Монголын уран бүтээлчид нэг кино хийхийн тулд халааснаасаа хэдэн төгрөг гаргадаг вэ. Хуруу хумсаа хугалан байж цуглуулсан мөнгөөрөө кино хийдэг. Харин зардлаа буцаагаад нөхдөг нь хэд бол. Өнөөдөр Монголын киноны уран бүтээлчдийн хийсэн киног хэдэн хүн үзнэ түүгээр цалинжиж, олсон хэдэн төгрөгөө ашиг гэж хардаг. Түүнээсээ дараагийн бүтээл хийх мөнгөө босгож байна. Гэтэл дэлхийн бусад улс кино урлагаараа хэрхэн мөнгө олдог вэ. Кино бол олон тал руу хөрвөөж болох, бизнес утгаараа хөгжих боломжтой урлаг. Ялангуяа аялал жуулчлалын салбарт. Үүнийг хамгийн овжиноор ашигладаг улс бол яахын аргагүй Солонгос юм. Өнөөдөр бид солонгос киногоор амьсгалж байна. Түүнийг дагаад энэ улсын стиль, дуу хуур хүртэл бидний өдөр тутмын амьдралын хэв маягт хэвшээд олон жил боллоо. Тэгвэл эдгээр кино дэлхийн олон оронд гараад зогсохгүй эх орондоо жуулчдыг татах бизнес болон цэцгэлжээ.
“ӨВЛИЙН ХАЙРЫН ДУУ”-ТАЙ ГУДАМЖ
2000 оны эхээр Солонгос савангийн дуурь гэж мэдэхгүй монголчуудыг байлдан дагуулсан кино бол “Өвлийн хайрын дуу” байсан юм. Тэр үеэс охид Чаньвуд дурлаж, хөвгүүд нь урт үс, нэхмэл ороолтоор гангарах болсон. Зөвхөн бид ч биш өөр олон улсад энэ явдал давтагджээ. Тэгвэл Солонгосын аялал жуулчлалын баазууд үүнийг бизнес утгаар ашигласан нь Нами арлын бүтээн байгуулалт юм. Сөүлээс цаг гаруй явж байж хүрэх энэ аралд дайны цагт Нами гэдэг жанжин амьдарч байж. Энэ арлыг өмнө нь хэн ч мэддэггүй байжээ. Харин “Өвлийн хайрын дуу” олон ангит киноны зураг авалтыг хийснээс хойш түм түжигнэж бум бужигнасан олны хөлийн газар болжээ. Ирсэн жуулчдад тайлбарлагч киноны гол дүрийн баатрууд энэ газар анх удаа үнсэлцсэн. Үүгээр зугаалсан, унадаг дугуй нь энэ байна гээд кинотой холбоотой тайлбарыг хийдэг байна.
Зөвхөн энэ гудамжинд очиж зурагаа авахуулах хүсэлтэй жуулчид хэдэн мянгаар Солонгосыг зорьдог гэж бодохоор гайхалтай. Солонгосын Чежү арлыг зорих жуулчдын цуваа жилийн дөрвөн улиралд тасардаггүй байна. Чежү арлын үзэсгэлэнт байгалиас гадна цаг гаруйхан яваад хүрэх хуучны уламжлалыг харуулсан нэгэн жижигхэн тосгонд жуулчид зочлох дуртай. Солонгосчуудын хоолны соёл, амьдралын хэв маягийг эртний хэвээр нь хадгалах энэ газар алдарт “Жангум” киноны зураг авалтыг хийсэн аж. Тэнд киноны жижиг хэрэглэл, тогоо шанага, хувцас байх. Энд одоо ч уран бүтээлчид түүхэн киноны зураг авалт хийсээр байгаа юм. Харин Сөүлийн төвд байрлах XIII зууны үеийн хааны ордонд хаадын тухай ихэнх киноны зураг авалтыг хийжээ.
Бид ч ялгаагүй жуулчдыг татах энэ аргыг хэрэглэхэд болохгүй зүйлгүй. Жуулчид ирэхэд онгон тансаг байгалиа үзүүлэхээс гадна киноны зураг авалт хийсэн газруудад жуулчдын сонирхлыг татах киноны жижигхэн цогцолбор байгуулчихвал бизнес хэлбэрээр ашиглаж болохоос гадна монгол киноны нэр хүнд ч өснө.
ЭЛСЭН ТАСАРХАЙГ МӨНХӨЛСӨН “АНУ ХАТАН”
“Ану хатан” хатан киноны зураг авалтын зарим хэсгийг Элсэн тасархайд авчээ. Элсэн тасархай нь Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.
ХИЛЧДИЙН ТУЛААН “БАЙТАГ БОГД”
Хилчдийн мөргөлдөөний тухай өгүүлэх “Байтаг Богд” киноны зураг авалтыг Ховд аймагт орших Байтаг Богд ууланд авсан юм. Булган сумын нутагт орших энэ уул нь 3400 метр өндөр. Эндээс Бүдүүн Яргайт, Нарийн, Хужирт гол эх авч урсдаг. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947-1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүхэнд “Байтаг Богдын тулалдаан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Өдгөө тулаан болсон газар дурсгалын хөшөө босгожээ.
АРХАНГАЙН ҮЗЭСГЭЛЭН “ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД”
Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орон, нүүдэлчин соёл, унаач хүүхдүүдийн тухай дэлхийд сурталчилсаар байгаа “Чингисийн хүүхдүүд” киноны зураг авалтыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн юм. Энэ суманд байх Суварга хайрхан уул нь далайн төвшнээс дээш 3117 метр өндөр хангайн нурууны ай савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой. Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий үзэсгэлэнтэй аж.
ТАЙГЫН НУУЦ “СОДУРА”
Цаатнуудын амьдралын онцлогийг харуулсан “Содура” киноны зураг авалтыг Хөвсгөлийн тайгад авсан аж. Тэнд дэлхийд ховордож буй цаа буга бий. Цаа буга нь жилийн турш хөвдөөр хооллодог тул түүнийг малладаг нутгийнхан далайн төвшнөөс 2500-3500 метрийн өндөрт өргөгдсөн ян сарьдаг уул бүхий алс бөглүү нутагт урцанд сууж, ан гөрөө хийж, байгалийн баялаг ашиглан амьдарсаар өдийг хүрчээ. Энд өвлийн улиралд хасах 29-53 хэм хүртэл хүйтэрч, зун нь нэмэх 12-23 хэм дулаардаг.
Эдгээр киноны зураг авалтыг хийсэн энэ үзэсгэлэнт газруудад яг л “Өвлийн хайрын дуу”-тай гудамжинд очсонтой адил сэтгэгдэл төрүүлэм орчныг бий болгож, зураг авахад хэрэглэсэн жижиг хэрэглэл, дурсгалт зүйлүүдийг тавьбал аялал жуулчлалын салбар кино урлагийн салбартайгаа хамт хөгжих боломж бий. Ингэснээр манай уран бүтээлчид ч санхүүгийн эрх чөлөөнд хүрч, мөнгөний кино биш мөрөөдлийн бүтээлээ туурвих гарц байна. Үүнийг бодууштай.
Ч.Гантулга