Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зээл төлөх хугацааг 40 жилээс багагүй, зээлийн хүүг жилд 0,75 хувиас ихгүй байх нөхцөлөөр зээл авсан үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн дээрх компаниудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг Сангийн сайд болон ЭБЭХ-ний сайд нарт зөвшөөрлөө.
Монгол Улсын Засгийн газар гадаад орон, олон улсын байгууллагаас урт хугацааны төслийн зээл авч Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Эдгээр цахилгаан станц нь жилд 36,0-38,0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн өөрийн дотоод хэрэгцээнд болон хэрэглэгчдэд нийлүүлэхээр зураг төсөл нь хийгдсэн. Өөрөөр усан станцуудын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь техникийн болон усан хангамжийн хэмжээнээс хамаарч хязгаарлагдмал байгаа. Энэ хоёр станцаас эрчим хүчээр хангагддаг баруун таван аймгийн ард түмний амьжиргааны чадавх, ард иргэдээс гарах зардлын түвшингээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үнийг станцын зардлыг нөхөх хэмжээнд хүргэн тогтоох боломжгүй.
Иргэдийн амьдрах, ажиллах, сурч боловсрох тохитой нөхцөл бүрдүүлэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн амьдралын чадавхиа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор баруун аймгуудын 100-200 кВт-аас ихгүй ачаалалтай бүх сумдын төвийг цахилгаанаар хангахаар өндөр хүчдлийн шугам сүлжээнд холбосон нь цахилгаан эрчим хүчний алдагдлыг нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг өсгөж байгаа зэргээс зээлийн хүүгийн төлбөрийг гүйцэтгэх эдийн засаг, санхүүгийн чадавхгүй байгаа талаар ЭБЭХ-ий сайд Д.Зоригт танилцуулж байлаа.
Д.Цэцэг