УИХ-ын дарга З.Энхболдтой МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Хуульзүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнөөдөр 40 минут орчим уулзалт хийлээ.
Хоёр тал УИХ-ын анхдугаар чуулгантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна. Уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.
-УИХ-ын даргатай гол нь ямар асуудлаар санал солилцсон бэ ?
-МАН-ын зүгээс төрийн ажлыг гацаахгүй. Хуулийн дагуу явах ёстой гэдэг байр сууриа олон удаа бичгээр илэрхийлж байгаа. Ер нь УИХ-ын анхдугаар чуулганыг өнгөрөгч лхавга гарагт хуралдуулах зарыг хурал даргалагч Д.Дэмбэрэл дарга шийдвэр гаргасан байсан. Өнгөрөгч мягмар гарагт МАН-ын бага хурал эхэлсэн өдөр. Бага хурлын дараагийн өдөр буюу өнгөрөгч гурав дахь өдөр манай намаас Ардчилсан намд зөвшилцлийн бичгээ өгье, УИХ-ын даргаа сонгоё, байнгын хороодоо байгуулья гэсэн албан бичгээ өгсөн. Гэтэл гэнэт чуулганыг товлосон өдрийг хүлээлгүй УИХ-ын даргаа сонголоо. Үүнд хоёр хуулийн заалт зөрчигдлөө. Эхнийнх нь зөвшилцөл бол талууд нэг талаасаа бичгээр асуудлаа тавьж нөгөө тал нь бичгээр хариу өгөх учиртай. Хоёрдугаарт, анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай хүн даргална гэсэн хуулийн заалт бий. Насаар ахмад хүн даргалахгүй бол яах вэ гэсэн хуулийн заалт байхгүй. Гэтэл тэрхүү хуулийг зөрчөөд Д.Дэмбэрэл дарга эрүүл саруул ордонд байхад УИХ-ын гишүүн Л.Цогоор даргуулаад хуралдааныг явуулсан. Ингэж хууль зөрчсөн нь УИХ-ын ажиллагааг цааш явуулахад хүнд болно. Ойлголцол байхгүй болно гэсэн үг. Энэ асуудлаа сая уулзалтын үеэр хэллээ. МАН-ын Бага хурал ч дууслаа. Бид албан бичгээ өгнө. Хуралдаа орохдоо бэлэн байна. Хамгийн гол нь бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-МАН бүлэг байгуулах боломжгүй болсон юм биш үү хуулиараа?
-Тийм боломжгүй. 24 цагийн дотор багтаад Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Мөн саяын уулзалтаар Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн хоёр хүнийнхээ шүүхийн шийдвэрийг түргэвчилж тангараг өргүүлэх ажлыг яаравчлах хэрэгтэй байна гэсэн зүйлийг ярилаа. УИХ-ын даргаар албан ёсоор томилогдох юм бол энэ асуудалд онцгой анхаарал хандуулаач гэлээ. Мөн Архангай, Өвөрхангай, Хэнтий, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд сонгуулийн саналыг гараар тоолох саналыг тавьсан. Сонгуулийн саналыг дээрх дүүрэг аймгуулал гар аргаар тоолье гэдэгт санал нэгдлээ. Дээрх асуудлуудыг хоёр талаасаа ажлын хэсгээ байгуулаад шийдье гэсэн тохиролцоонд хүрлээ. Ер нь төрийн ажлыг гацааж болохгүй.
-Үндсэн хуулийн Цэцэд хандсан үндэслэлээ тайлбарлаач?
– Хууль дээдлэх гэдэг зарчим бий.
– МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?
-Ажлын хэсгүүд ажиллана. Ингээд ойлголцолд хүрчихвэл Цэцийн дүгнэлтийг хүлээх албагүй л дээ.
-Бүлэг байгуулах эрх нээлттэй гэдгээ ямар хуулийн заалт барьж тайлбарлаж байгаа юм бэ?
-УИХ-ын дарга хууль бус аргаар сонгогдсон гэж үзээд МАН-ын гишүүд 24 цагийн дотор Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Хоёр тал зөвшилцөх ёстой. Ойлголцох ёстой. Ард түмний сонголтоор аль ч нам нь олонх болоогүй шүү дээ. Тийм учраас хоорондоо зөвшилцөж төрийн ажлыг явуулахыг ард түмэн бидэнд даалгасан байна шүү дээ.
-Төрөө байгуулахад МАН идэвхи санаачлага муутай байна гэсэн шүүмжлэл нэлээд байна шүү дээ. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Олонх болсон нам, эсхүл хамгийн олон суудал авсан нам нь түлхүү санаачлага гаргахаар хуульчилсан. МАН-ын хувьд санаачлагатай хандаж байгаа. МАН эхнээсээ хуулийн дагуу явуулна гэсэн болохоор гацаах сонирхол алга. Та нар яагаад манай намыг буруутай юм шиг яриад байдаг юм бэ. Хууль зөрчин УИХ-ын даргыг сонгосон нь бусад асуудлыг цаашид хүлээн зөвшөөрөхөд маш хүнд болно. Хуулиа дээдлье гээд байгаа юм шүү дээ.
-УИХ-ын даргыг дахин томилох уу?
-Ярилцаж байна. Өнөөдөр хоёр тал зориуд уулзаж байгаа нь харилцан ойлголцоод асуудлаа шийдэх боломж байна уу гэдэгт саналаа солилцлоо. Ямар ч байсан ажлын хэсэг байгуулагдахаар болсон.
Н.Түвшин