-Та угсаа гарлынхаа талаар ярина уу?
-Архангай аймгийн Чулуут сумтай ээжийн талаараа холбоотой. Ээж минь Цэрэндэжидмаа гэж хүн байсан. Ээжийн аав Минтэг гэж улсын заан бөх байсан. Ээж залуудаа нас барсан учир эмэг эх Сүнжидмаа өвөг аав Минтэг нарын гар дээр өссөн. Шаравжамбалын Сүнжидмаа гэж Дэлгэр Хануй / Хуурай Хануй / талын хүн байсан. Өвөө улсын заан болоод буцаж явах замдаа эмээтэй таарч эхнэрээ болгон авч байсан түүхтэй ажээ.
Аав минь Булган аймгийн Баян агт суманд төрсөн Боржигон овогт Жамбаа гэж геологич хүн байсан. Аавын аав нь Хувьт гэж тухайн үедээ "шилийн сайн эр байсан" хүн байжээ. Хүүхдээ тэжээж чадахгүй болж хүнд өргүүлжээ. Өргөж авсан хүн нь Бадам гэж удган хүн байжээ. Эцгээсээ асууж энэ бүхнийг мэдэж авсан юм. Ээжийн талын төрөл садан гэвэл Няндав тайжийнхан гэж байсан. Няндав тайжийнх 4 хүүтэй тэдний нэг Бадамгарав тайж багаасаа ном эрдэмийн мөр хөөж томоохон хийдүүдэд шавилан сууж байгаад Дундговь аймгийн Луус суманд байсан мамба дацангийн лам байжээ. Бадамгарав тойны дүү Төмөр тайж ахыгаа говиос нутагт нь хүчээр шахуу авч ирж байжээ. Говиос ирэхдээ хэдэн тэмээтэй ирсэн нь энэ нутгийн анхны тэмээ болсон түүхтэй.
Бадамгарав тойн Чулуутын "Улаан овоонд" дуган босгон тахилга сүлдтэй болгожээ. Няндав тайжийн нөгөө хоёр хүүхэд нь Цэнджав тайж Мэнтэг заан нар юм. Би эх Мэнтэгийн Цэрэндэжидмаагаас одоо бол ганцаараа байна. Няндав тайжийн эцэг нь Банди тайж энэ удмын дээд өвөг нь юм. Банди тайж ах дүү хоёулаа байсан бололтой Лодой гэдэг хүү нь ямар нэгэн асуудал үүсгэн Тува руу гарчээ. Банди Лодой нарын эцэг нь Ганжуур тайж гэж байсан бөгөөд Ганжуурын эцэг Гармаа ноён нь Цогт хун тайжийн 4-р хүү болой.
-Та яаж байгаад гэмтсэн бэ?
-1997 оны 9 сарын 11-нд Чулуутын хавцалд хадны сүг зураг хайж яваад сул чулуун дээр гишгэн унаж хүнд гэмтэн тархины гэмтэл авч гараа хугалсан. Би гэмтсэндээ баярладаг өмнө нь буруу замаар будаа тээн цаг үеийн үнэлэмжээр их өндөрлөгт гарч амжилт бүтээл гарган явах байсан ч /тэр үед СУИС -ийн захирал байсан/ харин Мөнхтэнгэрийн гэсгээл, ивээл ерөөлөөр санамж авч би жинхэнэ цэвэр уран бүтээлч, ясны урлагийн хүн болох, жинхэнэ хүнээрээ байх зам мөрөө бүрэн сонгосон гэж бодож байна.
-Зураач болох гэж шийдсэн тухайгаа яриач.
-Багадаа зураг зурж байсан. Цэцэрлэгийн багш минь намайг 6 настай байхад хамгийн анхны урмыг өгч байлаа. Багш нарын хэлсэн оновчтой үг хүний ирээдүйг хардаг. 4-р ангид байхад МПО-ны Энхболд багшийн дугуйланд эмээ минь оруулсан. 8-р анги төгсөөд ДУДуС-д элсэлт авч байна гэхээр нь шалгуулж тэнд орсон. Тэр үеээс л зураач болохыг зорьж зургийн авъяастай юм байна гэдгээ ойлгосон. Зураач болчихоод зураг зурж байхдаа би л бүгдийг зурдаг зохиодог өөрийн ухаанаар хийдэг амжилт гаргаж байна гэж боддог байсан. Гэмтээд ухаангүй байдаа би зүүд мэт амьдралаар амьдарсан. Би урд насныхаа амьдралыг эдгэж сэргээд эмч нарт ярьтал, тэд намайг сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэж бодсон. Далд ертөнц, зөн билгийн сонин хүчтэй би тэр үед их холбогдон, хүн гэж эзэнтэй юм байна гэж ойлгосон. Гэмтээд боссоны дараа эмээ намайг юм мэддэг хүнд үзүүлэхэд тэр сонин хачин амьдралын тухай өөрөө дотроо л хадгал хүнд бүү ярь, нийгэм, хүмүүс ойлгохгүй юм байна, гол зүйлээ нууцлан хөгжүүл, бод сэхээр, далд эзнээрээ удирдуулж амьдар, хүний нийгэмд бол тэр жишгээр нь амьдар гэсэн, тэр зөвлөгөөг нь дагасан нь ч зөв болсон. Би цаанаас өгсөн эзний тушаалаар амьдарч уран бүтээлээ хийн амьдарч байна. Урлагийн хүн бөө мэт сүнслэг орчинд ертөнцийг бошгологч болж амьдардаг, өөрийн хувийн амьдрал гэж байдаггүй юм шиг…
-Та энэ насныхаа гол бүтээлээ хийсэн үү?
-Насны бүтээлээ хийгээгүй, надад маш олон сэдэл санаа байгаа мэдээллээ боловсруулах, зурах, хийх бүтээх зүйл маш их байна.
-Хүсэл мөрөөдлийн тухай.
-Өнчин өрөөсөн, өрөөсгөл амьдрал, хүнд мөрөөдөл зорилго, бодол бясалгал бий болгож илүүтэй ихээр хий ертөнцтэй холбодог юм.
-Таны амьдралын утга учир зорилго чинь юу вэ?
-Миний энэ насны амьдралын утга учир зорилго чадвар суусан зураач учир Хөрст эх газраас Мөнх тэнгэр хүртлэх сүнслэг ертөнцийг уран бүтээл, уран зургаар илэрхийлэх үйлс юм. Залхуурч зорилгоосоо няцвал шийтгэл ирдэг. Энэ бүхэн миний амьдралын утга учир. Би тухайн цаг үе, урлаг
судлаач, хэрэгцээнд зориулж зурдаггүй.
-Аз жаргал гэж юу вэ?
-Амгалан тайван байх, уран бүтээлээ хийх, уран бүтээлээр өөрийн таашаал, аз жаргалыг мэдрэх, гадаад ертөнцтэй өөрийн амьдралаа харьцуулж, хэрэглээнд шүтэх нь зовлонгийн туйл юм. Сэтгэлийн хүсэл хэмжээ хязгааргүй түүнийг номхотгон барих, дарах хэрэгтэй. Зураач, уран бүтээлч хүн болж төрөх асар хэцүү, үүн дотроо Монгол хүн болж төрөх нь гайхалтай хувь заяа юм шүү. Уран бүтээлч хүн бол онцгой гайхамшиг, тэд тэнгэрлэг ертөнцийн тэнгэртэй холбогдох арга замаа олсон байдаг.
-Боловсрол хүний хөгжлийн тухай та юу хэлэх вэ?
-Боловсрол хүний хөгжлийн гарааны суурь, өөрийгөө илэрхийлэх хэл болдог, бүтээх, хөгжүүлэх чадвараа бадраахгүй бол цааш явахгүй. Урлаг, шинжлэх ухаан зэрэгцэн хөгждөг. Бодол, сэтгэл, ухаарал, танин мэдэхүй, сэрэхүй, сонин орчилд байдаг. Монголчууд эрдэм боловсролоороо Чингис хааны үе шиг дэлхийг байлдан дагуулах хэрэгтэй. Ийм суурь чадвар монголчуудад бий. Л.Гумилёв "Монголчууд сансарын туяаны ивээл ерөөл доорх ард түмэн" гэсэн байдаг. Тэнгэрийн эрчим хүчний төв дэхь үндэстэн, их гүрний хагалан бутаргах иш онолд авталгүй байгаасай, сэтгэгчид нь ядахдаа битгий төөрөөсэй. Монголын хэзээч халдах ёсгүй удам ураг бол Түрэг /Туркчүүд юм/ Бүх Монгол туургатан нэгддэг бол агуу их асар том үндэстэн байхсан.
-Таны амьдралын үнэт зүйл юу вэ?
-Миний амьдралын үнэт зүйлс зураачийн мэргэжил, амьдралын утга учир юм.
-Хайр сэтгэлийн тухай?
-Анхны хайр нь анхных гэсэн утгаараа хурц илэрдэг агуу юм шиг санагддаг. Уг нь хайр сэтгэл гэнэт ирдэг зүйл бус, дотроо хадгалан, хүндэлж мөрөөдсөн хүнээсээ олж авдаг зүйл.Хүн өөртөө таалагддаг хүнээ олж авч, санаа сэтгэл нэгдэн амьдрахад гэнэтийн ирдэг зүйл тэр үед гэгээн хайр сэтгэл урсан орж ирдэг. Хамт амьдрагч чамд таалагдаж байхад гадаад дотоод шинж, мөн чанар, ааль ааш, зан чанар, үзэл, амьдрал нийцэх цагт орж ирдэг бадардаг зүйл юм. Энэ бол ухамсартай хариуцлагатай хайр сэтгэл юм даа.
-Нүүдлийн ба суурин иргэншлийн тухай.
-Би Улаанбаатарын төв халх хүн. Монголын нийслэл Улаанбаатар хотод бүх төрлийн эрчим энерги төвлөрдөг. Энерги эрчим хүчний хаялга их байдал, урлаг соёлын төвлөрөл энд байдаг нь уран бүтээлч хүнд чухал юм. Соёл бол ёс зан үйл юм. "Сонгож олсон ёсыг лавшруулах" гэсэн үгийн товчлол ч гэж болно. Суурин иргэншлийн нэг давуу тал нь урлагтай харьцах боломж, хүн урлагийг бий болгож, түүнийг амьдруулах орчин бүрдэж байдаг. Б.Ринчин "Монголчууд дан ганц нүүдлийн бус хосолмол соёл иргэншилтэй байсан гэдгийг монгол орон дахь бүх л археологийн дурсгалаар илэрхийлж болно" гэжээ. Улаанбаатарт үүрдийн ч юм уу зуурдын ч юм уу суурин соёл иргэншил төвлөрч энэ бүхэн хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хадгалж сан бүрдүүлдэгээрээ онцлог давуу юм.
Монголчууд бол хэзээч ажилчин анги болж чадахгүй ард түмэн. Одоо үлдсэн монгол угсаат ард түмэн бол үндсэндээ язгуурын үлдэж тунасан ард түмнүүдийн цөм юм. Монголд байсан бүтээлч хэсэг нүүж амьдрал дагасан, Пакистан дахь 40 сая Могол хүмүүсч ийм нүүдэлчид юм. "Татар Монголын цус гүйгээгүй орос хүнийг ямар орос хүн гэх вэ" гэж агуу М.В.Ломоносов хэлжээ. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг л Монгол гэж ялгана уу гэхээс худлаа цээжээ дэлдэх, мах иддэг байх,цус ясаар ангилах нь үнэн биш юм.
Шири Шири Чинамой, Чаки Чан хүртэл Монгол гаралтайгаараа бахархан Монголчуудыг Японд сурган Сумог өндөр түвшинд гаргасан. В.Путин Монгол гарал угсаатайгаа нуулгүй Оросын “Георгийн одон гэдэг нь Чингис хааны одон гэдэгтэй утга нэг" гэж хэлж байжээ. / Бат хааны нууц хүү Александр Невскийн одонг эх орны дайны үед гаргаад Монгол угсаатайгаас нь болж Сталин дүрийг нь өөрчлүүлэн хийлгэж байжээ. Дайны үед гарсан "Александр Невский" киног ч цензурдаж байсан/ Монгол ген дэлхийгээр нэг тарж дэлхийн асуудлыг шийдэхэд нөлөөлж байна. Гадаадын удамт хүмүүсийн генд Монгол цус байдаг. Байлдан дагуулсан улс орны нь хаад гүнж охид эмсээ Монгол хаад цэргийн жанжнуудад барьдаг байснаас гадаадын элит юмуу язгуурлаг хүрээнийхэнд Монгол цус холилдсон байдаг байна. Монгол газар нутаг нь улс үндэстнийг бий болгодог ард түмэн гэж судлаачид үзэж байна. Жишээ нь, Алтай язгуурын үндэстэн Турк, Солонгос, Тайланд гэх мэт.
-Таны итгэл үнэмшил идеал шүтээн.
-Эртний Монголын уламжлалаар Мөнхтэнгэр миний шүтээн юм. Энэ харагдах хөх тэнгэр биш сүнс оюун санааны төвлөрөл эзэн гэсэн утгаар нь ярьж байна. Язгуурын Монголчууд сүнслэг хий орчин дээд оюун санааг Тэнгэр гэж нэрлэдэг байжээ. Цаад сүнслэг тэнгэрийн эзэн нь хэн байхав хэн зохицуулах вэ? гэдэг нь сонин. Хүн хүн өөрийнхөөрөө тэнгэрт хүрэх замаа сонгодог. Мөнх тэнгэрийн дор 44 хөх, 55 хан тэнгэрүүд байдаг.
-Нар, сар, байгаль, танин мэдэхүй одот орчлонгийн тухай.
-Hap cap од хэний өмч вэ? Хүн энэ бүхний хажууд юу билээ. Хүн гэхдээ галактикийг оюун санаандаа багтаадаг аугаа ертөнц, хүний чакранууд агуу ертөнцийг агуулж байдаг цэгүүд юм.
-Таны хүмүүст хэлэхийг хүсдэг үг.
-Хүмүүсээ битгий жижиг жалгын үзэл гарга. Бид чинь Их Монгол улсыг байгуулсан тэнгэр заяат үндэстний үр сад учир өргөн хүрээнд сэтгэж амьдрах ёстой. Яруу найрагчдыг тэнгэртэй ойрхон хүмүүс гэж боддог. Би тэдний далд учир шалтгааныг тайлах, бодох сайхан байдаг, ямар нэгэн юмны учир ухааныг мэдье гэвэл яруу найрагчидтай нөхөрлө, яруу найргийг унш. Тэд уг нь хайрлагдах ёстой хувь тавилантай улс. Монголчуудад зориулж хэлэхэд Тэнгэрийн ивээлд тэнгэртэй ойрхон төрсөн хүмүүс л тэнгэртэй харьцаж урлаг, соёл, шинжлэх ухааны нээлт хийх бололцоотой хүмүүс шүү гэдгийг хэлье.
-Урлаг шинжлэх ухаан, хүрээлэн байгаа орчны тухайд.
-Шинжлэх ухаан урлаг хоёр зэргэлдээ ертөнц байдаг гэж би дээр хэлсэн. Шинжлэх ухаанд нээлт хийгчид хий санааг толгойгоороо хүлээн авч дүгнэлт нээлт хийдэг. Дээд ертөнцийн санааг зүрхээрээ дамжуулж илэрхийлж нээдэг нь урлаг юм. Зүрх бол сэтгэл, сүнслэг эрчим хүчтэй холбоотой. Үнэндээ бол толгой оюун ухаантай, зүрх сэтгэлтэй, аарцагны ясан дахь сүнс дээд өвөг дээдэс удам угсаатай холбоотой байдаг.
-Эрүүл мэндийн талаарх таны бодол.
-Амьд байх эрүүл байх хамгийн чухал зүйл.Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалтыг байнга хий. Өвчин тусахаасаа өмнө эрүүл мэндээ анхаар.
-Мөнгөний тухайд.
-Нийгэмшсэн хүнд хэрэгтэй зүйл. Өөрийн хэр хэмжээгээрээ олсон мөнгөндөө ханах асуудлаа зөв зохицуулах нь чухал. Бүх юманд сэтгэл дүүрэн хангалуун бай. Хүсч зоривол их мөнгөтэй болж болно.
-Амьдралдаа сэтгэл дүүрэн дундуурын тухайд.
-Би амьдралдаа хангалуун сэтгэл дүүрэн байх гэж тэмцдэг, буруу зөв аль аль нь байсан. Хувийн идэвхтэй тэмцэл гол биш, бүх зүйлийг хүлээн зөвшөөрч ойлгосноос хойш амьдралдаа сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрах болсон. Өөрийгөө зовоохгүй жаргалтай талаасаа билгэдэн ерөөх нь зөв.
-Яруу сайхны тухайд.
-Хүмүүнлэг ойлголт юм. Урлагаас тусдаа юуг яруу сайхан уянгалаг дээд гэхэв гэдэг асуудал байна. Үнэмлэхүй бурхадын яруу сайхан биш өөрийн бодлын яруу сайхнаас ч чөлөөлж, чөлөөт яруу сайхнаар урлагийг илэрхийлэх нь тэнгэрийн яруу сайхны ойлголт юм. Яруу сайхныг өөртөө бий болгож түүндээ баригдаж болохгүй.
Д.Батмөнх