Хятадын Шэнжэнь хотод зохион байгуулсан дэлхийн бүжгийн спортын тэмцээнд “Викторий” клубийн бүжигчид амжилттай оролцоод иржээ. Манай бүжигчид тэмцээний гурван төрөлд өрсөлдсөнөөс стандарт ангилалд 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар Гран при хүртсэн байна. Тэмцээнийх нь талаар Р.Учралтай ярилцлаа.
-Дэлхийн бүжгийн спортын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Бүжгийн талбайд гараад сандарсан уу?
-Бага зэрэг л сандарсан. Б.Тэнүүн бид хоёр өмнө нь зохиосон дэлхийн цомын тэмцээнд оролцсон туршлагатай. Тийм болохоор энэ удаагийн тэмцээнд аль болох амжилт гаргахын төлөө хичээсэн. Бэлтгэл сургуулилтаа өдөр бүр хийсэн учраас итгэлтэй байлаа. Мөн тэмцээний өсвөр, залуучуудын насны ангилалд оролцсон ах, эгч нар маань ч финалд шалгарсан. Дэлхийн бүжгийн спортын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн тэмцээнд оролцоод анхны Гран при хүртсэндээ баяртай байна. Азидаа чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг тэмцээнд амжилт гаргахад тусалсан “Викторий” бүжгийн клубийн Ганзориг багшдаа баярлалаа.
-Стандарт төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны оролцогчид байв?
-Орос, Хятадаас оролцсон бүжигчид стандарт төрлийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Стандарт бүжиг бусдыгаа бодоход хэцүү. Бүх л зүйлийг тогтоосон журмаар гүйцэтгэх ёстой. Тиймээс бидний насны ангилалд харьцангуй бага бүжигчин өрсөлддөг. Харин латин бүжгийн төрөлд олон бүжигчин оролцсон. Хэдийгээр амжилт гаргаж чадаагүй ч дээгүүр байрт шалгарсан. Цаашдаа стандартаар хичээллэхийн зэрэгцээ латин бүжгээр илүү сайн хичээллэнэ.
-Та хоёрын ангилалд Монголоос өөр бүжигчид оролцсон уу?
-Стандарт төрөлд биднээс өөр бүжигчин оролцоогүй.
-Танай эгч тэмцээний өсвөр насны ангилалд оролцсон. Та хоёр бүжгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Би бүжгээр таван жил хичээллэсэн. Харин манай эгч хоёр дахь жилдээ хичээллэж байна. Эгчтэйгээ бэлтгэл сургуулилтаа хамт хийхэд сайхан санагддаг. Нэг нэгнээсээ их зүйл сурдаг. Хааяа эгч маань надад заана. Заримдаа би ч гэсэн эгчдээ тусалдаг.
-Тэмцээний үеэр олон найзтай болсон байх?
-Олон орны бүжигчинтэй танилцсан. Мөн тэднээс их зүйлийг сурлаа. Б.Тэнүүн Орос гуравдугаар сургуульд сурдаг болохоор Оросоос оролцсон бүжигчидтэй сайн танилцсан байх. Тэмцээний явцад тэдэнтэй илүү дотно нөхөрлөсөн. Мөн мэргэжлийн бүжигчдийн тэмцээнийг үзсэн. Сэтгэл хөдлөөд, тэр эгч, ах нар шиг бүжиглэхийг мөрөөдсөн.
-Өмнө нь ямар уралдаан тэмцээнд оролцож байсан бэ?
-Стандарт, латин төрөлд улс, хотын гурван удаагийн аваргаар шалгарч байсан. Мөн Хүүхдийн спортын IV наадамд оролцож алтан медаль хүртсэн. Харин сая авсан Гран при дэлхийн чанартай тэмцээнээс авсан анхны шагнал байлаа.
-Бүжгийн стандарт төрлийн талаар найз нартаа тайлбарлаж өгөөч?
-Латин, стандарт таван төрөлд бүжгийн спорт тулгуурладаг. Стандарт нь намуухан аянд урсч бүжиглэдэг төрөл юм. Удаан бүжиглэдэг вальсын төрөл ч гэж ойлгож болно. Стандарт төрлөөр хүүхдүүд бага хичээллэдэг. Харин латин бүжгийг хүүхдүүд амархан сурдаг. Тиймээс энэ төрөлд оролцогчдын тоо ч их байдаг.
-Анх бүжгээр хичээллэхэд ямар санагдаж байв?
-Цэцэрлэгт байхаасаа л бүжгээр хичээллэсэн. Ээж маань цэцэрлэгийн багштай ярилцаад намайг бүжгээр хичээллүүлэхээр шийдсэн юм. Би анхандаа дургүй байсан. Дараа нь бүжгийн гол алхмуудаа сураад хичээллэх сонирхолтой болсон. Одоо стандарт төрөлдөө бүжиглэх дуртай.
-Ирээдүйд чадварлаг бүжигчин болохыг мөрөөддөг үү?
-Одоохондоо ямар мэргэжилтэй эзэмшихээ шийдээгүй байгаа. Ямартаа ч бүжгээ орхихгүй. Бүжгээрээ хичээллэж, олон уралдаан тэмцээнд оролцоно.
-Ямар хичээлдээ дуртай вэ?
-Монгол хэлний хичээлд хамгийн дуртай. Сайн эзэмших ёстой гэж боддог. Зарим хүүхдүүд монгол хэлний хичээлд дургүй байдаг. Харин надад бусад хичээлээс илүү сонирхолтой санагддаг юм.
-Ангийнхандаа бүжиг зааж өгдөг үү?
-Би Нийслэлийн III сургуульд сурдаг. Хааяа сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог. Манай ангийн хүүхдүүд бүжгээр хичээллэх сонирхолгүй юм шиг санагддаг юм. Ялангуяа хөвгүүд урлагийн үзлэгт орох гэхээр бүжиглэдэггүй. Харин охидууд бүжиглэх дуртай. Хааяа надаас яаж бүжиглэх талаар асуудаг.
-Одоо ямар тэмцээнд оролцох вэ?
-Дэлхийн бүжгийн цомын тэмцээнд орох гээд амраагүй. Одоо хэсэг хугацаанд амрах байх. Тэгээд бэлтгэл сургуулилтаа хийж байгаад Эрхүүд зохион байгуулдаг тэмцээнд оролцоно.
Б.Сэлэнгэ