Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл 8-р зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт ихэд дэлгэрчээ.
Цамын холбогдох эх сурвалжууд болон цамыг судалсан эрдэмтдийн зохиол бүтээлд эл багт бүжгийн үүслийн тухайд өгүүлснээс дурдвал:
- Энэтхэгээс Бадма Самбава гэдэг хүний авчирч түгээсэн Буддын пантомим ба эрт цагт Төвдөд байсан бөөгийн ид шидийн бүжиг 2-ын нэгдлээс цам үүссэн.
- Бурханы шашны улааны чиглэлийн алдарт тарничин Ловон Бадамжунайн төвдөд залагдаж, 775 онд Самъяа хийдийн яндар дэвсгэрийг тавихийн үест тэндхийн газрын лус савдаг болон хүн бусын хар хүчний зүгээс элдэв саад тотгор учруулсанд тэдгээрийг номхотгон засах "Жахар" цамын зан үйлийг үйлдсэн нь Төвдөд цам дэлгэрэхийн эхэн үүсэл болсон.
- Монголч эрдэмтэн Н. Шастина өгүүлэлдээ нэгэн сонин домгийг тэмдэглэсэн байдаг. Энэ нь IX зууны үед амьдарч байсан Төвдийн "Ландрам" (841-901) хаан бөөгийн шүтлэгийг дээдлэн бишрэгч байсан ба Төвдөд буддизмыг дэлгэрүүлэхийн эсрэг хүчтэй тэмцэгч байжээ. Түүний хаанчлалын жилүүдэд сүм хийдүүдийг хайр найргүй эвдлэн сүйтгэж, хийдэд шавилан суугч лам нарын шахан хавчих болсон тул хуврагууд хад агуйд даяанчлан суух болж долоон түмэн хуврагаас долоохон үлдсэн гэлцдэг. Ийнхүү тэрээр ард олонд маш их зовлон учруулсанд тэр харгис хааныг Лхалхүмбалдорж хэмээх нэгэн чойжин устгажээ. Үүний тулд тэрээр хар цагаан 2 өнгийн дотор гадартай, уужим өргөн ханцуйтай, гоёмсог дээл хувцас хийж өмсөөд, нум сумаа ханцуйдаа далдалж, цагаан морийг цоохор болгон будаж унаад, хааны ордны зүг явжээ. Ордны гадна очоод элдэв уран хөдөлгөөнийг үзүүлэн цамнан харайж бүжсэнд хаан ихэд сонирхон үзэхээр гарч ирэхэд нь бүжиглэх зуураа нэг ханцуйнаасаа нумаа, нөгөөгөөсөө сумаа аван онилж, хааныг харван хөнөөгөөд цагаан дээлээ эргүүлэн хар болгон өмсөж, усан дундуур давхин гарч, морио цагаан болгон зүсийг нь хувиргаад, мөрдөгчдөөсөө зугтан, уул хаданд оргон зайлж даян хийн суух болсон. Үүнээс хойш шашны дайсныг номхотгон дарах утга бүхий цамын бүжиг тоглогдох болсон гэдэг.
- Монгол цам анх аль хийдэд тоглогдож, улмаар бусад олон хүрээ хийдэд түгэн дэлгэрсэн тухайд судалгаа шинжилгээний зохиол бүтээл ба эх сурвалжуудад дурдсан баримт сэлт ихэнхдээ тохирч байна. Анх 1756 онд шарын шашны хамгийн эртний хийд болох Эрдэнэзууд цам тоглогдсон ба үүний жишээгээр бусад олон сүм хийдүүд цамтай болсон байна. Гэвч үүнийг зөвхөн Төв халхын харъяалал дэхь сүм хийдүүдийн хүрээнд авч үзэх нь зүйтэй санагдана. Учир нь үүнээс бараг хагас зууны өмнө буюу 63 жилийн өмнө 1723 онд Ойрадын зүүнгарын хаант улсад цагаан сарын өмнөхөн цам тоглогдсон тухай баримт байна. Үүнийг Зүүнгарын хаан Цэвээнравдангийн дэргэд 2 жил амьдарсан оросын элч Иван Унковскийн өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Иймээс нийт Монгол туургатны хүрээнд хамгийн анх цам тоглогдсон тухай авч үзвэл 18 зууны эхээр гэж үзэж болно.
Харин шашин номын гол дэг жаягийг тогтоож байсан хамгийн нөлөө бүхий томоохон төв болох Халхын их хүрээнд анх 16-р жарны төмөр хонин жил буюу европын он тооллоор 1811 онд 4-р Жавзандамба хутагтын (1755-1813) үед "Жахар" цамыг тоглуулжээ. Хүрээ цамын баг хувцас, дэгийг 5-р далай ламын зохиосон уг журмаар Төвдийн Дашлхүмбэ хийдээс дэглэсэн гэх бөгөөд харин цамын хамгийн нарийн нандин нууц холбогдол бүхий "Дансранжамцын гарчим" гэдэг номыг гаргаж өгсөнгүй гэсэн яриатай байжээ. Харин тэрхүү нууц номыг тэр үеийн хүрээний 12-р их хамба Жадрын Хайдав хамба гэгч монгол хүн хийснийг Түвдийн мэргэчүүлийн хийсэн тэр номноос хол зөрөөгүй болсон гэдэг домогтой. Эрдэнэзуугийн цамыг дэглэхэд их хүрээний төвд унзад, аграмба гэлэн Сэнгэравдан "Номыг тэтгэгч нийтийн гайс хийгээд балингийн үүднээс шашны дайсныг гэсгээх цамын гол оршив" хэмээх гарын авлагыг зохиосон гэдэг. Эндээс үзвэл Төвдийн Дашлхүмбэ, Монголын Эрдэнэзуу хийд, Их хүрээний цамын уг гарал нэг боловч цагийн урт хугацааны явцад орон нутгийн ахуй нөхцлөөр баяжигдан, тооны олон цөөн хийгээд тогтоож дэглэсэн ёс горим нь өөр өөр болсон байна.
Цамын олон төрөл
Төвдөөс Монголд дэлгэрсэн цам нь түгэн дэлгэрч хөгжих явцдаа маш ихээр сонирхогдох болж, Төвдийн цамаас ялгагдах өвөрмөц онцлог шинж чанар, дүр төрхийг олсноор үл барам нутаг нутгийн цамын бүжиг өөр хоорондоо эрс ялгагдах онцлогийг олон хөгжин дэлгэрчээ.Энэ нь газар газрын сүм хийдүүдийн шүтээн сахиус, уул усны лус савдаг өөр өөр байдагтай нэг талаар холбоотой бөгөөд нөгөө талаас нутаг нутгийн ард түмний зан заншлын өвөрмөц онцлогтой уялдан тооны олон цөөн ба гарах дүр дүрслэл, цаг хугацаа, ёс жаяг, дэг хөдөлгөөнийхөө хувьд ялгарах болсон байна. Үүнийг хувьсгалаас өмнө тус оронд 700 гаруй хийдэд 500 гаруй цамын өвөрмөц дэг найруулга байсан гэх мэдээ баримт харуулж байна. Тухайлбал, Жахар цам, Тахилын цам, Майдарын цам, Бухан цам, Хангалын цам, Эрлэг цам, Дарь эхийн цам, Гэсэрийн цам, Мялын цам гэх мэт.
- Жахар цам буюу их цам нь Ямандаг бурхнаас аюулт эрлэгүүдийн балгасыг эвдэж, номхотгосон түүхийг харуулсан ба энд арван хангал, тэдний нөхөд сэлтийн цам гарна. "Жахар" буюу "Жагхар" гэдэг нь "төмөр хот" гэсэн утгыг хадгалах бөгөөд төмөр хот нь газар доорх бирд, шулмасуудын орон болно. Жахар цамын хурах хурал, зан үйл нь маш нарийн дэг жаягтай байх ба Их Хүрээнд нийт 23 гаралт (цам ээлжээр гарч цамнах) байсан гэх бөгөөд тэдний баг өмсгөл, гүйцэтгэх зан үйл, гарах дэс дараа зэргийн тухай Н.Шастина "Религиозная мистерия цам в монастыре Дзун-Хурэ" хэмээх цамын бичигтээ тодорхой тэмдэглэжээ.
- Тахилын цам буюу бага цамд 21 дахь эх гарч цамнах бөгөөд тоо, үргэлжлэх хугацааны хувьд их цамаасаа бага байна. "Тахилын цам" нь өргөлийн цам буюу өршөөл, цагаатгалын цам гэсэн утгатай. Гэвч их бага цамын дэг ёс, цамын бүжиг нь мөн хийд тус бүрд ондоо байсан байна.
- Майдарын цам гэдэг нь (майдар эргэх гэдэг) Майдар хэмээх бурханд зориулагдсан шашин ёслолын үед тоглогдож байсан байна. Майдар нь ирээдүй цагийн бурхан хэмээгдэх тул тийнхүү энэ бурхныг залж хойч ирээдүйгээ даатгах ёслолыг үйлддэг байжээ
- Гэсэрийн цам: Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын хүрээ болон Улиастай хот, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Сан бэйс Сансрайдоржийн хошууны хүрээ хийдэд гарч байсан гэдэг.Чингэхдээ Гэсэрийн дүрийг Улаан сахиустай адилтган үзүүлдэг байв.Монголд дэлгэрсэн Гэсэрийн цам нь эртний Хятадын Гуанди баатрын дүрээр дүрслэгдсэн Хятад шийний дүрслэгдэхүүнээс ихэд өөр, буддын шашны догшин шүтээн, дайчин тэнгэр Жамсрангийн өмсгөлтэй адил хувцас өмсч байв. Энд "Гэсэр" туужаас сэдэвлэсэн үйл явдлыг харуулах ба 32 баатрын нум сум агссан бүжиг байсан гэдэг.
- Мялын цам хэмээх нь эрт цагт хүн амьтанд тус хүргэн, их буян үйлдсэн Мял богд хэмээх хүний амьдралаас сэдэвлэн харуулсан болно.
- Бухан цам Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын хүрээ, Жалханз хутагтын хүрээ зэрэг газар гарч байсан гэх ба Хангайн нурууны салаа салбарт орших сарлаг, хайнаг ихтэй нутгуудаар гарсан үхрийн мялан өвчнийг арилгахын тулд бий болгосон гэдэг.
Ингэж Монгол дэлгэрсэн цамын бүжиг нь Энэтхэг, Төвдөөс үүсэлтэй хэдий ч манай ард түмний өвөрмөц зан заншил, түүх домгийн уламжлалтай сэтгэлгээг илэрхийлэх болсноор "Монгол цам" гэж нэрлэгдэх өвөрмөц онцлогийг олж, манай бүжгийн урлагийн нэгэн төрөл зүйл болон хөгжжээ.