Үнэндээ би тагтаа байх байсан юм
Үгүйдээ л гэхэд хөхөө байх байсан юм
Бяцхан болжмор шаналж гэнэ
Багагүй бас атаархаж гэнэ
Өвөрмөц юмгүй нэгэн юм даа би
Газар дэлхийн гайхамшигийн дэргэд
Гайхуулах ч юмгүй нэгэн юм даа би
Өдөр өнжин шаналж гэнэ
Өөрийн заяандаа гутарч гэнэ
Бурхан түүнийг өрөвдөж
Багахан бэлэг илгээж гэнэ
Жигүүртэн бүрийн оргилд байх
Жирийн бус даль бэлэглэж гэнэ
Хөөрсөн болжор жигүүрээ дэвэн
Хүслээрээ дээшээ дүүлэх гэж гэнэ
Бурхан харин сануулж гэнэ
Болгоомжтой бай болжмор минь
Чамаас өндөрт дүүлэх нь үгүй ч
Чамаас хүчтэй нь орчлонгоор нэг
Хүслээ хязгаарлаж хөөрөөрөө
Хөрст дэлхийгээсээ бүү тасраарай
Болжмор дүүлэн ниссээр
Бяцхан бие нь онгирон хөөрсөөр
Эрхэс огторгуйн хязгаарыг үзэхээр
Эгц дээшээ чигээрээ ниссээр
Нисээд л байж, нисээд л байж
Нэг л мэдэхэд ганцаар болж
Гэнэт тэрээр гуниглаж гэнэ
Газар дэлхийгээ үгүйлж гэнэ
Буух газраа хайж гэнэ
Бяцхан зүрх нь шаналж гэнэ
Олохгүй бол орь ганцаараа би яана
Орилж бахиравч хэн ч үл сонсном
Яах гэж би тавилангаа голов доо
Яалт ч үгүй би дэлхийдээ
Гайхуулах юмгүй ч ачтай нэгэн байж
Ганган биш ч хэрэгтэй нэгэн байж
Бурхан минь дахин туслаач дээ
Газар дэлхийд минь буцаагаач дээ
Хэрэггүй зүйлд би шунаж байж
Хэлүүлтгүй та бүгдийг нь зохицуулсан байж
Болжмор сүүлдээ цөхөрч гэнэ
Багахан бэрхшээлдээ шантарч гэнэ
Өөрийнхөө илүү зангаасаа болж
Өөртөө би ял оноолоо гэж
Даль жигүүрээ хумьж гэнэ
Тавьсан сум шиг доошилж гэнэ
Нүдийг нь нулимс бүрхээд
Нүгэлт сэтгэлтэн гэж өөрийгөө зүхэж гэнэ
Гэнэт тэрээр зөөлөн юман дээр унаж гэнэ
Гайхан харавал шонхорын далавч байна гэнэ
Болжмор минь яасан хурдан доошилж байхын
Болгоомжтой, тэвчээртэй бай охин минь
Буух газарт чинь би хүргээд өгье
Битгий ганцаараа дүүлж бай гэж гэнэ
Баярласан болжмор жиргэж гэнэ
Байн байн дэгж гэнэ
Би тавиландаа хайртай гэж
Байдаг чадлаараа жиргэж гэнэ…