Рок попын ертөнцөд хөлж тавьсан загварын гурван бүсгүй шинэ уран бүтээл дээрээ ажиллаж буй. Хамтлагийн ахлагч буюу фото модель Э.Тунгалагтамир болон загвар өмсөгч, мисс О.Пүрэвдулам нартай ярилцсанаа та бүхэнд хүргэе. Харин гурав дахь гишүүн болох загвар өмсөгч, мисс Т.Туяамаа тодорхой шалтгааны улмаас ирж амжаагүй бөгөөд өнгөрсөн зургадугаар сард БНСУ-д зохиогдсон “Miss Аsia pacific world super talent-2012” тэмцээнээс тэрбээр дэд байрын шагнал хүртсэн юм.
-Хамтлагийн тань уран бүтээлээр сонин сайхан юутай вэ?
О.П: -Хамгийн анхны клип маань “One night stay”. Мөн хоёрдугаар сард буюу Валентины баярын үеэр шинэ клипээ үзэгчдэд хүргэсэн. Уран бүтээлийн хувьд олз омог ихтэй, шинэ дуунууд бичүүлж байгаа. Одоо клипжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Хүмүүсийн сонорт хүрсэн “Mad love”дууныхаа клипэнд зориулж, бүжгийн бэлтгэл хийж эхэлсэн. Бас нэг уянгын дуу гаргах гээд үг, аяыг нь ярилцаад явж байна даа.
-Хайрын тухай уянгын дуугаар залуусыг уяраах гэж байна уу, аль эсвэл доргио хэмнэлтэй цоглог бүтээлээр байлдан дагуулах нь уу?
О.П: -Бид ямар нэгэн урсгал, чиглэлд баригдахгүй. Тухайн цаг үеийн хөгжмийн хэмнэл, сонсогчдын хүсэл сонирхлын дагуу уран бүтээлээ хийнэ. Цоглог хэмнэлтэй дуу сонсохыг хүсвэл электро, поп чиглэлээр дуулна гэсэн үг. Сүүлд гаргасан “Худалчхан” дуу маань ерөнхийдөө поп маягийнх шүү дээ. Уянгын дууны хувьд ч гэсэн, шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байна.
-Урын сандаа хэчнээн дуутай болсон бэ. Дуунуудаа хаанаас авч байна?
О.П: -Эхний үед цоглог хэмнэлтэй, электро чиглэлийн дуу хийж байсан. Энэ ч утгаараа, бид “Нэгүн” студийн Оки, Цэрэн гэх мэт залуу уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Сүүлийн үед рок попын ертөнцөд арай илүү шинэлэг зүйл сэдэж, өвөрмөц бүтээл хийж буй хөгжмийн найруулагчидтай хамтарч байгаа.
-“Mongolian music awards-2011” наадмаас электро дэнс дууны төрөлд “Шилдэг клип” шагнал гардсан. Байгуулагдаад удаагүй ч, анхны бүтээлээрээ амжилт гаргасан болохоор их урамшсан байх?
О.П: -Тэгэлгүй яахав. Энэ наадамд анх удаа оролцоод шагнал авна гэж төсөөлөөгүй. Хамгийн анхны уран бүтээл маань ийм том амжилт авчирсанд их бэлэгшээсэн. Наадмын урилгыг хүндэтгэж, гаргасан уриалгыг нь дэмжсэн учраас бид гурав ногоон даашинзаар ижилсэж очсон юм. Анхны клипээ гаргахын тулд хоёр сар зүтгэсэн, хүндрэлтэй зүйл ч цөөнгүй тохиолдсон доо. Харин шагнал авсандаа урамшиж, цаашид уран бүтээлээ улам гоё хийх санаа төрсөн.
-Загварын ертөнц дэх анхны хамтлаг бол “Cherful” нэрээ өөрчилсөн “Glamour”. Тэдний дараа “Sound of kiss”хамтлаг гарч ирсэн ч удалгүй тарсан. “Catwalk” хамтлагийн хувьд, өөрийн гэсэн ялгарах өнгө төрхийг бий болгох нь чухал гэж боддог уу, аль эсвэл?
Э.Т: -Яг тодорхой төлөвлөсөн зүйл байхгүй. Гэхдээ уран бүтээл болон өөрсдийн онцлогт тохирсон хувиралтуудыг гаргана гэж бодож байгаа. Дуундаа уусч, тэр бүх хувиралт, өнгө аяс, хувцаслалт зэргийг их өвөрмөцөөр харуулахыг хүсдэг. Загварын ертөнцөөс гарч ирсэн гэдэг утгаараа энэ талын онцлог, өнгө аясыг уран бүтээлдээ барьдаг.
-Тун удахгүй Европын орнуудаар тоглолт хийнэ гэж сонссон. Энэ шийдвэрийг өөрсдөө гаргав уу, эсвэл урилга авсан юмуу?
Э.Т: -Айхтар сүртэй аялан тоглолт хийх гэж байгаа юм биш шүү. Хүмүүс буруугаар ойлгох вий. Европт амьдарч байгаа монголчууд маань биднийг урьж, багахан хэмжээний тоглолт хийх санал тавьсан. Одоохондоо яг шийдсэн зүйл алга. Бидний хувьд, иймэрхүү санал хүлээж авсандаа баяртай байгаа. Шинээр гараад удаагүй, тэгээд бүр өөрийнхөө улсад хүртэл тайлан тоглолт хийж амжаагүй байж гадаадад уригдана гэдэг маш гоё санагдсан.
О.П: -Тэнд зохиогдож байгаа арга хэмжээний 60-70 хувийг бидний тоглолт эзлэх байх. Түүнээс биш, яг бие даасан тоглолт хийхгүй.
-“One night stay” дууны клипийг тань дэлхийд алдартай “Kazaky” хамтлагийн бүтээлээс хуулбарласан гэх шүүмжлэл гарсан. Энэ үнэн гэж үү?
О.П: -Тийм яриа гарсан байна лээ. Үнэндээ энэ клипийг хийхийн тулд ямар нэгэн зүйлээс санаа авсан юм байхгүй. Яг өөрсдийнхөө сэтгэмжээр хийсэн. Загварын хүмүүс гэдэг утгаараа, бид гурав анхны клипээ илүү загварлаг талаас нь харж хийхийг зорьсон. Хувцас хэрэглэлийн сонголт дээр хүртэл загварын сургуулийн дизайнеруудтай хамтарч ажилласан. Клипний зохиомжийг студийнхэнтэйгээ хамтарч гаргасан шүү дээ. “Kazaky” хамтлагийн клиптэй адилхан харагдсан зүйл нь ердөө л нэг даавуу. Гэтэл тэгж даавуу хийсгэх, намирч буй торгон дотор зогсч байгаа зураглал чинь клип байтугай кино, рекламанд хүртэл харагддаг ердийн үзэгдэл шүү дээ. Ихэнх дуучдын клип, реклам, зурагт хуудас, фото зурганд ч бий. Уг нь бид нар тэгж хийе гэж огт бодоогүй. Ижилхэн загвартай хувцас өмсч, сэнс тавиад зогссон чинь нэг л онцгүй санагдахаар нь “Хувцасныхаа материалаар ингэж дүрслэл гаргавал ямар вэ” гэж ярилцаад хийсэн юм. Түүнийг маань зарим хүн өнгөцхөн дүгнэж, ийм яриа гаргасан байх.
-Та нарыг 9911, 9111-ээс өөр дугаараас дуудлага авдаггүй гэж ярьсан гэх юм. Яагаад тэр вэ?
Э.Т: -Инээдтэй, эсвэл бүр гайхмаар ч юм шиг. Би эзэмшсэн мэргэжлээрээ төсвийн байгууллагад ажиллаж, хажуугаар нь уран бүтээл хийдэг хүн. Ажил амьдралын шаардлагаар олон хүнтэй уулзана. Гэтэл над руу залгасан дугааруудыг зааглаж “Ямар тэнэг дугаар вэ. Ярихгүй ээ” гэх нь утгагүй шүү дээ. Өөрийнхөө амьдралыг босгох гэж яваа залуу хүний хувьд ийм үзэлтэй байж боломгүй. Би ч гэсэн, урьдчилсан төлбөрт дугаарыг их олон жил барьсан. Өнөөдөр хэлбэр хөөсөн, хэв маягтай зууралдсан хүмүүс л биднийг буруугаар ойлгож байгаа. “Эд нар яг л ийм дугаар барьж, ингэж ярих ёстой” гэх маягаар хардаг байх. Машины загвар, утасны дугаар тийм чухал гэж үү.
-Та хоёр сургууль, ажлынхаа тухай сонирхуулаач. Загварын тайз, миссийн тэмцээн гээд л олон зүйлд авьяас чадвараа сорьж явсан шүү дээ?
О.П: -Би өнгөрсөн хавар МУИС-ийн олон улсын харилцааны ангийг төгссөн. Цаашид мэргэжлээ дээшлүүлэхийн тулд үргэлжлүүлж сурна. Одоогийн байдлаар, нэн түрүүнд уран бүтээлдээ анхаарч байна. 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж байлаа. “Гоёл” наадмын шалгарууралтад тэнцэж оролцсоны дараа топ модель Д.Цолмон багшийн шавь болсон доо. “Miss Mongolia-2005”, “Miss sharf-2007” тэмцээн, “Asian model festival awards-2011” наадамд оролцож байсан. Цаашид миссийн тэмцээн бус, мэргэжлийн моделийн ур чадварыг сорьсон томоохон тэмцээнд оролцох бодол бий. Янз бүрийн тэмцээний урилга их ирсэн ч, хувийн асуудлаас болоод орж чадаагүй. Юм юм руу үсчих биш, нэг зүйлээрээ дагнаж амжилт гаргавал илүү үнэлэгдэх байх л даа. Миний царай, бие галбир модель тал руугаа. Тиймээс фото модель юмуу загварын чиглэлээр ажиллана.
-Урьд нь бас “Дурлалын ангууч” кинонд хамт тоглосон. Ахиж ийм санал ирсэн үү?
Э.Т: -Яг хамтлагаараа тоглох санал ирсэн ч тоглох эсэхээ шийдээгүй. Бид нар ямар мэргэжлийн жүжигчид биш. Ганц хоёроороо кинонд тоглоод яахав дээ. Харин хамтлагийнхаа бүрэлдэхүүнээр оролцох саналыг бодолцож үзнэ ээ.
О.П: -Зохиолоо уншиж, тухайн хүний онцлогийг харуулсан дүр байгаа эсэхийг нь харгалзана. Сүүлийн үед моделиуд кинонд тоглож, зөндөө шүүмжлэл дагуулж байна шүү дээ. Өөрсдийн хэмжээнд оролцох, хийж чадах түвшний дүр байвал зөвшөөрөх байх.
-Хагас нүцгэн зураг авахуулах шийдвэрийг хамтдаа гаргасан уу. Та нарын иймэрхүү зураг сэтгүүл, сонины хуудсанд цөөнгүй харагддаг болж?
О.П: -Энэ жил анх удаа сэтгүүлд зориулж, дотуур хувцастай зургаа авахууллаа. Түүнээс биш, биеийн аль нэг хэсэг ил гарсан ч юмуу хагас нүцгэн байдлаар зураг авахуулах, реклам сурталчилгаа болон кино, клипэнд тоглохоос татгалздаг. Бүр ил задгай хувцас өмсөх ч дургүй шүү. Харин бид гурав ямар нэгэн зорилгоор хамаг хувцсаа тайлж, зураг авахуулаад байгаа юм биш. Шинэ, хуучин зургуудыг маань л ашигласан байна лээ. Хэрэв тэгж харагдахыг хүссэн бол аль хэдийнэ зургаа авахуулчихсан байгаа. Загварын ертөнцөд удлаа, зөндөө санал ирсэн ч зөвшөөрч байгаагүй.
Э.Т: -Хагас нүцгэн зураг авахуулсан ч гоо зүй, уран сайхны талаас нь харуулахыг хичээнэ шүү дээ. Би урьд нь хоёр ч зураг авахуулсан. Одоо дахиж тиймэрхүү зураг авахуулна гэж бодож байгаа. Яахав, залуу сайхан байгаа дээрээ ганц хоёр зураг авахуулж яагаад болохгүй гэж. Гэхдээ бүр нүцгэн биш шүү. Маш гоё тачаангуй ч юмуу дотуур хувцастай зураг авахуулахыг үгүйсгэхгүй. Түүнээс биш, бүр тийм секси имиж бүрдүүлчихээд байнга нүцгэн зураг авахуулна гэж байхгүй шүү дээ. Нэг удаа авахуулж үзлээ, тэгээд л болоо. Энэ мэтээр татгалзсан хариу хэлсээр байгаад сонин, сэтгүүлээс ирэх санал ховордсон.
-Тунгаа загвар өмсч байсан уу?
Э.Т: -Тайзан дээр алхаж байгаагүй ээ. Дунд сургуульд байхдаа “Шилмэл загвар”-ын дамжаанд суралцаж байсан юм. Яг загвар өмсөгч болох гэсэнгүй. Тухайн үед алхаа гишгээ маань жаахан эрэгтэйлиг болоод байсан юм байлгүй. Эмээ намайг загварын дамжаанд явуулж, өөрчлөх гэж оролдсон. Түүнээс хойш гадаадад сурч ирээд фото моделийн чиглэлээр ажиллаж байлаа. Загвар өмсөгч хүн бие галбир, царай төрх гээд бүх зүйлээрээ стандарт хэмжээнд байх ёстой гэж боддог. Харин фото модель заавал тийм байх албагүй. Энэ талын санал нэлээд ирдэг байсан учраас сонирхоод ажилласан даа.
-Нэг хэсэг “Шивнээ” нэвтрүүлгийг хөтөлж байсан. Одоо ажиллаж байгаа юу?
–Э.Т: -Өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тэр нэвтрүүлгийг гоо зүйн талаас нь хөтөлж, хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэе гэж зоригтой алхам хийсэн л дээ. Гэхдээ надад муухай санагдаагүй, сурсан зүйл маш их байгаа. Хэсэг хугацааны дараа уран бүтээлээс шалтгаалж, хөтлөгчийн ажлаа орхисон. Түүнээс хойш хоёр ч телевизээс нэвтрүүлэг хөтлөх санал ирсэн шүү. Хэрэв хөтлөгч болохыг хүсч, зорьвол чадах л байх. Энэ бол миний туйлын зорилго биш. Би олон улсын харилцааны чиглэлээр сурч төгссөн. Харин одоо эзэмшсэн мэргэжлээсээ огт өөр, төслийн менежерээр ажилладаг. Сүүлийн үед уран бүтээлдээ анхаараад ажлаасаа чөлөө авчихсан байгаа.
-Дуучид маань найз залуутай болов уу?
О.П: -Би найз залуугүй. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтийн тал дээр бодсон юм алга.
Э.Т: -Найз залуу бий. Манай хүн сурч байгаа. Сургууль соёл, ажил төрөл гээд амьдралаа төлөвлөхийн өмнө хийж бүтээх зүйл их байна шүү.
-Бие биенийхээ онцлог болон сул талыг нэрлээч гэвэл?
О.П: -Хамгийн хөгжилтэй, наргианч зантай нь яах аргагүй Тунгаа. Бас санаачлагатай, сэргэлэн бүсгүй. Туяамаа бид хоёр жаахан дотогшоо талдаа хүмүүс. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлээд бид гурав бараг харцаараа ойлголцдог болсон. Таагүй асуудал гарч, жаахан бухимдуу сууж байхад Тунгаа ирвэл ч хэдхэн хормын дотор инээлгэж дөнгөнө шүү. Сэтгэлийн дэм өгөхдөө сайн болохоор нь “Чи ер нь сэтгэлзүйч болсон нь дээр” гэж цаашлуулдаг юм. Сул талыг нь бодоод олдоггүй ээ.
Э.Т: -Пүүжээ маань юманд их шударга ханддаг. Бусдыг ойлгохдоо сайн, нэлээд тусч. Аливаа зүйлийг хоёр талаас нь харж, дүгнэлт хийдэг зарчимч бүсгүй. Хэрэгтэй үед хажууд байдаг чаддагт нь баярладаг юм. Харин жаахан гомдомхой, зөрүүд байж мэднэ шүү. Сайн талаас нь харвал өөрийнхөө үзэл бодолд үнэнч байхгүй юу. Туяамаа маань ямар ч хүний эвийг олж харьцдаг, энерги сайтай бүсгүй дээ. Өөрт нь эвгүй санагдсан ч юмуу таалагдаагүй зүйлийг ил гаргадаггүй зан нь сул тал гэмээр. Бусдыг гомдоохгүй гэж тэгдэг болохоор сайн тал ч юм шиг. Бид хоёртой бол илэн далангүй харилцана л даа.
Р.Мөнгөн