Соёлын салбарын хөгжлийг түргэтгэх учиртай гэх Соёлын аж үйлдвэр нь дэлхийд танигдах Монгол брэндийг бий болгоход анхаарах гэнэ. Ингэхдээ Монгол улсын өвөрмөц зан заншил, соёл урлагаа түшиглээд үйлдвэрийг байгуулвал содон болох тухай төслийн мэргэжилтнүүд онцлов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 458 тэрбум, 530 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Энэ хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад дотоодын байгууллагын хөрөнгө оруулалт, банкны зээл, олон улсын байгууллагын хандив, тусламжаас бүрдүүлэх боломжтой аж.
Соёлын аж үйлдвэрийн дэд бүтцийг бий болгох замаар Аялал жуулчлал, соёл амралт, шоу үйлчилгээ, тоглоомын үйлдвэрлэл, музейг системтэйгээр байгуулах ажээ. Тодруулбал, аж үйлдвэрийг байгуулах гурван үе шатын нэгдүгээр шат нь 2013 он хүртэл бодлогын түвшинд буюу соёлын аж үйлдвэрийн хууль эрх зүйн орчин, мэдээллийн санг бүрдүүлэх, Монголын брэнд бүтээгдэхүүнийг шинээр төрүүлэх, энэ салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэх ажээ. Хоёрдугаар үе шатанд аливаа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах замаар онлайн худалдааг хөгжүүлнэ. Гуравдугаарт, Монголоос үүсэлтэй бараа бүтээгдэхүүнийг дэлхийд брэнд болгох, олон улсын байгууллагад бүртгүүлсэн соёл урлагийнхаа байр суурийг бэхжүүлэх анхаарах гэнэ.
Өөрөөр хэлбэл, соёл урлагийн нандин чанарыг мэдрэх соёлын аж үйлдвэр гэсэн том бүтээн байгуулалт дор иргэд соёл, урлагийн бүхий л үйлчилгээг авч болох юм. Ингэснээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн урлагийн бүтээл, олдворыг орчин үеийн шинэлэг техник технологиор хүлээн авах, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, бие бялдарын хөгжилд тустай амралт, үйлчилгээг бүрэн утгаар нь мэдрэх үйлчилгээний газруудыг байгуулах нь.
Дэлхийн хөгжиж буй орнууд соёлын аж үйлдвэрээ хөгжүүлэх, урт богино хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, түүх соёлын, шинэ төрөл бий болгох, хөгжүүлэх бодлогыг баримталдаг байна. Тиймээс ч энэ салбартаа хөрөнгө оруулалтаа түлхүү оруулдаг ажээ. 1980-аад оны үед техник технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөн бөгөөд хувь хүний авъяас билгээс эх сурвалжтай үйлдвэрлэлийн салбаруудыг нийтэд нь соёлыг аж үйлдвэр гэж тодорхойлдог байна.
-Төслийн багийнхан уул уурхайн баялаг хязгаартай бол соёл нь сэргээгдэх баялаг гэдгийг онцлон хэлж байв. Нээрэн л энэ чанараараа нэг соёл нөгөөгөөс үргэлж шилжин, хөдөлгөөнд орж байдаг шүү дээ. Тиймээс Монгол түмний өвөрмөц зан заншил, үнэт чанарыг өнө мөнхөд хадгалан үлдэж, хүртээмжтэй байлгахын тулд зөвхөн эх орондоо бүтээн байгуулалт хийх нь хангалтгүй гэнэ. Ингэхдээ гадаадад байгаа Монголчуудаараа дамжуулан Соёлын аж үйлдвэрийн салбар байгуулахыг төсөлд багтаасан байна.
-Сүүлийн үед Монгол орон ховор олдворуудаа ихээр нээн олж, улсынхаа нэр дээр олон улсын байгууллагад бүртгүүлээд буй сайхан үйл явдалтай холбоотойгоор үлэг гүрвэл, ховор олдворыг нээн олвол тухайн бүс нутагт нь олдворын нэрэмжит байгууламж болон аялал жуулчлалын цогцолбор байгуулж, олныг хамруулвал Соёлын аж үйлдвэрийн ашиг тус гарна гэж байна.
-“Байгалийн өвөрмөц тогтоцтой газар болон олдворуудын тухай киног хангалттай хийх хэрэгтэй”. Ингэхийн тулд хөрөнгө, санхүүг харамгүй шийдэж өгөх хэрэгтэйг онцоллоо. Учир нь шинэлэг санаа, гойд шийдэл байлаа гэхэд түүнийг урлагийн бүтээл болгон амьдруулахад хөрөнгө, санхүү хангалтгүй байдаг ажээ. Тиймээс үүнийг бодлогын төвшинд анхаарах хэрэгтэй гэв.
-Монголчууд гадаадад болж байгаа урлагийн наадмуудад яагаад заавал очиж оролцох ёстой гэж? Соёлын аж үйлдвэрийг байгуулах ажлын дотор урлагийн төв, байгууламжуудыг барих хэрэгтэйн нэг шалтгаан нь энэ гэнэ. Эх орондоо урлагийн наадам, тухалбал, том кино бүтээлийн наадмыг зохион байгуулвал Монгол орныг зорин ирэх уран бүтээлчид болон аялагчдын тоо нэмэгдэх тухай төслийн багийнхан учирлав.
Энэ үнэхээр ажил хэрэг болж чадвал, энд тэнд тарж бутарсан үзвэр үйлчилгээ, амралт зугаалгыг нэгэн цэгт зангидах учиртай том бүтээн байгуулалт өрнөх нь. Ийнхүү нүсэр мэт их зүйл дурдвал, яг хэзээ газрын хөрсөнд бэхлэгдэж, тэнгэрийн уудамд зүглэх юм? гэсэн асуулт гарч ирнэ. Төслийн багийнхнаас энэ тухай асуувал, 2020 он гэж дуулдлаа. Гэвч энэ нь 2020 он гэхэд л бэлэн болно гэсэн үг биш юм. Энэ хугацаанд дээр дурдсан үйлчилгээ, соёлын газрууд тасралтгүй сүндэрлэсээр байна. Үүнтэй шууд хамааралтайгаар төслийн үр дүнг цаг тухай бүрт нь мэдрэх болно гэж албаныхан тайлбарлалаа.
Төслийн талаар Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар ямар саналтай байгааг тодрууллаа.
-Соёлын аж үйлдвэр гэх том бодлого, бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд та ямар санал бодолтой байна вэ?
-БНСУ-ын Чежү аралд байрлах Байгалийн түүхийн музей Монгол Улсын Байгалийн түүхийн музейтэй харилцаатай байдаг. Ер нь Солонгост 43 музей байдгаас нэг л улсын музей. Бусад нь хувийнх. Харин Монголд шоу, үйлчилгээний газрууд л хувийнх байдаг. Тиймээс Монгол Улс ч гэсэн ховор үнэт олдворуудаа тунхаглан, дэлгэх музейд хувийн хэвшлийнхнийг сайн оролцуулах бодлого бариасай. Энэ хийх гэж байгаа аж үйлдвэртээ энэ талын бодлогыг шингээгээсэй.
-Байгалийн түүхийн музейн барилгын асуудал сүүлд их сөхөгдөх болсон?
-Тийм ээ, мэргэжлийн байгууллагууд нь ирээд Байгалийн түүхийн музейн барилга ослын байдалтай болсон гэж дүгнэлээ шүү дээ. Энэ барилга маань томоохон засвар хийлгүй 60 жил болчихож. Аргагүй л дээ. Барилгыг шинэчлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй болж байна гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр соёл урлагийнхаа салбарт голчлон анхаарч байгаа бол улсынхаа байгалийн түүхийн музейн барилгыг хэрхэх талаар бодлого байгаа байлгүй дээ.
Ийнхүү аж үйлдвэрийг байгуулахын тулд бодлого боловсруулах төвшний яам, агентлагын оролцоо чухлаар барахгүй, хувийн хэвшил, иргэн бүрийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо чухал юм байна. Мэдээж хэрэг. Соёл, амралтын байшин барилгын сүүдэр өдрөөс өдөрт уртаслаа ч хүмүүсийн сэтгэхүй хуурай болвол дээр дурдсан их хөрөнгө салхинд хийссэнээс өөрцгүй. Монголоо илэрхийлэх үндэсний үйлдвэрлэлээ тасралтгүй хөгжүүлж, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй болох нь. Мөн энгийн иргэн бүрийн, тэр дундаа үр хүүхдээ өсгөж буй эцэг эхчүүд соёл, урлагийн ертөнцөд хүүхдээ хөл тавихад нь дэмжиж, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ нь агуу бүтээн байгуулалтын их үйлсэд иргэн бүрийн оруулах хувь нэмэр гэлтэй. Өдрөөс өдөрт алсрах энэ хугацаанд соёлын гэх тодотголтой нэгдмэл тогтолцоог бий болгож чадвал бидний үр хойч сэтгэлийг ариусгагч урлагаар түлхүү өсч торних боломж нээгдэх нь. Юутай сайхан!