Мантоа хотын хааны ордон. Ордонд найр болж байв. Вантан өөрийнхөө завхай явдлыг гайхуулан ярина. Алиа салбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж хурц ухаан, хорон үгээр дайрч давшлан наадмыг улам хөгжөөнө. Тэрээр өөрийг нь ямар хувь заяа хүлээж байгааг үл мэднэ. Энэ бол Ж.Вердийн суут бүтээл болох “Риголетто” дуурийн эхлэл … Үрээ алдсан эцгийн сэтгэл өвдөнө, шанална, гутарна. Түүний энэ их сэтгэлийн зовлон шаналал ухаарал … Энэ бүхнийг 30 настай монгол баритон Италийн хамгийн эртний задгай тайз болох Верона хотын Аренад тоглочхоод иржээ.
Монгол хүн анх удаа дэлхийн хамгийн том тайзнаа дуурийн дуучдын мөрөөдлийн бүтээлд дуулна гэдэг ховорхон хувь тохиол. Гэхдээ монгол дуучин чаджээ. Чадах чадахдаа омог бардам, итгэл төгс тоглосон тухай одоо ч шуугьж байна. Дүрийн талаар Италийн хэвлэлд “Гол дүрд нь анх удаа Монгол Улсын залуу баритон, гайхалтай өгөгдөлтэй дуучин Э.Амартүвшин дуулсан.
Дөнгөж 30 настай боловч тус дүрийн нууц далд санаа, онцлог болгоныг хэдийнээ таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн ихээр зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан. Сэтгэл зүрхнээсээ гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижигнэсэн алаг ташилтыг зүй ёсоор хүртлээ” хэмээн бичжээ.
Тиймээ энэ удаагийн нийтлэлийн баатар маань Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин, дэлхийд үнэлэгдсэн монгол дуучин Энхбатын Амартүвшин билээ. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, сонгодог урлагийн түүхэнд шинэхэн хуудсыг нээгээд ирсэн эрхэм дуучинтай уулзана гэдэг сэтгүүлч миний хувьд ч нэр төрийн, ажил мэргэжлийн хувьд од шүүрсэн, азтай тохиол байв.
Үл мэдэг хөгжмийн аялгуу эгшиглэсэн, ягаан байшинд ороход сэтгэл нэг л тайван. Дуучин маань эх орондоо ирээд удаагүй байна. Энэ үедээ заавал театраараа ордог уламжлалтай. Ажил амьдралынх нь анхны гараа, амжилтынх нь шанг татсан энэ л театр сэтгэлд нь үргэлж ойр байдаг гэж тэрээр өгүүлсэн юм. Э.Амартүвшин эх орондоо түр ирсэн бөгөөд төрсөн нутагтаа амраад иржээ. Бидний яриа энэ цэгээс эхэлсэн юм.
ХУРДАН МОРИНЫ ХҮҮХЭД
Тэрээр наймдугаар сарын эхээр эх орондоо иржээ. Ирэх бүртээ хамгийн эхэнд нутагтаа, ижий аавдаа очдог уламжлалтай. Энэ л уламжлалаараа Сүхбаатар аймгийн Халзан сумын зүг хүлгийн жолоо залжээ. Төрсөн нутаг нь бороо хур тэгшрээд зуншлага сайтай байж. Монголын хөдөө амар амгалангийн орон. Тиймээс их хотын чимээ шуугианаас хол, бодох зүйлгүй морин дэл дээр давхих нь жинхэнэ төгс амралт болдог тухай тэрээр онцлов.
Үргэлж төрсөн нутагтаа очих боломж олддоггүй учир хүүгээ очиход ижий аавынх нь сэтгэл тэнийхээс гадна өөрийнх нь сэтгэл асар их тайвшрал, эрч хүчийг мэдэрдэг гэв. Түүний аав Л.Энхбат газарзүйн багш мэргэжилтэй ч олон жил сургуулийн захирал хийжээ. Харин ээж нь хими биологийн багш. Түүний өвөө Аюушийн Ухна Монгол Улсын манлай уяач. Монгол даяар болон зүүн гурван аймгийн морь сонирхогчид анддаггүй байж. Харин аавынх нь аав н.Лувсан нутаг усандаа алдартай тээврийн жолооч хүн байжээ.
Хөдөө төрж өссөн учир Э.Амартүвшингийн бага нас монгол хүүхдүүдийн адил хурга ишиг хариулах, адуу мал туухаас эхэлсэн. Уяач өвөөгөө дагаж хурдны морь унаж явсан сайхан дурсамж ч бас түүнийх. Тэрээр Халзан сумынхаа 70 жилийн ойгоор хамгийн анх зургаан настайдаа хурдны морь унажээ. Айргийн таваар орж ирсэн хүүгээ өвөө нь их л урамшуулж байсныг одоо хүртэл мартаагүй гэнэ. Үүнээс хойш хэдийгээр айраг түрүү авч амжилт гаргаагүй ч дөрвөн жил аймгийнхаа наадамд уралдсан туршлагатай унаач ажээ. Э.Амартүвшин Сүхбаатар аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгсжээ.
ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ
Дуучин болох түүний багын мөрөөдөл байжээ. Балчир насандаа дэндүү бүрэг байсан хүү дунд ангийн сурагч болсноор харьцангуй задарч сургуулийн урлагийн үзлэг болон аймгуудын дунд зохион байгуулдаг “Яргуй” тэмцээнд оролцож эхэлсэн аж. Энэ тэмцээнд гурван жил дараалан түрүүлжээ. Энэ үеэс өөртөө улам итгэлтэй болжээ. Хөлд орох цагаасаа л тэнтэр тунтар алхан амандаа аялгуу эгшиглүүлэн явах хүүгийнхээ авьяасыг ижий аав нь эртнээс олж харсан гэх юм билээ.
Тиймдээ ч хүсэл мөрөөдөлд нь хориг тавилгүй, өөрийнхөөрөө амьдрах сонголтыг өгсөн нь өнөөгийн дэлхийн дуучин Э.Амартүвшингийн хувь хүн болж төлөвших болон амжилт гаргах үндэс суурь болжээ. Тиймдээ ч дунд сургуулиа төгсөөд ээж аавынхаа ачийг сайн дуучин болж хариулах том мөрөөдөл тээсэн тал нутгийн хүү анх Соёл урлагийн их сургуулийн босгоор алхсан аж. Хөдөө хээр, морин дэл дээр салхи татуулан дуулж явах юутай сайхан билээ. Хэн нэгэн сонсчихвий гэж эмээлгүйгээр исгэрэн шуугих салхины өөдөөс уянгалаг дуугаа дуулсаар сөрж давхисан түүний балчир нас, хүсэл мөрөөдөл энэ сургуульд орсноор мэргэжлийн уран бүтээлч болох зорилгоор солигдсон байна.
Ц.ЕРӨӨ БАГШТАЙГАА УУЛЗСАН НЬ ХУВЬ ТОХИОЛ
Үүнээс өмнө Улаанбаатар хотод ирж үзээгүй хүү анх есдүгээр ангидаа их хоттой танилцсан түүхтэй. Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулдаг “Дуулах өв” наадамд оролцохоор ирэв. Энэ тэмцээнд бүх аймаг болон хотын дүүргүүдээс шалгарсан шилдэг хүүхдүүд оролцож, өрсөлддөг байж. Тэр уралдаанд аймгаасаа шалгаран оролцжээ. Тухайн үед тус тэмцээнийг Ардын жүжигчин Х.Хайдав, Х.Уртнасан, Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд нар шүүсэн аж.
Хэдийгээр тэмцээнд байр эзэлж чадаагүй ч уралдаан дууссаны дараа Х.Хайдав багшаас бусад нь Э.Амартүвшинтэй зорьж уулзжээ. “Миний хүү чи дуурийн дуучин болох магадлалтай хүүхэд байна. Чамд ирээдүй харагдаж байна. Хэрэв чи урлагаар явъя гэж боддог бол бидэн дээр ирээрэй” гэжээ. Харин энэ гурван хүнээс зөвхөн Ц.Ерөө багш нь жижигхэн уранхай цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд өгч. Энэ явдал ингээд дуусав. Харин жилийн дараа нийтлэлийн баатар маань ахлах ангиа төгсөж, ажил мэргэжлээ сонгох үетэй золгожээ.
Соёл урлагийн их сургуулийг л мундаг гэсэн ойлголттой тул эргэлзээ байхгүй энэ сургуульд орно гэсэн бодлыг тээж. Өнөөх багш ч энэ сургуульд багшилдаг байж таарав. Аав нь утас цохиж “Та өнгөрсөн жил манай хүүтэй уулзаад утасныхаа дугаарыг өгсөн байна. Би дагуулаад тань дээр очиж болох уу” гэхэд нь уриалагхан хүлээн авч багш шавь барилджээ. Монголын сонгодог урлагийн ноён оргил болсон тэдгээр дөрвөн багш хүүг буруу таниагүй юм. Энэ л багш нартай учирснаар Э.Амартүвшин мэргэжлийн дуурийн дуучин болж бэлтгэгджээ.
Ц.Ерөө багш нь түүнийг дуучин болгохоос гадна хувь хүн талаас нь төлөвшүүлэхийг эрхэмлэдэг байж. Э.Амартүвшин ч багшийнхаа хэлсэн сахилга баттай, хичээлээ сайн хийж, мэргэжилдээ үнэнч байгаарай гэсэн захиасыг одоо хүртэл санаж явдаг. Оюутны ширээнээс дөнгөж гараад Монголын сонгодог урлагийн цорын ганц мэргэжлийн байгууллага болох УДБЭТ-ын гоцлол дуучнаар очиход нь “Миний хүү олон тийшээ битгий урваж шарваарай. Чи их олон хүнтэй хамтарч ажиллах учир эхлээд өөрөө сайн хүн бай” гэж аминчлан захисан гэдэг. Багшийнхаа энэ үгийг бодон санан явсан шавь нь ягаан байшинд гоцлол дуучны албыг долоон жил нэр төртэйгөөр авч явсан юм.
АМЖИЛТЫН ҮЗҮҮРЭЭС АТГАЖ ЭХЛЭВ
Тэрээр дуурийн театрт орохоосоо өмнө багшийнхаа хэлснээр “Чингис хаан” дуурийн Тэмүүжингийн дүрийг бэлджээ. Харин теарт ороод залуу баритон бүрийн дуулж, ажлын гараагаа эхэлдэг “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрийг бүтээсэн байна. Үүнээс хойш олон дуурийн гол болон туслах дүрд дуулсан юм. Эхний хэдэн жил дуулсны дараа барууны сонгодог бүтээлүүдэд дуулах болов.”Риголетто” дуурийн Риголетто, “Тоска” дуурийн Скарпиа зэрэг том дууриудад тоглож эхэллээ. Түүний сэтгэлд хамгийн ойрхон байдаг дүр бол Риголетто. Энэ дүрийн чиг шугам өөрт нь илүү зохидог гэв.
“Риголетто” хэдийгээр том цар хүрээ, хоолойн чадал шаардсан дуурь боловч уянгалаг, зөөлөн хэсэг олонтой. Хүний дотоод сэтгэлийн олон илрэл энэ бүтээлд шингэжээ. Хүнийг хайрлах, харамлах, үзэн ядах зэрэг сэтгэлийн нарийн нандин хэсгүүдийг энэ дууриар илэрхийлдэг юм байна. Хамгийн гол нь нийтлэлийн баатар маань өөрөө энэ дуурьд ухаангүй дуртай. Тиймээс ч өөртөө хэвшил болтол нь суулгаж чаджээ.
Дуучин маань энэ дуурийг анх хамгийн залуу буюу 25-хан насандаа анх дуулсан байдаг. Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд энэ мэргэжилтэй учирснаар чадахгүй, мэдэхгүй, авьяас, чадал сорьсон олон зүйлтэй нүүр тулж. Гэвч тэр бүхэнд бууж өгөхийг хүсэлгүйгээр өдөр бүр мэрийж, чардайж, хичээсний үр дүнд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон амжилтын гараанаас алгуурхан атгаж эхлэв. Тэрээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод нэгдүгээр түүврээсээ хасагджээ.
Өмнө нь гадагшаа уралдаан тэмцээнд оролцож байгаагүй залуухан дуучинд энэ тэмцээн олон зүйлийг сургажээ. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэг болжээ. Ийнхүү тэрээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлжээ. Энэ үеэс шагналын амтыг мэдэрч эхэлжээ. Тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.
2015 онд дуурийн дуучин бүхний мөрөөдөл болсон, дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналынх нь нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоогоор барууны дуурийн урлагт хүч үзэж байна. Тэрээр дэлхийн бүх том тэмцээнүүдэд оролцоод дуусчихсан учир одоо зөвхөн дэлхийн том тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж явна.
ИРЭХ ХОЁР ЖИЛИЙН ТОГЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЧЭЭ
Энэ шалтгаанаар өнгөрсөн жил гэргийнхээ хамт театраасаа албан ёсоор гарчээ.Одоогоор тэд Швейцарийн алдартай агентлагтай гэрээтэй ажиллаж байна. Энэ агентлагт дэлхийн хамгийн шилдэг дуучид ажилладаг. Гэрээний дагуу тэрээр өнгөрсөн жил Германы Килл хотод амьдарч, дуулжээ. Харин энэ жилийн хувьд Итали, Москвад дуулсан байна.
Өнгөрөгч тавдугаар сард Израилийн Тилавейн дуурийн театрт Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурийн гол дүрд дуулаад иржээ. Нүүдлийн шувуу шиг амьдарч, дүүлж яваа уран бүтээлч маань дараа жил эх орондоо ирэх зав гарахгүй байх хэмээн ярьж сууна. Учир нь ирэх хоёр жилийн ажлын төлөвлөгөө нь гарчээ. Ирэх арваннэгдүгээр сарын 20-нд Италийн Женова, Парма хотод “Риголетто” дуурьд дуулна зэргээр цааш хөвөрнө.
Монгол дуучдын хувьд барууны зах зээлд гарч ирэх боломж бүрэн байна гэдгийг дуучин Э.Амартүвшин хэлж байна. Италид тоглосон “Риголетто” дуурьд Э.Амартүвшинээс гадна Италийн алдарт дуучин, 76 настай Лео Нуччи дуулсан юм. Энэ хүн зөвхөн Итали төдийгүй дэлхийн домог болсон дуучин билээ. Тэгвэл тал нутгийн залуу дуучин энэ эрхэм хүнтэй дотно нөхөрлөдөг ажээ. Өдий насандаа ийм амжилттай, хөнгөн шингэн явааг нь дэлхий нийт гайхдаг. Хоолойны ир нь буугаагүй хүчтэй байна гэдэг бас л гайхамшиг юм. Дуурийн дуучин хүний хоолой 30-40 насанд ид байдаг аж. Харин үүнээс хойш хэрхэн, ямар ухаанаар авч явах нь тухайн дуучны ухамсрын асуудал гэж гавьяат маань онцлов.
СОНГОДОГ УРЛАГИЙН БУЯНААР ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРЧЭЭ
Э.Амартүвшин зөвхөн дуурийн дуунаас гадна шинээр гарч ирж буй хөгжмийн урсгалуудыг сонсох дуртай. Мөн энгийн үедээ ардын болон уртын дууг аялдаг аж. “Би хаана төрөө вэ”, “Нутгийн чулуу”, “Ус мөрөн олон чиг”, “Зулай цагаан алтай” зэрэг сайхан дуунууд цээжинд нь бий. Тэрээр эцэг эхээс гурвуулаа бөгөөд дүү нь уламжлалт анагаах ухааны эмч, ах нь зураач мэргэжилтэй юм байна. Дуучин залуугийн сонгодог урлагаас олж авсан хамгийн эрхэм зүйл түүний гэргий Д.Туяа. Адилхан дуурийн дуучин мэргэжилтэй. Энэ л театрт танилцаж, хайр сэтгэлтэй болжээ.
Тэрээр гэргийнхээ тухай “Би ханьтайгаа учрах ёстой болоод л учирсан гэж боддог. Манай хүн хэлье гэснээ шууд хэлчихдэг их шударга эмэгтэй. Энэ зан чанарт нь би дуртай. Хамгийн чухал нь намайг жинхэнэ хайраар хайрлаж, бүх зүйлээ надад зориулдаг” гэв. Хоёулаа театрынхаа тайзнаа “Ламбугайн нулимс” дуурийн Лодон Цэрэнлхам, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн Нансалмаад, “Чингис хаан” дуурийн Чингис Бөртэ зэрэг олон сайхан хайр сэтгэлийн сэдэвтэй бүтээлд дуулжээ.
Ийнхүү тал нутгаас төрсөн дэлхийн дуучинтай хуучилсан тэмдэглэлээ энд хүргээд өндөрлөе. Түүнтэй ярилцсан энэ хэдэн цагийн дотор хувь хүн нь эгэл жирийн, их энгийн хүн юм даа гэсэн бодол сэтгэлд минь үлдлээ. Монгол залуугийн дуулахыг дэлхий сонсож байна. Улам өөдөө тэмүүлээрэй …