“Сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” гэдэг үгийг хэлэх дуртай нэгэн бол УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар. Тэрбээр саяхан энэ ажлаа хүлээж аваад тyн завгүй явна. Ярилцлага авах гэж буйгаа утсаар мэдэгдэхэд “Тун ч завгүй байна даа. Хэд хоногоос уулзвал яасан юм бэ” хэмээн цааргалсан. Тэглээ ч “Би таны ажил руу яваад очъё” гэж хэлж нэг юм зөвшөөрүүлэв. Намайг очиход тэрбээр уншлагын танхимдаа уран бүтээлчидтэйгээ хурал хийж байв. Хаалгаар шагайвал түүний дуу л хадна. Ойрд тоглох жүжгийнхээ талаар ярилцаж байгаа бололтой.
–Ажил их байна уу?
-Харин тийм ээ. Дөнгөж сая хурал хийгээд тарлаа. Одоо гадуур ажилтай. Хоёулаа ярилцлагаа шуурхайлчихъя. Дарга дуудаад байна.
–Та угаасаа л их завгүй хүн. Ерөнхий найруулагчийн албыг аваад бүр их ажилтай болж байна уу?
-Тушаал нэмэгдэхийн хэрээр ажил ихэснэ. Тиймээс ихсэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь зөв менежментээр ажиллах хэрэгтэй.
–Та театртаа зориулж хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Уран бүтээлчидтэйгээ хамтарч суут зохиолч Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр өвөл цагийнхаа нээлтийг хийнэ. Энэ л миний тус албан үүргээ авсны дараах ууган бүтээл болох нь. Үүгээрээ үзэгчдэдээ бэлэг барина даа. Надтай хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид маань ч гар нийлж байгаа.
–Олон жил хамтарч ажиллаж байгаа болохоор хэн хэнийхээ занг харцаар нь шахуу ойлгодог байлгүй?
-Тийм. Бид чинь нэг гэр бүлийн хүмүүс. Тэгж мэдрэхээс ч яах вэ дээ.
–“Гамлет” жүжиг өмнө манай улсад тоглогдож байсан. Тэр жүжиглэлтээс хэр өөрчлөгдөх бол…
-1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар 1980 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав гуай энэ жүжгийг олны хүртээл болгосон. Тухайн үед үзэгчдийн дунд шуугиан их тарьсан. Ер нь олон улсын найруулагчид энэ жүжгийг төрүүлэхдээ нэлээд сенсааци үүсгэж байсан гэдэг. С.Галсанжав гуайг найруулахад дүрүүдэд Ардын жүжигчин Л.Жамсранжав, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглосон. Их ч сайхан болж байлаа. Гэхдээ тэр үетэй өнөөгийн нийгмийг харьцуулахад тэс өөр болсон. Тиймээс би энэ үетэй ойртуулах гэж оролдсон. Гэхдээ монгол хувцас өмсгөж биш шүү. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүний хувьд аль болох чөлөөтэй сэтгэхийг эрмэлзсэн. Модерн талдаа тоглуулна. Оросын нэг найруулагч улсдаа тоглуулахдаа модерн тал руу тоглуулж байсан юм билээ.
–С.Галсанжав гуайн найруулгыг та үзсэн үү?
-Үзсэн. Гэхдээ тэр үед бага байсан болохоор найруулна чинээ бодож байсангүй.
–Энэ жүжгийг дэлхийн бүтээл гэж хэлж болно. Учир нь олон орны найруулагч “хүүгээ” болгодог. Та энэ агуу бүтээлийг өлгийдөх гэж байгаадаа өөрийгөө хэр их бэлтгэгдсэн гэж бодож байна вэ?
-Би хийнэ гэсэн зүйлээ гүйцэлдүүлж байж л санаагаа амраадаг. Тиймээс өөрийнхөө хэмжээнд хийхийг хичээнэ. Харин сайхан, муухай болсныг үзэгчид болон уран бүтээлчид тунгаана. Би өөрийгөө сайн бэлдсэн. Өөрөө өөрөөсөө айхгүй байна. Шинэ үе эргэх бүрт дэлхийн шилдэг найруулагчид энэ бүтээлийг өөрийнхөө сэтгэхүйгээр илэрхийлсэн байдаг. Би ч мөн адил.
–Та бүтээл бүрээрээ хүмүүст нэгийг бодогдуулдаг. Энэ удаа юуг өгүүлэх бол…
-Хамгийн гол нь хүн хүнээрээ байхын тулд яах ёстой бэ, зөв зохистой амьдарна гэж юуг хэлдэг юм, хүний мөн чанар болон зан байдал гэж юу юм бэ гэдгийг өгүүлнэ. Өнөөгийн нийгэмд хэн нэгэн аль нэг даргыг харж улыг нь долоочих гээд байгаа хэрнээ өөрөөсөө дооших зиндааны хүнийг нэг нүдээрээ ч харахгүй байна шүү дээ. Ийм зан чанартай хүн үзвэл зүгээр. Өөрийгөө мэддэг хүн аягүй бол харамсалтай нь үзэхгүй байх л даа.
–Тэгэхээр манай улсын иргэдийн зан байдалд зүй ёсоор нийцэж байна гэсэн үг үү?
-Манай улсын иргэд олон жил Оросын школтой явсан. Одоо ч тэр зан нь арилаагүй. Та гадуур явахдаа Европ стандартаар баригдсан барилгууд байгааг харсан биз дээ. Тиймээс энэ мэтчилэнгийн Европ жүжиг үзэгчдэд ойлгомжгүй санагддаггүй. Харин ч тод. Иймд би энэ жүжгийг монголчлоогүй. Европ төрхийг харуулна. Хамгийн гол нь Монгол сэтгэлгээтэй байх ёстой. Үүнд л би бүхий л анхаарлаа хандуулж байгаа.
–Энэ жүжгийг далд утгатай гэдэг. Ийм зохиолыг найруулахад хэр бэрхшээлтэй байдаг вэ?
-Бэрхшээл байхгүй. Би энэ зохиолоос хүн юуг хайрлах ёстой вэ, хүн чанар гэж юу юм бэ гэдгийг ойлгосон. Тиймээс үүнийг тодоор гаргахыг чухалчилсан. Ер нь аливаа бүтээлээ хар зургаар нүдэндээ тусгачихвал найруулахад улам хялбар болдог л доо.
–Хөгжим, зургийг ямар уран бүтээлч гүйцэлдүүлж байгаа вэ?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх хөгжмийг нь бичиж байгаа. Зураачаар манай театрын ерөнхий зураач Б.Ганхуяг, бүжиг дэглээчээр “Сарны чулуу” чуулгын найруулагч Т.Төгсөө нар ажиллана. Уран бүтээл хийе гэсэн хүсэлтэй залуустай ажиллах сайхан байдаг юм. Тэднээс эрч хүч авч байгаа юм шиг санагддаг.
–Дүрүүдэд хэн тоглох вэ?
-Жүжигчдийнхээ хүсэл сонирхлыг харж жүжигчдээ сонгосон. Сонгодог бүтээлд ажиллана гэдэг уран бүтээлч хүнийх нь чин эрмэлзэл болохоор ийм сонголт хийсэн юм. Гол дүр буюу Гамлетэд С.Болд-Эрдэнэ, Гамлетийн ээж Гертрудад гавьяат жүжигчин У.Уранчимэг тоглох бол Плонид гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Портенпранст жүжигчин Г.Түвшинхүү нар тоглоно. Ирэх арваннэгдүгээр сард манай театрын төрсөн өдөр болдог. Төрсөн өдрөөрөө нээлтээ хийнэ. Тэр үеэс бидний энэ жүжгийг ямар болсныг та бүхэн ирж мэднэ биз ээ.
–Энэ таны хэд дэх бүтээл болж байна вэ?
-30 гаруй байх. Би ерөөсөө тоолдоггүй.
–Таныг би өмнөх бүтээлүүдээсээ илүү их ач холбогдол өгч байгаа болов уу гэж бодож байна?
-Жил бүр бүтээсэн бүтээлүүддээ ач холбогдол өгч хүүхэд шигээ хайрладаг. Өөр өөрийн гэсэн онцлогтой ч гардаг. Энэ жүжгийн хувьд дэлхийн ноён оргил бүтээл болохоор таны хэлж байгаа зөв бололтой. Дэлхийн ноён оргилыг сонгоно гэдэг дэлхийтэй барилдаж байгаатай адил. Унаж, давсныг үзэгчид хэлнэ.
–Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн ажлыг өвлөж авсан болохоор театртаа их зүйл хийхээр төлөвлөж байгаа байлгүй. Хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Өмнөх ерөнхий найруулагчийнхаа хийж байсан ажлыг улам чанаржуулж үргэлжлүүлнэ. Мөн гадаад харилцааг хөгжүүлнэ. Жуулчдыг театртаа татах зорилго тавина. Спортын салбар өнөөдөр сайхан хөгжиж байна. Оролцдоггүй тэмцээн ч ховор болж. Урлагийн салбар үүнээс юугаараа дутах бэ, адилхан л үзэлцэнэ. Олон улсын наадамд оролцохыг аль болох чухалчилна. Тэгвэл уран бүтээлчдийн маань ч чадвар улам нэмэгдэнэ.
–Гадаадын уралдаанд оролцох боломж хэр байдаг вэ?
-Байлгая гэвэл болохгүй зүйл байхгүй шүү дээ. Байлгана л гэж бодож байгаа даа.
–Ерөнхий найруулагч, найруулагч хоёрын ялгаа байна уу?
-Найруулагч хүн зөвхөн уран бүтээлдээ санаагаа зовооно. Харин ерөнхий найруулагч бүхэл бүтэн театрт хэмээх айлд санаагаа чилээнэ. Үүгээрээ л ялгаатай. Дээрээ Н.Цэрэнсамбуу гэдэг даргатай ч түүнтэй адил бие, сэтгэлээ зориулж ажиллах хэрэгтэй.
–Тэр зовлонг одоо мэдэрч байна уу?
-Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа болохоор мэдэрч амжаагүй л байна. Удахгүй мэдрэх биз (инээв).
-Та СУИС-ийн мюзиклийн ангид багшлах гэж байгаа гэсэн үү?
-Тийм. Энэ урлаг дэлхий даяар хөгжсөн. Манай улс үүнд анхаарлаа улам их хандуулах хэрэгтэй.
–Танай театраас жүжгийн уралдаан зарласан гэсэн. Энэ талаар сонирхуулаач?
-Орчин үеийн жүжгийн уралдаан юм. Манай театр нэг хэсэг түүхэн болон гадаадын алдарт жүжгийг тоглосон болохоор дээрх төрлийн жүжиг үзэгчдэд сонирхолтой санагдах байх. Мөн ирэх 10 жилийн төлөвлөгөөнөөсөө эхний таван жилийнхийг нь тодорхой болгож байгаа.
–Ч.Найдандорж найруулагч театртаа ажиллаж байгаа юу?
-Ажиллаж байгаа.
–Төв аймгийн театрын даргаар очиж байгаа сураг байсан. Тус театрын дарга урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг УДЭТ–т даргаар ажиллаж урлагийн гавьяат зүтгэлтэн танай театрын дарга Н.Цэрэнсамбуу шинэ соёлын яам байгуулагдахаар тийшээ орох сураг байсан. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй. Сонсоогүй юм байна.
–Таныг театрынхаа өмнөх талбайг худалдаж авч машины зогсоолыг томсгох гэж байна гэж сонссон?
-Та яаж мэдэв ээ. Би ажилчидтайгаа энэ талаар зүгээр л яриад өнгөрсөн юм. Яг авах гэж байна гэж яриагүй шүү дээ. Яг үнэндээ манай театрын өмнөх машины зогсоолд машин багтахгүй байгаа биз дээ. Нэг оруулчихвал таглараад авч болохгүй болчихно. Ямар сайндаа манай театрын жижүүр ах хашлагны хашааг нь албаар авч байх вэ дээ. Би “Яагаад энэ хашааг авч байгаа юм бэ” гэсэн чинь “Ургаж байгаа ч биш, үгүй ч биш зүлэг байснаас үүн дээр нэг машин зогсч байг” гэж байна билээ. Бодох нь ээ зөв ч юм шиг. За ах нь одоо даргын өрөө рүү орлоо. Яараад байна.
У.Баярсайхан