“Музейд суралцахуй” улс, орон нутгийн музейн захирал, боловсролын ажилтан, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан сургалт, семинар 2018 оны 4-р сарын 5-нд Монголын Үндэсний музейд зохион байгуулагдана. Сургалт, семинарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Үндэсний музей зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.
Дэлхий нийтэд музейн боловсролын талаарх ойлголтыг “үзэгчийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үнэт зүйлс, үзэл баримтлал, мэдлэг, дадлагын цогц” гэж тодорхойлжээ. Энэ нь сурган хүмүүжүүлэх арга, хувь хүний хөгжил, төлөвшил, аливааг гүйцэтгэх чадвар, шинэ мэдлэг олж авахыг нэгтгэсэн бие хүний соёлын түвшинг нэмэгдүүлэх үйл явц юм. Музейн сургалт нь “албан бус” сургалтын нэг хэлбэр бөгөөд боловсролын байгууллагатай нягт уялдаа холбоотой ажилладаг.
Музей нь хүүхдүүдийн мэдлэгийн хүрээг тэлж, тэдэнд суралцах, хөгжилдөж цэнгэх, хэлэлцэх зэрэг олон төрлийг санал болгодог. Мөн музейг чөлөөтэй орчинд үзэж, бусадтай харилцаж, нийтлэг бүлгийн сургалтын хэвшмэл орчноос ялгаатай, бие дааж өөрөө таашаан сонирхох хөгжих боломжийг олгодог. Музейд гурван настай балчираас эхлээд наян настай ахмадууд суралцахаар ирдэг нь хувь хүний хөгжлийг хангаж, нийгмийн харилцаанд томоохон үүргийг гүйцэтгэдэг. Энэ удаагийн сургалт, семинарын зорилго нь музейн боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн суурь боловсролын Түүх Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол, Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа хичээлийн хөтөлбөртэй уялдуулан сайжруулснаар музейн сургалтыг орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн хөтөлбөрөөр баяжуулж, боловсролын ажилтны ур чадварыг дээшлүүлж, музейн багш бэлтгэх, музей сургууль хоорондын харилцааг уялдуулан холбоход оршино.
Музейн сургалтыг бодит үзмэр дээр тулгуурлан, ЕБС-ийн танхимын сургалтын төлөвлөгөөтэй нягт уялдуулж боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулснаар суралцагчдын сурах идэвхи сайжирч, хамтран ажиллах бүтээлч үйл ажиллагаа нэмэгдэж, сургалтын чанар, үр дүн дээшилж, мэдлэг нь хэрэглээ болох төдийгүй музей, сургууль хоёрын харилцаа сайжран, музейн сургалтын хэрэгцээ үүснэ. Улмаар музей нь сургалтын тусгай бэлтгэгдсэн төв болно. Музей нь өөрийн онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөртэй болох нь музейн боловсролын ажилтан ба ЕБС-ийн багш нарын мэргэжлийн ур чадвар дээшлэхэд дэмжлэг болж буйгаараа шинэлэг чухал ач холбогдолтой юм.
Цаашид (I) “Музейн хичээлийн хөтөлбөр”-ийг тогтмолжуулж, ач холбогдлыг үнэлж, бодлого төлөвлөлтөд оруулж, хөгжүүлэх, (II) ЕБС-ийн хичээлийг музейн сургалтын албан бус хэлбэрээр явуулж, хүүхдийг бие даан бүтээлчээр сэтгэх, соёл уламжлалаа дээдэлсэн эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд музейн боловсролын ажилтныг бэлтгэж, давтан сургах, (III) багш нарт зориулсан тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж, “Музейн багш” бэлтгэх шаардлагатай байна. Улмаар багш нар хичээлийн бусад цагаар музейд сайн дурын хэлбэрээр ажиллах боломж нээгдэх үр дүнтэй.