Орчин үеийн бүжгийн урлаг хүмүүст эрх чөлөө олгож байна. Өөрийгөө мэдэрч чадвал огторгуйд аялж, vvлс хөлөглөж, далайн гvнд шумбана. Загас, өт хорхойн амьдралаар амьдарч, ургамал, чулуу, угалз хээ болж хувирна. Гагцхүү, та хүсэх юм бол шүү дээ.
“Орчин vеийн” гэх тодотголтой боловч бvжгийн энэ урлагийн тvvх өнгөрсөн зууны босгон дээр эхэлжээ. Дэлхий нийтэд “контемпэрари бүжиг” гэдэг нэрээр илүү алдаршсан байдаг. Гэвч бүжиг гэж хүлээн зөвшөөрөгдтөлөө нэлээд “зовлон” туулж. Америкийн бүжигчин Айседора Данканыг энэ төрлийг “загалмайлсан эх” гэх боловч түүх сөхөж үзвэл тэр анхдагч биш бололтой.
1891 онд бүжигчин Лой Фуллер үзэгчиддээ галын урсгалын гайхамшгийг харуулахын тулд тусгайлан бэлдсэн тос түрхсэн торгон хувцас өмсөж, түүндээ гал тавин бүжиглэж байсан гэдэг. Энэ нь тухайн үедээ олныг гайхашруулсан туршилт байсан төдийгүй мань эр шинэ бүтээлдээ зохиогчийн эрх авч амжсан байна.
Гэхдээ л модерн бүжгийг Германд анх үүссэн гэж үздэг аж. Энэ улсад Рудольф фон Лабан гэж элдэвтэй залуу байж л дээ. Бүжиглэхээсээ илүү зурна, жүжиглэнэ, бас адармаатай аялалд дуртай. Тэрээр гэнэт л олны дунд янз бүрийн этгээд сонин хөдөлгөөн хийж үзүүлэх болсон нь хүмүүст яагаад ч юм таалагдаж орхиж. Магадгүй, тайзны бачуухан орон зайнаас үл хамаарч, гэрэл, хөгжмийн тогтсон хэм хэмжээ, бүжгийн техникээс татгалзсан нь тэдний аазгайг хүргэсэн байж мэднэ. Өөгүй сайхан бие, үегүй юм шиг өвөрмөц сонин үйл хөдлөл гээд л энэ бүхэн тэр үеийн бийлэгжүү болон дундаж давхаргынхны үзэж заншсан бүжгээс тэс өөр зүйл байлаа.
Удалгүй энэ төрөл хүчээ авч эхлэв. Ийм зүйл байж болохыг хүлээн зөвшөөрч чадах, оюун санааны эрх чөлөөтэй хүмүүс л тулгын чулууг тавилцсан юм.
Тэд бол Эмиль Жак-Далькроз, Айседора Данкан, Рут Сен-Дени, Марта Грэхэм. Энэ төрлөөр бүр сургууль нээж байж.
Тухайлбал, хатагтай Айседора Данкан бүжгийн шинэ урсгалыг Америкт хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэрээр Ницшегийн философийг дэмжиж, эртний Грекийн бүжгийн хэм хэмнэлийг таашаадаг нэгэн. Бүсгүй үргэлж грек маягаар хувцаслаж хөл нүцгэн бүждэг байсан гэдэг. Мөн сонгодог бүжгийн хатуу дүрэм журам нь байгалийн ёсны эсрэг, жигшүүртэй зүйл гэж үздэг байж. Түүнийхээр бол, эртний Грекийн бүжиг шижир алт төдийгүй шилдэг урлаг, “ирээдүйн бүжиг” аж. Энэ эмэгтэй “Байгалийн жам ёс, зүрх сэтгэлээ дагах” гэсэн шинэ философийг бүжгийн урлагт оруулж ирсэн юм. Гэвч тэр нутагтаа Европт байсан шигээ тийм ч алдартай явсангүй.
Октябрийн хувьсгалын романтикт татагдсан Айседора Данкан 1920 онд Орост анх хөл тавьжээ. Оросын нэртэй яруу найрагчтай гэрлэсэн тэрээр эндээс аз жаргалаа олно гэж найдаж байв. Бас шинэ урсгалаа дэлгэрүүлж чадна гэж итгэж байв. Гэвч түүний санаснаар болсонгүй, учир нь энэ орны ард түмэн хэтэрхий ядуу. Архинд орсон, бисексуалист гэгддэг Есенин ч түүнд хань болсонгүй. Засгийн газрын гишүүд ч амласнаа биелүүлсэнгүй, харин ч хөнгөн сэтгэлтэй бүсгүйг төрхөмд нь буцаахын түүс болж байж…
Модерн бүжгийн хөгжил гараа шигээ сайн байгаагүй юм. Дэлхийд алдартай “Фолькванг” сургуулийг үндэслэгч Лабана Курт Йосс анхдагчдын нэг байсан ч эргээд сонгодог бүжигтээ анхаарал тавих болжээ. Учир нь хүмүүс нэг л ойлгохгүй байлаа. Удалгүй Германд Үндэсний социалист ажилчдын нам хүчээ авсан нь дэгжин дэлгэрэхэд саад болж байж.
Орчин үеийн бүжгийн урсгал Америкт хэсэг саатаж, дэлхийн хоёрдугаар дайны дараа Германд дахин хүчээ аван, Европ даяар тархжээ.
Азид хүртэл дэлгэрч байж. 1950 онд Японд “бүто” хэмээх шинэ төрөл бий болжээ. Үүнийг “Сүүдэр сүнсний бүжиг” ч гэж нэрлэдэг. Үндэслэгч нь Туцуми Хизикато. Тэрээр Америк орон гэхээс илүү бүжиг дэглээч Вацлав Нижинскийн туршилтын нөлөөнд энэ бүхнийг эхлүүлсэн аж.
“Бүто” бүжигчид театрын давчуу, баригдмал орчин болон бүжиг дэглэгчдээс татгалзаж эхэлжээ. Хөл нүцгэн гүйлдсэн тэд бие махбодоо мэдрэмжээр дүүргэхийг илүүд үзэх болж. Харин биеийн хөдөлгөөний гоо сайхан тийм ч чухал зүйл биш байв.
Ганцхан “бүто” ч биш юм. 1960-аад оны эхээр цоо шинэ, шинэ урсгалууд бий болж эхэлжээ. Олон янзын ёс заншил, үндэстэн ястны холимог орчин энэ бүжгийн төрлийн нэг онцлог байх болж.
Энэ үеэс л анхны модерн бүжигчдийн мөрөөдөл ерөнхийдөө биелсэн гэж хэлж болно. Учир нь энэ бүжгээр дамжуулан хэдэн мянган орон зай бий болж, тус бүртээ өөр өөрийгөө илэрхийлэх арга барилтай болж байв. Өөрөөр хэлбэл, газар орон, ёс заншил, хэл соёлын зааг арилснаар хорио цээр гэсэн ойлголт үгүй болсон аж. Зүйрлэх юм бол, чех гаралтай, англи боловсролтой, Голландад амьдардаг хүнтэй ижил гэсэн үг. Жишээ нь, “бүто”-д бүжигчин нь ухаан суусан, ахмад настай байх тусмаа сайн. Иржи Килиан гэгч бүр бүжгийн “ахмад дайчид”-аас бүрдсэн чуулга хүртэл байгуулжээ. Мерс Каннингем хэмээх бүжигчин 80 хүрсэн хэрнээ тайзнаас буусангүй, өнөө хэр нь модерн бүжгээ хийсээр л явна. Уг нь ном ёсоороо бүжиг гэдэг залуу хүний хийх ажил биз.
1970-аад онд модерн бүжиг Европт улам бүр хүчээ авчээ. Сонирхогчид ч олноор гарч ирж. Тухайлбал, Ян Фабр. Найруулагч, илбэчин, бүжгийн ямар ч боловсролгүй хэр нь хүмүүс түүнийг үзэх дуртай. Белгийн “контемпэрари бүжиг”-ийн гол үзэл сурталч гэгдэх болсон.
Яагаав, дойч эр Рудольф фон Лабаныг санаж байна уу. Бас л мэргэжлийн бус. Эмиль Жак-Далькроз гэхэд хөгжимчин, хөгжмийн зохиолч. Ер нь дуртай хүн бүхэн л бүжгээр “занимальдах” болсон аж.
Энэ төрөлд биеийн галбир гол биш. Погжий, эсвэл горзгор, махлаг ч байсан болно. Зүс царай ч чухал биш. Филипп Декуфле гэгч франц эр циркийн элемент оруулснаар гаж царай, эв хавгүй бие энэ удаа харин ч зол, давуу талд тооцогдож байна. Ер нь энэ бүжигт орой, хязгаар, хэм хэмжээ гэж үгүй.
Өнөөдөр энэ бүжгийн нэр төрлийг яс махчлан ойлгоход амаргүй. Энэ нь мэдээж сэтгэлгээний цараатай холбоотой байх л даа.
Free dance, Expressionist dance, Ausdruckstanz, Postmodern dance, Contemporary dance л гэнэ. Postmodern dance гэхэд дотроо contemporary dance, dance improvisation, contact improvisation, dance for camera, dance technology гэхчлэн олон янз. Бас австрали, европ, канад, белги, америк маягийн гэж төрөлжинө.