Хүн төрөлхтний энхийн их наадам болох XXX дахь удаагийн зуны олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ шөнө тохиож байгаатай уялдуулан тус наадмын түүхэн дэх шилдэг 10 сүлд дууллыг хүргэж байна. Эх орны минь төрийн далбаа Олимпийн тэнгэрт олонтаа мандах болтугай.
1. “Barcelona”(Барселон 1992) / Фредди Меркури ба Мансэрат Кавалле
Испаний дуурийн нэрт дуучин Мансэрат Кавалле болон “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркури нарын хамтран дуулсан 1992 оныXXV дахь удаагийн зуны олимпийн сүлд дууг жагсаалтын тэргүүн байрт онцлон хүргэж байна. Энэхүү уран бүтээлийг Фредди Меркури (1946 – 1991) олимпийн наадам болохоос 5 жилийн өмнө бичсэн байсан бөгөөд Фредди Меркуригийн бие даан ажилласан хамгийн том соло уран бүтээл байсан юм.
Түүнийг таалал төгссөнөөс хойш “Барселона” дуу Недерланд, Шинэ Зеланд, Их Британи улсын шилдгүүдийг тэргүүлж №2 дахь шилдэг уран бүтээл болж байсан гэдэг. Фредди Меркури дуурийн дуучин Мансэратыг шүтэн биширдэг нэгэн байсан бөгөөд энэ ч утгаараа түүний сэтгэлээс гарсан аялгууг үгээр зүйрлэхийн аргагүй болсон гэж үздэг юм билээ. Испаний Барселона хотод болсон 1992 оны олимпийн наадам хоёр сүлд дуутай байсны нэг нь энэ байлаа.
2. “Reach” (Атланта 1996) / Глория Эстефан
Куб гаралтай Америкийн дуучин Глориягийн амилуулсан XXVI дахь удаагийн зуны олимпийн наадмын дуулал болсон дууг удаах гайхалтай уран бүтээлээр нэрлэж байна. Энэ дуу түүний “Destiny” болон Олимпийн наадмын албан ёсны “Atlanta 96” цомогт тус тус орсон уран бүтээл юм. Дууны үгийг Глория Эстефан болон Дайан Уаррен нар бичсэн бөгөөд Испани хэлээр мөн дуулагдсан байдаг ажээ. 1996 оны эл наадам Америкийн Атланта хотноо амжилттай зохион байгуулагдаж байсан бөгөөд 197 орны 10.318 тамирчид оролцож байсан гэдэг.
3. “Oceania” (Афин 2004) / Бёрк
2007 онд Грекийн Афин хотноо зохиогдсон XXVIII дахь удаагийн зуны олимпийн наадмын сүлд дууг тус арга хэмжээний нээлтийн ажиллагаан дээр Исландын дуучин Бёрк дуулж сонирхуулсан юм. Тус уран бүтээлийн бусдаас онцлог тал нь ямар ч инструментал, аязыг тоглоогүй явдал бөгөөд хөгжмийн аялгууг хүний хоолой, “beatbox”-оор хөглөсөнд оршдог ажээ. Харамсалтай нь түүний энэхүү хөгжмийн гайхалтай аялгууг ойлгож мэдрэх хүмүүс цөөхөн байсан бололтой.
4. “One Moment in Time” (Сөүл 1988) / Уитни Хьюстон
Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо 1988 онд зохиогдсон тус наадмын сүлд дууг нэрт дуучин Уитни Хьюстон амилуулж байсан юм. XXIV дэх удаагийн дэлхийн энхийн наадмын эл уран бүтээл ”Emmy Awards” шагналыг гардсан шилдэг дуу юм. Дууны үгийг бичсэн Альберт Хэммонд энэхүү дууг Олимпийн наадмын үеэр Эльвис Преслиг дуулж байгаагаар төсөөлж аялгууг түүний сэтгэлийн хөг эгшгээс сэдэвлэн зохиосон гэдэг юм билээ.
5. “Hand in Hand” (Сөүл 1988) / Кориэна
Тив дэлхийн энхийн их наадам болсон олимпийн наадмын түүхэн дэх удаах шилдэг уран бүтээл бол Өмнөд Солонгосын “Koreana” хамтлагийн дуулснаар хүрсэн “Hand in Hand” хэмээх гайхалтай дуу юм. Дууны найруулгыг Италийн дууны найруулагч Жайованни Жиоржио Мородер хийж, дэлхий нийтийн хэл болох Англи хэлнээ хөгжмийн зохиолч Том Витлок хөрвүүлсэн байна. Энэ дуу бол Сөүл хотноо болсон 1988 оны олимпийн наадмын сор бүтээл юм.
6. “You & Me” (Бээжин2008) / Лью Хуан ба Сара Брайтман
Сонгодог баллад поп жанрын “One World, One Dream” уриатай “You & Me” дууг Мандопоп урсгалаар уран бүтээлээ хийдэг БНХАУ-ын Лью Хуан болон Английн нэрт дуучин Сара Брайтман нар хамтран дуулснаар үзэгчдийн хүртээл болсон билээ. Өмнөд хөршийн маань нийслэл Бээжин хотноо зохиогдсон тив дэлхийн XXIX дэх удаагийн наадмын энэхүү дууг удаах шилдэг дуугаар сонгон хүргэж байгааг хүлээн авна уу.
7. “The Power of the Dream” (Атланта 1996) / Селинь Дион
Америкийн Атланта хотноо зохиогдсон XXVI дахь удаагийн зуны олимпийн наадмын дуулал болох “Reach” дууг жагсаалтынхаа №2-т онцолсон бол уянгын дууны “хатан хаан” гэгддэг Канадын нэрт дуучин Селинь Дионы энэхүү уран бүтээлийг олимпийн түүхэн дэх удаах шилдэг уран бүтээлээр нэрлэж байна.
8. “Friends for Life” (Барселон 1992) / Сара Брайтман ба Хосе Каррерас
“Амигос Пара Сиэмпрэ” буюу “Friends for Life” уран бүтээл бол Испанийн Барселон хотноо болсон зуны XXV дах удаагийних наадмын хаалтын ажиллагааг чимсэн сүлд дуулал юм. Энэ дууг “ковер”-лож дуулсан олон уран бүтээлч байдаг бөгөөд хамгийн сүүлд 2011 онд Германы рок / метал “9MM” хамтлагийн дуулсныг хамтатган сонирхуулж байна.
9. “Spinning for 2012” (Лондон 2012) / Тинчи Штрайдер ба Дайоне Бромфильд
16 настай Английн сөүл жанрын уран бүтээлч Дайоне Бромфильд болон Гана улсын реппэр Тинчи Штрайдер нэрээрээ танигдсан Квэйси Дэнква нар хамтран хэдхэн цагийн дараа нээлтээ хийх гэж байгаа XXX дахь удаагийн Лондонгийн олимпийн наадамд зориулан энэхүү уран бүтээлийг гаргажээ. XXX дахь удаагийн зуны олимпийн наадмын сүлд дуугаар Английн “Muse” хамтлагийн “Survival” дуу тодроод байгаа билээ.
10. “The Flame” (Сидней 2000) / Тина Арина
Шинэ мянганы анхны энхийн их наадам болж Австралийн Сидней хотноо зохиогдсон XXVII дахь удаагийн зуны олимпийн наадмын дүрэлзсэн итгэл, эрч хүчийг бэлэглэсэн уянгалаг атлаа сүрлэг дуулал болсон энэхүү уран бүтээлийг Австралийн дуучин Тина Арина дуулсан юм.