Зөрөөд өнгөрөх тэрхэн зуур
Зүрх сэтгэлд гэгээ татсан
Хүнээс илүү төрсөн
Аавын охин байх юм аа…
Бага байхад энэ дуу байсхийгээд л радиогоор эгшиглэдэг байлаа. “Охин” хэмээх энэ дууг уянгалаг сайхан хоолойтой нэгэн дуучны дуулснаар анх сонссон. Тэр цагаас хойш энэ дууг өөр дуучид дуулахыг олонтаа сонссон боловч анх “амьдруулсан” тэр л дуучны дуулснаар сэтгэлд хоногшин үлджээ.
Тэр дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог байсныг хожим мэдэж билээ. Тэрбээр мөн ч олон дууг байгалиас заяасан чадварлаг сайхан хоолойгоороо уянгалуулж, олон хүний сэтгэлд “мөнхжүүлж” чадсан. Гэвч тэр бүр тайзан дээр гарч дуулаад, жил бүр тоглолт хийж, цомог гаргаад байдаггүй. Хувийн студи, “Nature sound” дуулаачийн курс ажиллуулж, уран бүтээлээ туурвин, эгэл даруухан амьдардаг. Түүнийг уншигчидтайгаа уулзуулахаар студийг нь зорилоо.
Бид нам гүм орчин, нар туссан цэлгэр том цонхны хажууд тухлан, гавьяатын дуулах дуртай эх орон, ижий аав, гэр бүлийнх нь талаар ярилцсан юм.
-Цагийн аясаа даган, хүн бүрийн сэтгэл тэнийсэн намрын сарын эхээр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Уран бүтээлийн олз омог их л биз дээ?
-Дуэт, солист, “Хөх тэнгэр” хамтлагийн дуунууд, жааз болон поп урсгалын таван цомог гаргахаар ажиллаж байна. Нэг цомогт хамгийн ихдээ 14 дуу багтаж байгаа. Сүүлийн 10-аад жилд хийсэн уран бүтээлүүдээ нэгтгэж, хуучны зарим дуугаа цоо шинэ стиль жанрт оруулж дууллаа. Жааз болон поп урсгалын цомогт ихэвчлэн цоо шинэ дуунууд орж байгаа.
-Удаан хугацаанд чимээгүй явсны эцэст уран бүтээлээ нэгмөсөн тайлагнахаар шийджээ?
-Би “Загасчны морь усгүй” гэдэг үлгэрийн биеллийг удаан харууллаа. Өөрөө студитэй, продюсер хүн хэрнээ бие даасан цомог гаргаж байсангүй. Тиймээс үр хүүхэд, миний дуунуудыг сонсож, дагаж дуулдаг хүмүүст мөнхөрч үлдэх юмтай болъё. Нөгөөтэйгүүр би цомог гаргана гэж олон жил ярьсан. Энэ яриагаа ажил хэрэг болгоё гэж бодлоо. Олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн учраас олон болчихлоо. Дахиад ч цомог гаргах дуунууд үлдсэн.
-Таван цомог багцаараа худалдаалагдах уу?
-Үгүй ээ. Тус тусдаа худалдаалагдана. Таван цомгоо зэрэгцүүлж бариад, босоогоор нь харвал “Дашка” гэдэг нэр харагдах болно. Цомгууд таван өөр өнгийн хавтастай. Гэхдээ Дашка гэдэг нэр нийлэх талаас өнгө нь харагдахгүй. Цомог бүрийг гарсан даруйд нь худалдаж авч хадгалаад, нэрийг минь бүтэн болгож болно.
-Сонин шийдэл байна. Үсэг тус бүр дээрх өнгө утга илэрхийлэх үү?
-Би нэлээд сонгодог өнгөнүүд сонгосон. Харин таван цомгоо уран бүтээл хийгдсэн он жилийн дарааллаар нь гаргахаар төлөвлөж байгаа.
-Ямар өнгө таны сэтгэлийг илэрхийлж чадах бол?
-Миний сэтгэл янз бүрийн өнгөтэй. Хүн насныхаа байдлаас шалтгаалаад хоорондоо ялгаатай сэтгэж, өөр өөр дуулдаг. Тэр бүхнээсээ маш их зүйл мэдэж, ойлгодог. Он жилүүд залуужиж, тэр хэрээр хүн амьдралын нарийн ширийнийг мэдэрдэг. Би энэ л утгыг бодож, амьдралын өнгийг тодорхойлмоор байна. Хүн ихийг сурч мэдэх тусмаа зөөлөн болдог юм шиг санагддаг. Гэхдээ хатуу ширүүн зан араншинтай, сэргэлэн цовоо хүмүүсийн сэтгэлийн өнгө улам хурц болдог байж магад.
Миний хувьд бага залуу байхад хурц байсан өнгөнүүд маань амьдралыг ойлгож мэдрэхийн хэрээр зөөлөрч байх шиг санагддаг. Тиймээс ч сүүлийн үед эх орон, байгаль дэлхий, хайртай бүхнээ магтан дуулсан уран бүтээл их туурвиж байна. Уран бүтээлийг бараан талаас нь харж, хүнд хүргэж болохгүй. Уран бүтээл бүхэн хүнд гэрэл гэгээтэй энерги өгч, амьдрах итгэлийг нь бадрааж байх ёстой. Тиймээс ч би сайн сайхан юм бүхнийг дуулах дуртай.
-Сайн сайхан зүйлс таны сэтгэлийн нандин утсыг хөнддөг байх нь?
-Аливаа уран бүтээл амьдралаас л үүддэг. Харж, ойлгож, мэдэрсэн үйл явдлууд маань нэлээд хугацааны дараа сэтгэлд гэнэт харваж орж ирдэг. Үүнийг хүмүүс онгод гэдэг. Уг нь бол хүнд үргэлж мэдрэгдэхгүй, далд байсан мэдрэмж л гэнэт сэдэрч байгаа хэрэг шүү дээ. Хоёр шинэ цомгийн маань ихэнх дуу миний үг, ая. Найм, есөн жилийн өмнө зохиосон ч дуулж, олны хүртээл болголгүй, хадгалчихсан дуу нэлээд бий. Ер нь уран бүтээлүүд хоорондоо алслал сайтай болбол аялгуу буюу үгийн хувьд цус ойртдоггүй. Би толгойгоо нэлээн сайн цэвэрлэж байж, дараагийн уран бүтээлээ эхэлдэг учраас ойртоогүй, хол аялгуутай, өөр өөр өнгө аястай дуунууд зохиож чаддаг гэж боддог.
-Таныг хүмүүс уран бүтээлчийнх нь хувьд сайн мэддэг. Харин хүмүүсийн мэддэггүй Б.Дашдондог ямар хүн байдаг бол. Сонин байна?
-Хүмүүс миний амьдралын нарийн ширийнийг мэдэхгүй л байх. Гэхдээ гадаад төрх, байр байдлыг маань хараад зан араншинг минь гадарладаг болов уу. Мөн чаддаг болоод чаддаггүй зүйлсийн маань тухай өөр өөрсдийнхөөрөө бодож эргэцүүлдэг биз. Надад бусдад гайхуулах сонин содон зүйл байхгүй. Загасанд явах, кино үзэх дуртай. Зүгээр суухыг тэвчдэггүй. Одоо байгаа амьдрал болон хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддаг. Хийж байгаа зүйлээ төгс сайхан хийхийг хамгийн их хүсдэг. Эх орон маань илүү сайхан, зөв голдрилоор хөгжөөсэй. Ард түмнээ аль болох бага зовоож, сайхан амьдруулаасай гэж боддог. Нийгмийн байдлыг хараад байхаар бухимдмаар зүйл олон байх юм. Зам тавихаас эхлээд хийж байгаа ажлууд нь дандаа хүний нүд хуурсан. Хүмүүс ихэвчлэн дахин дахин хийж мөнгө олох зорилготой, өөрийгөө хуурсан юм хийж байна. Хүн энэ яваа насандаа их мөнгө цуглуулаад яах юм бэ. Аваад үхдэг бол, банкныхаа бичгийг бариад эргээд төрдөг бол хамаагүй, цуглуулж болно. Даанч тийм биш юм.
Энэ яваа насандаа аль болох ихийг хийж бүтээх хэрэгтэй. Бид тэнгэрт одсон ч энэ төрөлдөө эргээд л ирнэ шүү дээ. Эргээд ирэхэд хоосон шавартай булгаас өөр юмгүй, гуйлгачин орон биднийг угтвал яана. Тиймээс үр хүүхдэдээ ихийг зааж сургаж, эрдэм боловсролыг ахиухан өвлүүлж үлдээх хэрэгтэй. Хүмүүс бусдаас илүү баян тансаг амьдрахыг л хүсээд байх шиг санагдах юм. Хүн их мөнгөтэй болох тусмаа гай зовлонд илүү өртдөг. Би байгаа амьдралдаа л сэтгэл хангалуун байдаг.
-Зуслангийн газар, хэдэн давхар хаустай болъё гэж боддоггүй гэж үү?
-Хотоос жаахан зайдуу газар хоёр давхар байшин барья гэж бодож байгаа. Нас тогтохоороо тэндээ очиж амьдарна. Цөөн хэдэн малтай болж, айргаа уугаад, хааяа нэг загасанд явж, цэвэр агаарт тайван амьдрахыг хүсч байна. Үүнээс илүү юу хэрэгтэй юм бэ. Үр хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлнэ. Тэгж чадвал тэд маань хожим сурч эзэмшсэн мэргэжлээрээ өөрсдийн амьдралаа бүтээх болно. Хүн зовлон үзэх тусмаа л ихийг ойлгож, илүү чанга амьдардаг.
-Хүмүүс уран бүтээлчдийг маш их мөнгө олж, түүнийгээ хурааж хуримтлуулаад суудаг. Зарим нь үрэлгэн зангийнхаа гайгаар олсон мөнгөө юм болгож чаддаггүй байх гэж боддог?
-Би одоо амьдарч байгаа байраа хүүдээ үлдээнэ. Хүү маань хүсвэл миний студийг залгамжилж авна биз. Хүсэхгүй бол хүссэн ажлаа л хийг. Хүүхдэдээ их хөрөнгө үлдээнэ гэдэг түүнийг тэр хэмжээгээр тэнэг болгодог. Мөнгө хөрөнгөтэй зарим хүн их ухаантай зүйл хийж байна л даа. Хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгт анхаарч, үнэтэй сургуульд сургаж байна. Гэхдээ тийм хүн тун цөөн.
-Ярианаас тань “Өнөөгийн Монгол таны сэтгэл зүрхэнд оршдог эх орноос нэлээд зөрдөг юм байна” гэж ойлголоо?
-Улс орон хөгжиж л байна. Гэхдээ үүнээс ч илүү хөгжих цаг хугацаа өнгөрсөн. Хүмүүс аливаа ажлыг хамаатан садан, ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд хийгээд байна уу гэж бодогдох юм. Аливаа зүйлд стандарт байх ёстой. Зөвхөн зам тавих ажлын тухай л ярья. Анхнаас нь стандарт тогтоох хэрэгтэй. Нэг зам тавьсан бол дор хаяж тавин жил тэр замдаа санаа зовохгүй байх ёстой. Би дөрвөн жилийн өмнө Шилийн гол руу явахдаа хоёр том хотыг дайрч өнгөрсөн юм. Эхний жил ганцхан зам л байсан. Өөр юу ч байгаагүй. Дараа жил нь байшин баригдаад эхэлчихсэн. Хот байгуулагдаж байсан. Тэнэг хүн ч хажуугаар нь яваад өнгөрөхдөө л ойлгочих стандартыг монголчууд хийж чадахгүй байна гэдэг үнэхээр өрөвдөлтэй.
Хүмүүс Улаанбаатарт бүгд шамбааралдчихсан. Энэ хотод сул чөлөөтэй орон зай алга. Одоо хотоо зүлэгжүүлэх, замжуулах, гэрэлтүүлэг нэмэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хурдан галт тэрэгтэй болгочихвол хотоос 100 км зайтай, эрүүл агаартай газар амьдрахыг хүсч байгаа хүн олон бий. Энэ мэтээр яривал олон зүйл байна.
-Кинонд тоглох гэж Шилийн голыг зорьсон бил үү?
-Тийм ээ. Өвөрмонголын номер нэг уртын дуучин Лхажав гэдэг хүний тухай өгүүлсэн “Өвгөн шувуу” кинонд тоглохоор явсан юм. Их сайхан тослог, уянгалаг хоолойтой дуучин байсан. 90 гаруй насандаа бурхан болсон юм билээ. Өнгөрсөн гуравдугаар сард киноны нээлт болсон. Хятадын олон хотод гарч байгаа. Тав, зургаан кино наадамд оролцож, гурван ч шагнал хүртсэн. Сайхан бүтээл болсон. Мөн жүжигчин Р.Анхнямтай хамтарч, “Тэнгэрийн салхи” 21 ангит киноны гол дүрд тоглосон. Киноны зарим анги хийгдээгүй байгаа.
-“Өвгөн шувуу”-г Монголд гаргах уу?
-Хятадын бүх хотод зочилсныхоо дараа Монгол руу ирэх байх.
-Та бас найруулагч Б.Амарсанаагийн “Хүний хүүхэд” киноны гол дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан?
-Өгүүлэмж их сайтай, сайхан кино болсон. Даанч ард түмний маань сонирхдог, шохоорхдог юм өөр болжээ. Мелодрам гэхээсээ инээдмийн киног илүү үздэг болж. Энэ их стресстэй амьдрал дунд хүн өөрийгөө арай өөрөөр харахыг, мэдрэхийг хүсдэг биз дээ.
-Өнөөгийн залуусыг залуу цагийнхтайгаа их харьцуулдаг бололтой?
-Тэгэлгүй яах вэ. Өнөөгийн залуус аливаа юмыг хэтэрхий өнгөц хардаг болчихож. Их, дээд сургуулиуд хүүхдүүдэд юу заадаг нь эндээс тодорхой харагдаж байна. Мэргэжил гол биш шүү дээ. Хүн болж хүмүүжих асуудал л хамгийн чухал. Энэ талаарх сургалтыг илүү хийгээсэй. Хүний мөс, чанар гэдэг зүйл үгүй болжээ. Бид багадаа настай хүмүүсээ хүндэтгэж, тэднээс их эмээдэг байлаа. Гэтэл өнөөдөр юм бүхэн хэтэрхий нээлттэй болж. Даанч энэ нь буруу. Социализмын үед хүн бүр хувийн хэрэгтэй байлаа. Тэр нь хүнийг худлаа хэлж, хулгай хийж, хуурч мэхлэх зэрэг бүх муу зүйлээс хөндийрүүлж чаддаг чухал зүйл байсан юм. Тэр зүйлийг сэргээмээр байна.
-Эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлэхдээ онож байна гэж боддог уу. Эсвэл ямар нэгэн алдсан зүйл бий юу?
-Зарим зүйлд алдсан байх аа. Хэт зөөлдөөд байна уу гэж бодогддог. Хэт зөөлдөөд байхаар хүүхэд буруу тийшээ эргэчих гээд байдаг. Тиймээс хааяа хатуурхах хэрэгтэй.
-Таныг их зөөлөн хүн л гэж боддог шүү дээ?
-Би хатуурхаж чаддаггүй юм аа. Учирлаж ойлгуулахыг л илүүд үздэг.
-Хүүгээ хараад “Би ийм л хүүхэд байсан даа” гэж бодогддог уу?
-Миний болон хүүхдүүдийн маань амьдарч байгаа орчин хоорондоо их ялгаатай. Бид багадаа спорт, урлагаар л хичээллэдэг байлаа. Юм ч их ховор олддог байж. Тиймээс олдсон юмаа хэтэрхий их нандигнадаг байлаа. Одоо бол бүх юм элбэг дэлбэг, ил задгай. Хүүхдүүд юуг ч тоохгүй, цамаан болжээ. Хүн тарчигхан амьдрал дунд л жинхэнэ хүн болж хүмүүждэг юм шүү дээ.
-Та юуг хамгийн их нандигнаж хайрладаг вэ?
-Хүнд байдаг хамгийн эрхэм нандин хувийн зүйл бол үр хүүхэд, гэр бүл, аав, ээж юм.
-Таны хүн чанарыг хамгийн ихээр “гозолзуулдаг” зүйл гэвэл?
-Худлаа хэлж, хулгай хийх гээд байгаа хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй өөдөөс нь өрвөлзмөөр санагддаг. Би урагшаа тэмүүлэх хүсэл ихтэй хүн. Хойшоо хараад, эргэж буцаад байдаггүй. Болж л өгвөл урагшаа дайраад давшаад байхыг хичээдэг.
-Өөрийгөө “өчүүхэн юм” гэж бодож байв уу?
-Хүн их өчүүхэн амьтан гэдгийг би мэдэрч, ойлгодог. Миний хань гадагшаа хэсэг хугацаанд явахад л надад их хэцүү байдаг. Хийж байгаа ажил хүртэл цалгардаад л. Өөрөө тэмүүлээд хийгээд байгаа юм шиг хэрнээ хийж чадахгүй, мэдээгүй байсан олон зүйлийг минь өөр хүмүүс хийж гүйцэтгэж байдаг. Хүн төгс биш. Хийх ёстой зүйлээ л хийж чаддаг. Хийж чадахгүй зүйлийг нь ойр дотныхон нь нөхөж явдаг юм байна гэдгийг ойлгосон.
-Цомгоо удахгүй хэвлэлтэд явуулах гэж байгаа юм байна. Таны тоглолтыг хүлээж байгаа хүн олон байгаа байх?
-Би олон жилийн хугацаанд уран бүтээл гэж зорьж, юм хийсэнгүй. Нэг ёсондоо уран бүтээлийн бодлогогүй л юм хийгээд явсан байна. Эргээд харахаар ихэнх нь уянгын дуу. Энэ ч утгаараа тайзан дээр гараад дуулъя гэхээр сэтгэлд арай л хүрэхгүй байна. Улиг болсон дуунууд дуулмааргүй байна. Тиймээс ард түмний хүсдэг нэлээд хэдэн шинэ дуу хийснийхээ дараа чанартай тоглолт хийнэ. Дандаа амьдаар дуулна. Дуугаа маш олон хувилбараар, илүү сонирхолтой болгоно. Ингэж байж үзсэн хүмүүст ч, тоглосон надад ч бас амттай болно шүү дээ.
Понограммтай дуулдаг дуучин, түүнийг нь сонсоод хааяа нэг алга ташдаг тоглолтоос үзэгчид бүрэн таашаал авч чадахгүй. Би понограмм дээр дуулахаас ичдэг. Аргагүй үед понограммтай дуулахаар айгаад, хойшоо л ухраад байдаг юм. Үзээд гарсан хүн бүр “ёстой” гээд тагнайгаа ташаад байдаг тоглолт л хийхийг хүсч байна. Хүссэн зүйлээ бүрэн төгс хийчихсэн хүний сэтгэл хүртэл өөрийн эрхгүй хөвсөлзөөд байдаг шүү дээ.