1931 онд Улсын төв театр “Бөмбөгөр ногоон”-ыг байгуулж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” хэмээх жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан тавьсан аж. Уг жүжигт үг цөөн, үйл явдал нь зөн, бэлгэ тэмдгийн чанартай байжээ. Утга санаа нь ард олныг феодалын дарлалаас ангижруулахын төлөөх тэмцлийн тухай юм байна. Үүнийг ЗХУ-ын мэргэжилтэн А.Эфремов найруулжээ. Гол дүрүүдийн нэг хар феодалд жүжигчин Пүрэвсүрэн, шар феодалд Шаравдоо, гамин ноёнд Гомбожав, нэгдүгээр боолд Намдаг, Коминтернийн төлөөлөгчид Лувсансодном нар тоглосон байна.
Уг жүжгийн зохиол бүрэн эхээрээ олдоогүй тул сүүлд нэрт найруулагч Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр” хэмээх номондоо оруулан бичжээ. Тэрбээр уг жүжгийн тухай “Тайзанд хар, цагаан, шар гурван өнгийн өндөр ханыг ташуулдуулан тавьсны өмнө хар, шар хоёр феодалын олбогт түшлэгийг тулган тавьсан байна. Гаслант авиа хөгжмийн эгшиг хүчтэй сонсогдоно. Гэтэл баруунаа нүд боолттой хэсэг боол ар араасаа барин гарч ирнэ. Эд цөм тэмтчин явна. Хөгжмийн ая тасарч, хар феодал банз барин гарч ирээд “Та нар муусайн боолууд харин ингэж явдаг юм бий вий” гэж хашгиран, банзаа дээш өргөн заналхийлнэ. Боолууд айж сандран “Ээ, тэнгэр минь уучил, уучил” гэж унан тусна. Энэ даруй бишгүүр дуу гарч номын хувцас өмссөн шар феодал гарч ирж хар феодалд найр тавин ёсолсноо боолуудад хандан “Олон түмэн шавь нар сүсэг бишрэлээ хийцгээ. Дээр тэнгэр, дэргэд чинь бурхан сахиус та нарыг ямагт толилон ширтэж байна. Энэ хорвоод лам, багш гурван эрдэнээс илүү хүчтэй зүйл үгүй” гэв. Тэгтэл шар феодал “Энэ яваа насанд тохиолдох гай гамшиг, зовлон зүдгүүрийг тэсвэрлэ. Ихэс дээдэс тэнгэр язгууртны өлмийд цаг ямагт сөхрөн захирагдагтун” гэж боолууд дээр хөл тавин тавлана.
Удалгүй ямаан бүрээ хангинаж, бөмбөр нижгэнэж гамин ноён генерал ирнэ. Феодалууд айн чичирч Гамин ноёнд үнэт ангийн арьс бэлэглэхэд ноён сэтгэлдээ таараагүйг нь шидэлнэ. Энэ даруй час улаан хүрэмтэй нэгэн хүн гарч ирнэ. Энэ нь “Коминтерн” аж. Тэрбээр “Дэлхий дахины гадаад дотоодын харгисуудад хэдэн давхар дарлагдсан бага буурай орны ардууд сонсоцгоо. Одоо та нар өөрсдөө босон тэмцэж гадаад дотоодын дайснуудыг устган сөнөөж ирэх чөлөөгөө олох цаг болсон” гэж хэлнэ гэхчлэн дэлгэрэнгүй өгүүлжээ.
“Өдрийн шуудан” сонин