Нийтийн дууны ханхүү хэмээн өргөмжлөгдөж, дуулсан дуу бүхэн нь түмэнд хүрдэг гэгддэг МУГЖ С.Жавхлан нэг л өдөр улстөрч болохоор хөөцөлдөж, уран бүтээлээ завсарласан. Харин сүүлийн үед тэрбээр эх орон, газар нутгаа өмөөрсөн утгатай дуу дуулах болсон билээ. Ингээд залуу гавьяаттай сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Улс төр намайг зүгээр байлгахгүй байна, тийм учраас улстөрч болохоор шийдсэн гэж ярьж байсан. Тиймдээ ч сүүлийн үед бараг л уран бүтээл хийсэнгүй. Хамгийн сүүлд ямар уран бүтээл хийв?
-Улааныг харж урвагнаад, шарыг харж шарвагнаад яваад байх бодол надад байхгүй. Мэдээж уран бүтээлээ орхиогүй. Одоогоор нэг цомог дээр ажиллаж байна. Удахгүй үзэгч, сонсогчдын гар дээр очно. Нэмээд хэлэхэд, улс төрд би орсон юм биш, улс төр өөрөө намайг тайван байлгахгүй, уран бүтээлээ туурвиад явах боломж олгохгүй байгаатай л холбоотой. Нийгэм бухимдалтай, ард түмэн сайхан амьдарч чадахгүй байхад сайн сайхны тухай дуулаад явах эрх надад ч байхгүй.
-Тэгвэл энэ байдлаас үүдэн улстөрч болохоор шийдсэн хэрэг үү?
-Тийм ээ. Урлаг өөрөө амьдралын үнэнийг уран сайхны аргаар нээн харуулж хүмүүст ойлгуулж, ухааруулж байдаг. Нөгөө талаас нийгэмтэй салшгүй холбоотой. Өнөөдөр Монголоос хужаа нарын үнэр нэвт шувт үнэртэж байхад би “Монголын үнэртэй салхи” гээд уяраагаад, дуулаад байвал инээдтэй юм болно. Дуугаа үнэн болгохын тулд эх орноо хайрлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эх оронч үзлээсээ болж улс төртэй хутгалдсан. Тиймдээ ч Монголыг зургаан удаа тойрч тоглолтоо хийхдээ маш их зүйлийг судалж, мэдэж авсан. Өв уламжлалаа, газар нутгаа хамгаалж үлдэхийн тулд тэмцэх хэрэгтэй болж байна. “Гал үндэстэн холбоо”-г байгуулаад ажиллаж байхад хүмүүс намайг их хардаж байсан. УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж ингэж байна гээд л. Харин сонгууль дуусч санаа амарлаа. Одоо хэл ам гарахгүй, тэмцэлд маань ч саад хийх хүмүүс байхгүй болж байгаа нь сайн хэрэг шүү дээ.
-2012 оны сонгуульд МАХН-аас Увс аймагт нэр дэвшсэн. Тэнд сонгууль хэрхэн болж өнгөрөв?
-Ард түмэн мөнгөнд хууртаж байгаа нь хамгийн том эмгэнэл. Тэнд хүн биш мөнгө ялалт байгуулсан. Би бууж өгөхгүй, тэмцлээ үргэлжүүлсээр байх болно. Сая бид “Эх орон” хөдөлгөөнийг байгуулаад Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажиллаад ирлээ. Тэнд хүмүүсийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Очиж хяналт тавьж байгаа төрийн болон хэвлэл мэдээллийн ганц ч байгууллага алга. Нөхцөл байдал ийм байхад хараад суугаад байвал хэн эх орноо хамгаалах юм бэ. Залуучууд маань эхнэр, хүүхэддээ хайр зарлахаасаа өмнө эх орондоо хайр зарлаасай гэж хүсч байна.
-Таныг улс төрд орж эхлэхэд фэнүүд чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний үгийг сонсч, үзэл бодлыг маань ойлгоддоггүй бол тэр хүн жинхэнэ утгаараа миний фэн байж чадахгүй. Ганцхан дууг маань сонсдог хүнийг фэн гэж хэлэхгүй. Миний фэнүүд намайг нааштай хүлээж авч, надтай хамт хурцлагдаад, миний хийж байгаа ажилуудыг дэмжээд, хамтарч ажиллаад явж байна. Би илүү олон фэнтэй болж байна. Дуулсан дуу маань ард түмэнд хүрсэн шигээ хэлсэн үг, хийсэн ажил минь тэдэнд хүрч байгаад маш их баяртай байгаа.
-Сүүлийн үед “Мобиком” корпорацитай үүсгээд байгаа асуудлын талаар тайлбар хийх үү?
-Уран бүтээлд маань тулгараад байгаа хамгийн ноцтой асуудал л даа. Миний дуунуудыг зөвшөөрөлгүйгээр Япон руу зарсан. Шүүхэд хандчихсан байгаа, урьдчилсан шалгалтаар 200-300 сая төгрөгийн ашиг олсон нь тогтоогдсон.
-Компанийн зүгээс ямар тайлбар хийсэн бэ?
-Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг л болж байна даа. Энэ бол яалт ч үгүй гэмт хэрэг. Би “Мобиком”-оос нэг тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа. Шүүхийн шийдвэр гарахаар тодорхой болох байх.
-“Миний нууц хүү” жүжгийн дуунаас эхлээд өөрийн чинь үгийг нь бичсэн дуу олон байдаг гэж сонссон. Хэдэн дууны үг бичсэн бэ?
-“Санаж амирлах эжий”, “Алтай Монгол”, “Андгай” гэх мэтчилэн 10 гаруй дууныхаа шүлгийг өөрөө зохиосон. Аав маань дууны шүлэг бичдэг байсан нь нөлөөлсөн л дөө. Ер нь дуучин болно гэсэн итгэлийг аав ээж хоёр минь хайрласан. Намайг дуучин болохыг үзэх тэр хоёрын маань мөрөөдөл байсан. 2003 онд сургуулиа төгсөхөд аав, ээж хоёр маань бурхан болчихсон байсан ч ард түмэн намайг тэр хоёроос минь дутуугүй хайрлаж, урам зориг хайрлаж явна даа.
-Уран бүтээлийнхээ цаашдын зорилгоос хуваалцаач?
-Аж байдал, өнөөдрийн нийгмийн амьдралын талаар хэдэн дуу хийх төлөвлөгөөтэй байна. Миний дууны сэдэв нийгэм цаг үеэ л дагана. Энэ чиглэлийн уран бүтээлүүд зонхилно. Хайрын тухай, аав ээжийн тухай дуу гэхээсээ илүү язгуур үзлийг багтаасан эх оронч үзлийг багтаасан уран бүтээлүүдийг хийх болно.