Зохиогч: Жүгдэрсүрэнгийн Болормаа
АНУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн "Соёл" Холбооны гүйцэтгэх захирал,
Урлаг судлалын ухааны магистр,Соёлын тэргүүний ажилтан
/АНУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн "Соёл" Холбоо, Монгол Улсын Элчин
Сайдын Яамтай хамтран зохион байгуулсан "Бүсгүйчүүдээ сонсоцгооё"
танилцах уулзалт дээр тавьсан илтгэл /
Нэгдүгээр бүлэг
Дэлхийн дуурь
Дуурь үүсэх болсон үндэс нь Өрнөдийн театрын урлагийн томоохон төрөл болох Хөгжмийн Театрын Урлаг нөлөөлж хөгжсөнтэй салшгүй холбоотой юм. Эртний эмэгнэлт жүжиг болоод Дундад зууны үеийн нийтийн болон ордон харшийн жүжигт дуу, хөгжмийн төрөл тэдгээрийн үүрэг нь тухайн үеийнхээ нийгмийн амьдралд асар их нөлөөг үзүүлж байжээ. Сэргэн мандалтын хүнлэг үзлийн нөлөөгөөр Өрнөдийн олон оронд Хөгжим, Драм хосолсон шинэ хэлбэрийн жүжгийг эрэлхийлж байв.Үзэл санаа уран сайхны өндөр ач холбогдолтой энэ эрэл хайгуулыг бусдаас өмнө Итали оронд хийжээ. Эхэн үедээ энэ шинэ хэлбэр нь Хөгжмийн Үлгэр, Хөгжмийн Жүжиг гэсэн нэртэй байсанаа дуурь буюу opera гэсэн нэртэй болсон байна. Оpera хэмээх итали үгийг үгчилж орчуулбал англиар the work эсвэл labour, монголоор орчуулбал ажил, эсвэл хөдөлмөр гэсэн утгыг илэрхийлнэ. Дуурийн урлаг нь театрын урлагийн бүхий л төрлийг агуулсан урлaгийн томоохон ЦОГЦ бүтээл юм. Учир нь: Дуурьт – бүжиг, жүжиг, яруу найраг, уран зураг, театрын зураг гэсэн урлагийн төрлүүд багтана.Үүн дээр хамгийн гол үүрэг гүйцэтгэх дуулах, хөгжимдөх гэсэн төрлүүдийг хамсаргаж оруулсанаараа бусад театрын урлагийн төрлүүдээс ялгагдан урлагийн томоохон цогц бүтээл болон хөгжсөнөөрөө онцлогтой байлаа. Монголоор Дуурь гэж нэрлэх болсон шалгааныг судлан үзвээс дуурьсахуй буюу олон хоолойн ухаан гэсэн үгний үндэс болох дуурь хэмээх олонлоги, цогц гэсэн үгний язгуураас үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. (Б.Ж)
Тэгвэл Дуурь гэдэг энэхүү урлаг нь XVI зууны сүүлчээр Джакоп Пeрисийн “Дeфни” дууриар үндэс сууриа тавьжээ. Анхны энэхүү дуурь 1597 онд Флоренцед тоглогджээ. Джакоп Перисийн энэ зохиол нь дуулалттай хэсэг байсан хэдий ч голцуу театрчилсан ярианы хэлбэрээр бичигдсэний зэрэгцээ хоёр гурван хоолойгоор дуулж дүрүүдийн санааг илэрхийлж байсанаар дуурийн урлагийн эхлэл нь байжээ гэж үздэг. Дeфни дуурьт дүрийн баатрууд нь голцуу дуулж утга санаагаа илэрхийлэхээс гадна гол дүрийн дуучдаас сайхан дуулах ур чадварыг шаарддаг байсан байна. Сүүлд нь дуурийн урлагт хөгжмийн зохиолчид найрал дуу, найрал хөгжим, хөгжмийн болоод дуучдын гоцлол зэрэг төрлийг нэмж, дуурийг улам боловсронгуй урлаг болгон хөгжүүлсэн байна.
Xөгжмийн хувьд жинхэнэ дуурийн төрөл хэлбэрт оруулсан бүтээл гэвэл Клавди Монтиверди (1607-1642)-гийн “Орфeо” дуурийг жинхэнэ дуурь мөн хэмээн үздэг. Тэрээр энэхүү дууриа 1607 оны 2 дугаар сарын 14-нд Италийн түүх дурсгалт газруудын нэг Мантва хотноо жил бүр зохиогддог багт наадамд зориулан бичжээ. Мөн энэ дуурьтаа удиртгал хөгжмийг оруулсанаар дуурийг хөгжмийнх нь хувьд томоохон бүтээл болгон хөгжүүлжээ.
1637 онд Италийн Винеци хотноо “Сан Кассиано” анхны дуурийн театр нээлтээ хийсэн хэдий ч дуурь тоглогдоогүй байсаар1641 онд Монтивердигийн “Вангийн Өргөмжлөл” хэмээх дуурийг театрын тайзнаа анх тоглуулжээ. Тэр үед Винецид дуурийн 16 шинэ театр баригдсан нь дуурийн урлагийг Итали улсад маш өргөн хүрээтэй дэлгэрүүлж, ардын урлаг мэт хөгжүүлж чадсаныг түүх харуулж байна.
Италид хөгжлийнхөө оргилыг авч хөгжсөн энэхүү урлаг нь Европын олон оронд түгэн тархаж, нэрт хөгжмийн зохиолчид зохиол бүтээлээ энэ шинэ төрөлд бичиж өөрсдийгөө сорих болжээ. Жишээ нь: Герман, Австри, Англи, Франц,Орос, Португали улсуудыг нэрлэж болно.
Германд анхны нийтийн дуурийн театр 1700 онд байгуулагдаж, 1705 онд Жорж Фредрик Хандел (1685-1759)-ийн анхны дуурь “Алмира” тоглогдсоноор Хандел алдаршиж, тэрээр дуурийн эх орон Италийг зорин уран бүтээлээ туурвисан байна. Түүний 5-6 жил Италид хийсэн уран бүтээлүүд нь Европт өндөр үнэлгээ авч, улмаар Их Британы хаан Жорж I түүнийг Лондонд ирэхийг урьжээ.Ингээд 1711 онд Ханделийн дуурь “Риналдо” Лондонд тоглогдож өндөр амжилт олов. Хандел Английн дуурийн урлагийг хөгжүүлж, улмаар англи хэл дээр дууриа зохиож эхэлсэнээр Английн дуурийн урлаг хөгжлийнхөө шатыг олжээ.
XVIII зууны үеэс эхлэн дуурийн урлаг нь хоёр том төрөл ангид хуваагдах болсон. Үүнд: Оpera-seria буюу Жинхэнэ дуурь. Энэхүү дуурийн төрөл нь эрхэмсэг хүндэтгэлт, гоёмсог сайхныг үзүүлдэг бол Оpera-buffa буюу Хошин дуурийн төрөлд тухайн нийгмийнхээ үзэл суртал, болж бүтэхгүй зүйлсийг хошин аргаар илэрхийлж хаад ноёдуудын буруу үйлдлийг ард олонд илчилж харуулдаг байсан Гудамжны дуурь гэсэн нэртэйгээр хөгжиж байсан түүхтэй.
Германы алдарт хөгжмийн зохиолч Xристофер Глюк (1714-1787) "Орфео Ерудис хоёр" дууриараа дуурийн урлагт шинэчлэл хийж, дуурийн гоцлол дуучдын хоолойн чадварыг илүүд үзэж, тэдэнд зориулсан дуусашгүй дуулалт хэмээх зохиолуудаа (castrato singers-сүмийн эрэгтэй нарийн хоолойтнууд эмэгтэй хүний дүрд дуулдаг байсан) бичиж opera seria- жинхэнэ дуурь хэмээх төрлийг үүсгэн хөгжүүлсэн юм. Энэ үеийн дууриудад баатрын хувцас өмссөн концертын шинж чанартай бүтээлүүд туурвиж байсанаас дуурь нь өөрийн шинж төрхөө алдаж байсаныг эргүүлэн дуурь гэсэн урлаг руу оруулж өгсөнөөрөө гавъяатай. Тэрээр100 гаруй дуурь бичиж 50-иад нь өнөөг хүртэл хадгалагдаж дуурийн урын санг баяжуулсан.
Тэгвэл Австрийн алдарт хөгжмийн зохиолч Волфанг Амадиюс Моцарт (1756-1791) opera seria-жинхэнэ дуурьт дуучдын сэтгэлийн хөдөлгөөнийг жүжигчилж илэрхийлэх шинэлэг хэлбэрийг хөгжүүлээд зогсохгүй дуурийн урлагт цоо шинэ урсгал болох opera buffa-хошин дуурийг хөгжүүлсэн түүхтэй. Энэ нь хөгжмийн урлагийн түүхэнд бүхэл бүтэн шинэ үеийг нээж өгсөн. Түүний бичсэн дууриуд амьдралын үнэн мөнийг хошин аргаар илэрхийлэхийг эрмэлзэж байв. Тэрээр анхныхаа “Идоменио” дууриа 1781 онд Германы Мюнхены театрт тоглуулсанаар амжилтанд хүрч түүний уран бүтээлүүд Европт өөрийн байр сууриа эзлэх болсон байна. Моцартын 600-гаад сонгодог бүтээл, 22 дуурь нь одоог хүртэл дэлхийн нийтийн хөгжмийн урын санд хадгалагдсаар байна. Тухайлбал: “Фигорийн хурим”, “Сераглийгаас зээлсэн нь”, “Увидаст лимбэ”, “Дон Жуан” гэх мэт олон хошин дуурийг нь нэрлэж болно.
Дуурийн энэхүү төрөл анги нь улам боловсронгуй болж, дуучдын ур чадварыг харуулсан олон шинэ хэлбэр үүсэн хөгжсөний нэг нь Bel Canto- Яруу сайхан дуулах хэмээх хэлбэр үүсч, дуучдын үүрэг, дуулах чадварыг хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Ялангуяа гоцлол дуучдаас хүний хоолойгоор уянгалаг сайхан дуу авиаг гаргаж, яруу тунгалаг дуулах чадварыг хөгжүүлсэн явдал нь дуурийн урлагийг улам боловсронгуй болгосон юм. Энэ нь 1830-1840 онуудад Италийн алдарт хөгжмийн зохиолч Россини, Бэллини, Доницэтти нарын бүтээлүүдээс тодорхой харагддаг. Тухайлбал: Джоакино Россинигийн (1792-1868) “Сивилийн үсчин” дуурийн Розинагийн ари, Винчэнзо Бэллинигийн (1801-1835) “Норма” дуурийн Нормагийн ари, Гэйтано Доницэттигийн (1797-1848) “Лучиагийн Эмгэнэл” дуурийн Лучиагийн аринуудыг дурдаж болно.
XIX зууныг түүхэнээ “Дуурийн Алтан Үе” гэж нэрлэж болно. Энэ үед Германы алдарт хөгжмийн зохиолч Вагнер (1813-1883), Италийн нэрт хөгжмийн зохиолч Верди (1813-1901) нарын бүтээлүүд дэлхийн олон оронд алдаршиж, ихээхэн амжилт олсон үе байлаа. Энэ үеийн дуурийн урлагт verismo (true)-буюу реалист үзэл суртал ноёрхож үнэн бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол бүтээлүүд ноёрхож ирсэн. Тухайлбал: Верди “Реголетто”, “Тробатур”, “Травиатта”, “Айда”, “Отеллo”, Вагнер “Лоенгрин”, “Бурханы Харанхуйлал”, “Танхоузер” зэрэг дууриудаараа verismo- буюу реалист бодит амьдралаас сэдэвлэсэн дүрийг тодруулж дуурийн урлагийг бүхэл бүтэн жинхэнэ ЦОГЦ урлаг болгон хөгжүүлэх, ялангуяа тайзны засал, дуучдын хоолойн чадвар, багтаамжийг илүүд үзэж зөвхөн сайхан дуулах биш, дуучдаас дуулах өндөр ур чадвар, симфони хөгжмийн найруулга зэрэг дээр ихээхэн анхаарч сайжруулсан түүхтэй.
Энэ үед дуурийн урлаг нь дэлхийд түргэн хэмжээнд тархан өөрийн байр сууриа илэрхийлэх арга барил нь өндөр хэмжээнд түгэж, Европын маш олон оронд дэлгэрсэн томоохон урлаг болон хөгжиж чадсан. Сонирхолтой нь Верди, Вагнер хоёр хэзээ ч уулзаж байгаагүй атлаа, бие биенийхээ зохиол бүтээлүүдийг ихэд үнэлж нэгэн урсгалыг хөгжүүлсээр байжээ. Вагнерийг нас барахад Верди “Гашуудал гашуудал маш том гарз” гэж хэлсэн байдаг.
XX зууны эхэн үеэс модернизм урлагт хүчтэй орж ирсэний улмаас дуурийн урлагт бас нөлөөлөх болсон. Энэ үеийн алдарт хөгжмийн зохиолчдоос нэрлэвэл Ж. Пуччини, Штраус, Дебусси, Бенжамин Бриттан, Шостакович, Стравинский нарыг нэрлэж болно. Бидний хамгийн сайн мэдэх олон сайхан дууриудыг зохиосон Джакома Пуччинигийн зохиолууд нь тухайн үедээ ихээхэн шинэлэг санаануудыг агуулсан шинэ дүр төрхтэй дууриудыг бүтээсэн байна. Пуччини (1858-1924)-гийн алдарт “Тоска”, “Богема”, “Эрвээхэй Хатан”, “Турандот” зэрэг дууриуд нь одоог хүртэл дэлхийн олон орны дуурийн театрын тайзнаа цуурайтсаар байна. Тэрээр 12 дуурь бичжээ.
Бидний хөрш Оросын алдарт хөгжмийн зохиолчид мөн адил өөрсдийн уран бүтээлээ тухайн үед туурвиж өөрийн гэсэн нүүр царайтай, үндэсний онцлогыг харуулсан олон сайхан дууриудыг өөрийн хэл дээр зохиож байсаныг бас дурдах ёстой. Оросын дуурийн нэрт хөгжмийн зохиолчдын дууриудаас дурдвал Махайл Глинка (1804-1857) “Иван Сусанин”, “Руслан Людмила хоёр”, Александер Драгоминжеский (1813-1869) “Лусын Дагина”, Модест Мусорский (1839-1881) “Борис Гадунов”, Петр Илич Чайковский (1849-1893) “Евгений Онегин”, “Гилийн хатан”, Римский Корсаков (1844-1904) “Салтан Хааны үлгэр”, “Таван сарын шөнө”. XX зууны алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс дурдвал Игорь Стравинский (1882-1971) “Цэргийн түүх”, “Үер”, Сергей Рахманинов “Алеко” зэрэг алдарт дууриудийг нэрлэж болно.
Хоёрдугаар бүлэг
Монголын дуурь.
Монголын дуурийн хөгжлийн тухай бичихийн өмнө Монгол дахь дуулалт жүжгийн эх болсон V догшин Ноён хутагт Данзан Равжаа (1803-1856) – гийн “Саран Хөхөө” дуулалт жүжгийн тухай бичихийг зорилоо. XIX зууны эхэн хагаст амьдарч байсан авъяaс билэгт, яруу найрагч, жүжгийн зохиолч Дулдуйтын (Өлзийт) Равжаа 1803 онд Түшээт Хан аймгийн Мэргэн вангийн хошуунд (Одоогийн Дорноговь аймгийн Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл сумуудын зааг газар) ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлжээ. Д. Равжаагийн дэлгэрэнгүй намтрыг акадeмич Ц. Дамдинсүрэн “V Ноён Хутагтын Түүх Намтрын Судар Оршвой” хэмээх намтар зохиолд дэлгэрэнгүйгээр бий. (Ж.Б).
1829 оны намар Долнуурын Шар сүмийн газарт Богд гэгээнд бараалхаж байхдаа “Хутга Xаях” тоглолт үзэж мөн 1831 оны зун Алшаагийн баруун хийдийн газар очиж “Милрайбын намтар”, “Богд Адишагын намтар”, “Бурхан Гэгээний аялгуу” үйл хөдлөлийн дэг маягыг судалсан байна. Тэр жилийнхээ өвөл Шамбалын дайны байдлыг жүжиг дуулал болгон “Саран Хөхөөний Намтар”-ыг жүжиг болгон тавихаар бэлтгэл хийсэн байна. Дээрхи гурван намтрыг цам (багт жүжиг) болгон тавьсан байдлааc санаа авч энэхүү “Саран Хөхөөний Намтар”-аар жүжиг дэглэх бодол төрсөн юм шиг байна.
“Саран Хөхөө”-ний тууж зохиолыг Түвдийн зохиолч Лувсан Дамбий Жанцан гал могой жил (1737) бичсэнийг нэрт орчуулагч Дай гүүш Агваандампил 1770 онд Монгол хэлнээ хөврүүлжээ.
1832 оны хавраас Түвдийн олон хурал хийдийн уран барилгын хийцийг үзсэн дээрээ тулгуурлан өөрийн орны нөхцөл байдалд тохируулан хоёр жил гаруйн хугацаанд өөрөө удирдан зааварлаж театрыг бариулжээ. Театраа бариулж байх хоорондоо Алшаа нутагт жүжигчин шавь нараа аваачин “Саран Хөхөөний Hамтар” жүжгийг сургуулилан дэглэж байв.
Ингээд 1833-1834 онд “Саран Хөхөөний намтар”жүжгийг нутаг орондоо Тулгатын хийдэд бүрэн бүтнээр нь дэглэн Галбын хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Рашаант зэрэг газар, тэрчлэн Цахар хошуугаар аялан тоглож байжээ.Энэ жүжгийг бүтнээр тогловол сар гаруй, товчилбол арав хонoг, түүнээс ч бага хугацаанд тоглуулж байсан гэдэг. Жүжгийн гол дүрд 30 гаруй, нийтдээ 100 гаруй хүн оролцож, театрын засал чимэглэлийг 20 тэмээнд ачиж явдаг байжээ. Үүнээс үзэхэд олон арван дүр гардаг, олон өдөр хонoгоор үргэлжилcэн жүжгийн хэлбэр зөвхөн Дорно дахины театрт л байдаг үзэгдэл юм. [1997 оны 6-р сарын 15-ны Монголын радиогийн нэвтрүүлгээс]
Энэхүү жүжгийн тайзны засал чимэглэл нь Түвд, Энэтхэгт ч байхгүй өвөрмөц сонин байв. “Намтрыг дуулах байр нь сүм хэлбэртэй хоёр давхар дээд, доод хоёр тайзтай, тайз бүр нь нээгдэж хаагддаг тусгай хөшигтэй хоёрдугаар давхрын дээд оройд олон хөндлөн яс модтой түүний дээр хүн явж болох зайтай тэр хүн нь цахилгаан цахиулах, цэцгийн үр цацах хур оруулах, үүл нүүлгэх, бурхан заларч ирж буй мэт хүн буулгах зэрэг ажлыг гүйцэтгэж байжээ.”
Эндээс тэр үеийн тайз нь орчин үеийн театрын зохион байгуулалттай ижил байсан нь харагдаж байна. Жүжгээ гаргахыг (намтар дуулна) гэх бөгөөд жилд нэг удаа зуны саруудад тоглуулдаг байв.
Энэхүү жужгээ монгол дуулалт жүжиг болгосон, тайзны засал чимэглэлийг нэлээд бодитой, ур сайтай хийж байжээ. Тухайлбал, тайзны аравч хөшгөнд уул ус, ой тал нутгийн байдлыг дүрслэн зурж, цэцэг навч зэргийг цаас жонхуугаар нааж, усыг гуулин хоолойгоор хүчтэй шахан бороо асгаруулдаг, гөлмөн төмрийг сэгсэрч тэнгэр дуугаргах зэргийг чадварлагаар хийж байжээ.
Жүжигт тоглодог, дуулдаг хөгжимддөг, жүжигчдын дийлэнхи хувийг эмэгтэй хүмүүс эзэлдэг байсан нь Дорнын театрын хөгжилд төдийгүй Өрнийн театрт нэн ховор үзэгдэл байжээ. Учир нь XVII зууны үед ч Өрнөдийн театрын тайзнаа эмэгтэй хүний дүрд эрэгтэй хүн тоглодог байсныг харьцуулан үзэхэд Равжаа бол дэвшилтэт үзэлтэй хүн байсан нь илт байна. Тэгээд ч улааны талыг баримтлагч лам нарын номлол шарын шашныг бодвол зарим талаараа арай давуу талтай байжээ. Ер нь Равжаа хайр сэтгэл монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, ертөнцийн амьдралын сайн сайхныг дээдлэн магтаж байсан нь шашны ёс дэглэм хүлцэнгүй номлолтой зөрчилдөж байжээ.
“Саран Хөхөө”-ний жүжгийг дуулалт жүжиг байсан гэдгийн учир нь жүжигт ярьж хөдлөхөөс дуулах нь их байсан гэж нутгийн хөгшчүүл нотолж байна. Аялгууны ярих, гоцлох хоёрол (дует), гурвал (трео), дөрвөл (квартет)-аар дуулах, найрал дуучдын хэлбэр байсан байна. Жүжгийн дүрүүдийн дуулах дууг “Аврал бүхний хураангуй”, “Найман арслан”, “Арын өндөр мод”, “Зээргэнтийн шил” зэрэг Монгол ардын дууны аяар дуулна гэж тэмдэглэжээ.
“Саран Хөхөө” дуулалт жүжгийн аялгууг эндээс үзэхэд ардын дуунаас авч тоглуулдаг байснаас гадна Равжаа өөрөө аялгуу зохиожээ. Үүнд: “Хурмаст тэнгэр”, “Тэргэл сарны гэрэл”, “Галбын магтаал”, “Төрж өссөн гөрөөс ээж”, “Молор Эрдэнэ”, “Урьхан хонгор”, “Үлэмжийн чанар” дуунуудаа зохиосон байна.”Үлэмжийн чанар”-ыг Хужиртын халуун рашаанд биеэ сувилуулж явахдаа Дадийшүрийд зориулж зохиосон гэдэг домогтой” гэж бичжээ.
• Хувьсгалын Дараахи
Он Жилүүд
1921 оны хувьсгал ялсаны дараа цэрэг, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилт чухлаар тавигдсан учир хувьсгалын тухай суртал ухуулгыг аман яриагаар ухуулан таниулах төдийгүй урлаг уран сайхны хэлбэрийг ашиглах нь илүү үнэмшилтэй үр нөлөөтэй байсан учир цэргийн дарга нарын сургуулийн дэргэд анхны уран сайханчдын бүлгэм бий болсон байна. Цэргийн яамны сурган боловсруулах хэлтсээс даалгавар өгсөнийг биелүүлэх үндсэн дээр уран сайханчдын бүлгэмийн хэсэг хүмүүс Гэсэр туужийн хэсэг бүлгээс нь жүжиг болгон оруулж, комиссар Насанбатыг найруулагчаар нь томилсон байна. Жүжигт хөгжимчид, дуучид оролцсон нь аялгуут жүжгийн хэлбэртэй болжээ.
1922 оноос Оросын элчин сайдын яамны харъяа Нардом хэмээх үзвэрийн хүрээлэнд анхны үндэсний жүжиг болох С. Буяннэмэхийн Ойрхи цагийн товч түүх хэмээх жүжгээ тоглуулжээ. 1923 онд Энэтхэгийн эртний уран зохиол “Ушаандар Хааны тууж” зохиолыг Д. Нацагдорж тайзны зохиол болгон бичиж, уран сайханчид дуулалт жүжиг болгон тавьсан байна.
1924 оны сүүлчээр Сүхбаатарын дурсгалд зориулж түүний нэрэмжит уран сайхны клуб байгуулжээ. Энэ клубээс Улсын гавьяат жүжигчин Ё. Шаравдоо, Ардын жүжигчин Ичинхорлоо, Улсын гавьяат жүжигчин Л. Цэрэндoрж нар төрөн гарчээ.
1926 онд Монголын Театрын урлагт нэгэн том үйл явдал болсон нь Унгарын барилгын зураг төсөлч Иожефа Лелетагаар шинэ театрын зураг төслийг гаргуулан барилгын ажлыг удирдуулан хятад, монгол мужаануудыг дайчлан 1927 оны намар Бөмбөгөр Ногоон театр нээлтээ хийж, Ардын Цэнгэлдэх Хүрээлэн гэж нэрлэн даргаар нь М. Дугаржавыг томилжээ. 1930-аад он хүртэл мэргэжлийн уран бүтээлчид дутагдаж мөн түүнчлэн зохиол бүтээл ховор байсанаас шалтгаалан голцуу хятад зохиолоос сэдэвлэх, эсвэл хятадын ший янгуунаас сэдэвлэсэн зохиолуудыг тоглодог байжээ. Тухайлбал: “Тансан лам”, “Согтуу хаан”, “Гаргүй Шоожуу”, “Гурван Улсын Түүх”, “Ба Ван Жан”, “Шаазан хатагч” зэргийг дурдаж болно.
1930-аад оноос тэр үеийн Зөвлөлт улсаас театрын урлагийн жинхэнэ мэргэжилтнүүд уригдан ирсэн нь монголын театрын урлаг системтэй хөгжих чухал алхам болсон. Андрей Андрейвич Ефримов Монголд ирж ажилласанаар театрын түр сургуулийг нэг жилийн хугацаатай байгуулж, жүжигчний уран чадварын хичээл заасан бөгөөд монгол бичиг, тоо бодлогын хичээлийг заадаг байсан байна.
1931 оноос Ардын Цэнгэлдэх Хүрээлэн хэмээх Бөмбөгөр Ногоон Театрыг Улсын Төв Театр болгон өргөтгөжээ. Ингэж анхны мэргэжлийн театр байгуулагдсан юм.
1931-1934 онуудад дуу хөгжмийг голчилсон жүжгүүд тавигдаж байв. Манай үндэсний дуурийн анхдагч Д. Нацагдоржийн “Учиртай Гурван Толгой” эмгэнэлт жүжиг 1934 онд анх тайзнаа тоглогджээ. Энэхүү дуулалт жүжгийн үндсэн аялгуунд монгол ардын дуунуудаас сонгон оруулжээ. Жишээ нь, “Цэнхэрлэн харагдах уул”, “Ган Төмөр”, “Юндэн Гөөгөө”, “Гунан хар”, “Гуалин гоо” дуунуудаар жүжгийн гол дүрүүдийн үзэл санааг илэрхийлжээ.
1943 онд Улсын Төв Театрын тайзнаа Д. Нацагдоржийн “Учиртай Гурван Толгой” дуулалт жүжгийг шинэчлэн цомнолыг Ц. Дамдинсүрэн бичиж, А. Рабинович найруулан, хөгжмийг Б. Дамдинсүрэн, Б. Смирнов нар хамтран бичиж, тайз хувцасны зураг загварыг Н. И. Бельский, Н. Чүлтэм, Л. Гаваа нар урлан зуржээ. Гол дүрүүдэд Юндэнд- А. Цэрэндэндэв, Нансалмаад- Л. Цогзолмаа, Балганд- Л. Лувсан, Хоролмаад- В. Сүрэнхорлоо нар тогложээ.
Б. Дамдинсүрэнгийн энэ дуурь дуулалт жүжгээсээ давуу болсон тал нь
ардын дууны аялгуун дээр тулгуурлан дуулж байсан гол дүрүүдэд өөрийн гэсэн зан төлөвийг илэрхийлэх дуунуудтай болсон явдал юм. Хэдийгээр бадагчилсан дууны хэлбэрт дуурь болсон хэдий ч манай дуурийн урлагийн хамгийн анхны бие даасан дуурь хэмээх урлагийн томоохон төрлийн эх үндэс болсонд оршино.
1949 онд Бөмбөгөр Ногоон Театр шатахад Учиртай Гурван Толгой дуурийн бүтэн эх нот тэр чигээрээ шатаж үгүй болсон нь маш том гарз гарсан байна. 1951 онд Б. Дамдинсүрэн дуучдын цээжилсэн ая эгшгийг нотолж дахин бичжээ. 1956 онд Хөх хотод манай тавилаар өөрийнхөө жүжигчдийг тоглуулжээ. Мөн Бээжинд тоглосон байна. 1988 онд бас Алма-Атад манай жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тогложээ.
1951 оны 7-р сарын 2-нд Б. Дамдинсүрэн “Жаргалын зам” дууриа Ч. Чимэд, Ойдов нарын цомнолоор туурвисан байна. Энэ дууриараа монгол дуурийн чиглэлд яриан дууны (речитатив) хэсгийг оруулж, найрал дууны томоохон хэсгийг зохиож хөгжүүлсэнээр Монголын дуурийн хөгжилтөнд том хувь нэмэр оруулсан байна.
1957 оны 7-р сарын 7-нд С. Гончигсумлаа “Үнэн” дууриа Д. Сэнгээ, Ч. Лодойдамба нарын цомнолоор зохиожээ. Тэрээр энэ дууриараа монгол дуурьт байгаагүй үглэл дуу (ари), бодрол дуу, хоршил, гурвал зэрэг өрнийн дуурийн гол төрлүүдийг монголын дуурийн урлагт анх хэрэглэжээ. 1981 онд С. Гончигсумлаа энэ дуурийг шинэчлэн боловсронгуй болгосон.
1961 оны 1-р сарын 6-нд Л. Мөрдөрж, Л. Ванганы зохиолоор “Хөхөө Намжил” дууриа бичсэн. Энэ дуурь нь аж байдал, үлгэр домгийн сэдвийг монгол дуурьт оруулж ирсэн онцлогтой. Энэхүү дуурийг Д. Лхасүрэн найруулж таван үзэгдэлтэй дуурь болгосон.
1965 оны 7-р сарын 11-нд Б. Дамдинсүрэн “Тэмцэл”, 1966 онд Лувсаншарав “Ханбүргэд”, 1970 онд Б. Дамдинсүрэн “Амарсанаа” дууриа, 1971 онд Лувсаншарав “Шивээ хиагт” дууриа, 1979 онд Б. Дамдинсүрэн “Мартагдашгүй 42 хоног”, 1979 онд Л. Мөрдорж “Жаргал” дууриа 1984 онд Лувсаншарав “Нүцгэн Ноён” хошин дууриудаа тус тус зохиосон байна. Үүнээс үзэхэд энэ үеийн ихэнхи дууриуд нь үзэл суртлын хувьд 1921 оны хувьсгалын үйл явдлыг харуулсан тухайн үеийнхээ нийгэм улс төрийн хэв шинжийг шингээсэн дууриуд байжээ.
Харин 1985 онд манай дунд үеийн зохиолч Х. Билэгжаргал яруу найрагч Б. Лхагвасүрэнгийн цомнолоор “Ламбагуайн Hулимс” дууриа тоглуулжээ. Энэ дуурийг манай нэрт яруу найрагч Д. Дамдинсүрэнгийн өгүүлэлээс сэдэвлэн туурвисан байна. “Ламбагуайн Hулимс” дуурийн онлцог нь хөгжмийн дуурьсахуйн ухаанаар (гармонический) маш баялаг хөгжүүлж чадсан дуурь болжээ.
1988 онд хөгжмийн зохиолч Ц. Нацагдорж Шажинбатын цомнолоор “Үүлэн заяа” түүхэн эмгэнэлт дууриа бичсэн байна. Энэ дуурийн онцлог нь симфони хөгжмийн өрнөл, удиртгал хөгжмийг маш өргөн хүрээнд чадварлагаар сайжруулсанаар уран сайхны онцгой ач холбогдолтой дуурь болж чадсан байна. Энэ дуурийг Улаан -Үдийн Сонгодог Урлагийн Академик Театрт тус театрын жүжигчид тоглож, мөн Алма-Ата хотод манай жүжигчид урилгаар очиж амжилттай тоглосон байна.
1991 онд Х. Билэгжаргал Г. Мэнд-Оөёогийн цомнолоор “Гэрэл Сүүдэр” дууриа тоглуулсан. Энэ дууриараа манай дуурийн урлагт урьд нь хөндөгдөөгүй байсан 1930-1940 оны аймшигт хэлмэгдүүлэлтийн сэдвийг сонгосон байна.
1995 онд Ц. Нацагдорж Ш. Шажинбатын цомнолоор “Гэсэр” дууриа тоглуулсан. Энэ дуурь нь үлгэр туульсийн сэдвийг дуурьт оруулсан бүтээл болсон. 2003 онд Б. Шарав “Чингис Хаан” дууриа тоглуулсан. 2006 оны 10-р сарын 29-нд Лувсаншарав “Их Хааны Xатад” дууриа Дархан хотын Театрын тайзнаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Дархан Уул аймгийн Залуучуудын Театр байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан бүтээсэнээр орон нутгийн театруудад нээлтээ хийсэн анхны дуурь болжээ.
Азийн орнуудаас анхны дуурийн театр Монгол улсад байгуулагдсаныг тэмдэглэхэд тун их бахархалтай байна. Манай Улсын Дуурь Бүжгийн Театр хэмээх нэртэй энэхүү театр маань 1963 оны 5 сарын 18 нд П.И. Чайковскийн “Евгений Онегин” алдарт дууриар нээлтээ хийжээ. Улсын дуурь бүжгийн театр байгуулагдсан цагаасаа урын сангаа арвижуулах хоёр үндсэн чиглэл барин ажиллаж ирсэн юм. Нэгд, үндэсний дуурийг шинээр бүтээх, хоёрт, гадаадын сонгодог дууриас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан гаргахыг чухалчилжээ. Дуурь Бүжгийн Эрдмийн Театр маань одоогийн байдалаар үндэсний 22 дуурьтай болж дэлхийн олон сонгодог дууриудаас өөрийн орны тайзнаа толилуулсаар байна.
• Дэлхийн Сонгодог
Бүтээлүүдээс
1. П.И. Чайковскийн “Евгенин Онегин” – 1963
2. А.С. Даргомыжeский “Лусын Дагина” – 1964
3. Дж. Пуччини “Чио Чио Сан” – 1964
4. В. И. Мурадели “Октябр” – 1967
5. Ш. Ф. Гуно “Фауст” – 1969
6. С. В. Рахманинов “Алеко” – 1969
7. А. П. Бородин “Игорь Ван” – 1972
8. Б. Сметана “Худалдагдсан Бэр” – 1974
9. Дж. Верди “Травиатта” – 1977
10. Дж. Россини “Сивилийн Үсчин”- 1979
11. Дж. Пуччини “Тоска” – 1981
12. П.И. Чайковский “Иоланта” – 1984
13. Ж. Бизе “Кармен” – 1985
14. Дж. Верди “Реголетто” – 1986
15. Дж. Пуччини “Турандот” – 1990
16. Дж. Верди “Трубатур” – 1994
17. B.A. Моцарт “Увьдаст Лимбэ” – 1996
18. Дж. Пуччини “Богема” – 2005
Тайлбар: Энэхүү бүтээлийг зохиогч Соёл Урлагийн Их Сургуульд багшилж байх үеэсээ судлан шинжилж, мөн Монгол Улсын Урлаг Судлалын Ухааны Магистрийн зэрэг хамгаалах бүтээлдээ оруулсан бөгөөд нэмэлт засвар оруулан америкийн монголчууддаа мэдээлэл болгон илтгэсэн болно. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан тул энэхүү материалаас ашиглахдаа зохиогчоос зөвшөөрөл авахыг мэргэн уншигчдад урьдчилан нөхөрсөгөөр сануулж байгааг болгооно уу? Ж.Болормаа