ТАНИЛЦУУЛГА
/Кино урлагийн дэмжих тухай/
Үндэсний киног дэмжин хөгжүүлэх, дэлхийн зах зээл дээр гарган өрсөлдүүлэх замаар үндэсний түүх, өв соёл, ёс заншлаа дэлхийд сурталчлан таниулах, кино уран бүтээлчдийн оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, сургалт хөгжлийг дэмжих, киноны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засаг, гааль татварын таатай орчныг бий болгох, кино үйлдвэрлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэх, үүнд чиглэсэн техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж батлууллаа.
Хуулийн төсөлтэй танилцан саналаа илгээнэ үү.
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кино урлагийг хөгжүүлэх, төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих тухай хууль тогтоомж
2.1. Кино урлагийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд, гадаад улсын нутаг дэвсгэрт Монгол болон хамтарсан кино бүтээж, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “кино” гэж техник хэрэгсэл, технологи ашиглан олон нийтэд үзүүлэх зорилгоор бүтээсэн дуу авиа бүхий бүх төрлийн хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг,
4.1.2. Монгол кино гэж дараах нөхцөлүүдийг хангасан киног хэлнэ.
4.1.2.1. Кино продюсер нь нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байх,
4.1.2.2. кино зохиолч нь эсхүл хамтарсан кино зохиол бичсэн бол зохиолчдын багийн 50-аас дээш хувь нь Монгол Улсын иргэн байх,
4.1.2.3. кино бүтээх багийн гишүүдийн 50-иас дээш хувь нь Монгол Улсын иргэн байх,
4.1.2.4. гадаад хэл дээр хийх нь уран бүтээлийн сэдэлтийн зайлшгүй хэсэг болохоос бусад тохиолдолд кино бүтээл нь монгол хэл дээр бүтээгдсэн байх
4.1.3. Хамтарсан кино гэж хоёр улсын продюсер хамтран бүтээж байгаа бол Монгол Улсын продюсер нийт санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг санхүүжүүлсэн, хоёроос дээш улсын продюсер хамтран бүтээж байгаа бол Монгол Улсын продюсер 10-иас доошгүй хувийг санхүүжүүлэн бүтээсэн кино,
4.1.4. “кино үйлдвэрлэл” гэж кино төсөл боловсруулах, зураг авалт хийх, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх, бүртгүүлэх зэрэг түгээх хүртэлх бүтээлч үйл ажиллагааг
4.1.5. “Кино түгээх” гэж, кино бүтээлийг утсан болон утсан бус сүлжээ, кино театр, өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевиз, интернэт сүлжээнд суурилсан олон сувгийг дамжуулагчаар компакт диск, видео диск болон бусад техник хэрэгсэл, технологи ашиглан олон нийтэд үзүүлэх үйл ажиллагааг
4.1.6. Кино зуучлагч “distrubuter" гэж кино бүтээлийг хуулбарлах, киноны эх хувилбар болон хуулбарыг олон нийтэд үзүүлэх, худалдах, солилцох, түрээслэх, бэлэглэх, экспортлох, импортлох, зэргээр кино түгээгчид кино бүтээлийг зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг
4.1.7. “кино үйлдвэрлэлийн дэд бүтэц” гэж кино үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн барилга байгууламж, мэдээллийн сүлжээ, техник болон программ хангамж, мэдээллийн санг,
5 дугаар зүйл.Кино урлагийг хөгжүүлэх талаар баримтлах зарчим
5.1. Кино урлагийг хөгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1. монгол киноны олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
5.1.2. төрийн дэмжлэгийг тэгш, хүртээмжтэй үзүүлэх;
5.1.3. кино үйлдвэрлэлийн салбар дахь уран бүтээлч, байгууллагын тэгш байдлыг хангах;
5.1.4. уран бүтээлчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, зохиогчийн эрхийг хамгаалах,
6 дүгээр зүйл. Кино урлагийг дэмжих талаар баримтлах чиглэл
6.1. Төрөөс кино урлагийг хөгжүүлэхэд дараах чиглэлээр дэмжинэ:
11.1. Кино архив, мэдээллийн сан бүрдүүлж, зохион байгуулах
11.2. Кино үйлдвэрлэл, түүний дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
11.3. Кино урлагийн салбарт оруулах хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх,
ХОЁРДУГААР БҮЛЭГ
КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ
7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар кино урлагийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. кино урлагийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
7.1.2. кино урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;
7.1.3. кино урлагийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх
7.1.4. кино үйлдвэрлэлийн дэд бүтэц байгуулахад дэмжлэг үзүүлэх,
7.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кино урлагийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. кино урлагийг дэмжих тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
8.1.2. холбогдох журмыг үндэслэн улсын захиалгаар бүтээх кинонд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг олгох, хяналт тавих;
8.1.3. кино үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийг хамгаалахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн бусад байгууллагуудтай хамтран тодорхой зөвлөмж гаргах, мэдээллээр хангах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
8.1.4. кино урлагийн салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
8.1.5. кино урлагийг дэмжих чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах
8.1.6. кино наадам, үзэсгэлэнд монгол киног оролцуулах, Монгол улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх,
8.1.7. кино үйлдвэрлэл, түгээх үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт боловсруулах
8.1.8. кино үйлдвэрлэлийн чиглэлээр уран бүтээлч, ажилтанг сургах, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
8.1.9. гадаад кино, хамтарсан кинонд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох журмыг батлах;
8.1.10. хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дугаар зүйл. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
9.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кино урлагийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. Хамтарсан кино бүтээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
9.1.2. Монгол Улсын кино өдөр болон монгол киног түгээх, сурталчлахтай холбогдсон бусад арга хэмжээг гадаад улсад зохион байгуулах,
10 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
10.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага кино урлагийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. кино урлагийг дэмжих тухай хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах, хяналт тавих;
10.1.2. кино урлагийн нэгдсэн бүртгэл, мэдээлллийн санг үүсгэх, баяжуулах ажлыг зохион байгуулах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, боловсруулалт болон мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах;
10.1.3. шаардлагатай мэдээлэл, судалгааг гаргаж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах, иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх;
10.1.4. кино урлагийг хөгжүүлэх асуудлаар гадаад улс, олон улсын болон дотоодын байгууллагатай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
10.1.5. олон улсын кино наадамд монгол киног оролцуулах, олон улсын кино наадам, арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх,
11 дүгээр зүйл. Засаг даргын бүрэн эрх
11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга кино урлагийг хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. кино урлагийг хөгжүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
11.1.2. кино үйлдвэрлэл хөгжүүлэх, кино түгээхэд дэмжлэг үзүүлэх,
ГУРАВДУГААР БҮЛЭГ
КИНО АРХИВ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЖ,
ЗОХИОН БАЙГУУЛАХ
12 дугаар зүйл. Мэдээллийн сан бүрдүүлэх
12.1. Кино урлагийн салбарын хөгжлийг дэмжих судалгаа, шинжилгээ хийх, үр дүн, санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа ашиглах, мэдээлэх, нийтийн хүртээл болгох зорилгоор мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн санг эрхлэн хөтлөх ажлыг улсын хэмжээнд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
12.2. Мэдээллийн санг хөтлөх, бүрдүүлэх, ашиглах, хамгаалах, мэдээлэл солилцох журмыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13 дугаар зүйл. Архив
13.1. Төсвийн хөрөнгөөр бүтээсэн кино, баримтын эх хувийг киног Архивын тухай хуулийн 23.2-т заасны дагуу шилжүүлнэ.
13.2. Монгол кино, хамтарсан кино, монголын түүх, соёлд холбогдох гадаад киног хадгалах, судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зорилгоор Архивын тухай хуулийн 23.2-т зааснаас тусдаа кино архив бүрдүүлэн, цуглуулах, цахимжуулах, хадгалах, хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
13.3. Монгол болон хамтарсан киноны зохиогчийн эрх эзэмшигч нь, энэ хуулийн 15 дугаар зүйлийн дагуу бүртгүүлсэн киног Монголын талын продюсер нь киноны нээлтээ хийснээс хойш 2 жилийн дотор кино архивт сайн дурын үндсэн дээр нэг хувийг шилжүүлнэ. Монгол болон хамтарсан киног төрөл, чанарыг нь үл харгалзан хугацаагүй хадгална.
13.4. Кино архивт кино урлагийн түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ бүхий баримт, эд зүйлийг хадгалж болно.
13.5. Энэ хуулийн 13.2-т заасан кино архивын сан хөмрөг бүрдүүлэх үйл ажиллагааг кино урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.
13.6. Энэ хуулийн 13.2-т заасан архивыг олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрдүүлэх, хадгалах, баримтжуулах, төрөлжүүлэх, судлах, сэргээн засварлах, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу ашиглахтай холбоотой журмыг оюуны өмчийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КИНО ТӨСӨЛ, УРАН БҮТЭЭЛЧИД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
14 дугаар зүйл. Төрөөс кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсөл шалгаруулах шалгуур үзүүлэлт
14.1. Төрөөс дараах монгол болон хамтарсан кино бүтээх төсөлд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан шалгаруулж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
14.1.1. Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн үйл явдлыг баримтжуулан үлдээх, архивлан хадгалах зорилгоор тухайн жилийн онцлог үйл явдлаар улсын захиалгаар баримтат кино бүтээх төсөл,
14.1.2. Жил бүр уран сайхны, баримтат кино бүтээх төсөл.
14.2. Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн үйл явдлыг баримтжуулан үлдээх, архивлан хадгалах зорилгоор бүтээж буй баримтат кинонд тавигдах агуулгын болон чанар, ур хийцэд тавигдах шаардлагыг нь соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14.3. Энэ хуулийн 14.1.1-д заасан кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дараах шалгуур үзүүлэлтийг баримтална.
14.3.1. үндэсний агуулга тусгагдсан эсэх, монголын түүхэнд холбогдох болон хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх агуулга бүхий байх,
14.3.2. арт киноны чиглэлээр бүтээгдэх эсэх,
14.3.3. кино нь гадаад хэл ашиглах нь уран бүтээлийн сэдэлтийн салшгүй нэг хэсэг болохоос бусад тохиолдолд киног Монгол хэл дээр туурвисан байх.
14.3.4. Соёлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2, 3-т заасан хязгаарлалтад нийцсэн эсэх,
14.3.5. улсын болон орон нутгийн төсвөөс авсан санхүүжилтийг өмнө нь үр ашигтай зарцуулсан, улс, орон нутгийн төсвөөс давхардан санхүүжилт аваагүй байх, үр дүнг зохих түвшинд хүлээлгэн өгсөн эсэх,
14.3.6. продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилт нь Монгол Улсын болон олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байх,
14.4. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл шалгаруулах уралдаанд шалгаруулалтад оролцох уран бүтээлчдэд зөвлөгөө дэмжлэг өгөх, шаардлага хангасан төсөл бичих сургалтыг уралдаант шалгаруулалт зарлахаас өмнө зохион байгуулж болно.
14.5. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүнийг олгох, хяналт тавих, үр дүнг тооцохтой холбоотой журмыг Засгийн газар батална.
14.6. Энэ хуулийн 14.3-т заасан шалгуур үзүүлэлийг хангаагүйгээс тухайн жил кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бол тухайн жилд олон улсын кино наадамд амжилттай оролцсон киноны уран бүтээлчид кино бүтээх үйл ажиллагааны бодит зардлын 80 хүртэлх хувийг энэ хуулийн 14.5-д заасан журмын дагуу олгож болно.
14.7. Төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, гэрээнд заасан үр дүнг хүлээлгэн өгөөгүй, худал мэдээлэл, баримт өгсөн нь тогтоогдсон бол зардлыг бүрэн болон хэсэгчлэн төлүүлнэ.
15 дугаар зүйл. Уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих
15.1. Кино бүтээх үйл ажиллагаанд оролцож байгаа уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, шаардлагатай шинэ мэргэжил эзэмшихэд гадаадад сургах квотод оруулах, давтан сургах, гадаад болон дотоодод урт, богино хугацааны сургалтад хамруулах замаар уран бүтээлчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх “Кино урлагийн салбарын уран бүтээлчийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталж, хэрэгжүүлнэ.
15.2. Олон улсын зөвлөх, шүүгч, шинжээчийг урьж богино хугацааны сургалт явуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
15.3. Уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.
16 дүгээр зүйл. Олон улсын арга хэмжээнд оролцуулах, гадаадад сурталчилах
16.1. Гадаад харилцааны болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь монгол киноны гадаад сурталчилгааны хөтөлбөр, арга хэмжээнийн төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ.
16.2. Олон улсын кино наадамд нэр дэвшсэн монгол киноны уран бүтээлчийг кино наадамд оролцоход холбогдох журмын дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлнэ.
16.3. Олон улсын кино наадамд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т заасан мөнгөн шагналыг олгоно.
17 дугаар зүйл. Кино урлагийг хөгжүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх
17.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь кино бүтээлгэх захиалга өгөх, кино бүтээхэд хандив, дэмжлэг үзүүлсэн бол татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
17.2. Төрийн өмчийн кино зураг авах зориулалттай байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд зориулж хөнгөлттэй ашиглуулна. Ашиглуулах журмыг соёлын болон санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
КИНО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ХЯЗГААРЛАЛТ
18 Дугаар зүйл. Кино зураг авалт хийх зөвшөөрөл
18.1. Түүх, соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газар нутагт зураг авалт хийхэд Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу зохих зөвшөөрөл авна.
18.2. Гадаадын кино үйлдвэрлэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зөвшөөрөл авсны үндсэн дээр зураг авалт хийнэ.
18.3. Энэ хуулийн 18.1-д заасан газраас бусад байршилд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх гадаадын үйлдвэрлэгч нь үйл ажиллагаа эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана.
18.3.1. Байгууллагын танилцуулга /Продюсер, найруулагч
18.3.2. Монголын талын хамтран ажиллагч,продюсер мэдээлэл
18.3.3. Киноны нэр, танилцуулга
18.3.4. зохиогчийн эрх олгох зөвшөөрөл буюу лиценз, гэрээний хуулбар;
18.3.5. дотоодын уран бүтээлч, техникийн ажилтнуудын мэдээлэл;
18.3.6. Зураг авалтын хуваарь, төлөвлөгөө,
18.3.7. Байршлийн мэдээлэл
18.4. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хянан үзэж, 7 хоногийн дотор зураг авах байршил, хугацааг тодорхойлсон Монгол улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийх зөвшөөрөл олгоно.
18.5. Энэ хуулийн 18.1-д заасан байршилд зураг авалт хийх зөвшөөрөл авсан гадаадын үйлдвэрлэгч тус зөвшөөрлийн талаар мэдээллээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
18.6. Энэ хуулийн 18.1, 18.4-Т заасан зөвшөөрөл авалгүйгээр кино зураг авалт хийхийг хориглоно.
18.7. Зөвшөөрөл авсан этгээд татан буугдсан, бүртгэлийн хугацаа дууссан, худал мэдээлэл өгсөн, бүртгэлд заасан байршлаас өөр байршилд зурал авалт хийсэн бол зөвшөөрлийг цуцална.
18.8. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч зураг авалт хийх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19 дүгээр зүйл. Кино импортлох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага
19.1. Кино импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
19.2. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу боловсрол, судалгаа шинжилгээ, соёлын солилцооны шугамаар импортолж байгаа кинонд энэ хуулийн 19.1 дэх заалт хамаарахгүй.
19.3. Тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.
20 дугаар зүйл. Кино импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох
20.1. Энэ хуулийн 19.1-т заасан тусгай зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах баримт бичгийг үндэслэл болгон 3 жилийн хугацаагаар олгоно.
20.1.1. Гадаадын кино дистирбьютертэй байгуулсан Монгол Улсад кино импортлох, түгээх хүчин төгөлдөр гэрээ,
20.1.2. Удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь сүүлийн 3 жил Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих болон өмчлөх эрх, эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, Зөрчлийн тухай хуулийн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих зөрчил гаргаж байгаагүй байх шаардлагыг хангасан талаар мэдээлэл, удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчийн мэдээлэл,
20.1.3. хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй тухай тодорхойлолт,
20.1.4. кино импортлох үйл ажиллагаа эрхлэх орон тооны ажилтаны мэдээлэл,
20.1.5. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм,
20.1.6. хууль тогтоомжид заасан бусад.
20.2. Энэ хуулийн 20.1-т заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд гэрээний биелэлтийн дүнг үндэслэн Засгийн газар тусгай зөвшөөрлийг 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
20.3. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах үндэслэлээр кино импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
20.3.1. Гадаадын кино дистирбьютертэй байгуулсан Монгол Улсад кино импортлох, түгээх гэрээ дуусгавар болж, зөвшөөрлийн хугацаанд сунгагдаагүй,
20.3.2. Хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан,
20.3.3. Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй,
20.3.4. хууль болон гэрээнд заасан бусад тохиолдолд.
21 дугаар зүйл. Киноны ангилал
21.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээх кинонд дараах ангилал тогтооно.
21.1.1. киног бүх насныханд зөвшөөрөх бөгөөд кино үзүүлэх цаг хугацааны хязгаарлалтгүй,
21.1.2. 13-аас дээш насныханд зөвшөөрөх
21.1.3. 18-аас дээш насныханд зөвшөөрөх.
21.2. Энэ хуулийн 21.1.3-т заасан киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр шөнийн цаг буюу орон нутгийн цагаар 22 цагаас 06 цагт үзүүлэх, кино театр, үзвэрийн цэгээр үзүүлэхдээ насанд хүрээгүй хүн нэвтрүүлэхгүй байхыг шаардана.
21.3. Энэ хуулийн 21.1-д заасан ангилалыг тогтоох шаардлагыг мэдээлэл харилцаа холбоо, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу тогтооно.
21.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино түгээхэд кино ангилалыг мөрдөнө.
22 дүгээр зүйл. Үйл ажиллагаанд тавигдах шаардлага
22.1. Кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогчид нь Соёлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлага, хязгаарлалтыг мөрдөнө.
22.2. Кино продюсер нь кино зураг авалтын үед дараах нөхцөлийг хангана.
22.2.1. Уран бүтээлчид, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах,
22.2.2. Эрсдэлтэй зураг авалтад оролцож байгаа уран бүтээлч, орлон тоглогчийг даатгалд хамруулах.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
23 дүгээр зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
23.1. Кино урлагийн дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон холбогдох бусад байгууллага хяналт тавина.
24 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ГАРЫН ҮСЭГ