрхний гүнд ямагт гуниг харууслын сүүдэр тусган оршиж гэгээн тунгалаг улиралд ч, тэсгим хүйтэн өвлийн жавраар ч намайг цочоон сэрээдэг юм. Цасан ширхэгүүдэд чин сэтгэлээсээ хандахгүй л бол хэзээ ч гэсэж хайлдаггүйг би ойлгосоон.
Өвлийн адаг сар ирэхэд төмөр замын өртөө эгээ л жүжигчид нь суугаагаараа тоглодог жүжиг гэмээр болж хэзээ мөдгүй дэлбэрэх нь үү гэлтэй хүнээр хахна. Нээлхийний өмнө гуниг дүүрэн харцтай худалдан авагчид дуугарлаж, галт тэргэнд суухаа хүлээн эмх замбараагүй багшралдана. Урсдаг зараар галт тэрэг хөдлөх цагийн хуваарь, байсхийгээд галт тэрэг оройтсон тухай мэдээлэл явна. Энд буй бүх зорчигчид цагаан сараа гэртээ гаргах гэж яарч байгаа билээ. Угаалгын өрөө рүү хүмүүс тасралтгүй цувах тул тэндээс шээс шивтэрийн эхүүн үнэр огиудас хүргэн, хамар цоргино. Хүлээлгийн урт урт сандлууд туйлдаж ядарсан дүүрэн хүнтэй. Тамхины иш, жимсний хальс, цаасны үйрмэг хаа яагүй хөглөрч, цэвэрлэгч авгай гол танхимын тэрүүхэнд хүүхдээ шээлгэж буй эх, тамхины үнсээ хэнэггүйхэн гөвж байгаа эр лүү байн байн хяламхийнэ. Өртөөний энэ байдал малын захын өглөөний байдлаас ч илүү болхи толхи. Тэр үед галт тэрэгний суудал одоогийнх шиг амар олддоггүй, үй олон хүн ганцхан гацуурт өөр өөрийн чимгээ өлгөх гэж зүтгэлэх шиг хэцүү явдал байлаа. Хэрэв үүрээр ирж дугаарлаж чадахгүй бол унтлагын суудлыг дамчидаас хэд дахин нугалсан үнээр авна, эсхүл галт тэрэгний өртөөнд дотно танилтай байх ёстой. Азаар надад энд ажилладаг найз байснаас тэр зовлонгоос хөнгөрчээ. Миний гэр лүүгээ харьж жил гаргахаар мордох хугацаа хуучин тооллын хорин гуравны өмнө эсвэл хойно байдаг байлаа. Учир нь өвлийн адаг сарын хорин таван бол эцэг дээдэстээ тахил өргөх өдөр тул түүнээс өмнө заавал харьсан байх ёстой билээ.
Би хуучин тооллын хорин гуравны нэгэн өдөр замд гарснаа санаж байна. Явахын өмнө хаалган дээрээ “ФҮ”[1] үсэг наасан юм. Учир нь битүүний өдөр бусад айлын үүдэн дээр хаврын уянга [2], гэрэл цөм байхад гагцхүү манайх баярын өчүүхэн ч уур амьсгалгүй байхыг хүсээгүй тул өлзий хутаг бэлгэдсэн “ФҮ” үсгээ урьдчилаад наачихсан хэрэг л дээ.
Өртөөний замбараагүй байдал ч яамай, ярихаа больё. Би аяны богцоо чардайн өргөөд багширсан олны дундуур хөлсөө цувуулан чихцэлдсээр галт тэргэнд гарахдаа өөрийн мэдэлгүй цагаан сар, шинэ оныг зүхэн, уур хүрч явав. Жил гарах бол хүний бие сэтгэл, хүч оюуныг юу ч үгүй шимэгч, хүнээр тохуурхагч жигтэй сонин шавж, бас хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн хувиа бодсон чөтгөр гэж би боддог.
Ачаагаа арай хийж нэг юм тавиад сая сэтгэл тавирч, амьсгал уужрав. Галт тэрэг зугуухнаар өртөөнөөс холдлоо. Харуй бүрий унажээ. Галт тэрэгний шилэн цонх нимгэн цантсаныг дүрсгүй жаал хумсаараа хусах нь загасны хайрс хирчих чимээг санагдуулна. Буржгар үстэй үйлчлэгч хүүхэн хар, арьсан цүнх тэврээд зорчигчдын тасалбарыг сольж эхлэв. Бүгд л нэг нэгээр тасалбараа түүнд өгөөд оронд нь төмөр пайз эргүүлж авна. Авсан тасалбараа хар цүнх рүүгээ цэгцтэй гэгч эгнүүлэн шургуулсан нь нийтийн оршуулгын газрын засаж додомдсон нэгэн хэвийн цагаан гантиг чулуудыг санагдуулна. Удалгүй тэрээр оршуулгын газрын манаач шиг этгээд хачин нөхрийг дагуулан тасалгаанаас холдлоо.
Бараг хагас цагийн дараа үйлчлэгч дахин ирж галт тэрэгний хонгилоор дүүрэн “Тасалбараа солиогүй хүн дахиад байна уу?” хэмээн хашгирахад хэн ч хариулсангүй.
Би нэг жүрж идлээ. Шүдээ угаачихаад ирж амрая гэтэл угаалгын өрөө аль хэдийн суудалгүй зорчигчдод эзлэгдсэн байх тул арга буюу дурамжхан буцаж ирээд оо сойзоо буцаан цүнхлээд ор луугаа авирлаа. Би галт тэргэнд явахдаа доод давхрын орон дээр унтах их дургүй. Зорчигчид доод давхрын орыг гэрийнхээ ханз шиг бодож хэзээ язааны, дураараа сууж байхыг хэлэх ээ байя. Ихэнх нь тэнд суугаад тосорхог шарсан тахиа, гахайн гуя идэж, архи ууж, тос тортог нь орны даавуунд нэвчин шингэдэг. Зарим эмэгтэйчүүд идэх дуртай самрынхаа хальсыг дөрвөн зүгтээ шидэлнэ. Наалдамхай жимсний аглиун шүүс дээр нь асгачихвал бүр ч хэцүү юм болно. Тийм олон янзын хүний сууж байсан хир буртаг, дэгэн догонтой орон дээр хэвтэхэд чамд яг л гахайн хороонд унтаж байгаа юм шиг мэдрэмж төрөх вий.
Би зүүдгэр гэрэл зээлж аваад нэгэн сэтгүүл гүйлгэн харах аядаж байтал эсрэг талын доод орны тэнд хүмүүс маргалдах дуулдлаа. Толгойгоо цухуйлган харвал намайг галт тэргэнд орж ирэхийн л цонх налаад сууж байсан буурал үс, саарал хөвөнтэй хүрэмтэй, гүн цэнхэр алчуураар толгойгоо ороосон жар эргэм настай эмэгтэй байв.
Эхлээд тэр сагсаа ширээн дээр тавьсан байсан ч сүүлд ирсэн зорчигчид тэр ширээн дээр цайны аяга жимс жимсгэнэ сэлт тавих болоход болгоомжлон сагсаа ширээн доогуур тавижээ. Бусад хүмүүс санамсаргүйгээр өшиглөөд унагачих вий хэмээж байн байн доошоо харж, суудлаасаа огтхон ч үл хөдлөн, жоохон хүүхэд адил цонхны цан хусаж гадагшаа үе үе харуулдна. Түүний ганцаараа ярих нь миний инээдийг үе үе өөрийн эрхгүй хүргэж байв. Жишээлбэл тэр “Энэ эзгүй хээр газар бас л гэрэл асаж байна. Чөтгөрийг гэрэлтүүлж байгаа бус уу?” хэмээн сулхан бувтнах юм уу “Пээ, энэ шонгийн моднууд чинь хичнээн олон юм бэ? Хоорондоо тийм ч хол биш юм. Гэтэл энэ гэрэл нь хаанаас ирж байгаа юм бол? Гялсхийн ирэх нь уг нь харагдмаар л юм” хэмээн тувт үглэнэ. Тэр авгайтай маргалдаж байгаа нь дунд насны халамцуу бүдүүн эр аж.
– Би унтмаар байна. Бушуу холд!
– Энэ чинь миний ор, намайг битгий хөөгөөд бай.
– Үгүй ээ. Би саяхан худалдаж авсан гээд байна.
Авгай гэнэт ухаан сийлэв бололтой “Удахгүй шинэ жил гарлаа. Зорчигчид маш олон. Төмөр замынхан нэг орыг хоёр хүнд ноогдуулсан байх?” гэв.
Эргэн тойрны хүмүүс түсхийн инээлдэв.
Бүдүүн эр тэсгэл алдран “Хөгшин эмгэний өвөрт унтаж байдаг хэн байх вэ дээ” гэтэл авгай цуг унтана гэж ойлгосон бололтой “Чи орны аль хэсэгт нь унтах вэ?” гэж асуулаа. Бүдүүн эр “Аль алинд нь унтана” гэж уцаарлав.
Энэ үед тамхилж байсан өөр нэгэн эр авгайд хандан “Та тасалбараа ахиад шалгахгүй юу, энэ ор яг мөн үү? Төмөр замынхан нэг орыг хоёр хүнд зарах ёсгүй л баймаар даа” гэв. Бас нэгэн хүн “Та дамын наймаачнаас хуурамч тасалбар авсан биш биз?” гэж асуулаа.
Авгай “Энэ хуурамч байх ёсгүй ээ. Миний охин үүрийн дөрвөн цагаас эхлэн дугаарлаж байж надад авч өгсөн” гээд өмднийхөө халааснаас тасалбар гарган үзүүлэв. Түүний тасалбар энэ орных гэдэг нь гарцаагүй үнэн ч тэрбээр үйлчлэгчтэй тасалбараа солиогүйн улмаас ор нь хоосон хэмээн бүртгэгдэж өөр хүнд зарагджээ. Бүгд л түүнийг буруушаахад хөөрхий бараг уйлчих шахав.
-Би өмнө нь галт тэргээр явах бүртээ тасалбараа биедээ авч явдаг юм. Цагдаа шалгах үед түүнийгээ гаргаж харуулдаг байлаа. Худалдаж авсан тасалбараа яаж хүнд нь буцааж өгөх вэ дээ?
Архины үнэр нэвчсэн тарган эр түүнийг их л дорд үзсэн байдалтайгаар хэлж байна:
– Галт тэргээр явж чадахгүй, гадагшаа ч гарч үзээгүй эмгэн байх нь ээ.
– Хэн намайг галт тэргээр зорчиж чадахгүй гэж хэлээ вэ, чамд. Энэ амьдралдаа би арав орчим сууж байсан юм шүү.
Хүмүүс бас л хөхрөлдөв.
Тамхичин эр, бүдүүн эрд хандан “Хөөе, хөгшин хүнтэй аятайхан яриач! Харваас настай хүн байна. Гадагшаа гарч орох амаргүй л байлгүй, хөөрхий” гэлээ.
– Бас нэг Лэй Пэнг[3] гарч ирэх нь энэ үү? Болж байна. Тийм сүрхий юм бол чи өөрөө ороо энэнд өгөөд унтуулчих” гэж бүдүүн түрэмгий шавдуулахад цаадах нь “Яаж аашилж байгаа байгаа чинь энэ вэ?” гээд тамхиа чимхэн унтраамагцаа нудрага зангидан ухасхийв.
“Яасан? Цагаан сараар гэртээ харьж байж юу ч үгүй хоосон яваа юм уу? Нүүр нүдэндээ сайхан будаг тавиулаад харихыг хүсээ юү? Хүрээд ир, хөгшин нь чамд туслая” гэж бүдүүн эр хувцасаа тайлж чулуудав.
Тэгтэл авгай “Надаас болж хэмхэлдээд юү хийх нь вэ? Жил гарах гэж байхад хэн нь ч зодуулсан тусгүй биз дээ” хэмээгээд бүдүүн эрийн ханцуйнаас дугтарлаа. Тамхилагч онц шалтгаангүйгээр асуудал тарихаас зайлсхийж үйлчлэгчээр шийдүүлье гээд өрөө рүү нь явлаа. Төд удалгүй үйлчлэгч ирэв. Тэр үнэн учрыг мэдсэнийхээ дараа авгайд хандан “Энэ асуудалд бусдыг буруутгаж болохгүй ээ. Би зорчигчдыг тасалбараа соль гэж хоолойгоо сөөтөл хашгирсныг бүгд батлана. Та гэтэл солиогүй, галт тэрэг хөдлөөд хагас цагийн дараа таны орны эрх хүчингүй болж түүнд зарсан” гэлээ.
-Би өмнө нь унтлагын галт тэргэнд сууж байсангүй. Дандаа суудлыхад суудаг байсан. Тасалбараа солино гэж хаанаас мэдэх вэ дээ? Тэгвэл миний энэ тасалбар хэрэггүй болж ээ дээ?
– Хэрэггүй болгомооргүй л байна. Гэхдээ ор бүгд эзэнтэй болсон учраас суухаас өөр арга алга даа.
– Би тэгээд хаана суух юм бэ?
– Хажуугийн суудалд суучих.
Хөгшин эмэгтэйн нүдэнд нулимс цийлж, тасалбараа солих ёстойг хэлээгүй охиноо дэмий л буруутган “Намайг ингэж явааг тэр аль хэдийн мэдэж байгаа. Суудлынх л дээр байж” гэж үглэв. Тэр олны харцан дундуур ууртай нь аргагүй сагсаа тэвэрсээр үйлчлэгчийн заасан газар ирснээ тасалгааг налсан эв эгц суудлыг хараад “Ийм эгц суудалд би яаж суух вэ дээ.? Ид шидэт хувилгаан охины бөгс ч энэ суудал зохирохгүй нь” гэв.
Түүний энэ үг бас л инээд хөгжөөв. Үйлчлэгч сандлын түшлэгийг багахан гэдийлгээд “Таны бодсон шиг тийм эгц суудал биш ээ. Та хүссэнээрээ өөрчилж болно” хэмээн хариуллаа.
Хөгшин эмэгтэй сагсаа нарийхан ширээнээ тавиад гараараа ямагт түшин явах бөлгөө. Сагсных нь гуравны нэг нь ширээнээс илүү гарч хажуугаар нь зөрж яваа зорчигч шүргэмэгц л унахаар аж. Нэг хүн түүнийг ятгаж “Та сагсаа хуучин газар нь тавиж болохгүй юу? Тэнд зай талбиун биш үү?” гэнэ.
Авгай бүдүүн эрийн ороо дэлгэх, өмд гутлаа тайлаад орондоо шургахыг дуугүй, гунигтайгаар харж суулаа. Хүмүүс бүгд л бүдүүн эр лүү адласан харц шидлэвч ахиж нэг нь ч юм хэлсэнгүй.
Үйлчлэгч өнгөрөх үед хөгшин эмэгтэй түүнээс асуув.
-Миний энэ тасалбар унтлагынх. Гэтэл би сэрүүн байна. Надад мөнгийг минь буцаан олгож болох уу? Миний охин мөнгөө дэмий үрсэн болохгүй. Бас ч бага мөнгө биш болохоор хагасыг нь ч атугай өгнө биз дээ? Түүгээрээ нэг уут будаа авчихвал би хагас жил хангалттай иднэ шүү дээ.
– Болно оо болно. Даргаас асуугаад хариу хэлье.
– Ямар асуудал болчихоод дарга мэддэг юм бэ?
Үйлчлэгч ахиж түүнийг ойшоосонгүй. Хэрэгт дурласан хүмүүст хандан “Юуг тэгтлээ шимтэн гөлөрцгөөгөө вэ? Энд ямар ч сайхан зүйл алга. Бүгд өөрсдийн ор луу явцгаа! Та нарт сануулъя, ес өнгөрөөгөөд гэрэл унтарна. Урьтаад ороо засцгаа! Гэрэл унтарсны хойно битгий тэмтчэцгээгээд байгаарай!” хэмээгээд хүчир бэрх асуудал шийдчихсэн мэт ихэмсэгхэнээр цааш алхлаа.
Бүдүүн эр аль хэдийн пажигнуулан хурхирч эхлэхэд сөргөлдөж байсан эр толгойгоороо түүн рүү занган “Хорин хэдтэйсэн бол түүний шүдийг булга цохисон байхад гайхах юмгүй. Нохойн шээс жаахан амсаад л тэнгэр хол, газар хатууг мэдэхгүй саасганаж байх шив” гэж бухимдаад хөгшин эмэгтэйг хөөрхийлөн харж “Настаан, та ус уух уу?” гэж асуулаа.
Авгайг “Би галт тэрэгний жорлонд орохоос айдаг. Галт тэрэг түжигнэн савлаж байхад яагаад ч шээж чаддаггүй юм. Тиймээс би тэсээд балга ч ус уухгүйг хичээж байна” гэхэд залуу шүүрс алдаад “Харамсалтай нь би дээд давхрын ор худалдаж авсан болохоор та авирч гарч чадахгүй байх. Эсвэл та гараад унтах уу?” гэлээ.
– Хэрэггүй ээ та нар залуу улс нойр элбэг, чи явж унт аа.
Энэ үед хаалганы тэрүүхнээс бор цамцтай нэгэн эрэгтэй ирсэн нь харваас жар гаран настайн дээр хөгшин хүний харааны шил зүүж, гартаа сонин барьжээ. Тэрбээр залууд хандан “Минийх доод талын ор. Хоёулаа ороо солиод чи энэ хүнийг орондоо амраачихвал энэ асуудал шийдэгдчих бус уу?” гэв.
Залуу түүний гарыг нь атгаад зогсолтгүй сэгсрэнгээ “Та өндөр настай хүн байна шүү дээ. Би таныг дээд талын ор руу гаргаж чадахгүй ээ. Муугаар хэлэхэд та унавал яах вэ?” гэж байна.
Өвгөн “Би өглөө бүр дасгал хийдэг, ямар ч хуучгүй. Дээд талын ор бүү хэл, модонд авирсан ч өлхөн чадна” хэмээн түүнийгээ батлах мэт чээжээ хэд хүчтэй дэлдэв.
Залуу “Ай тэр ярихгүй ээ. Хэрэв аюул тохиовол би хариуцаж чадахгүй” гэж улалзан дүлэгнэж байснаа тэвдэнгүйгээр “За, гэдэс эвгүйрхээд байна, явалгүй горьгүй нь” хэмээн угаалгын өрөө рүү зугтах мэт талийж өгөв. Хөгшин эр санаа алдсанаа “Ороо өгөх гэсэн нь чин сэтгэлийнх биш байжээ. Элэнцгийнх нь сайхан сэтгэл байх вэ?” гээд өөрийн ор руу буцав. Ор өгөх асуудал энэ хүрээд дууслаа.
Галт тэрэг гуагачин урагшилна. Түнэр харанхуй өтгөрхөд хүйтний эрч ширүүсэхийг дагаад галт тэрэгний цонхыг хулдах цана ч зузаарна. Хөгшин эмэгтэй түүний өмнө суух нь цав цагаан хүрээ гуун доторхи хуучны сүүмгэр хөрөг зураг гэлтэй сүүтийнэ. Хүүгээ тэвэрсэн эмэгтэй түүн дээр очоод яриа өдөж сам хорхойн хатаамал идэж буй охиндоо “Эмээдээ хатаамлаасаа өгөөч!” гэсэнд нөгөөх нь хүн булаагаад авсан юм шиг тийчлэн чарлалаа. Эмэгтэй нүүр барж нэрээ гээсэн хэрэг болсныг мэдээд охиндоо уурсан “Одоо хоолоо харамлаж байгаа юм чинь хожимоо элбэрэлтэй үр болох ч дээ. Би чамайг дэмий өсгөлөө гэж үү?” хэмээн зандрав. Хүүхэд нь зэмлэл хүртсэндээ бүр уурсан дураараа аашлахдаа хөгшиний сагсыг тийрч орхив. Хөгшин эмэгтэй цахиртсан хоолойгоор “Бяцхан эзэн минь, сагсыг минь бүү өшиглө! Үүн дотор өвгөний минь дуртай хүнс байгаа. Тэр минь дэндүү цэмцгэр хүн” гээд дуугаа залгихад галт тэргэн доторхи тоос тоосонцор, ис тортог, утаа май бүгд л хөгшин эмэгтэйн аманд орсон гэлтэй болчихов.
Бүсгүй хүүхдээ угзран газар буулгаад “Ээжийнхээ үгийг сонсохгүй бол чамайг гадагш нь шидлээ. Энэ зэлүүд хөдөө газар чононоос элбэг юм байхгүй .Чонын хоол болгоно шүү!” гэж айлгав.
Хүү чононд бариулснаас энэ хөгшинд хатаамалаа хуваалцсан нь дээр гэж бодсон бололтой “Эмээ ид, эмээ ид” хэмээн шулганасаар хатаамлаа өгөхөд бүсгүйн царайнд гээсэн нэрээ буцааж олж авсныг илтгэж зөөлөн мишээл тодров.
– Эмээ нь идэхгүй ээ. Миний хүү өөрөө ид ээ. Жоохон хүүхэд зүрх муутай, битгий айлгаж бай. Чи түүний сүнсийг төөрүүлчихлээ. Бас сүнсийг нь дуудах хэрэгтэй боллоо.
Галт тэрэгний хурд саарав, өмнөхөн өртөө байгаа нь лав.
“Та хаа хүрэх нь вэ?” гэж бүсгүй ахиад л амнаас нь чангаав.
– Бага охиныдоо жил гаргахаар явж байна аа. Би жил болгон ууган охиныдоо жил гаргадаг. Бага маань надад бичсэн захидлууддаа намайг ир гэж маш олон удаа шамдуулсан. Би нээрэн л тэднийд шинэлэлгүй уджээ. Өвгөний минь булш ч бас тэнд бий, түүнтэйгээ ч уулзахыг хүсэж байна.
Хүүхэн “Энэ сагсан дахь цөм тахилын идээ юү?” гээд сагсан дотроос нь чөтгөр үсэрч гарч ирээд хүн зоныг түйвээчих юм шиг л хүүхдээ яаран тэврэв.
– Өө, би хотоос өвгөндөө зориулаад наргил модны самар, өндөг худалдаж аваад давсалж болгосон махтай цуг жигнэсэн юм. Мөн хоёр лонх дээд зэргийн шишийн архи байгаа. Тэр минь ямар их дуртай гээч.
Тэдний яриа ийн дуусч ахуйд галт тэрэг хүчтэй сэгсчин зогсоход авгай сагсаа юу юунаас ихээр бөөцийлөн хамгаалах аж. Өртөөний гэрэл шилэн цонхоор жүржийн шар туяагаар ташууран асгарч хөгшний нүүрнээ гялбалаа. Галт тэргэнд нэмэгдэж суусан хоёр хүн тасалгаанд орж ирэв. Тэдний мөрөн дээрээс арайхан хайлж амжаагүй цасан ширхэгүүд унахыг харсан авгай шинэ зочид өөд хараад санаашрангуйгаар “Гадаа цас орж байгаа юм аа даа?” гэж бувтналаа. Ойролцоогоор таван хормын дараа галт тэрэг орилсоор биеэ дугтран зүтгэж эхлэв. Цонхоор өртөөний гэрэл гялс гялсхийн зөрж гэрэл харанхуй арцалдах мэт нэг харанхуйлж нэг цэлсхийж байснаа төд удалгүй хуучин янзандаа орлоо. Түрүүний хүүхэн “Хүү бид хоёр уг нь доод орон дээр унтаж байгаа ч энэ минь бусдаас бишүүрэхээд надаас салдаггүй юм. Эмээ нь хүртэл бүүвэйлж унтуулах гээд бардаггүй гээч. Бусад хүүхэд шиг бишүүрхдэггүй байсан бол танд өвөртлүүлээд орон дээрээ унтуулахсан” гэх аж.
Жаалхүү ижийнхээ яриаг сонсуут л өөрийг нь гичий чонотой унтуулах гэж байгаа аятай чарлаж ээжийнхээ үснээс зулгаагаад тийрэхэд “Цагаан сараар шинэ хувцас өмсөе гэж бодохгүй байна уу? Яагаад муухай аашлаад унав аа?” гээд хүүгээ тэвэрсээр ор руугаа буцлаа.
Галт тэрэгний голоор хүмүүс холхих нэмэгдсэн нь гэрэл унтрах дөхсөний тэмдэг бөгөөд жорлонгийн үүдэнд нилээд хүн дугаарлажээ. Бүгд л сайхан хөнгөрч аваад нэгэн шөнө амар тайван нойрсохыг хүсэж байна бус уу! Тэд авгайн дэргэдүүр өнгөрөхдөө өрөвдөнгүй харц шидлэнэ. Бас нэгэн хүн “Та галт тэрэгний даргыг хайж олоод үнэн учраа бүгдийг нь хэлээд үзэхгүй юү. Би их өндөр настай, ор авсан боловч түүнийгээ алдсан, та нар хүмүүнлэг үзэл гарган ахин нэг ор гаргаж өгөөч гээ” хэмээн зөвлөхөд авгай “хүмүүнлэг” үзэл гэх үгийн утгыг үл ухсан бололтой “Намайг хүмүүнлэг үзлийг олж аваад түүгээр арга заалга гэх гээд байна уу? Тэр хүмүүнлэг үзэл нь эрэгтэй юү, эмэгтэй юү?” гэж лавлав. Түүний энэ үгс бас л хоржоонтой сонсдож байлаа. Хөөрхий, яриангүй хөгтэй үг хэлснээ мэдээд улсхийв. Энэ үед үйлчлэгч хүрч ирээд цонхны хөшгийг татахад тэр эргэж хараад үйлчлэгчээс асуулаа.
– Хүүхээ чи галт тэрэгний даргад ярьсан уу? Миний тасалбарын үнийг эргүүлж өгч болох уу?
– Дарга болохгүй гэсэн.
– Яагаад болохгүй гэж? Миний төлсөн мөнгө унтлагынх. Гэтэл би одоо суусаар л байна. Хариугүй нарийхан суудал дээр цомцойсоор бие минь хөшиж эхэллээ.
– Та тасалбараа галт тэргэнд суугаад худалдаж аваагүй, галт тэрэгний өртөөнөөс худалдаж авсан. Хэрвээ танд мөнгө төлвөл бид алдагдалд орно биз дээ?
– Та нар галт тэрэгний өртөөтэй нэг ходоодтой биш гэж үү?
Үйлчлэгч “Мөнгө ч, бид ч эцэстээ нэг л байгууллагынх” гэж тавлангуй мушилзаад ахин нэг цонхны хөшиг татахад хөгшин эмэгтэй буцааж нээгээд “Би сууж байгаа нь утга учиргүй хэрэг байж. Намайг ядаж гадагшаа ширтүүлж болохгүй юу?” хэмээн унтууцлаа.
Тэгэхэд нь үйлчлэгч “Гадаа түнэр харанхуй байхад юугаа харах гээ вэ?” гэснээ “Цонх нилдээ цантсан байхад шүү” хэмээн хамар дороо бувтнав. Гэвч тэр хөгшин эмэгтэйн саналыг хүндэтгээд хөшгийг дахин татсангүй.
Хөгшин эмэгтэйн тэвэр дэх сагсыг цэнхэр давуугаар бүтээсэн нь нэгэн үзэгдлийн хөшиг хаагдаж түүний хойно дараагийн үзэгдэлийн олон нууц байгаа мэт ээ. Би бодохнээ тэр төвийн хүн биш, эс бөгөөс энэ мэтчилэн тэнэг бүдүүлэг байдал харуулахгүй л байх байсан. Түүний том охины гэр нь хөдөө байдаг. Охин нь түүнийг ганцаараа төв орж машин солихоос санаа нь зовоод хамт ирсэн гэж тэр хэлсэн. Тэд хотын ядуухан дүүргийн багашаархан буудлын подволд хоноглож охин нь түүнд тасалбар худалдаж өгөхийн тулд нойргүй хоносон. Тэр машид харуусалтайгаар “Ингэхийг мэдсэн бол унтлагынхыг авдаггүй байж. Охин минь худалдаж авах гэж үйл тамаа үзэж, би галт тэргэнд үйл тамаа үзэж байна. Ингэж үйлээ үзэж яваагаа эс тоодог юм гэхэд нилээд мөнгө дэмий үрчихлээ” хэмээн гаслав.
Би хэсэг тээнэгэлзэж байгаад “Хоёулаа цуг унтах уу?” гэж аядуухнаар түүнд хэллээ.
– Бүсгүй минь, санаа тавих хэрэггүй ээ. Би сууж чадна. Зүгээр л нэг муу ор шүү дээ.
Уг нь би бага зэрэг сандарч байсан ч түүний үгийг сонсоод жаал тайвширлаа.
– Тэгвэл эхлээд би унтая, дараа нь та унт.
– Миний нас өндөр, нойр бага, унтсан унтаагүй аль нь ч ялгаагүй. Би дээр үед үйлдвэрт ажилладаг байлаа. Намар ургац хураах цаг дөхсөн үед тэнгэр муухайрхаас урьтаад, ургац тариагаа бүрэн авах гэж гурван өдөр гурван шөнө цурам хийж байсангүй. Гэвч тэр үед ялимгүй ч бухимдал төрдөггүйсэн. Энд нэг шөнө нойргүй хоносноос тэндээ арван өдөр нүд хамхилгүй ажиллаж байсан нь дээр байжээ.
Би түүнтэй илүү ихийг ярихыг хүссэн ч галт тэрэгний гэрэл гэнэт унтарчихлаа. Таазны их гэрэл унтарсаны дараа хонгилын ханан дээрх гэрэл туниа муутайхан ёлтойж эхлэв. Үүнээс өмнө хүмүүс авгайд цөм л санаа тавьж байсансан. Харин одоо тэр хаасан дэлгүүрийн цонхоор харагдах тавилга адил хэнд ч хэрэггүй болжээ. Удалгүй дээр дооргүй, ор болгоноос хурхирах чимээ сонсдож эхэллээ. Би унтаж чадахгүй, байсгээд л хөрвөөн толгойгоо цухуйлган өнөөх эмэгтэйг харна. Тэр мөн л урьдынхаараа цомцойн суух нь үнэн сэтгэлээсээ хичээлээ сонсож буй дуулгавартай сурагч шиг ажгуу. Хоёр гараараа мөн л сагсаа түшсэн нь энэ биеэрээ хамгаалахад ч бэлэн байгаагынх аж. Төдөлгүй би зүүдэндээ нойрондоо дугжирч эхэлсэн ч байн байн сэрвэлзэн бөх унтаж чадахгүй байлаа. Эргэж унтах бүрдээ би галт тэрэг осолдож, галт тэрэгний дотор цус мах нисэлдэж гунигт дуу дуулдахыг зүүдлэв. Эсхүл ээж аав минь миний орны өмнө зогсоод намайг ширэн гутлаар занчиж хүн биш хэмээн загнаж байх юм. Эсхүл бяцхан гөлөг намайг үхлийн гудамжинд хөөж аваачаад улангассан өлсгөлөн харцаар ширтэж байгаагаар зүүдлээд дахин цочиж сэрэхдээ нэг их ухаан суусан шиг болчихсон байв. Тэр аль хэдийн нойрондоо дийлдэн сагсаа дэрлэжээ. Авгайн суугаагаараа унтаж буй нь навчин дээрх лангуа жимс шиг харагдаж байлаа. Би бууж түүнийг харахыг хүссэн ч амрахаа илүүд үзсэн тул таатайхнаар зүүрмэглэж эхлэв. Үүр цайхаас гурав дөрвөн цагийн өмнөөс л бөх гэгчийн унтжээ. Сэрэх үедээ би хэн нэгний унгах, шүдээ хавирахыг сонслоо. Хөгшин эмэгтэйн орыг худалдаж авсан бүдүүн эр хар шуургатай зүйрлэм чангаар хурхирч байлаа. Хөгшин эмэгтэй хэдийн сэрчихсэн гараараа сагсаа түшин цомцойн сууж байв. Ээж аав зүүдэн дунд намайг ташуурдаж байсныг санаад өөрийн эрхгүй ичих сэтгэл төрлөө. Би шуудхан л үсэрч буугаад “Эгчээ, та миний орон дээр гарч жаахан амар, сагсыг тань би харж байя!” гэв.
Харин тэр “Бүх л шөнийг тэсээд өнгөрөөчихлөө. Удахгүй өртөөнд хүрлээ. Чамд түвэг удмааргүй байна” гэж намуухан дуугаар өгүүллээ.
Түүний энэ үг намайг орох байх газаргүй болголоо. Багалзуурын тэрүүхэнд халуун ногоо тээглээд гал ноцоож байх шиг болоход би савтай усаа нэг амьсгаагаар залгилж барсан ч мөн л гал ноцсоор.
Тэнгэрийн өнгө аажим аажмаар цагаан гэгээгээр тунарч эхлэв. Эрт боссон хоёр гурван зорчигч жорлон руу сажлана. Галт тэрэгний цонх нэг шөнийн тэсгим хүйтэн аялалыг туулахдаа нимгэн цанан хөшигтэй болжээ. Хуучин давуун хөшиг байсан байгаагүй нь тийм ч хамаатай биш болж. Авгай галт тэргэнд анх сууж байсан шигээ ахиад л цонхны цанг хумсаараа хусаж эхэллээ. Тэр чимээ харин одоо зүрхийг минь хэрчиж байгаа мэт аймшигтай өвдөлт мэдрүүлнэ. Эцэстээ тэр цонхонд өчүүхэн цоорхой гаргаж чадлаа. Түүгээр жүржийн өнгөт шаргал туяа дүүлсээр нүүрэн дээр минь буув.
Өглөөний шаргал туяа яг л амьд хүн шиг сэтгэл хөдөлгөн, яг л хаврын салхинд хийсэж буй шарангуй навч мэт алдсан ховор мөчийг минь сануулж шаналал төрүүллээ. Яг л ногооны гар хадуур шиг зэрлэг ургамалаар дүүрэн сэтгэлт миний толгойг бөхийлгөлөө.
Үйлчлэгч зүүрмэг нүдтэй галт тэргэнд орж ирээд хонгилоор холхин “Сэрээрэй, сэрээрэй, зорчигчидоо! Сэрээрэй!” хэмээн хашгирлаа.
Эцсийн зогсоол хүрэхэд бүтэн хоёр цаг үлдсэн байгаа ч галт тэрэгний үйлчлэгчид орны цагаан хэрэглэл, угаалгын өрөөгөө эртхэн цэгцлэхээ илүүд үздэг энэ л үед би ясны дургүй билээ. Хүмүүс галт тэрэгний хонгилд шахцалдан гуйвцгааж, үйлчлэгч ямар ч эргэлзээгүйгээр орны даавууг сэгсрэхэд үй түмэн тоосонцор бургиж түүгээр нэг бужигнана. Аагай цомцойн суусан хэвээр ор дэрний даавуугаа харан элдвээр гомдоллох үйлчлэгчийг ширтэн сууна. Цаадах нь хүмүүс цай, ус, архиа орны даавуун дээр асгасныг хараад багтарталаа уурлах аж.
“Хэрвээ энэ та нарын өөрийн хөнжлийн даавуу байсан бол бас л ингэх байсан уу? Нийтийн орны даавуу та нарын бөгсөө арчдаг цаас биш шүү. Даавууг бузарлачихаад торгуулахаас айгаад жорлон руу яараад явчихаж дээ” гэж үглэсээр үйлчлэгч орноос уцаарлангуй бууж ирэхэд авгай түүнд хандан “Бүсгүй минь, орны даавууг угааж цэвэрлэж болно оо. Тэрхэн хэсгийг нь норгоод тогооны хөөгөөр наймаас арван хором сайтар үрж нухал. Цав цагаан болно вий” гэвэл үйлчлэгч түүнийг хялалзан хараад “Би орны даавуу угаах гэж танай хөдөөнөөс хөө авчрах тэнэг хүн үү?” гэсэнд тэрээр хариу юу ч хэлсэнгүй, эргэж хараад цонхоор ширтлээ.
Бүдүүн эр сэрээд хувцаслаж дууссаныхаа дараа маш олон хүн өөрийг нь чив чимээгүйхэн ширтэж байгааг анзаараад үнэнхүү тавгүйтэж тамхилахаар явлаа. Өнөөх эрэгтэй ч мөн босоод цүнхнээсээ нэг жүрж гарган авгай руу сарвайгаад “Үүгээр цангаагаа тайл” гэв.
Эмэгтэй найрсагаар татгалзан “Жүрж идэхээр ходоод өлбийчихдэг юм” гэх аж.
Эрэгтэй жүржээ бушуухан буцааж авлаа.
Хүүхдээ тэвэрсэн эмэгтэй бас хүрч ирээд “Эртхэн сэрээд таныг унтуулъя гэж санаж байсан ч дэрэн дээр толгойгоо дөнгөж тавиад л сэрэхэд өглөө болчихно гэж бодсонгүй. Ай, хүн галт тэргэнд суунгуутаа туйлын лазан болчих юм аа” гээд гүн санаа алдав.
Энэ үед бас хоёр гурван зорчигч ирж түүнд үнэхээр их санаа зовсоноо илэрхийлж бүгд л өөрийнхөө орон дээр унтуулахдаа дуртай байсан гэцгээв.
Хөгшин эмэгтэй тухай бүрт нэг л хариулт өгч байв.
-Нэг шөнө аль хэдийн өнгөрчихсөн. Өртөө удахгүй хүрлээ.
Галт тэрэг аажмаар удааширч, Чэнь Яан Шү өртөө ойртлоо. Энэ бол авгайн буух газар мөн билээ. Галт тэрэг биеэ сэгсэчсээр аажуухан зогсов. Авгайг бостол суудлынх нь түшлэг харван эгцрэх нь тэр ээ. Эмэгтэй цочин уулгалсан нь зорчигчидыг хөгжөөсөн хамгийн сүүлийн явдал байлаа. Хүмүүс инээсээр түүнийг үдлээ. Суугаа хоносноосоо болоод хөл нь бадайрчээ. Хөөрхий, эв хавгүй маажигнаж хамаг хүчээрээ хөлөө зөөж явна уу? гэлтэй бядуухан алхана. Галт тэрэгнээс буухдаа хэлсэн хамгийн сүүлчийн үг нь юу гээч?
– Азаар би өнгөрсөн шөнө нэг ч өндийсөнгүй. Хэрвээ бөгс өндийсөн бол суудлын түшлэг харьж эгцрээд арга буюу зогсож хонох байжээ.
Би авгайн суудал дээр суугаад түүний цанг нь хуссан цонхоор бяцхан өртөө рүү харлаа. Тэр ашгүй нэг юм галт тэрэгнээс буужээ, цэнхэр даавуугаар толгойгоо нямбайхан ороосон нь гадаа хүйтэн байгааг илтгэнэ. Тэрбээр өртөөн дээр бөгтийн зогсоод хавь орчноо харцаараа нэгжинэ. Төдөлгүй залуухан охин гүйн ирж буй харагдлаа.
Би түүнийг хайртай хүнтэйгээ уулзаад хэтэрхий гомдсондоо уйлах нь уу гэдгийг харахыг хүссэн ч галт тэрэг хөдлөн алсарч байв. Түүний сүүдэр тэртээ хойно хоцорч нилэнхүй цагаан цасан дунд замхарлаа. Миний сууж байгаа суудлаас илч төөнөнө. Гэвч хамаг биед чичрүүдэс төрж, эргэн тойрноос урьд өмнө нь мэдэрч байгаагүй тасхийм хүйтэн жавраар ороолгож байлаа.
Үйл явдал өнгөрөөд олон жил улирчээ. Би урьдын адил жил бүрийн өвлийн адаг сард гэртээ шинэлхээр харьсаар л. Яг энэ л үе бол жилийн хамгийн хүйтэн үе байдаг билээ. Магадгүй сэтгэлийн өглөгөө төлөх завшаан олдохгүй яваагийнх юмсан уу. Энэ хэдэн жил галт тэргэнд суух тоолонд настай авгайн дүр тархин дотор амилж түүний дуу шуугүйхэн хажуугийн суудалд сууж байгаа нь мэдрэгддэг. Үнэндээ тэр миний дурсамжийн галт тэргэнд залагдсан мөнхийн хөрөг зураг билээ.
[1] Хятад айлууд цагаан сараар аз жаргалтай амьдрал, гэрэл гэгээтэй ирээдүйн ерөөл болгож хаалга, хана дээрээ наадаг.
[2] Шинэ ондоо сайн сайхан байхыг бэлгэдэж өөрийн хүслээ бичээд хаалга нь дээрээ битүүний урд өдөр наадаг .
[3] Лэй Пэнг (1940-1962 ). Хятадын нэрт баатар.