“Эр бор харцага нь жигүүрэн дээ хүчтэй” хэмээн эр хоолойны шандас хүчийг чивчиртэл шуранхайлж, “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дүүрээд хүүшилнэ дээ“ хэмээн хүний л бага үрийн сэтгэл юуг нь дастал уянгалуулж, Дуртмал сайхан”-ыг цангинуулан дуурьсуулж, “Торой Банди”-ийн домгийг торолзтол амилуулах дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар. Уртын дууны хамгийн дээд өнгө, уянга хөгийн хамгийн торгон нугалааг шагланхан дуулдаг тэрбээр Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат Улсын Филармоний гоцлол дуучин билээ. Улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн цолыг 10 гаруй жил дуудаж, уртын сайхан дуугаараа хөглөгдөнхөн яваа түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө уртын дуучин болох гэгээн сайхан замналд хөл тавьсан түүхээсээ яриагаа эхэлье?
-Төрсөн нутаг Их Уул сумдаа малчин байлаа. “Оддын дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээн болж “Хүний заяа”, “Гоёлоо өмссөн ээж” дуугаар амжилттай оролцож урам зориг авсан юм. Дуулах хүсэлдээ хөтлөгдөн 2004 онд Соёл урлагийн их сургуульд шалгалт өгөөд эчнээ ангид орсон. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор уртын дууны ертөнцөд тийнхүү хөл тавьсан даа. 2007 онд “Түмэн эх” чуулгад хоёрдугаар курсээсээ орж 10-аад жил ажиллажээ. Филармонид дөрвөн жил дуулсан байна. Хотод анх ирээд таньж мэдэх хүнгүй болохоор багшийнхаа хажуу өрөөнд амьдардаг байлаа. Сургалтын төлбөрөө олохын тулд “Барс” зах дээр ногоо, ачаа зөөж, “Нарантуул” зах дээр хивсний лангуутай хүнд тусалж, барааг нь зарж өгөх зэргээр төлбөртөө нэмэрлэдэг байлаа шүү дээ. Өөрийнхөө хэмжээнд уртын дуу, монгол ардын дуу, ардын урлагаа судалж, залуу хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж явахыг эрхэм зорилгоо болгож явна даа. Миний зарчим бол даруу төлөв байхыг боддог. Би тэглээ, ингэлээ гэж ярих дургүй. Хийх ёстой ажлаа хийгээд л явж байхад болно доо.
-Уртын дуу гэдэг олон зуун жил үеэс үед өвлөгдөж ирсэн өв соёлоо ард олондоо дуулж явахад дуу, дууны шид, увдис өөр, өөр байдаг байх?
-Дуу бүхэн өөрийн түүх, домогтой байдаг. “Уяхан замбуу тивийн наран” дууны нөгөө хувилбар “Замбуу тивийн наран” уртын дууг эрчүүд их дуулдаг учиртай. Хамгийн их авшиг шингэсэн дуу бол ер бусын ид шидтэй, нэн эртний дуу болох “Хуурын магнай” уртын дууг гэж би боддог. “Алтан богдын шил” уртын дуу бас эртний дуу.
“Алтан богдын шилд
Алтан гургалдай жиргэнэ
Алтан гургалдайн жиргээнд
Агт морь жиргэнэ”
Энэ дууг ард түмэн олон үеэрээ энэ дууг дуулж ирсэн гэлцдэг. Сайн үг удахаараа ерөөл, муу үг удахаараа хараал гэдэг шиг сайхан уртын дууг дуулах тусам авшиг, эрчис нь шингэж засал ном шиг болтлоо хүч, шидийг олсон байдаг. “Төрийн түмэн эх” дуугаараа найр, наадам эхлүүлж, арц хүжээ асааж байгаад засал номоо хийдэг уламжлалтай байсан. Одоо ч энэ уламжлал эргэн сэргэж байгаа шүү. Уртын дуу нь айзам, бэсрэг, суман гээд дуулах төрлөөрөө өөр, өөр л дөө. Дууны хэлбэр хийц, зохиомжоор нь “Төрийн түмэн эх”, “Дуртмал сайхан” дууг айзам дуулдаг бол “Хөөрхөн халиун”-ыг бэсрэг дуулж болно. Аялгуугаараа боржигон, баянбараат, төв халх, баруун, зүүн аялгуу, гүр, хар дэл, хурх биндэр аялгуу гэж олон ангилдаг. Хурх биндэр, хар дэл аялгуу нь Хэнтий аймаг чигийн аялгуу. Бид төв халх аялгууг голчлон дуулж байгаа бол ихэнх аялгуугаараа дуулахгүй орхигдуулаад байна. Энэ хавар нутаг, нутгийн аялгуу орсон уртын дууны цомог цомог гаргах бодолтой байгаа.
-Таны төрж өссөн Хөвсгөл нутгийн Хотгойд түмний дуулдаг дуунууд байц өндөр уул хад шигээ дээд өнгөнөөс эхэлж дээшээ цойлж дуулдаг онцлогтой шүү дээ?
-Аливаа дуунууд байгаль цаг уур, соёл заншилтайгаа холбоотой. Баруун чигийн дуунууд уул хад шигээ дээшээ цуурайлсан байдаг бол төв халх дуунууд доогуур өнгөөр намхан гүвээ толгод шигээ гүвэлзсэн, долгилсон, тэнүүн талбиун тал шигээ сунайсан байдаг л даа. Зүүн аймаг руу Сэцэн хан хошуу тийш гайхалтай дуучид төрдөг. Дууных нь гоё гэж яана. Ш.Дамба, М.Лувсанбалдан, М.Дашренчин, М.Дугаржав, Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ гуай гээд дахин давтагдашгүй сайхан дуучидтай нутаг. Говийн аймаг руу Түшээт хан аймаг тийш Э.Балжинням, Ж.Дорждагва, Н.Норовбанзад гуайгаас эхлээд дурдвал маш олон дуучидтай. Ер нь хүний унаган хоолой ямар нэг хайрцагт баригдаагүй задгай төрмөл байдаг. Тэр чинь л шижир тунгаамал алт гэсэн үг дээ.
-Та монгол ардын дууны донж маягаараа бусдаасаа ялгардаг. Ялангуяа “Лоолой” дууг их өвөрмөц дуулсан байдаг?
-Ер нь монгол ардын дуу Манжийн үед үүссэн шиг байдаг. Нүүдлийн соёл иргэншлээс суурин иргэншилд шилжихэд хүрээ дуу дэлгэрсэн түүхтэй. “Лоолой” дуугаар тухайн үеийн нийгэм, манж, хятадыг ёжилж, егөөдсөн утгатай. Анх энэ дууг гавьяат жүжигчин Ж.Дорждагва гуай дуулж байсан бол би дуулахдаа арай задалж, дээш, доош нь “хатгаж” дуулсан. Монгол ардын богино дуу ер нь Манжийн үед зохиогдсон юм байна лээ шүү. Нэрийг нь сонсоод байхад “Янлинхуар”, “Дүүжийхуар”, “Хээхуар”, “Юндэн гөөгөө” гээд л, үгийг нь ажаад байхад
“Арван ембүү харахаараа
Алгаа тосдог аав уу даа хө
Хорин ембүү харахаараа
Хормойгоо тосдог ээж үү дээ хө ” /дуулав/
гээд л бүсгүй хүний зовлонг тухайн цагийн баяд ноёд, эрх ямбаараа далайлган сүрдүүлж байснаар нь төлөөлүүлж гаргаж дуулдаг байжээ. Ардын дуу бүхэн утга агуулга, ухаарал, учирлал, зовлон, жаргал шингээсэн байдаг шүү.
-Таныг сумын заан цолтой гэдгийг мэдэхгүй хүмүүс ч бий. Монгол хүн дээлийн зах ханзалж, дэнж ногоон дээр ноцолдож эр бяр суудаг. Ер нь яагаад бөх болоогүй юм бол?
-Хүний тавилан юм байлгүй дээ. Хүн нэг арьсанд долоо таргалж, найм турдаг юм гэнэ лээ. Биеийн байдал жаахан тиймхэн байсан. Хэрэв би бөхөөр явсан бол ийм, тийм цолтой байх байсан гэж худлаа хэлэхгүй. Ямар ч л байсан амлаж авсан бөхтэйгөө сайхан үзчихдэг заан байсан.
-Бурхан энэ хүслийг тань гүйцээгээд магадгүй бөхийн засуул болгосон ч юм билүү? Бөхийн цол дуудах арга барил гэдэг цаанаа их учир жанцантай байх шиг?
-Улсын наадамд 10-аад жил бөхийн цол дуудлаа. Олон сайхан аварга, арслангуудыг мөрөн дээрээсээ төрүүлнэ гэдэг хувь заяа л даа. Бөхийн цол дуудна гэдэг амаргүй даваа шүү, зуны халуун нар зулай дээрээс төөнөж, өлмийгөөс шарж байхад талбай дээр өдөржин бөхтэйгөө хамт “барилдана” гэдэг амаргүй. Давсан бөхтэйгөө хамт давж, унасан бөхтэйгөө хамт унана шүү дээ. Баянхонгор аймгийн харьяат С.Лонцойдорж гэдэг бөхийн цоллоочийн арга барилаас суралцаж, Дундговь аймгийн харьяат Ган хоолой Ч.Мягмар гуайн наадмын талбайг эзэгнэнхэн цуурайтсан хоолойн чадлыг биширч, Д.Цогзол гуайн онгодлог хөгийг сонсож, наадмын 16 бөхийг мөрөн дээрээсээ төрүүлсэн Х.Пүрэв гуайн хийморь лундаанаас адислаж, эр бяр нь тэгширсэн идэр бөхчүүдийн дэвээ шаваа, сүр хүчийг бахдаж явах сайхан байдаг шүү.
-Бөхчүүдтэй ойрхон явдгийн хувьд эрчүүдийн мөс чанар, бөхчүүдийн жудаг ёсны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Сайхан хүн чанартай, жудагтай залуу бөхчүүд байна. Муу нь ч байна. Сайн, муу хоёр нийлж сав нийлдэг хорвоо доо. Бөхчүүд ч гэлтгүй хүн чанар гэдэг зүйлийг хүн бүр өвөртөлж явмаар санагддаг. Зарим нь хүний үгэнд орохгүй пээдийж явж байгаад уначихаад та тэгэхгүй яасан юм, ингэхгүй яасан юм гэнэ. Зарим нь бөхийн найраа, өгөө авааны асуудалтай л байдаг шиг байгаа юм. Хэлчих юм сан гэдэг зүйл нь аль ч салбарт “БИ”-гээр өвчилсөн залуус их байна шүү. Өндөр цолонд хүрэхээр биеэ тоогоод л явчих юм.
-Язгуур урлагаа сурталчилж дэлхийн улс орнуудаар дуулж явахад гаднын хүмүүс монголчуудын өв соёлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Монгол уртын дуу, төрийн буянаар дэлхийн 20-иод орноор хөл тавьсан байна шүү. Монгол уртын дууны гайхамшиг нь зохиомжийн хэлбэр хийцийн хувьд том бөгөөд хоолойны цараа, дуулаачийн уран чадварыг шаарддаг. Гадаад хүмүүс манай язгуур урлагийг маш их хүндэтгэдэг. Сонсоод эртний урлаг юм уу гэж сонирхож асуудаг. Хүний хоолойноос гарамгүй өнгө, цохилгыг хөгжим шиг уянгалуулна гэдэг итгэмгүй юм аа гэж шагшин магтдаг.
"Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа даа"
гээд л хүний газар нутгаасаа хол байгаа элэг нэгтнүүд маань “Эр бор харцага”-ыг сонсохоороо хөгшин, залуугүй аньсага чийгтүүлэн, “Нутаг орондоо хурдан очих юм сан” гээд гэгэлздэг шүү. Нэг дуунд ижий аав, энхрий хань, эх орон нь бүхлээрээ багтдаг байх нь.
-Таны хоолой их нарийнхан, цээл, дээд өнгөөр дуулагддаг. Уртын дуу гэдэг уудам тал хөндийгөө туулж яваа ухаант эрсийн уужим цээжнээс ургасан юм шиг л санагддаг?
-Би монгол эрэгтэй хүний дуугарч болох нарийн дээд өнгөөр дуулдаг байсан. Хэт дээр дуулах надад амар байдаг ч багш нар маань дэмий гэж хэлдэг. Хүний нас ахих тусам хоолойны өнгө нь улам нарийхан болдог юм байна. Тэгэхээр дуулдгаасаа арай доогуур өнгөөр дуулдаг болж байгаа шүү. Уртын дуу гэдэг хэдэн зуун бээрийг хүлэг мориор өртөөлж, тэмээн жингээр гаталж явахдаа хүмүүний жаргал, зовлон, нутаг ус, ижий аав, энхрийн амрагаа санагалзсан сэтгэлээс өөрийн эрхгүй урган төрж, урсан амилсан юм болов уу даа. Тийм их сэтгэл зүрхний санаашрал, бахдал, тэмүүлэл, ухаарал, уужралаас төрсөн аялгуу хүний сэтгэл зүрхэнд хүрч үеэс үед өвлөгдөж ирсэн байх.
-Та аавыгаа дурсан ярина уу. Аав тань таныг багад гавьяат дуучин гэж зарлаж дуулуулдаг байсан гэсэн. Ерөөлтэй юм аа?
-Би чинь ээжийгээ 44, аавыгаа 60 хүрч байхад төрсөн хэнз хүүхэд л дээ. Аав минь их амны билэгтэй, дандаа сайхан үг хэлж явдаг амны хишигтэй сайхан хүн байсан. Гэрт орны хөшигний араас намайг Монгол Улсын гавьяат жүжигчин Бат-Өлзийгийн Мөнхбатаар дуулна гэж зарладаг байсан. Би чинь “Тосонгийн орой” дууг дуулна аа. Аавын минь ерөөлөөр гавьяат цол авчихаад төрийн ордноос гарч явахдаа аав минь их бодогдсон. Аав минь намайг долоон настай байхад бурхан болсон. Эхээс зургаан охин, долоон бандитай, 13-уулаа өнөр өтгөн өслөө. Аавыгаа хээр бурхан болгочихоогүй л хүн юм байгаа юм би. Бид хоёр хээр явж байгаад аав минь мориноос унаад бэртсэн. Аавыгаа морин дээр нь татаж мордуулаад, хөтөлж гэртээ ирээд халуун гэрт нь бурхан болгож байлаа. Аав минь үхэл, амьдралын зааг дээр бяцхан хүүгээрээ хөтлүүлээд явахдаа юу эсийг бодоо бол доо. Олон нялх нойтон үрсээ орхиод өөд болсон доо. Нэг сонин тохиолдол нь аав минь арваннэгдүгээр сарын 26-нд төрсөн бол би бас мөн өдөр, миний хүү бас энэ өдөр төрсөн байдаг юм. Ээж минь одоо 80 гарсан сайхан хөгшин налайгаад байж л байна даа.
-Хөдөө гадаа морин дэл дээр исгэрч, малын захад дуулж явсан тань монгол ардынхаа биет бус өвийг тээх эх ундарга нь болсон ч юм билүү?
-Би бүр их сургуулийн эчнээ ангид сурч байхдаа хонио төллүүлнэ гээд явчихдаг оюутан байлаа. Багш маань дуудахаар ирж шалгалтаа өгчихөөд л хэдэн мал руугаа гүйгээд явчихдаг байсан. Тэр үед чинь ямар гар утас байсан биш. Сумын холбоо руу ярьж дуудуулна. Багийн дарга давхиж ирж хэл дуулгана. Холбоо орж дуудлага хүлээнэ. Тэгж байж холбоо тогтоож, хэл авалцана шүү дээ. Ц.Чулуунцэцэг багш минь бурхан шиг л хүн дээ. Би багшийгаа бурхан шиг шүтэж, дээдэлдэг. Багшийгаа их зовоож байсан даа. Дуугаа буруу сурна, загнуулна. Багш минь намайг хөдөө гадаа явахаар дуучин болгох гэж их зүтгэсэн дээ. Хэзээ хойно нь миний гавьяатын цайллага дээр багш минь “Энэ хүүхдийг малчин болгочихоогүй нь миний аз юм” гэж хэлж байсан шүү.
-Ёстой л ямаа самнаж байхдаа, малаа хариулж байхдаа л шалгалтдаа бэлддэг байж дээ?
-Өө тэгсэн. Би уртын дуунд дурлаж, асар их дуртай байсан. Дур эзнээ голдоггүй гэдэг шиг л хүн нэг юманд төвлөрөөд түүндээ зориход болохгүй юм байхгүй. Үүн дээр монгол ахуй маш их нөлөөлсөн. Хахь ондоо хотод өссөн хүүхэд танхимд суугаад уртын дууг дотортой сурна гэж байхгүй. Ер нь болдог бол монгол уртын дууг зааж байгаа багш нар, сургалтын төвүүд хүүхдийг монгол ахуйтай нь ойр байлгаж сургамаар санагддаг юм. Манай багш нар юу ч мэдэхгүй цагаан цаас шиг оюутнуудаа Гавьяат жүжигчин Ж.Дорждавга, Б.Лхамжав, Н.Норовбанзад гуай гээд томчуудын дууг сураад ир гээд явуулаад байдаг. Насаараа монгол уртын дууг судалж сурсан мундаг хүмүүсийн дууг ямар ч судалгаагүй, ямар ч сэтгэл санааны бэлтгэлгүй сонссон хүүхдүүд сүрдэнэ, эмээнэ, шантарна, өөрийгөө голно шүү дээ. Энэ хоёрын хооронд асар их ялгаатай. Зүй нь нэг дуун дээр үе шаттай судалгаа хийж, зааж сургамаар байгаа юм.
-Монгол дууны ай савд уртын дуу тэд байна гэсэн судалгаа байдаг юм болов уу? Таны урын санд хэдэн дуу байдаг вэ?
-Хаа ч, хэзээ ч 50,60 уртын дуу дуулчихна шүү. Амьсгааны урлагийг төгс эзэмшсэн Ө.Базарбат гавьяатын шавь Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн Дорждагва бид хоёр нэг багшийн шавь. М.Дорждавга монгол уртын дууны ай савд 2000-3000 уртын дуу байсан гэдгийг гэж судалж гаргасан. Бидний мэдэхээр ард түмэнд дуулагдаж буй 150 орчим дуу бий.
-Монголчуудын биет бус өв соёл болсон энэхүү соёлоо авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ? Бид үнэндээ хэдхэн дуун дотор эргэлдээд л байна шүү дээ?
-Хамгийн харамсалтай нь биет бус соёлын өв нь өв тээгчтэйгээ хамт тэнгэрт хальдаг. Өв тээгч дуучин нь энэ хорвоод үгүй болбол дуутайгаа хамт үгүй болдог. Тэр хүнийг амьд ахуйд нь дууг нь ноотлох, тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Уртын дуу минь цагийн эрхэнд хавчигдаж, шахагдаж, дарагдаж хэлмэгдэж зовлон их үзсэн. “Төрийн түмэн эх”, “Эртний сайхан” уртын дууны үгийг өөрчилж, засаж байсан ч түүх бий. Монгол уртын дуу бол хөгжлийнхөө оргил үед яваа. Маш олон эрдэмтэд, судлаачид судлаад ном, товхимол болгоод гаргачихсан. Миний хувьд өөрийнхөө хэмжээнд өөр өнцгөөс судалж, ном товхимол хийхээр материал цуглуулж л явна. Залуу дуучдад уртын дуугаа судлах, ойлгох сэтгэл, зүтгэл дутагдаж байна. Залуус маань монгол өв соёлоо сонсож байгаасай гэж боддог. Өөрийнхөө хэмжээнд монгол уртын дуу дуулах арга барилыг өвлүүлж ном гаргана гэж бодож явдаг.
-Уртын дуу дуулж байгаа дуучны тэр их цээжний багтаамж нь уушги зүрхэндээ байна уу, уураг тархиндаа байна уу, ухаан санаандаа байна уу?
-Уртын дууг хүн уураг тархиараа, ухаан санаагаараа л дуулах ёстой юм байна лээ. Дууг хүний чихэнд дуулах албагүй. Хүний зүрх сэтгэлд нь л дуулах ёстой. Би бие даасан зургаан тоглолт хийж байсан. Хоёр цаг орчим дуулаад хүний хоолой ядарч цуцсан ч ахиад нэг цаг дуулах нөөц хүнд байх ёстой. Үүнийг ухаанаараа, зүрх сэтгэлээрээ удирддаг байхгүй юу. Нөгөө талаар дуучин хүнд байх чанар бол сайхан сэтгэлтэй байх ёстой. Муу, муухай үг хэлдэггүй, хүн муулдаггүй, атаа жөтөө санадаггүй, даруу төлөв яваа хүний дотроос сайхан аялгуу гарна шүү дээ. Муу муухай бодол дотроо тээж явдаг хүний хоолой нь дуулж чадахаа больдог гэж багш минь хэлдэг байсан юм. Дуу бүхэн өөрийн араншинтай байдаг. Зарим дуу эрэмгий, зарим дуу алсалж, ойртсон, зарим дуу цээжинд багтаж яддаг. Дуу бүрийг нэгэн хэмнэлээр дуулах утгагүй, уйтгартай шүү дээ.
-Та Монгол Улсын Филармонид ажиллаж байгаа. Өнгөрөгч хаврын тоглолтдоо Баянмонгол жаз хөгжимтэй хамтарч ардын дуу дуулсан нь их өвөрмөц санагдсан?
-Манай Филармони хөгжмийн том хүрээлэн бөгөөд гурван том хөгжмийн ангитай. Симфони оркестр, Морин хуурын чуулга, Баянмонгол чуулгатай том айл. Монголд ганц байдаг хөгжмийн том хүрээлэн нь Соёлын төв өргөөнд толгой хоргодож, түрээсийн байранд, өөрийн гэсэн байр савгүй л байна шүү дээ. Жилийн хөтөлбөрөө дарга нар гаргачихдаг болохоор хаана, хэдэн цагт дуул гэнэ тэнд нь дуулж явдаг ажилтан нь би. Өдий хүртэл улсын ажил цалгардуулж үзээгүй, уран бүтээлч хандаж ирсэн. Морин хуурын чуулгатайгаа хамтарч ардын дууны цомог гаргасан. Баянмонгол жаз хөгжимтэй ардын дуу дуулах нь миний болоод манай дарга нарын шийдэл байсан л даа. Дараагийн тоглолтоо энэ хавар хийх бөгөөд бас л өвөрмөц байдлаар тоглоё гэж бодож байгаа. Гэхдээ би этник урсгалд таатай ханддаггүй л дээ. Дуу цаг үеэ дагаж хөгждөг ч яаж гэдэг тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Дээр үед монгол ардын дууг лимбэ, морин хуур, төгөлдөр хууртай дуулдаг л байсан. Миний бодлоор гитартай ч юм уу, арай өөр хэлбэрээр дуулж үзье гэж боддог. Би бол дуулдгаараа л дуулна, хөгжмийн хамсраа нь яаж хорших нь сонин шүү дээ.
-Хөдөө гадаа их явж байна уу?
-Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг мал хуйгаасаа хэзээ ч анги байж чадахгүй юм байна лээ. Нутагт маань хэдэн мал , хэдэн адуу, уядаг, уралдуулдаг хэдэн буян бий. Зундаа гэрээ бариад Зуун модныхоо голд хэдэн хүүхдээ дагуулаад зусчихдаг юм. Аавынхаа хийж өгсөн улаан авдрыг үүрээд л нүүж, суух их дуртай. Хөвсгөл аймгийн Их Уул сумын наадмаар миний уясан хул соёолон өнгөрсөн жил түрүүлсэн. Түрүүлсэн соёолонгийнхоо хөлсийг өмсөж явсан пудволкоороо арчаад авдартаа нандигначихсан. Ан ав хийх гэж оролдсон. Хөвсгөлд чоно их. Ууланд гарч чоно их дууддаг байсан. Болж л өгвөл хөдөө байх дуртай. 23 хүртлээ хөдөө амьдрахдаа аймгийнхаа төвд гуравхан л удаа орж байсан хүн шүү дээ. /инээв/ Ер нь хүмүүс ах дүүсээ мэддэг, дэм дэмдээ явах хэрэгтэй гэж боддог. Өөрийнхөө удмын дээш таван үеийг, Хотгойд удам яаж амьдарч ирсэн юм гэдгийг үр хүүхэд, ах дүү нартаа зориулж ном гаргахаар зорьж байна даа.
-Аавын улаан авдар гэснээс танд ааваас тань өвлөж ирсэн хамгийн их үнэ цэнтэй ямар зүйл байдаг вэ?
-Ааваас минь өвлөж ирсэн хөөрөг, улаан авдар бас нэг судар бий. Үе дамжсан үнэ цэнтэй тэр судрыг өвөртлөөд дэлхийн 20-иод орноор хөл тавьсан байна шүү. Сандуйн жүд, Доржзодов гэдэг судар юм л даа. Би чинь хүүхэд байхдаа лам болох гэж үзсэн. Тэр судрыг өвөртлөөд явж байхад аав минь хамт яваа юм шиг энгэр зөөллөөд, ээлтэй дулаан, эсэн энх сайн яваад ирдэг юм шиг санагддаг. Би гавьяат авсны дараа өвчин зовлон, хэл ам ороогоод болдоггүй. Ээж минь Их Уулдаа одоо хүртэл үнээгээ саагаад аж төрж байгаа. Ээж дээрээ очлоо. Үнээгээ сааж л байна. Ээж та намайг хоёр сайхан ороолгоод өгөөч гэлээ. Ээж гайхаад зүгээр байгаа хүүхдээ юу гэж ороолгодог юм гээд ороолгож өгдөггүй ээ. Үхэр малд нь тусалж, мод түлээ хагалж байгаад малын тэжээлийг нь асгачихав аа. Тэгтэл ээж минь хоёр ороолгоод авлаа. Тэгж л барцдаа арилгуулсантай л адил сайхан болж байгаа юм чинь
-Ярилцлагынхаа төгсгөлд өнөө цагийн нийгмийн байдал, хүмүүсийн хүн чанар таны бодлоор ямар байгааг хуваалцана уу?
-Хүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Намайг ядарч явахад минь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ах гурван өрөө байр бэлэглэж байсан нь маш их урам, хүч өгсөн. Алдар нэр, найз нөхөд гэдэг хоосон зүйл. Гэр бүлийг л хүн хамгийн нэгдүгээрт тавих ёстой юм байна лээ.
Би монгол уртын дууг дуулахын тулд өдий болтол суралцаж явна. Хүн хөгжихгүй бол улс хөгжихгүй. Манай орон хүнээ хөгжүүлмээр байна. Осоржамаа ч гэнэ үү хэн гэнэ үү эр, эм нь мэдэгдэхгүй нэг хүүхэд лайв хийж балайрахад нь хүмүүс хэдэн зуун мянгаараа үздэг хэр нь намайг уртын дууны хичээл заана гээд лайв хийвэл хэдхэн л хүн үзнэ дээ. Энэ эмгэнэл шүү. Хэнд ч хэрэггүй зүйлд хошууран дурлаж, хэн нэгнийгээ өөнтөглөн шоглодог хэр нь хэрэгтэй зүйлийн үнэ цэнийг мэдрэх, ухаарах ухаантай хүн ховор болж. Би үр хүүхдээ л лав ингэж хүмүүжүүлэхгүй. Хүнлэг, эр хүн шиг өсгөнө.