Дэлхийн олон орны иргэдтэй адил суурин соёлоороо гангарч өдөр тутмын аж амьдралаа өнгөрүүлж буй монголчууд нүүдлийн соёлоо ч эрхэмлэж, энэ тэнцүүхэн хослуулан амьдарч байгаагаараа бусдаас ондоошдог гэлтэй. Тэгвэл монголчууд бид “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа хэмээн өөрийн эрхгүй омогших, бардамнах сэтгэлдээ хөглөгдөж энэхүү бичвэрийг буулгаж сууна. Учир хэмээвээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Горхи, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар Монгол Улсын бүх аймаг, сумд болон нийслэл, дүүргүүдийн 1400 орчим Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд нэгэн дор чуулж, нүүдлийн соёлын гайхам сайхан бүхнийг төр, түмэндээ дотоод гадаадын жуулчдад дэлгэж үзүүллээ.
2018 онд Улаанбаатар хотын Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол” наадам нэртэйгээр соёлын биет бус өвийн их наадмыг ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийн хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагчийг хамруулж, оролцогч аймаг тус бүр отогийн зохион байгуулалтад орж өөрийн нутаг дахь соёлын биет бус өвийн төрөл зүйлийг олон нийтэд сурталчилчлан таниулсан наадам болж байсан юм. Тэгвэл энэ удаад нүүдэлчин соёлоо дэлхийд дахин алдаршуулах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нэртэйгээр аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, сёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа, орон нутгийн онцлогийг илтгэсэн уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Түүнчлэн наадмын талбайг отоглох хэлбэрээр байгуулан, байгаль орчинд ээлтэй байдлаар морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байлаа. Энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийснээрээ нэн онцлог байлаа.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг олон улсын фестивалийн түвшинд хүргэж зохион байгуулснаараа монголын уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болоход нөлөөлсний зэрэгцээ улсын хэмжээнд соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бус байгууллагын төлөөлөл, мэргэшсэн эрдэмтэн судлаачид ажиллаж, судалгаа, баримтжуулалт, дүн шинжилгээ, нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тандаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулсан бөгөөд Соёлын биет бус өвийг хамгаалах хуулийн төслийн холбогдох суурь мэдээ, мэдээллийг цуглуулснаараа онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцод нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ. Тиймдээ ч манай улсаас 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008), Монгол ардын уртын дуу (2008), Монгол наадам (2010), Монгол ардын Хөөмэйн урлаг (2010), Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (24 улстай хамтран бүртгүүлсэн, 2010), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Шагайн харваа (2014), Хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) зэрэг нийт 8 өвийг тус тус бүртгүүлсэн. Мөн ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол тууль (2009), Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009), Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009), Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011), Монгол уран бичлэг (2013), Ингэнд ботго авахуулах зан үйл (2015), Уул овоо тахих монгол зан үйл (2017) зэрэг нийт 7 өвийн төрөл зүйл бүртгэгдсэн.
Манай улс өөрсдийн нүүдлийн соёлын дахин давтагдашгүй байдал, онцлогийг харгалзан соёлын биет бус өвийг (1) Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд, (2) Ардын язгуур урлаг, (3) Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, (4) Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, (5) Уламжлалт арга ухаан, (6) Мал маллах арга ухаан, (7) Уламжлалт гар урлал зэрэг 7 ай савд хуваан авч үздэг. Мөн, Монгол Улсын “Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-д соёлын биет бус өвийн 7-н ай савын төрөл зүйлд хамаарах 279 өв, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 7 ай савын 83 өвийн төрөл зүйл зэрэг нийт 362 өв хамрагдсан байдаг. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д 102 өвлөн уламжлагч бүртгэгдсэн бол Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн анхан шатны бүртгэлд 11189 өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг ирэх жилээс буюу 2023 оноос эхлэн олон улсын хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулах талаар нээлтийн үйл ажиллагааны үеэр Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон бусад Засгийн газрын гишүүд, албаны хүмүүст танилцуулж санал солилцсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус фестивалийн нээлтийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг ирэх жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулна хэмээн хэлсэн юм. Түүнчлэн улс орнууд өөрсдийн соёлоороо нэгдэж нааддаг туршлага байгаа бөгөөд Киргизстан Улс “World nomad games” наадмыг Иссык-Куль хотноо 2014, 2016, 2018 онуудад нүүдлийн соёлын уламжлал бүхий улсууд өөр өөрсдийн уламжлалт тоглоом наадгай, спортын төрлүүдийг олон улсад сурталчлах зорилгоор зохион байгуулдаг бөгөөд 2018 онд нийт 80 улсын 3000 орчим оролцогчид оролцсон байдаг. Тус наадмыг зохион байгуулснаар Иссык-Куль хотод нисэх онгоцны буудал болон спорт, амралт, аялал жуулчлалын төвүүдийг шинээр барьж, олон тооны ажлын байр нэмэгдсэн байна. Мөн Саудын Араб Улс нь Саудын Арабын хаан Абдул Азизийн ивээл дор “Nomad Universe” наадмыг 2030 он хүртэл жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2018 онд дэлхийн 90 улсын 2000 орчим хүн оролцож, өөр өөрсдийн үндэсний урлаг, спорт, соёл, шинжлэх ухааны үнэт зүйлсээ таниулан сурталчилсан байна.
Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас яам, нийслэлийн бүх харьяа байгууллагууд болон Улаанбаатар хот, аймгуудын соёл, урлагийн газруудтай хамтран зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн зохион байгуулалт нь энэ жил олон улсын фестивалуудын түвшинд хүрч монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа. Ирэх жилүүдээс “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд маань дэлхийн олон улс орнуудаас оролцогчид ирж оролцоно, та бидний нүүдэлчин соёл дэлхийд дахин алдарших болтугай.
Э.Цэнд-Аюуш