Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Дашдондог: Аваад үхэх биш, их мөнгө цуглуулж яах юм
Үндэсний хөгжим

Б.Дашдондог: Аваад үхэх биш, их мөнгө цуглуулж яах юм

Урлаг Урлаг05/09/2012Сэтгэгдэл байхгүй10 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dashdondog7078617622012-09-05-10-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зөрөөд өнгөрөх тэрхэн зуур
Зүрх сэтгэлд гэгээ татсан
Хүнээс илүү төрсөн
Аавын охин байх юм аа…
Бага байхад энэ дуу байсхийгээд л радио­гоор эгшиг­лэдэг байлаа. “Охин” хэмээх энэ дууг уянгалаг сайхан хоолойтой нэгэн дууч­ны дуулснаар анх сонссон. Тэр цагаас хойш энэ дууг өөр дуучид дуулахыг олон­таа сонссон боловч анх “амьдруулсан” тэр л дууч­ны дуулснаар сэтгэлд хоногшин үлд­жээ.
Тэр дуучин бол Монгол Улсын гавьяат жүжиг­чин Б.Дашдондог байсныг хожим мэдэж билээ. Тэрбээр мөн ч олон дууг байгалиас заяасан чадварлаг сайхан хоолойгоороо уянгалуулж, олон хүний сэтгэлд “мөнхжүүлж” чадсан. Гэвч тэр бүр тайзан дээр гарч дуулаад, жил бүр тоглолт хийж, цомог гаргаад байдаггүй. Хувийн студи, “Nature sound” дуулаачийн курс ажиллуулж, уран бүтээлээ туурвин, эгэл даруухан амьдардаг. Түүнийг уншигчидтайгаа уулзуулахаар студийг нь зорилоо.

Бид нам гүм орчин, нар туссан цэлгэр том цонхны хажууд тухлан, гавьяатын дуулах дуртай эх орон, ижий аав, гэр бүлийнх нь талаар ярилцсан юм.

-Цагийн аясаа даган, хүн бүрийн сэтгэл тэнийсэн нам­­рын сарын эхээр тан­тай уул­заж байгаадаа баяр­­­тай бай­на. Уран бү­тээлийн олз омог их л биз дээ?
-Дуэт, солист, “Хөх тэнгэр” хамтлагийн дуунууд, жааз болон поп урсгалын таван цомог гаргахаар ажиллаж байна. Нэг цомогт хамгийн ихдээ 14 дуу багтаж байгаа. Сүүлийн 10-аад жилд хийсэн уран бүтээлүүдээ нэгтгэж, хуучны зарим дуугаа цоо шинэ стиль жанрт оруулж дууллаа. Жааз болон поп урсгалын цомогт ихэвчлэн цоо шинэ дуунууд орж байгаа.

-Удаан хугацаанд чи­мээ­гүй явсны эцэст уран бүтээлээ нэгмөсөн тайлаг­нахаар шийджээ?
-Би “Загасчны морь усгүй” гэдэг үлгэрийн биел­лийг удаан харууллаа. Өөрөө студитэй, продюсер хүн хэрнээ бие даасан цомог гаргаж байсангүй. Тиймээс үр хүүхэд, миний дуунуудыг сонсож, дагаж дуулдаг хү­мүүст мөнхөрч үлдэх юм­тай болъё. Нөгөөтэйгүүр би цомог гаргана гэж олон жил ярьсан. Энэ яриагаа ажил хэрэг болгоё гэж бодлоо. Олон жилийн хөдөлмө­рөөр бүтсэн учраас олон болчихлоо. Дахиад ч цомог гаргах дуунууд үлдсэн.

-Таван цомог багцаараа худалдаалагдах уу?
-Үгүй ээ. Тус тусдаа ху­дал­даалагдана. Таван цом­гоо зэрэгцүүлж бариад, босоогоор нь харвал “Дашка” гэдэг нэр харагдах болно. Цомгууд таван өөр өнгийн хавтастай. Гэхдээ Дашка гэдэг нэр нийлэх талаас өнгө нь хараг­дахгүй. Цомог бүрийг гарсан даруйд нь худалдаж авч хадгалаад, нэрийг минь бүтэн болгож болно.

-Сонин шийдэл байна. Үсэг тус бүр дээрх өнгө утга илэрхийлэх үү?
-Би нэлээд сонгодог өнгө­нүүд сонгосон. Харин таван цомгоо уран бүтээл хий­гд­сэн он жилийн дарааллаар нь гаргахаар төлөвлөж байгаа.

-Ямар өнгө таны сэтгэ­лийг илэрхийлж чадах бол?
-Миний сэтгэл янз бүрийн өнгөтэй. Хүн насныхаа байд­лаас шалтгаалаад хоорон­доо ялгаатай сэтгэж, өөр өөр дуулдаг. Тэр бүхнээсээ маш их зүйл мэдэж, ойлгодог. Он жилүүд залуужиж, тэр хэрээр хүн амьдралын нарийн ширийнийг мэдэрдэг. Би энэ л утгыг бодож, амьдралын өнгийг тодорхойлмоор бай­на. Хүн ихийг сурч мэдэх тусмаа зөөлөн болдог юм шиг санагддаг. Гэхдээ хатуу ширүүн зан араншинтай, сэргэлэн цовоо хүмүүсийн сэтгэлийн өнгө улам хурц болдог байж магад.

Миний хувьд бага залуу байхад хурц байсан өнгөнүүд маань амьдралыг ойлгож мэд­рэ­хийн хэрээр зөөлөрч байх шиг санагддаг. Тиймээс ч сүүлийн үед эх орон, бай­галь дэлхий, хайртай бүхнээ магтан дуулсан уран бүтээл их туурвиж байна. Уран бүтээлийг бараан талаас нь харж, хүнд хүргэж болохгүй. Уран бүтээл бүхэн хүнд гэрэл гэгээтэй энерги өгч, амьдрах итгэлийг нь бадрааж байх ёстой. Тиймээс ч би сайн сайхан юм бүхнийг дуулах дуртай.

-Сайн сайхан зүйлс таны сэтгэлийн нандин утсыг хөнддөг байх нь?
-Аливаа уран бүтээл амьд­ра­лаас л үүддэг. Харж, ойлгож, мэдэрсэн үйл явд­лууд маань нэлээд хуга­цааны дараа сэтгэлд гэнэт харваж орж ирдэг. Үүнийг хүмүүс онгод гэдэг. Уг нь бол хүнд үргэлж мэдрэгдэхгүй, далд байсан мэдрэмж л гэнэт сэдэрч байгаа хэрэг шүү дээ. Хоёр шинэ цомгийн маань ихэнх дуу миний үг, ая. Найм, есөн жилийн өмнө зохиосон ч дуулж, олны хүртээл болголгүй, хадгал­чихсан дуу нэлээд бий. Ер нь уран бүтээлүүд хоорондоо алслал сайтай болбол аялгуу буюу үгийн хувьд цус ойртдоггүй. Би толгойгоо нэлээн сайн цэвэрлэж байж, дараагийн уран бүтээлээ эхэл­дэг учраас ойртоогүй, хол аял­гуутай, өөр өөр өнгө аястай дуунууд зохиож чад­даг гэж боддог.

-Таныг хүмүүс уран бүтээлчийнх нь хувьд сайн мэддэг. Харин хүмүүсийн мэддэггүй Б.Дашдондог ямар хүн байдаг бол. Сонин байна?
-Хүмүүс миний амьдра­лын нарийн ширий­нийг мэдэхгүй л байх. Гэхдээ гадаад төрх, байр байдлыг маань хараад зан араншинг минь гадарладаг болов уу. Мөн чаддаг болоод чаддаггүй зүйлсийн маань тухай өөр өөрсдийнхөөрөө бодож эргэцүүлдэг биз. Надад бусдад гайхуулах сонин содон зүйл байхгүй. Загасанд явах, кино үзэх дуртай. Зүгээр суухыг тэвч­дэг­гүй. Одоо байгаа амьдрал болон хийж байгаа зүйл­дээ сэтгэл хангалуун байж чаддаг. Хийж байгаа зүйлээ төгс сайхан хийхийг хамгийн их хүсдэг. Эх орон маань илүү сайхан, зөв голдрилоор хөг­жөө­сэй. Ард түмнээ аль болох бага зовоож, сайхан амьдруулаасай гэж боддог. Нийгмийн байдлыг хараад байхаар бухимдмаар зүйл олон байх юм. Зам тавихаас эхлээд хийж байгаа ажлууд нь дандаа хүний нүд хуурсан. Хүмүүс ихэвчлэн дахин дахин хийж мөнгө олох зорилготой, өөрийгөө хуур­сан юм хийж байна. Хүн энэ яваа насандаа их мөнгө цуглуулаад яах юм бэ. Аваад үхдэг бол, банкныхаа бичгийг бариад эргээд төрдөг бол хамаагүй, цуглуулж бол­но. Даанч тийм биш юм.

Энэ яваа насандаа аль болох ихийг хийж бүтээх хэрэгтэй. Бид тэнгэрт одсон ч энэ төрөлдөө эргээд л ирнэ шүү дээ. Эргээд ирэхэд хоосон шавартай булгаас өөр юмгүй, гуйлгачин орон биднийг угтвал яана. Тиймээс үр хүүхдэдээ ихийг зааж сургаж, эрдэм боловсролыг ахиухан өвлүүлж үлдээх хэрэгтэй. Хүмүүс бусдаас илүү баян тансаг амьдрахыг л хүсээд байх шиг санагдах юм. Хүн их мөнгөтэй болох тусмаа гай зовлонд илүү өртдөг. Би байгаа амьдралдаа л сэтгэл хангалуун байдаг.

-Зуслангийн газар, хэдэн давхар хаустай болъё гэж боддоггүй гэж үү?
-Хотоос жаахан зайдуу газар хоёр давхар байшин барья гэж бодож байгаа. Нас тогтохоороо тэндээ очиж амьдарна. Цөөн хэдэн мал­тай болж, айргаа уу­гаад, хааяа нэг загасанд явж, цэвэр агаарт тайван амьдрахыг хүсч байна. Үүнээс илүү юу хэрэгтэй юм бэ. Үр хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлнэ. Тэгж чадвал тэд маань хожим сурч эзэмшсэн мэргэжлээрээ өөрс­дийн амьдралаа бүтээх болно. Хүн зовлон үзэх тус­маа л ихийг ойлгож, илүү чанга амьдардаг.

-Хүмүүс уран бүтээлч­дийг маш их мөнгө олж, түүнийгээ хурааж хуримт­луулаад суудаг. Зарим нь үрэл­гэн зангийн­хаа гайгаар олсон мөнгөө юм болгож чаддаггүй байх гэж боддог?
-Би одоо амьдарч байгаа байраа хүүдээ үлдээнэ. Хүү маань хүсвэл миний студийг залгамжилж авна биз. Хүсэх­гүй бол хүссэн ажлаа л хийг. Хүүхдэдээ их хөрөнгө үлдээнэ гэдэг түүнийг тэр хэмжээгээр тэнэг болгодог. Мөнгө хөрөнгөтэй зарим хүн их ухаантай зүйл хийж бай­на л даа. Хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгт ан­хаарч, үнэтэй сургуульд сургаж байна. Гэхдээ тийм хүн тун цөөн.

-Ярианаас тань “Өнөө­гийн Монгол таны сэтгэл зүрхэнд оршдог эх орноос нэлээд зөрдөг юм байна” гэж ойлголоо?
-Улс орон хөгжиж л байна. Гэхдээ үүнээс ч илүү хөгжих цаг хугацаа өнгөрсөн. Хүмүүс аливаа ажлыг хамаатан садан, ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд хийгээд байна уу гэж бодогдох юм. Аливаа зүйлд стандарт байх ёстой. Зөвхөн зам тавих ажлын тухай л ярья. Анхнаас нь стандарт тогтоох хэрэгтэй. Нэг зам тавьсан бол дор хаяж тавин жил тэр замдаа санаа зовохгүй байх ёстой. Би дөрвөн жилийн өмнө Шилийн гол руу явахдаа хоёр том хотыг дайрч өнгөрсөн юм. Эхний жил ганцхан зам л байсан. Өөр юу ч байгаагүй. Дараа жил нь байшин баригдаад эхэлчихсэн. Хот байгуулагдаж байсан. Тэнэг хүн ч хажуугаар нь яваад өнгөрөхдөө л ойлгочих стан­­дар­тыг монголчууд хийж ча­дах­­­гүй байна гэдэг үнэ­хээр өрөвдөлтэй.

Хүмүүс Улаанбаатарт бүгд шамбааралдчихсан. Энэ хотод сул чөлөөтэй орон зай алга. Одоо хотоо зүлэгжүүлэх, замжуулах, гэрэлтүүлэг нэ­­­мэ­­­­хэд анхаарлаа хандуу­лах хэрэгтэй. Хурдан галт тэрэгтэй болгочихвол хотоос 100 км зайтай, эрүүл агаар­тай газар амьдрахыг хүсч байгаа хүн олон бий. Энэ мэтээр яривал олон зүйл байна.

-Кинонд тоглох гэж Шилийн голыг зорьсон бил үү?
-Тийм ээ. Өвөрмонголын номер нэг уртын дуучин Лхажав гэдэг хүний тухай өгүүлсэн “Өвгөн шувуу” кинонд тоглохоор явсан юм. Их сайхан тослог, уянгалаг хоолойтой дуучин байсан. 90 гаруй насандаа бурхан болсон юм билээ. Өнгөрсөн гурав­дугаар сард киноны нээлт болсон. Хятадын олон хотод гарч байгаа. Тав, зургаан кино наадамд оролцож, гур­ван ч шагнал хүртсэн. Сайхан бүтээл болсон. Мөн жүжигчин Р.Анхням­тай хамтарч, “Тэнгэрийн салхи” 21 ангит киноны гол дүрд тоглосон. Киноны зарим анги хийгдээгүй байгаа.

-“Өвгөн шувуу”-г Мон­голд гаргах уу?
-Хятадын бүх хотод зочилс­ныхоо дараа Монгол руу ирэх байх.

-Та бас найруулагч Б.Амар­санаагийн “Хүний хүүхэд” киноны гол дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан?
-Өгүүлэмж их сайтай, сайхан кино болсон. Даанч ард түмний маань сонирхдог, шохоорхдог юм өөр болжээ. Мелодрам гэхээсээ инээдмийн киног илүү үздэг болж. Энэ их стресстэй амьдрал дунд хүн өөрийгөө арай өөрөөр харахыг, мэдрэхийг хүсдэг биз дээ.

-Өнөөгийн залуусыг залуу цагийнхтайгаа их харь­цуул­даг бололтой?
-Тэгэлгүй яах вэ. Өнөөгийн залуус аливаа юмыг хэтэрхий өнгөц хардаг болчихож. Их, дээд сургуулиуд хүүхдүүдэд юу заадаг нь эндээс тодорхой харагдаж байна. Мэргэжил гол биш шүү дээ. Хүн болж хүмүүжих асуудал л хамгийн чухал. Энэ талаарх сургалтыг илүү хийгээсэй. Хүний мөс, чанар гэдэг зүйл үгүй болжээ. Бид багадаа настай хүмүүсээ хүндэтгэж, тэднээс их эмээдэг байлаа. Гэтэл өнөөдөр юм бүхэн хэтэрхий нээлттэй болж. Даанч энэ нь буруу. Социализмын үед хүн бүр хувийн хэрэгтэй байлаа. Тэр нь хүнийг худлаа хэлж, хулгай хийж, хуурч мэхлэх зэрэг бүх муу зүйлээс хөндийрүүлж чаддаг чухал зүйл байсан юм. Тэр зүйлийг сэргээмээр байна.

-Эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлэхдээ онож байна гэж боддог уу. Эсвэл ямар нэгэн алдсан зүйл бий юу?
-Зарим зүйлд алдсан байх аа. Хэт зөөлдөөд байна уу гэж бодогддог. Хэт зөөлдөөд байхаар хүүхэд буруу тийшээ эргэчих гээд байдаг. Тиймээс хааяа хатуурхах хэрэгтэй.

-Таныг их зөөлөн хүн л гэж боддог шүү дээ?
-Би хатуурхаж чаддаггүй юм аа. Учирлаж ойлгуулахыг л илүүд үздэг.

-Хүүгээ хараад “Би ийм л хүүхэд байсан даа” гэж бодогддог уу?
-Миний болон хүүхдүү­дийн маань амьдарч байгаа орчин хоорондоо их ялгаатай. Бид багадаа спорт, урлагаар л хичээллэдэг байлаа. Юм ч их ховор олддог байж. Тиймээс олдсон юмаа хэтэрхий их нандигнадаг байлаа. Одоо бол бүх юм элбэг дэлбэг, ил задгай. Хүүхдүүд юуг ч тоохгүй, цамаан болжээ. Хүн тарчигхан амьдрал дунд л жинхэнэ хүн болж хүмүүждэг юм шүү дээ.

-Та юуг хамгийн их нандигнаж хайрладаг вэ?
-Хүнд байдаг хамгийн эрхэм нандин хувийн зүйл бол үр хүүхэд, гэр бүл, аав, ээж юм.

-Таны хүн чанарыг хамгийн ихээр “гозолзуул­даг” зүйл гэвэл?
-Худлаа хэлж, хулгай хийх гээд байгаа хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй өөдөөс нь өрвөлзмөөр санагд­даг. Би урагшаа тэмүүлэх хүсэл ихтэй хүн. Хойшоо хараад, эргэж буцаад байдаг­гүй. Болж л өгвөл урагшаа дайраад давшаад байхыг хичээдэг.

-Өөрийгөө “өчүүхэн юм” гэж бодож байв уу?
-Хүн их өчүүхэн амьтан гэдгийг би мэдэрч, ойлгодог. Миний хань гадагшаа хэсэг хугацаанд явахад л надад их хэцүү байдаг. Хийж байгаа ажил хүртэл цалгардаад л. Өөрөө тэмүүлээд хийгээд байгаа юм шиг хэрнээ хийж чадахгүй, мэдээгүй байсан олон зүйлийг минь өөр хүмүүс хийж гүйцэтгэж байдаг. Хүн төгс биш. Хийх ёстой зүйлээ л хийж чаддаг. Хийж чадахгүй зүйлийг нь ойр дотныхон нь нөхөж явдаг юм байна гэдгийг ойлгосон.

-Цомгоо удахгүй хэвлэл­тэд явуулах гэж байгаа юм байна. Таны тоглолтыг хүлээж байгаа хүн олон байгаа байх?
-Би олон жилийн хуга­цаанд уран бүтээл гэж зорьж, юм хийсэнгүй. Нэг ёсондоо уран бүтээлийн бодлогогүй л юм хийгээд явсан байна. Эргээд харахаар ихэнх нь уянгын дуу. Энэ ч утгаараа тайзан дээр гараад дуулъя гэхээр сэтгэлд арай л хүрэхгүй байна. Улиг болсон дуунууд дуулмааргүй байна. Тиймээс ард түмний хүсдэг нэлээд хэдэн шинэ дуу хийснийхээ дараа чанартай тоглолт хийнэ. Дандаа амь­даар дуулна. Дуугаа маш олон хувилбараар, илүү сонирхол­той болгоно. Ингэж байж үз­сэн хүмүүст ч, тоглосон надад ч бас амттай болно шүү дээ.

Понограммтай дуулдаг дуучин, түүнийг нь сонсоод хааяа нэг алга ташдаг тоглолтоос үзэгчид бүрэн таашаал авч чадахгүй. Би понограмм дээр дуулахаас ичдэг. Аргагүй үед понограммтай дуулахаар айгаад, хойшоо л ухраад байдаг юм. Үзээд гарсан хүн бүр “ёстой” гээд тагнайгаа ташаад байдаг тоглолт л хийхийг хүсч байна. Хүссэн зүйлээ бүрэн төгс хийчихсэн хүний сэтгэл хүртэл өөрийн эрхгүй хөвсөлзөөд байдаг шүү дээ. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.