Өнөөдөр 10.00 цагт Монголын Үндэсний музейд “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих Юнеско-гийн төслийн нээлт болно. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах юм. Эхний ээлжинд Улаанбаатар хотод дөрвөн сургалт зохион байгуулж, музейн үндэсний сургагч нарыг бэлдэж, эдгээр бэлтгэгдсэн үндэсний сургагч нар хөдөө орон нутагт мөн сургалт зохион байгуулах аж. Ёслолын ажиллагааны нээлтийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хөтлөн явуулах аж. Нээлтийн үйл ажиллагаанд Cоёл, Спорт, Аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл , Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дарга Абхиманю Сингх, Монголын Үндэсний Музейн захирал Ж.Саруулбуян нар оролцоно.
Э.Сувд