Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэхүү наадмаас олон сайхан шүлэг төрөн гарч найрагч түмнээ баясгадаг.
Төрийн шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлний 100 жилийн ойд зориулсан “Болор цом 35” наадам өнгөрөгч баасан гаригт/2017.12.15/ Алтай хотод боллоо.
Наадмын эхний шатанд 32 найрагч үлдсэнээс сүүлийн шатанд О.Цэнд-Аюуш, М.Отгонбаяр, Х.Нямхишиг, Б.Ганхүрэл, Х.Одгэрэл нарын таван найрагч үлдсэн юм. Ингээд “Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ Ховд аймгийн Дуут сумын уугуул, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар тодорсон. Наадмын дэд байрт Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг шалгарсан бол гуравт “Болор цом” наадамд олонтоо тавд үлдэж, дэд байрын эзэн, яруу найрагч Оюуны Цэнд-Аюуш, дөрөвт яруу найрагч Бямбацогтын Ганхүрэл, тавд яруу найрагч Дамбын Одгэрэл орсон юм.
“Болор цом” наадмын энэ жилийн шүүгчээр Болор цомын эзэн Арлааны Эрдэнэ-Очир, Норовын Гантулга, болон Н.Пүрэв, Г.Чардаг, М.Эрдэнэбат нар ажилласан байна.
Монголын зохиолчдын холбооноос энэхүү наадмыг орон нутгийн үзэгчдэд ойртуулах үүднээс аймаг бүрт ээлжлэн зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн жил Эрээнцавын нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсаны мэндэлсний 70 насны ойд Дорнод аймагт зохиогдоход яруу найрагч Б.Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ тэргүүн байранд орж, Арлааны Эрдэнэ-Очир удаалж байсан юм.
Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн хүрээнд түүний төрсөн нутагт “Болор цом 35” наадам амжилттай зохион байгуулагдаж, шүлэг найрганд дуртай ард түмнийхээ сонрыг мялааж, дараа жилийн наадам хүртэл дахин дахин ярих найргийн дугараатай болголоо.
Энэ жилийн наадмын эхний даваанд 32 найрагчаас сүүлийн шатанд таван найрагч үлдэхэд бүгд 2000 оноос хойш уран зохиолын хүрээнд орж ирсэн залуус байгааг харахад залуучуудын эрэн эхэлснийг бас тодотгож өгсөн.
Даваа өгсөх тусам найрагчдын шүлэг чангардаг. Харин яруу найрагч М.Билэгсайхан хоёрын даваанд
'Бурхнаас би зөндөө залбирч гуйлаа
Буруу зөв хоёрыг надад зааж өгсөн юмуу
Буурал болсон ижийгээсээ гуйгаа ч үгүй байхад
Буцдаг ирдэг хорвоогийн өнгийг надад таниулсан' хэмээн шүлэглэсэн байна.
Ингээд эцсийн шатанд үлдсэн найрагчдаас Ховд аймгийн Дуут сумын уугуул, яруу найрагч М.Отгонбаярын уншсан
'Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос
Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс' шүлэг тэргүүн шагнал хүртсэн юм.
М.Отгонбаяр “Нил гийх үүр”, “Гоц улаан сар”, “Сураггүй хаврыг хүлээхүй”, “Амраглан гуниглан” яруу найргийн номнууд хэвлүүлжээ. Тэрбээр хамгийн анхны шүлгийн түүврээ 2007 онд “Нил гийх гүүр” нэртэй гаргаж байсан байна.
Цагдаагийн дээд сургууль төгсөж, хуульч мэргэжил эзэмшсэн тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч юм.
М.Отгонбаяр 2015 онд “Сураггүй хаврыг хүлээхүй” уран бүтээлээрээ Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ.
“Болор цом 35” наадмын тэргүүн байр, Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагч М.Отгонбаярын тухай нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ийн хэлсэн байдаг. “Өнөө цагийн яруу найрагчид өөртэйгөө яах аргагүй адилхан бусадтайгаа адилгүй шүлэг бичээсэй гэж тэсгэлгүй хүлээдэг. Хүлээсэн хүмүүсийн нэг нь Мөнгөнхүүгийн Отгонбаяр юмаа гэж номыг нь уншаад бодсоноо нуух юун” хэмээн үнэлжээ.
Ховд аймгийн Дуут сумын харьяат, яруу найрагч Х.Эрдэнэбаатар 2009 онд “Болор цом” наадамд түрүүлж байсан бол найман жилийн дараа Дуут сумаас дахин нэг Болор цомтон тодорлоо.
ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ
Бурхнаас би зөндөө залбирч гуйлаа
Буруу зөв хоёрыг надад зааж өгсөн юмуу
Буурал болсон ижийгээсээ гуйгаа ч үгүй байхад
Буцдаг ирдэг хорвоогийн өнгийг надад таниулсан
Гандан тэгчилэн хийдэд зөндөө их мөргөсөөн
Гай гавьяа хоёрыг минь надад зааж өгсөн юмуу
Ганцхан заяасан ижийдээ мөргөөч үгүй байхад
Гал халуун сэтгэл нь намайг ариусгаж байсан юмаа
Лам гурван эрдэнээс зөндөө залбирч гуйлаа
Лай ланчиг бүхнийг чинь нимгэллээ гэж хэлсэн юмуу
Лавай сэтгэлт ижийдээ залбираа ч үгүй байхад
Хамаа бусын зүйлээс намайг аварч байсан юмаа
Төрийнхөө сүлднээс би зөндөө залбирч гуйсан
Төрсөн биеийг чинь ариусгалаа гэж надад лав хэлээгүй
Төрүүлж өсгөсөн ээжээсээ гуйгаа ч үгүй байхад
Төөрөг солгой хорвоод намайг түшиж байсан юм
Уг нь би ижийнхээ
Уран биеийг нь эвдэж
Уйлах нулимсийг нь асгаруулж
Улаан цусыг нь урсгаж төрсөн
Гэвч ижий минь намайгаа мэндлэхэд
Бурхны бэлэг гэж баярласан байна
Буян номын хишиг гэж билэгшээсэн байна
Төрийн минь сүлд өршөөлөө гэж залбирсан байна
Төрсөн үр минь гэж адисласан юм байна
Эрхэт төр,
Эрдэм ном,
Энэрэлт бурхад минь
Ижий бүхнийг өршөө!
“Болор цом”-ын эзэн М.Отгонбаярын блогийг http://onairagch.blogspot.com/-с сонирхоорой.