“Жакарта 2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртсэнП.Орхоноос авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан тул Азийн олимпийн зөвлөл манай тамирчнаас медалийг нь хураах шийдвэр гаргажээ. Insidethegames.biz цахим хуудаст сэтгүүлч Лиам Морган энэ талаар мэдээллээ.
Азийн олимпийн зөвлөлийн албан ёсны цахим хуудсанд энэ сарын 3-нд гаргсан мэдээллээр, өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр манай тамирчнаас авсан шинжилгээгээр станазолол буюу ОУДЭА-ийн хориглосон эм, бэлдмэлийн 2018 оны жагсаалтад бичигдсэн “S1.1A Exogenous Anabolic Androgenic Steroids”-ын төрлийн бэлдмэл илэрсэн нь тогтоогдсон аж. Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцсон тамирчдын хоёроос нь хориотой эм бэлдмэл илэрсэн бөгөөд нэг нь П.Орхон, нөгөө нь Туркменистаны Рустем Назаров юм байна. Туркмен бөхийн цуснаас фуросемид гэх эм илэрчээ. Энэ фуросемид нь хүч чадал шууд нэмэгдүүлдэггүй боловч шээс хөөж, хаван буулгадаг үйлчилгээтэй учир допинг хэрэглэсэн бөхчүүд түүнийгээ биеэсээ хурдан гадагшлуулахын тулд хэрэглэсэн байж болзошгүй гэдэг агуулгаар хориотой бодисын жагсаалтад орсон байдаг аж. Харин манай тамирчны хэрэглэсэн гээд буй бэлдмэл нь анаболик стероид буюу ажиллах чадварт шууд нөлөөлдөг хүчтэй бодис юм.
Лиам Морганы бичсэнээр бол манай бөх урт хугацаанд эрхээ хасуулах нь тодорхой гэнэ. Харин яг ямар хугацаагаар хасуулах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Практикаас харахад сэргээш хэрэглэсэн тамирчдын тэмцээн уралдаанд оролцох эрхийг ихэвчлэн хоёр жил хасдаг. Хэрвээ ийм хугацаагаар хасвал манай бөх "Токио 2020" олимпийн наадамд барилдах боломжгүй болно /Токио 2020 олимп 2020 оны зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 9-нд болохоор товлогдсон/. Манай чөлөөт бөхийн тамирчдаас МУГТ О.Пүрэвбаатар фуросемид хэрэглэсэн гэдэг үндэслэлээр 2000 оны олимпийн тавдугаар байрын шагналаа хүчингүй болгуулж байсан. Түүний эрхийг дараа жилийнх нь ДАШТ дуустал хассан ч азтай тохиолдлоор ДАШТ хойшилж, манай бөхийн эрх сэргэснээр мөнгөн медаль хүртэж байсан түүх бий.
Үүнээс үзэхэд манай тамирчны эрхийг багаар бодоход нэг жилээр хасах нь тодорхой болоод байна.
Киргизстаны хэвлэлээр манай бөхөд ялагдаж мөнгө дээр буусан Айсулу Тыныбекова алтан медаль хүртэхээр болсон хэмээн бичээд эхэлжээ.
Эцэст нь, манай тамирчдаас допингтой нэр холбогдсон тохиолдлуудыг танилцуулж байна.
Он Нэр Спортын төрөл Тэмцээн Илэрсэн бодис
1. 1972 Б.Буядаа Жүдо Мюнхен-1972 олимпийн наадам Кофейн
2. 1984 П.Батсүх Цана Сараево-1984 олимпийн наадам анаболик стероид
3. 2000 О.Пүрэвбаатар Чөлөөт бөх Сидней-2000 олимпийн наадам фуросемид
4. 2002 А.Сүхбат Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
5. 2003 Д.Батбаяр Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
6. 2004 Д.Мягмарсүрэн Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
7. 2004 Г.Ганхуяг Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
8. 2006 Д.Рагчаа Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
9. 2006 Г.Эрхэмбаяр Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
10. 2007 н.Гансүх Хүндийг өргөлт Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид
11. 2007 Д.Чинзориг Хүндийг өргөлт Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид
12. 2007 Т.Чахар Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид
13. 2007 Б.Батхуяг Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид
14. 2007 Ж.Нурлан Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид
15. 2007 З.Мөнхбаатар Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид
16. 2007 Б.Ариун-Эрдэнэ Жүдо Тэмцээний бус үеийн шинжилгээ сальбутамол
17. 2008 Д.Ерболат Хүндийг өргөлт Азийн Клубуудын АШТ анаболик стероид
18. 2009 Ц.Сумъяабээс Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
19. 2009 Б.Соронзонболд Үндэсний бөх Үндэсний их баяр наадам дексаметазон
20. 2009 Ц.Цэрэннадмид Жүдо Улаанбаатар Дэлхийн цом фуросемид
21. 2011 н.Алтангэрэл Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
22. 2011 Ц.Цогбаяр Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
23. 2012 Б.Сугаржаргал Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
24. 2012 Х.Мөнхбаатар Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
25. 2012 Н.Баярмаа Хүндийг өргөлт Азийн аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид
26. 2014 Б.Суманчулуун Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
27. 2014 Н.Адъяабат Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид
28. 2016 Э.Сумъяа Чөлөөт бөх Олимпийн эрх олгох тэмцээн мелдониум
29. 2016 Б.Баатарцол Үндэсний бөх Үндэсний их баяр наадам мелдониум
30. 2016 Б.Ганзориг Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стериод
eagle.mn