Монгол Улс 2011 онд “Хүн амын суурьшил нь хамгийн сийрэг улс” гэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд албан ёсоор бүртгэгдэж байв. 1,564,160 хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр 3,1 сая /2011 оны байдлаар/ хүн амьдардаг, энэ нь ердөө хоёр хүн тутамд нэг хавтгай дөрвөлжин км талбай оногддог гэсэн үг юм. Тэгвэл дэлхийн дээд амжилт бүртгэдэг Гиннесийн номд хамгийн сүүлд сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал бүртгэгдлээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна хоёр үзүүлэлтээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Тодруулбал, 2016 оны амжилтуудыг албан ёсоор баталгаажуулсан ''Гиннесийн дээд амжилтын ном-2018'' хувилбар өнгөрсөн оны сүүлчээр худалдаанд гарсан бөгөөд үүнд их аварга Хакүхогийн гаргасан дараах амжилтыг “Тулааны урлаг” хэсэгт багтаажээ.
Холимог тулаан, таэквондо, жүдо, самбо гээд тулааны урлагийн бүхий л шилдэг амжилтуудыг багтаасан эл хэсэгт Хакүхо М.Даваажаргалын нэр Сүмогийн дээд зиндаад нэг ч ялагдалгүй хамгийн олон түрүүлсэн, Сүмогийн дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн гэсэн хоёр амжилтыг тэмдэглэжээ. Хакүхогийн амжилттай зэрэгцэн түүний аав Ж.Мөнхбат аваргыг 1968 оны зуны олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрлөөр Монгол Улсын анхны олимпийн медалийн хүртсэнийг онцолсон байв.
СҮМОГИЙН ДЭЭД ЗИНДААНД НЭГ Ч ЯЛАГДАЛГҮЙ ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН
Сүмогийн башёд нэг ч ялагдалгүй түрүүлэхийг зэншо-юүшо гэж нэрлэдэг. Хакүхо Шё буюу Мөнхбатын ДАВААЖАРГАЛ 2007-2016 оны хооронд 12 удаа төгс амжилтаар түрүү хүртсэнээр өмнөх амжилтын эзэд болох Фүтабаяма Садажи /1936-1943/, Тайхо Коки /1963-1969/ нарын амжилтыг дөрвөөр ахиулсан байна. Хакүо 2016 оны тавдугаар сард 12 дахь удаагаа төгс амжилтаар түрүүлж, зэншо-юүшо хийсэн юм.
СҮМОГИЙН ДЭЭД ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН:
Японы мэргэжлийн сүмо бөхийн макүүчи хэмээн нэрлэдэг дээд зиндаанд 42 бөх барилддаг. Монголын сүмоч Хакүхо Шё 2007 оны долдугаар сарын 8-наас 2016 оны долдугаар сарын 24 хүртэлх хугацаанд макүүчи зиндаанд 903 даваа авч, түүхэн амжилт тогтоожээ. Тэрбээр Японы Токио хотноо болсон 2016 оны зуны барилдаанд өмнөх 879 гэсэн амжилтыг эвдсэн юм.
Гиннесийн номд их аварга Хакүхогийн амжилтыг ийнхүү бичжээ. Үүнээс өмнө Хакүхо М.Даваажаргал 2015 оны амжилтуудыг багтаасан Гиннесийн номын 2017 оны хувилбарт ч нэрээ мөнхөлж байсан билээ.
Тэрбээр 2015 оны долдугаар сарын 26-нд 35 дахь түрүүгээ хүртсэнийг ''Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн бөх'' гэж Гиннесийн дээд амжилтын номд албан ёсоор бүртгэж байв. Түүнтэй зэрэгцэн Кёкүтэнхо Н.Цэвэгням ч мөн номын нэгэн хуудаснаа нэрээ бичүүлсэн. 1998-2015 оны хооронд сүмогийн дээд зиндаанд хамгийн олон буюу 1470 даваа авснаар Кёкүтэнхо алдарт озэки Кайогийн амжилтыг эвдсэн билээ.
– МОНГОЛЧУУД БА ГИННЕС –
Сүмогийн дохёонд үзүүлсэн амжилтаас гадна монголчууд үндэсний бөх, морь, тэмээгээ мөн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлж байсан.
6002 БӨХИЙН БАРИЛДААН
Монголын үндэсний бөхийн холбооноос монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх санаачилгаар 6002 бөхийн барилдааныг 2011 оны есдүгээр сард зохион байгуулсан билээ. Анх 4096 бөх барилдуулна гэж байсан ч бүртгүүлсэн бөхчүүдийн тоо 6000 давсан учир Төв цэнгэлдэх хүрээлэнд 6002 бөхийн барилдааныг хийсэн. Есдүгээр сарын 17-нд нээлтээ хийж, ес хоног үргэлжилсэн, 13 даваатай бөхийн барилдааны түрүү бөхөөр Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэж, өвөрмөц нэгэн амжилтын эзэд болсон билээ.
Гиннесийн номонд “хамгийн олон бөх зодоглосон бөхийн барилдаан” хэмээн албан ёсоор бүртгэж, баталгаажуулсан тус барилдаанд Монгол Улсын 21 аймаг, 325 сумаас бөхчүүд ирж, зодоглож байв.
11000 МОРЬТНЫ ЖАГСААЛ
Монголын морин спорт, уяачдын холбооноос морьтон монголчуудын өв соёлыг дэлхийд гайхуулахаар 10 мянган морьтны жагсаал зохион байгуулахаар санаачилсан юм. 2013 оны наймдугаар сарын 9-нд Хүй долоо худагт болсон энэ арга хэмжээнд эх орны өнцөг булан бүрээс 11,000 морьтон монгол цуглаж, дээлний өнгө, морины зүсээрээ эгнэн жагсаж, дэлхийн дээд амжилт тогтоосон. 4 км урт цуваа үүсгэсэн морьт жагсаалын хамгийн бага оролцогч нь хоёр ой, найман сартай Г.Үүрцайх, хамгийн ахмад нь 90 настай Г.Дашчоймбол нар байв.
4000 ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН
Дээрх морьтон жагсаалтай давхцан ММСУХ-ноос “Монгол морь-3000” уралдааныг зохион байгуулсан. Улмаар 3000 биш 4249 хурдан морь уралдуулан, дэлхийн дээд амжилт тогтоосныг Гиннес албан ёсоор бүртгэсэн билээ.
Гараанаас 4279 морь эргэсэн ч 4249 нь барианд орсон. Уралдаанд азарга, соёолон, их насны морьд уралдсан бөгөөд хамгийн залуу морь унаач нь долоон настай, хамгийн ахмад нь 79 настай унаач байсныг Гиннесийн ном онцолж байв. Түүнчлэн Гиннесийн дээд амжилтын номонд тус уралдаанд морьд 18 км зайд уралдсан, түрүүлж барианд орсон морь нийт замыг 24 минут, 30.42 секундэд туулсан гэж бичжээ.
1000 ТЭМЭЭНИЙ УРАЛДААН
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2016 оны гуравдугаар сарын 7-нд 1108 тэмээ уралдуулж, Гиннесийн номонд бичигдсэн юм. Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орсон байна. 15 км зайд болсон тус уралдаанд хамгийн түрүүлж барианы зурхайд орсон тэмээ 35 минут, 12 секундэд нийт замыг туулсныг Гиннесийн номд бичсэн байв.
БУСАД СОНИРХОЛТОЙ РЕКОРДУУД
Дээрх амжилтуудаас гадна 1997 онд монгол айл өрхүүд 100 хувь хувийн сууцтай гэж Гиннест бүртгүүлж байжээ. Монгол гэрийг хувийн сууц гэж үзсэн нь тэр юм. Мөн 1961 онд Монголын говиос олдсон Теризинозавр хэмээх эртний үлэг гүрвэлийн сарвуу хумс 91 см урт байсан нь дэлхий дээрх хамгийн урт хумс гэж бүртгэгдсэн бол 2011 онд Хэнтий аймгийн Биндэр суманд болсон 'Монгол Дерби' хэмээх 1000 км үргэлжлэх морин уралдаан дэлхийн хамгийн хол зайн уралдаан гэж тооцогддог байна.
Эх сурвалж NEWS.MN
С.ЦЭЛМЭГ