Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ 2018 оны 5-р сарын 01-06-ны өдрүүдэд улсын хэмжээнд болно.
“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнол” уриан дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сангаас Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, Төрийн түүхийн музей, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, уншигч, эрдэмтэдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран өргөнөөр зохион байгуулах юм.
Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, сургалтуудыг орон даяар явуулж байна.
Эх хэл бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд сурталчлах энэхүү арга хэмжээний нээлт 2018 оны 5-р сарын 4-ний 11.00 цагт Үндэсний номын санд болно.
Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний номын сан.
Хамтран зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн түүхийн музей, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим , “Бичиг соёл, боловсролын” төв, Аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд
Харилцах утас: 264943, 267445, 323100, 70112397, 318921, 70115705,
Үндэсний номын санд:
“ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад бүртгэгдсэн Данжуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол”, “Дүрс, дуу авианы бичлэгийн дурсгал болох соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол практикийн хурал”, “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт, Монгол Судлалын уншлагын танхим болон Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн сангийн програмын нээлт болон төрөлжсөн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулна.
1. “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурал:
Эрдэм шинжилгээний хурал нь хальс, чулуу, мод зэрэгт шингэсэн соёлын баримтат өвийг авч үзэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн хурлаар Үндэсний архивын газар, Үндэсний олон нийтийн радио телевиз, музейнүүд, Үнэт цаасны газрын мэргэжилтнүүд болон тэргүүлэх эрдэмтэн судлаачид сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн ангилал, төрөл зүйл, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийн талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүлнэ.
Мөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Үндэсний музейн мэргэжилтнүүд өнөөдөр олон улсад ашиглаж байгаа хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг бүрдүүлэх стандарт, сэргээн засварлах арга зүй, аргачлалын туршлагыг танилцуулах ба соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах асуудлыг цогц байдлаар авч үзэн олон нийтэд хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм.
2. Улсын хэмжээний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн санг бий болгох сургалт:
Улсын хэмжээний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд Zotero программыг ашиглах 2 дахь шатны сургалтыг аймаг, нийслэлийн номын сангийн номзүйчдэд зориулан зохион байгуулна.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар улсын хэмжээнд тогтмол хэвлэлийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, номзүйн бүртгэл хийх, цахим картын сан бүрдүүлэх, лавлагаа өгөх зэрэг олон давуу талтай юм.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон дүүргийн номын сангуудад:
Үндэсний өв соёл бичиг үсгийн түүх, уламжлалыг сурталчлах, номын сангийн сан хөмрөгт буй монгол бичиг дээрх номуудыг төв болон салбар номын сангийн хэмжээнд нээн харуулах зорилгоор 12 үзэсгэлэн, 4 уулзалт/сургалт/, ярилцлага хийж, эдгээр үйл ажиллагаанаас олж авсан мэдээлэл, мэдлэгийг бататгах, уншигчдийн авхаалж самбаа, ур чадварыг сорих 10 уралдаан тэмцээнийг зохион байгуулна.
1.“Алтан үсгийн цоморлог” уралдаан:
Энэхүү уламжлалт уралдаан нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн зохиол бүтээлүүдийг уран бичлэгээр бүтээгдэгээрээ онцлог юм. Өнгөрсөн жилийн 17 бүтээлийг уншигч хэрэглэгчдэд байнгын үзэсгэлэн хэлбэрээр сурталчилж байна
2. “Монгол бичгээр уншиж сурцгаая” аян:
Монгол улс 2025 онд хос бичигтэн болох зорилтыг биелүүлэх зорилгоор уламжлалт “Монгол бичгээр уншиж сурцгаая” аян, уншигчдийн хэлний чадварыг сайжруулах зорилгоор “Тунгаамал” эх хэлний уралдаан, “Эх сайхан Монгол хэл” зохион бичлэгийн уралдаан, “Үсэглэдэг зөгий” зөв бичгийн уралдааныг төв болон салбар номын сангуудад хөтөлбөрийн дагуу тус тус зохион байгуулна.
Хүүхдийн төв номын санд:
1. “Үндэсний бичиг үсэг мину-2018” улсын XIII уралдаан:
Хүүхдийн төв номын сан Сод Номун төвтэй хамтран “Монгол бичгийн тэргүүний уншигч” шалгаруулах “Үндэсний бичиг үсэг мину-2018” улсын XIII уралдааныг уламжлал болгон 13 дахь жилдээ зохион байгуулж байна.
Уралдааны 2 дахь шатны шалгаруулалт 5 дугаар сарын 4-ний өдөр Хүүхдийн төв номын санд болох бөгөөд 4 насны ангилалд аймаг, дүүргүүдээс шалгарсан 200 гаруй сурагч хүүхдүүд оролцоно.
2. “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн улсын уралдаан:
ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Хэнтийн Батхүүгийн санаачилгаар “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн уралдааныг Хүүхдийн төв номын сан нь уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Уралдааны зорилго нь монголын залгамж залуу үе, хүүхэд багачууддаа монгол хэл бичгийн гайхамшигт соёлоо өвлүүлэн үлдээх, монгол хүн, монгол газар шороо, монгол эх орон, монгол өв соёлоороо бахархан, өв тэгш зөв хүмүүжил, зөв боловсрол эзэмшүүлэхэд оршино.
Энэ удаагийн уралдааны онцлог нь хамрах хүрээг өргөжүүлж, улсын хэмжээнд зохион байгуулах юм. Энэхүү уралдаанд ЕБС-ийн сургуулийн /5-12 ангийн сурагчид/ мөн уран бичлэгийн сургалт явуулдаг байгууллага, хувь хүмүүс багш нар суралцагч хүүхдүүдээ оролцуулах боломжтой.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл:
- “Чингисийн чулууны бичиг”-ийн сурталчилгаа:
Чингисийн чулууны бичиг” нь мянга гаруй жилийн түүхтэй монгол бичиг үсгийн олон дурсгалуудаас энэ үед ирсэн хамгийн “ууган” бүтээл гэж хэлэхэд болох соёлын их өв билээ. Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь “Чингисийн чулууны бичиг”-ийг судлагдаж эхэлсний 200 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ ойн тохиолдуулан багш нараар дамжуулан ЕБС-ийн хүүхдүүдэд эртний өв соёлоо таниулах зорилгоор ЕБС-ийн 500 багш нарт уг бичгийн ач холбогдлыг сурталчлах ажлыг Үндэсний музейн гадна талбайд зохион байгуулна.
Бичиг соёл, боловсролын төв:
1. “Үндэсний бичиг үсэг – Хэл, соёлын дархлаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал:
Эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран зохион байгуулна. Түүхэн бичиг үсгүүд, тэдгээрээр тэмдэглэгдэн үлдсэн түүх, уран зохиолын дурсгалууд (тухайлбал “Чингисийн чулууны бичиг”), бичиг үсгийн тиг зурлага, түүнд шингэсэн нүүдэлчдийн сэтгэлгээний талаарх судалгаа шинжилгээний илтгэлүүдийг монголын нэрт эрдэмтэн судлаачид танилцуулна.
2. “Бичиг соёл – 2018” үзэсгэлэн:
Уламжлалт “Бичиг соёл – 2018” үзэсгэлэн 5 дугаар сарын 01-ны өдөр 17 цагаас Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийж, 6 хоног үргэлжилнэ.
Энэ жил “Бичиг соёл” үзэсгэлэнгийн 10 жилийн ой тохиож байна. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Франц улс болон Улаанбаатар хот, хөдөө орон нутаг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай аймгаас нийт 60 уран бүтээлчид, мөн гадаад, дотоодын зочид урилгаар оролцоно.
3.Бичиг соёл үзэсгэлэнгийн танилцуулга ном
Үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдийн бүтээл, танилцуулгыг багтаасан /157 гр мат, хавтас 300 гр матт, дотор өнгө 4+4, хавтас өнгө 4+0, хэмжээ 190х270, хавтас нэг тал бүрээстэй, цавуу/ 100 нүүр бүхий 300 ширхгийг хэвлэнэ.
4.Бийрийн эрдэм уран бичлэгийн уралдаан
Бичиг соёл үзэсгэлэнгийн үеэр Бийрийн эрдэм уран бичлэгийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн уралдааныг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын нэрэмжит болгон 5 дугаар сарын 2-ны өдрийн 14 -18 цагт Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулна
МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим:
1.Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан:
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлээс МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хүрээнд "Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан"-ыг 17 дахь жилдээ 4 дүгээр сарын 28 –ны өдөр МУИС-ийн 2-р байранд зохион байгуулна.
Энэ жил Ардын багш Д. Чойжилсүрэнгийн 110 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
Уралдааны ангилал :
1. Улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн оюутан
а. Мэргэжлийн (Зохион бичих чадвар)
б. Мэргэжлийн бус (Хөрвүүлэн бичих чадвар)
2. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нар (Сорилго)
3. Төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэн (Зохион бичих чадвар)
4. Бүх нийтийн хүрээнд (Монгол бичгээр цахимд бичих чадвар)
Төрийн түүхийн музей:
1.“Монгол ном бичгийн эрдэнэс” үзэсгэлэн:
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгий эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатарын Монгол ном судар, бичиг соёлын өвийн арвин баян цуглуулгыг түшиглэн “Монгол ном бичгийн эрдэнэс” үзэсгэлэн 4 дүгээр сарын 27-ны өдөр нээлтээ хийж, 15 хоногийн туршид олон нийтэд толилуулна.
Нэг хүний дагнан судалж, эрэл хайгуул хийж, эрдэм шинжилгээний тодорхой зорилготойгоор эмхлэн төрөлжүүлсэн энэхүү хувийн ховор нандин цуглуулгыг гадаад дотоодын жуулчид, эх түүхээ сонирхогчид, оюутан судлаачид, олон нийтэд нэн ялангуяа Монголын өсвөр залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой.
Ингэснээр Монголын аялал жуулчлалын салбарт уламжлан хөгжиж байгаа адал явдалт, байгалийн, үлэг гүрвэлийн, нүүдлийн ахуй амьдралын гэхчлэнгийн аялал жуулчлалын брендүүдтэй зэрэгцээд нүүдэлчин Монголчуудын оюуны болон эдийн соёл, бичгийн өв уламжлал, ур хийц ухаан билэг, ардын гар урлалын талаас нь гадаад дотоодын үзэгч олон түмэнд таниулах аялал жуулчлалын шинэ бренд бий болно гэж бид үзэж байна.
Монгол орныг Чингис хааны өлгий нутаг, эртний түүхийн улбаатай, онгон догшин байгальтай гэдэг талаас нь одоо үед нэлээд түлхүү үзүүлдэг болсон хэдий ч Монголчуудыг олон бичиг үсгийг зохион хэрэглэж, олон эрдэмтэн лам нар бичгийн хүмүүсийг төрүүлэн гаргасан, бичиг соёлын нэн эртний баялаг уламжлалтай ард түмэн болохыг энэхүү үзэсгэлэнгээр харуулахыг зорьсон.