Уншигч та бүхнийг зохиол бүтээл, шүлэг яруу найргаараа хэзээний танил болсон эрхэм хүнтэй уулзуулах гэж байна. Энэ хүн бол Дамбийн Дашдондов. Тэрээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүний бичсэн олон сайхан зохиол бүтээлийг төр засгаас ийнхүү үнэлсэн. “Ханийн тэнгэр”, “Дуутай хорвоо”, “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ”, “Бурхан ээж”, “Би хөдөөний хүн”, “Уулзах юмсан чамтайгаа”, “Зүүдний шувуу”, “Ээждээ эрхэлмээрээ”, “Ангир буцах намар”, “Хүслийн тойрог”, “Жаахан цэрэг” зэрэг олон дуу нь ард түмний дуулах, сонсох дуртай дуунуудын нэг яах аргагүй болж чаджээ.
“Хараад л баймаар харц байдаг даа
Харцаараа хэлмээр хайр байдаг даа
Хайрлан дуулмаар хайр байдаг даа
Хайлан шингэмээр сэтгэл байдаг даа…” Энэ л сайхан үгтэй дууг зохиосон хүн дээ, Д.Дашдондов гавьяат. Мөн дууны яруу найргаас гадна шүлгийн арваад, сэтгүүл зүйн гурван номоо уншигчдын хүртээл болгосон. Түүнчлэн “Үхэхэд нүгэл цайдаг” уянгын драм, “Ану хатан” фольк дуурь гэх мэт зургаан жүжиг нь тайзнаа тавигдсан юм. Тэр бас “Эрдэнэтийн инээмсэглэл-1,2” шог зургийн ном ч гаргаад амжсан. Ийм л хөдөлмөрч, урлагт хайртай хүн.
-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Танд баяр хүргэе.
-Гялайлаа.
-Хийсэн бүтээснийг нь ард түмэн мэдэхгүй гавьяат цөөнгүй байх юм билээ. Та өөрийгөө ард олондоо хэр танигдсан гэж боддог вэ?
-Дамбийн Дашдондов гэдэг нэрийг цөөн сонссон байж болно. Харин зохиосон дуунуудыг минь дуулж, сонсч, бичсэн номуудыг минь уншиж, уянгын болон дуулалт жүжгүүдийг минь үзэж байгаа болохоор танигдсан гэж хэлж болох байх аа. Уран бүтээлийн цэнгүүн, жүжиг зэргийг минь үзээд сэтгэл догдлом сайхан үг хэлэх хүн олон байсан шүү.
-Олны амнаас бүтээлээ сонсч явах нээрээ сайхан биз?
-Найран дээр хэдэн дууг минь дуулж байхыг сонсоод магнай тэнийж л байдаг. Нийтийн унаанд суугаад явж байхад хүртэл
Уйлж л дуулмаар дуу байдаг даа
Учирлаж яримаар хайр байдаг даа
Уйдахын аргагүй бодол байдаг даа
Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа … гээд л дуу минь явж л байх жишээний. Нэрийг минь хэлдэггүй ч гэлээ дотогшоогоо омогшиж л явдаг даа. Эрдэнэтэд Даржаагийн Сүхбаатар гэж бэлэн цэцэн үгтэй найрагч байдаг юм. Мань эр Өвөрмонголд “Би хөдөөний хүн” дууны минь ачаар сайхан дайлуулсан тухайгаа надад хөөр болгон ярьж билээ. Нэгэн зоогийн газар ортол
“Би жинхэнэ монгол,
Билэг танхай хөдөөний хүн …” гээд л хангинаж байх юм гэнэ. Энэ дууны үгийг бичсэн хүн чинь миний найз шүү дээ гэвэл зоогийн газрын эзэн мань эрийг дайлж сүйд болсон төдийгүй ойр хавьдаа зар тарааж сониуч олныг хуйлруулсан гэдэг. Дуу гэдэг ийм л шидтэй эд дээ. Сүхбаатар ч хэтэвчээ тэмтрэлгүй сайн дайлуулж, тэр зоогийн газар ч орлогоо овоо нэмэгдүүлээд авсан байгаа юм.
-Бас Таны “Ханийн тэнгэр” дууг урд хөршийн монголчууд нэг үе их дуулсан гэж сонслоо. Гадаад ертөнц таны бүтээл туурвилыг хэр мэддэг бол?
-Палан хэлнээ /англи/ Эрдэнэ-Очирын Ганболдын орчуулсан цөөн хэдэн богино мөртийг эс тооцвол бараг үгүй дээ. Аливаа юм өөрийн цаг үетэй болохоор нэгэн цагт орчуулагдана гэдэгт би итгэлтэй явдаг.
-Орчуулгыг зүйрлэвээс хивсийг араас нь харсантай л адил гэлцдэг. Энэ үг шүлэг, яруу найрагт илүү хамаатай биз?
-Цэц түрсэн шүлэгт илүү хамаатай байх. Бодрол, сэтгэмжээр амилсан шүлэг бол өөр л дөө. Шүлгийг орчуулахад хар зураг, сэтгэмж нь л буудаг. Өнгө будгийг нь орчуулагч сэдэж тавьдаг. Ингэхээр орчуулагчийн хэлний боловсролоос гадна сэтгэл зүрх, авьяас билгээс их шалтгаална. Манайд гадагшаа хийдэг орчуулагч одоохондоо цөөдөөд байх шиг. Авьяас билэг, сэтгэл зүрх нь байлаа ч тэр хэлийг эх хэл шигээ эзэмшиж байж л бүтэх бэрх ажил. Боловсролтой, авьяас чадалтай залуус олширч л байгаа нь сайн хэрэг.
-Таныг хамгийн их зовоож бүтсэн бүтээл гэвэл?
-Зовлонгүй бүтдэг бүтээл он цагийн тоосонд дарагдах нь хялбар байдаг. Би гол төлөв богино шүлэг, цөөн мөрт бичдэг. Арваад шүлгэн жүжиг бичсэнээс “Бөртэ”, “Ану хатан” зэрэг багагүй шаналгаж байж бүтсэн бүтээл ч нэлээд бий. Хамгийн адармаатай нь “Сонетийн эрхи” юм билээ. Зүдэж байж “Сонетийн эрхи” гурвыг бичсэн дээ. Ажсан хүнд миний сонетийн эрхийн бүтэц арай өөр шүү. Яльгүй хөгжүүлсэн гэх үү дээ.
-Юугаараа өөр гэж?
-Миний “Навчсын дуулал” номоос үзээрэй л дээ.
-Хорвоогийн хоёр туйл нь жаргал зовлон буй заа. Та аль туйлд нь ойр явдаг вэ?
-Шаналал зовлонгүй хүний амьдрал аз жаргалаар дүүрэн байна гэдэгт би эргэлздэг. Миний хувьд энэ хоёр туйл давхцаж байдаг. Ядарч зүдсэн хэн нэгнийг хараад сэтгэл шаналахгүй байж чадна гэж үү.
-Хий шаналж байхаар тийм хүмүүст туслах нь дээргүй юу?
-Юугаар баян бэ, түүгээрээ дайл гэдэг байх аа. Би сэтгэлээрээ л баян. Уран бүтээл минь миний сэтгэл юм. Өөрийгөө ядуу, зовлонтон гэж боддог нэгэнд
Зовлон гунигаа бүү тоо
Зоныхоо төлөө зүдэж яваа
Өгөөмөр сэтгэлт бурхан гэж
Өөрийгөө тэгээд мэдэж ав …
Ядуу даржиндаа бүү гутар
Ядуугийн дүрд тоглож яваа
Ясны сайн жүжигчин гэж
Ямагт өөртөө итгэж яв гэж хэлэлтэй юу. Ер нь тэнгэрийн үй түмэн од, уудам дэлгэр нутгаа харцаараа өмчилж амьдардаг хүн өөрийгөө ядуу гэж бодохын хэрэггүй мэт. Залхуурлаа гэтэлж чадвал, санаж сэрж чадвал сайхан амьдрах боломж манай улсад байна гэдгийг сүйхээтэй зарим нь батлаад байна шүү дээ.
-Нар хур тэгширсэн сайхан зун болж байхын зэрэгцээ бас үер усны аюул ч багагүй байх шиг. Эрдэнэтэд зам эвдэрлээ гэв үү?
-Ширүүн бороо орж л байдаг шүү дээ. Манайхан юмаа бага дээр нь додомдохгүй явсаар ниргэсэн хойно нь хашгирдаг муу зуршилтай юм даа. Үер ус зайлуулах суваг шуудуугаа тордож, хог новшийг нь зайлуулж, бөглөөг нь гаргаж байсангүй. Хөрөнгө мөнгөгүй л гэх. Юмыг заавал хөрөнгө мөнгөөр зодох гээд байх болж. Зохион байгуулж чадвал хөрөнгө хүч мундахгүй л санагддаг.
-Монгол соёлын талаар соёлын гавьяатын амнаас үг сонсвол сонин баймаар санагдчихлаа?
-Эртний соёлтой Азийн таван орны нэг нь Монгол шүү дээ. Итали, Мажар, Солонгос зэрэг оронд болсон олон улсын ардын урлагийн их наадамд дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгынхаа уран бүтээлчдийг оролцуулж явахдаа үндэснийхээ урлаг соёлоор бахархаж байлаа. Манайхны дуу хөгжмийн уянгалаг, яруу тансаг, бүжгийн уран, уян, баялаг хөдөлгөөн, хувцасны донж, олон хэв маягийг тэдгээр орны үзэгчид шагшиж байсан даа. Үндэснийхээ хувцсыг өмссөн орон орны урлагийнхны жагсаал гудмаар дуу хөгжим үүсгэн урт цуваа болон явах үед гудмаар дүүрэн үзэгчид манайхантай л зураг хөргөө татуулж байх жишээтэй. Хөөмий бол ёстой л тасархай шүү дээ. Монголчуудын байгальтай харьцах соёл л дэлхийг аварна. Багадаа би Алтайн асга хаднаас зэрлэг сонгино түүж явснаа мартдаггүй. Ухаж авсан сонгины үндсийг аав минь дор дор нь буцааж булуулдагсан. Сонгины үндсийг булчихад ургачихдаг юм билээ. Монгол соёлын тухай энд чи бид хоёр яриад барахгүй дээ.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт ерөөе.
Ө.Хатантуул