Нэг газрын өөр үнэ
“Барс”, “Баянзүрх” захын ченжүүд махныхаа үнийг нэмжээ. Хэдийгээр бензины үнэ нэмэгдэж, бэлэн мөнгө тараагаагүй ч махны үнэ өнгөрсөн долоо хоногт ахиад л 100 төгрөгөөр нэмэгджээ. Дэлгүүр, хоршооны махны үнэ өндөр болохоор үнээ төдийлөн нэмээгүй байна. Үнээ нэмээгүй гэсэн хэрнээ нэг килограмм махаа захуудынхаас дор хаяж 400 төгрөгөөр илүү зарж байгааг хэлэх хэрэгтэй. Супермаркетууд угаасаа “Хүчит шонхор”, “Барс” гэсэн захуудаас л махаа аваад үнээ нэмээд зардаг шүү дээ. Энэ бол тодорхой зүйл” гэж “Барс” захын нэрээ хэлэхийг хүсээгүй худалдагч ярив. “Барс” захын наймаачид махны үнийг 100 төгрөгөөр нэмсэн байв. Өнгөрсөн 18-ны лхагва гаригт “Барс” захын хонины махны үнэ 8000 төгрөг байсан бол зарим лангуу 8100 гэх үнийг өлгөсөн байх аж. Харин “Баянзүрх” захад үхрийн махны үнэ 8800 төгрөг байсан бол зарим лангуунд 8900, бүр 9000 төгрөгөөр худалдаж байлаа. Чухам яагаад өөр, өөр үнээр зарж байгааг тодруулах гэсэн боловч үүнийг хэлэх худалдагч, заалны зохион байгуулагч ч алга. Бусад лангуу зүгээр байхад яагаад нэмсэн талаар үйлчлүүлэгчид асуухад ууртай худалдагч өөдөөс нь “Тэгвэл өөр газраас авахгүй юу” гэж уурлаж байгаа хүмүүс ч байв.
Үндсэн үнээс нь 500 төгрөгөөр хямдаар ав?!
Баянзүрх захад жирийн өдрүүдээс дээрдээд байхааргүй цөөхөн хүн үйлчлүүлж байлаа. Угтаа амралтын өдрүүдээр хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг ч “Баянзүрх” захад үйлчүүлэгчид цөөн байсан юм. Тийм ч учраас лангуун дээр байгаа махаа муутгахгүйн тулд жинхэнэ үнээсээ 400-500 төгрөг хасч хэлэх худалдагчид ч байв. Угаасаа хүн цөөн, тэгээд ч нэлээд их үнэ хадсан худалдагчид жинхэнэ үнээсээ доогуур хэлж зарахаас өөр аргагүй. “Хүмүүсийн хөл хөдөлгөөн ч өнөөдөр арай бага байна шүү. Гэхдээ 400-500 төгрөгөөр доогуур үнэ хэлж өгч байгаад эмээ нь баярлаж л байна. Уг нь өдөр болгон чих зөөлөнтэй байвал сайхан аа” гэж Баянзүрх дүүргийн ахмад настан Л.Лхагважав ярив. Харин “Барс” захад байдал арай өөр. Хүмүүсийн хөл хөдөлгөөн их байв. Улаанбаатар өртөөнөөс холгүй байдаг, басхүү амралтын өдөр болохоор хүнсээ цуглуулах хүсэлтэй хүмүүс ийнхүү хөл хөдөлгөөнийг нэмсэн хэрэг. Яагаад ч юм ахмад настнууд олон байлаа. Хэдийгээр нэлэнхүйдээ нэмэгдээгүй ч мэр, сэр нэмэгдсэн лангуунууд цөөнгүй. “100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Яагаад нэмээд байгааг мэдэхгүй юм. Тэгсэн хэрнээ гурван алхмын цаана зүгээр байх жишээтэй” гэж Баянгол дүүргийн иргэн Б.Төгсжаргал ярив.
Харин “Барс”-аас хоёр буудлын цаана байдаг нэгэн супермаркетад үхрийн нурууны мах 9800 мянган төгрөг, хонины мах 8000 төгрөг байсан юм. Тус дэлгүүрийн худалдагчаас асуухад “Дээрээс ингэж зар гэдэг тушаал буулгасан. Нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй” гэж хариулж байсан юм. Хотын төв зам дагуу болоод ч тэр үү. Үнэ нь “Барс”-аас ялимгүй их ч, авах хүмүүс чамгүй байсан юм. Угтаа тус дэлгүүр бөөний барааны дэлгүүрээс очиж бараа бүтээгдэхүүнээ авдаг бөгөөд “Барс”-ын бөөнийн цэгийн үнээс 100-150 төгрөөг илүү байсан юм.
“Мядааг жолоогоо тат”
Анхны алхам кинон дээр ингэж хэлдэг нэг үзэгдэл бий. Угтаа үнийг хэрхэн татаж, өмнөх хэмжээнд нь хүргэхийг ард иргэд хэндээ шивнэхээ мэдэхгүй байна. Ардчилсан, чөлөөт зах зээлийн орон болохоор махны худалдааг төрөөс хянуулж болохгүй. Тэглээ гээд хэт их чөлөөтэй махны үнийг тэр чигт нь ч орхиж болохгүй. Харин бидэн шиг ардчилалын замналаар замнаж байгаа орнуудад энэ талаар зарим нэг бодлогыг авч хэрэгжүүлдэг ажээ. БНСУ-д 1970 онд Үнэ тогтоох болон шударга худалдааны тухай хууль баталж 148 компанийн 247 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг төрөөс хянадаг болжээ. Улмаар бараа, бүтээгдэхүүний үнэ ханш аяндаа тогтворжоод ирсэн тул 1979 онд 58 компанийн 49 бүтээгдэхүүний үнийг хянах болсон байна. БНСУ-д Үнийг төрөөс зохицуулах тухай хууль одоо ч үйлчилж байгаа юм. Яг үүн шиг аргыг АНУ, Шинэ Зеланд гэх мэтийн улсууд ашигладаг гэхдээ мэдээлэл харилцааны салбартаа. Хэдэн жилийн тэртээ мэдээлэл харилцааны салбарын үнэ хэдхэн хоногийн давтамжтай өсөөд байж. Чухамдаа үүнийг хязгаарлахын тулд үнийг зохицуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа ажээ.
Үнэ битгий нэмэгдээсэй
Энэ бол үйлчлүүлэгчдийн хүсэл. Авсан хэдэн төгрөгөндөө тааруулж хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулах хүсэлтэй жирийн иргэдийн бодол. Өнгөрсөн лхагва гаригаас хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдээд байна. Ирэх зургадугаар сард нэг сая төгрөгийг тарааж дуусна. Сонгууль өнгөрч, наадам шувтарлаа. Харин бид нөгөөх л үнэ өссөн гэх чихэнд чимэггүй мэдээгээр амьдралаа үргэлжлүүлсээр сууна. Гэтэл монголчууд бидний авч байгаа цалин тийм өндөр билүү.