Нөгөө талаар урд хөршид бэрлэж, төд удалгүй охиныхоо ааваас дуулиан шуугиантайгаар өрх тусгаарласан хайрын дууч, хонгор ялдам Сэлигийн фенүүд сайхан монгол эрийн галыг манаж, цайг чанаасай гэж хүсдэг бололтой юм. Тэднийг холбож бичсэн өдрүүдэд манай сэтгүүлийн редакц алхам тутамдаа Хакухо, Сэрчмаа хоёр үнэн үү гэх асуулттай тулгарч байлаа. Тиймээс үнэн мөнийг тодруулахаар "Гранд үнэн" буландаа дуучин С.Сэрчмааг утсаар урьж, цөөн асуултанд хариулт авсан юм.
-Сайн байна уу, Сэрчмаа. "Гранд" сэтгүүлээс ярьж байна. Сэтгүүлийнхээ "Гранд үнэн" буландаа таниас тодруулга авч, цөөн асуултад хариулт авах гэсэн юм. Таныг охиныхоо аавтай эргэж нийлж байгаа, эсвэл бүрмөсөн салсан гэж нэг хэсэг шуугисан. Сүүлд Хакухо М.Даваажаргалтай үерхэж байгаа, суух магадлалтай гэж хэвлэлүүд бичиж байна. Энэ үнэн үү?
-Уран бүтээлч бидний хувийн амьдрал хүмүүст сонирхолтой байдаг байх. Эмэгтэй хүн бүр хувийн амьдралаа ярих дургүй байдаг. Гэхдээ энэ асуултанд хариулт өгөх хэрэгтэй байх гэж бодлоо. Би сумогийн аварга тэр хүнийг амьдралдаа телевизээр л харж байснаас биш хувь хүнтэй нь танилцаж ч байгаагүй. Хүмүүсийн хэлдгээр амьдаар нь ч хараагүй юм байна /инээв/.
-Тэгвэл яагаад тийм сенсааци дэгдсэн юм бол? Та юу гэж бодож байна?
-Яагаад ийм мэдээ гарсныг хэлж мэдэхгүй байна. Миний талаар ташаа мэдээлэл олон гардаг. Тэрний нэг жишээ байх.
-Таныг Монголын ард түмний бахархал болсон аваргатай суугаасай гэж хүсэх олон хүн байдаг бололтой. Магадгүй тийм хүсэл бодлоос ийм яриа гарсан юм болов уу?
-Би мэдэхгүй байна. Бие биенээ танихгүй, тус тусдаа гэр бүл зохиосон хоёр хүнийг холбож бичих надад үнэндээ таатай санагдаагүй.
-Нууц биш бол та болзож байгаа юу?
-Ээжийнхээ үүргийг илүүд үзэж байгаа. Охин маань нялх байна.
-Таны охин Хураа том болж байгаа юу? Хэний асаргаанд даатгаж байгаа вэ?
-Охин маань том болж байгаа. Миний хувьд хамгийн үнэтэй эрдэнэ маань учраас би өөрөө өсгөж байна.
-Ингэхэд энэ зуныг яаж өнгөрүүлж байна? Амарч чадаж байна уу?
-Монголын маань зун сайхан болдог болохоор хөдөө явж охиныгоо байгальтай танилцуулахыг хичээж байгаа. Гэхдээ уран бүтээлч болохоор цаг зав бага л байна.
-Уран бүтээлийн сүүлийн үеийн сонин хачинаасаа хуваалцаач?
-Сүүлд DJ Шамантай хамтарч "Хайр бид хоёр" гэдэг шинэ дуу гаргасан. Бас Хэрлэнгийн үг Буян-Өлзийгийн ая "Сэтгэлийн тэнгис" шинэ дуунууд гаргалаа. "Мон АСЕ" энтертайнмент дээр хоёр дуундаа клип хийлгээд дуусч байна. "Мон ACE””-ийн Тэмүүлэнтэй хамтарч та бүгдийн сайн мэдэх "Хавар" дууг дуулсан.
-Уран бүтээл болоод хувийн амьдралынхаа ойрын хугацааны төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу?
-Цаг нь болохоор тоглолт хийх бодолтой байгаа. Тэгэхээр сонсогчиддоо зориулсан сайн чанартай уран бүтээлийг хийхийг хичээж байна. Мөн албан ёсны фэйсбүүк хаяг нээгдсэн. Энэ фэйсбүүкийнхээ хуудсаар сонсогчидтойгоо уулзаж өөрийн уран бүтээл хувийн амьдралын талаарх мэдээ мэдээллүүдийг хуваалцаж байх болно.
–Баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Эх сурвалж: Гранд сэтгүүл