Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд 2018 онд олон ажлын ард гарч чадлаа. Боловсрол, дэд бүтэц, зам гүүр, орчны тохижилтын ажилд эргэлт хийсэн жил байлаа. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, тав тухтай нийслэлийг бүтээхийн төлөө та бүхэнтэй хамтран ажилласан ажлын үр дүн бодитой гарчээ. Ганцхан жишээ дурьдахад газрын реформ, шинэчлэлийн хүрээнд орон сууцны хороолол дунд болон сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газар эзэмших, ашиглах захирамжийг цуцлан иргэддээ 16.3 га газрыг буцаан олголоо. Улаанбаатар хотын хөгжилд иргэн таны үг ямагт үнэ цэнэтэй байр суурь эзэлдэг гэдгийг дээрх ажлын бодит үр дүн харуулж байна. Цаашдаа ч бид хамтдаа их хотынхоо хөгжил дэвшлийн төлөө иргэдтэйгээ гар бие сэтгэл нийлэн ажиллах болно” хэмээн онцоллоо.
Жил бүр нийслэлийн өдрөөр уламжлал болгон хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, эрдэнэт хүний амь аврахын төлөө цусаа хандивласан хүндэт доноруудаа шагнаж, урамшуулдаг юм.
НИЙСЛЭЛИЙН ОЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!