
“The Bootleg Beatles”-ийн блиц:
Гарал үүсэл: Английн Лондон хот
Байгуулагдсан он: 1980
Гишүүд: Дэвид Кэтлин Бирч (Пол МакКартни, басс гитарчин, дуучин), Андре Баррау (Жорж Харрисон, гитарчин), Адам Хастингс (Жон Леннон, гитарчин, даралтат хөгжимчин, дуучин), Хюго Дегенхард (Ринго Старр, бөмбөрчин)
Тоглолт: Тус хамтлагийн тоглолт голдуу таван хэсгээс бүрддэг. Тухайлбал:
I-"Beatlemania conquers the world" (1963-1965)
II-"The end of touring and recording; two songs for Liverpool" (1966)
III-"The psychedelic explosion" (1967)
IV-"Magical mystery touring and a Yellow Submarine" (1967)
V-"Apple, Abbey Road and the rooftop finale" (1968-1969)
“Tribute band” дурсамж хамтлаг хэмээх ойлголт “рок-н-роллын давалгаа” буюу 1960-аад оноос үүссэн юм. Тухайн үед Элвис Пресли, “Beatles”, “Led Zeppilin”, “Deep purple”, “The Rolling Stones” тэргүүтэй рок одын фэнүүд шүтээнийхээ бүтээлийг хуулбарлан тоглох болжээ. Алдрын оргилд хэдийнэ хүрсэн уран бүтээлчдийг хуулбарлан тоглосноор амжилтад хүрнэ гэдэг амаргүй. Магадгүй энэ бол боломжгүй зүйлсийн нэг. Тийм ч учраас дурсамж хамтлаг бол “галзуу фанат”-уудын л хийдэг ажил мэт. Дэлхий даяар өдгөө мянга мянган дурсамж хамтлаг шүтээнүүдээ дурссаар байна. Зарим нь шүтээнүүдтэйгээ зэрэгцэн бүтээл туурвих нь ч бий. Тэр дундаас хамгийн олон дурсамж хамтлагтай уран бүтээлчдийн нэг нь “Beatles”. Албан ёсны бүртгэлтэй, байнга уран бүтээл туурвиж, тоглолт хийдэг “Beatles хуулбар”-ын тоо өдгөө 127-д хүрчээ. Тус хамтлагуудас хамгийн алдартай, амжилттай нь ирэх сард монголчуудтай уулзах гэж буй “The Bootleg Beatles” юм. 1980 оны гуравдугаар сараас тасралтгүй тоглож буй тус хамтлаг дөрвөн гишүүнээс бүрддэг. Түүнчлэн тэд тоглолт бүртээ найрал хөгжимтэй хоршдог юм билээ. Үүсэн байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар нийт 4000 гаруй тоглолт хийсэн нь амжилтынх нь нэг баталгаа.
Түүх анх дөрвөн найз сургуулийн үдэшлэгт хамтран “Beatles”-ын дуунуудаас тоглосноор эхэлжээ. Тэгэхэд алдарт дөрвөл хэдийнэ салж, өөр өөрсдийн уран бүтээлээ хийж эхэлсэн байв. Үүний дараа “The Bootleg Beatles” ЗХУ-д хэд хэдэн аялан тоглолт хийсэн нь амжилт олж, Ойрхи Дорнод, Энэтхэг хүртэл үргэлжилжээ. Байгуулагдсанаас 10 жилийн дараа тэд “Beatles”-ын 1965 онд Их Британи дахь сүүлийн аялан тоглолт хийсэн газруудаар зочлон, тоглолт хийсэн нь ур чадварыг нь баталсан гэж хэлж болно. Алдарт “Oasis” тэднийг тоглолтдоо урьсан бөгөөд тэр цагаас хойш “The Bootleg Beatles”-үүд Бон Жови, Род Стюарт, Дэвид Бови, Игги Поп нартай нэг тайзнаа мөр зэрэгцсэн юм. Английн хатан хаан II Элизабет “The Bootleg Beatles”-ыг 2002 онд Букингэмийн ордонд зохион байгуулсан үдэшлэгтээ урьсан нь нэр хүндийг нь илтгэнэ. Түүнчлэн тэд “Beatles”-ыг дурсахаас гадна Род Стюарт, Кайли Миноу, Стив Вондер, Робби Уилльямс, Ринго Старр нарын уран бүтээлчтэй хамтран ажилладаг юм билээ.
Мэдэхгүй нэгэн нь энэ төрлийн хамтлагуудыг ердийн нэг дуурайн тоглогчид хэмээн үзэж болох юм. Харин тэд хэдэн арван жилийн турш хөгжмийн ертөнцөд оршин тогтнож, зарим нь хэдийнэ алдар хүнд, амжилтад хүрсний хариулт нь зөвхөн дурсамж. Тэд хүмүүсийг өнгөрсөн цаг руу нь аялуулж, дурсамжийн утсыг нь дахин хөглөдөг ч байж болох юм.