Хил залгаа орнуудын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны VIII чуулга уулзалт долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Хятадын ӨМӨЗО-ны Ордос хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр гурван улсын Худалдааны танхимын төлөөлөгчид уулзсан юм. Энэ өдрүүдэд “Эх баялгийн аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжил”, “Ногоон эдийн засаг”, ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэж байгаатай холбоотойгоор бүс нутгийн хамтын ажиллагаанд худалдааны дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлэх гэсэн гурван сэдвээр ярилцаж, хамтын ажиллагаагаа эдгээр чиглэлд түлхүү хөгжүүлэхээр болжээ.
ОХУ ДХБ-ын гишүүн болж байгаатай холбоотойгоор Монгол Оросын хил болон гадаад худалдаанд оршиж буй хүлээлт, чирэгдэл зэрэг хүнд суртал, гаалийн татвар өндөр байгаа байдал хэр багасч, чөлөөтэй, нээлттэй болох талаар энэхүү уулзалтын үеэр онцолж байсан аж. Энэ талаар Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ХАҮТ-ын тэргүүн дэд дарга В.П.Страшко “Бид мэдээж олон улсын худалдааны байгууллагын дүрэм журмыг баримталж ажиллана. Хүлээсэн үүргийн дагуу гаалийн болон экспортын татвар буурна. Хүнд суртлыг арилгах талаар бид тал талаасаа чармайж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Чуулга уулзалтын үеэр гурван улсын хөрөнгө оруулалтын талаар салбар хуралдаанууд болсонд Монголын талаас МҮХАҮТ-ын ерөнхий менежер Д.Эрдэнэбат, Замын-Үүдийн ХАҮТ-ын дарга Д.Насанбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Т.Цэрэндэжид нар чөлөөт бүс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар манайд хэрэгжиж буй төслүүдийг танилцуулсан талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.
Энэ удаагийн чуулга уулзалтын нэг онцлог нь гурван улсын төлөөллөөс гадна Тайвань, БНСУ, Хонконгийн төлөөлөгчид оролцсон олон улсын үзэсгэлэн-худалдаа байсан аж. Үзэсгэлэн худалдаанд Монголын талаас “Гоёл кашмер”, “Хөгжил трейд”, “Улаанбаатар хивс”, “CHIC”, “Монланс”, ноос ноолууран эдлэлийн “Зөөлөн алт” зэрэг 20 гаруй компанийн төлөөлөл болон Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь, Завхан аймаг, Багануур дүүргийн Худалдаа, аж үйлдвэрийн салбар Танхимын гишүүн аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцов. Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын чуулга уулзалт өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон бол энэ жилийнх нь ийнхүү Хятадын Ордос хотноо боллоо. Харин ирэх жил ОХУ-д зохион байгуулахаар талууд тогтсон байна.