Монгол ард түмний олон зуун жилийн турш хэрэглэсээр ирсэн хөгжмийн нэг бол яах аргагүй ЯТГА хөгжим мөн билээ. Ятга бол товшуурт хөгжмийн төрлийн чавхдаст хөгмийн айлтгалд байдаг, манай орны төв халх болон баруун зүүн аймгуудад ихэд тархсан хөгжмийн зэмсэг юм. Ятга хөгжмийн бусад ардын хөгжмийн зэмсгүүдээс ялгагдах онцлог нь хөг дуурсгалын хувьд ч тийм баялаг биш пентатоник хөгөөр хөглөгддөг /энэ нь таван эгшигээр хөглөгддөг хөг/. Ятгын урт богино, толгойн хэсэг, их бие зэрэг нь нутаг бүрт өөр өөрийн өвөрмөц хийцтэй байдаг төдийгүй өөр өөрсдийн бие гарт тааруулж тохируулан урладагаараа нэгэн хэв загварын тусгай дүрэм горимд хамрагдаггүй байна. Үүнээс үзэхэд ур хийцийн хувьд том жижиг, чавхдасны тоо нь олон цөөн янз бүр байдгаараа маш чөлөөтэй юм. Иймээс морин хуурын толгойн дүрс болон цар нь зуйван гэсэн ямар нэгэн хэв маягийн хэлбэр дүрсийг давтдаг бол ятга нь гүдгэр урт хавтгай, сүүл хэсэг нь газар тулсан, өвдөг дээрээ тавьж хөгжимдөхөд зориулагдсан байдгаараа онцлогтой юм.
Ятгын чавхдас нь “өлөнгөөр” хийгдсэн, тэвх мод нь зөөлөн мод “хуш”-аар хийгдсэн байдаг. Ятгаар хөгжимдөхөд хэм хэмжээ нь удаан түргэн, ая хэмнэл ихтэй аяз хөгжимддөг учраас хөгжимдөгч хүний ур дүй, сонсгол, хурууны техник хурдан хөдөлгөөн их үүрэгтэй байдаг. Аялгууны хэмнэлийн онцлогт тохируулан дан давхар нясалгаа, наймцаар татах татлага, чичиргээ хийх зэрэг тоглох аргыг хэрэглэдэг.
Ятга хөгжмөөр эрт дээр үед ихэвчлэн гэр хүрээнд, сүм хийд ордны ёслолын ажиллагаанд хөгжимддөг байсан байна.
Ятга тоглохдоо эмэгтэйчүүд нь явган сууж зүүн хөлөө бохирч өвдөглөн сууж баруун өвдөг дээрээ толгойг нь тавьж хөгжимддөг, эрэгтэйчүүд нь завилан сууж мөн баруун өвдөг дээрээ толгойг нь тавьж хөгжимддөг, байснаас гадна өндөр тавиур дээр ятгаа тавьж босоо зогсон хөгжимддөг байсан. Орчин үед сандал сууж хөгжимддөг болсон байна.
Ятгын толгойн хэсгийг урлахдаа тухайн овогтон ястан үндэстний зан заншил, ахуйн байдалд тохируулан ямар амьтанг урлан энэ нь тэдний сүсэг бишрэлтэй холбогддог байсан байна. Тухайлбал хун шувуу, бар, луу, аргал, угалз гэхчилэн олон зүйлийн дүрсийг ятга хөгжмийн толгойн хэсэгт урласан байдаг.
Ятга хөгжимд тогтсон хөг гэж байдаггүй бөгөөд ямар ч хөгөөр хөглөж болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл “Квинтийн хүрдээр тоглож болох”. Ятга хөгжмийн зохиол бүтээлийн онцлог нь өвөрмөц дуурьсал бүхий ардын олон ястан үндэстний дуу хөгжим байдгаас гадна бий бүжгийн аяыг ч хамсран хөгжимдөх онцлогтой. Жнь: зүүн аймгаар ихэвчлэн ятганд зориулсан дуу аялгуу байдаг бол баруун зүгийн аймгаар бүжгийн аялгууг гол төлөв хөгжимддөг байна.
Монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн ардын хөгжмийн зэмсэг нь өөрийн орны өнгө төрх ард түмний ёс заншлыг тусгасан өвөрмөц өнгө аястай, дахин давтагдашгүй өв болон өдийг хүртэл залгамж болон хэрэглэгдэж байна.
Үндэсний хөгжим сургах өвлүүлэх явдал эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн тухай бид түүхээс мэдэх боловч түүний уламжлал шинэчлэлийн асуудал судлагдаагүй байсаар байна.
Аливаа хөгжмийг сурахад тэр хүнээс асар их хүч хөдөлмөр, дур сонирхол, зориг тэвчээр шаардагдах нь мэдээж юм. Хөгжим эхлэн суралцагчдыг сонгон авахдаа үнэн сэтгэлээсээ дур сонирхолтой авъяас хүсэл эрмэлзэлтэй байгаа эсэхийг харгалзахаас гадна гар хурууны уран зөөлөн байдал, түүнд ямар нэгэн гэмтэл согоггүй байх шаардлага зүй ёстоор тавигдана.
Мөн нүдний хараа, сонсох эрхтний чадавхийг сайтар шалгааж сонгож авах ёстой. Ятга хөгжмийг эхлэн суралцахад суултаас эхлээд барил тавилтыг зөв эзэмших явдал чухал юм. Хэрэвээ анхаасаа буруу тавил эзэмших юм бол хожим түүнийг засахад хүндрэл учирах бөгөөд тухайн хөгжмийг цаашид яруу тод, гоё, чихэнд чимэгтэй зөв цэвэрхэн дуу гаргана гэдэг нь бэрхшээлтэй болдог.
Ятгаар хөгжмөөр хөгжимдөж сурах хүн бол бугуйгаа уян зөөлөн байлгах хурууны хөдөлгөөн маш хурдан, бүх үенүүдээрээ чөлөөтэй хөдөлж байхын тулд мөр бугуй болон бүх биеийг сул чөлөөтэй байлгаж, тохойг бие рүүгээ татаж суухыг хичээх хэрэгтэй. Ятга хөгжим нь бусад хөгжмийг бодвол бэлэн хөгтэй, хөгжимдөж сурахад амархан, хялбар юм шиг боловч сурахад нилээд нягт нямбай ажиллагаа шаардагддаг. Ялангуяа хөг байнга өөрчлөгддөг учир маш цэвэр хөглөж сурах ёстой. Иймд нарийн сайн сонсгол шаардагдана. Эхнээсээ ятгын утас, өнгөнүүдийг зөв сонгож нүдлэж сурах, цэвэр дуугарах хүртэл олон дахин давтаж уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Гарын барил тавилтыг багш эхнээс нь зөв тавьсан ч гэсэн багшийн хэлснээр уйгагүй хөдөлмөрлөж няхуур ажиллаагүй үед өөрсдийнхөө гарт аль эвтэйхнээр болгон өөрчилсөнөөр цааашид эгшгийн зөв дуугаралт ур чадварт сөргөөр нөлөөлж хүндрэл учирдаг. Иймээс аливаа хөгжмийг сурч эхлэх үеэс өөртөө байнга хяналт тавьж, багшаас зөвөлгөө авч байх нь чухал юм. Ятга хөгжмийг суралцагчид нь нэн түрүүн нотны анхны мэдэгдэхүүнийг эзэмшсэн байвал зохиолтой.