Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд
Сонгодог урлаг

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

Урлаг Урлаг05/08/2025Шинэчлэгдсэн:05/08/2025Сэтгэгдэл байхгүй17 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-т ирэх сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 21-ны өдөр хүртэл тоглогдох оркестр, дуурь, балетын дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэж байна.

Түүнчлэн урлагийг олон нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор бүх тоглолтын тасалбараа наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу бүх суудал 60,000 төгрөгөөр зарагдаж байгаа аж.

Зураг

“ORCHESTRA NIGHT-III”

  • Хэзээ: 2025.09.27-нд 17:00 цагт
  • 2025.09.28-нд 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 Минут
  • Насны ангилал: 8+

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 2025–2026 оны 63 дахь улирлынхаа нээлтийг сонгодог урлагийн үндэс суурь болсон симфони найрал хөгжмийн бүтээлүүдэд төвлөрсөн “Orchestra Night” тоглолтоор эхлүүлэх гэж байна.

Энэхүү тоглолт нь театрын уран бүтээлийн гол тулгуур болсон хөгжимчдийн оролцоог онцлон, симфони найрал хөгжмийн уран сайхны илэрхийлэл, хөгжим дэх утга зохиол, мэдрэмж, өрнөл, дотоод сэтгэлийн хүчийг тайзнаа бүрэн хүргэх зорилготой.

Дуурь, балетын бүтээлүүдийн ар талд үргэлж оршдог чухал “суурь давхарга” болох найрал хөгжмийг энэ удаа гол цөмд авч, цэвэр хөгжимд суурилсан үзүүлбэрээр шинэ улирлыг эхлүүлэх нь тус театрын уран бүтээлийн нэгэн онцлог шийдэл юм. Тус тоглолтод Дэлхийн сонгодог болон Монголын үндэсний шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс эгшиглэх болно.

Зураг

“Гүнгэрийн Гүнж” дуурь

  • Хэзээ: 2025.10.04 17:00 цагт
  • 2025.10.05 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 Минут
  • Насны ангилал: 12+

Хөгжим: Ц. Нацагдорж ТС

Найруулагч: Б. Сүхээ МУСТА

Тайзны зураач: Г. Ганбаатар МУУГЗ

Хормейстр: Н. Дашбямба МУУГЗ

Хувцасны зураач: Г. Оюун МУСТА

Бүжиг дэглээч: Ц. Чинзориг МУСТА

Үйл явдал: Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байх хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй. 2 цэрэг Цао-Цао жанжины үзэсгэлэнт гүнжийг хулгайлан Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал цааш өрнөнө…

ТС Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурь 2016 оны 3-р сард УДБЭТ-ын тайзнаа анх тоглогдож байсан. Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн ТШ, СГЗ Д.Төрбат цомнолыг бичсэн.

Түүхэнд Хүннү гүрний Шаньюй Хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс эхлэн Хүн болон Хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэсэн байдаг.

Зураг

П.И.ЧАЙКОВСКИЙ “ХУНТ НУУР” БАЛЕТ

  • Хэзээ: 2025.10.10 19:00 цагт
  • 2025.10.11 17:00 цагт
  • 2025.10.12 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 Минут
  • Насны ангилал: 8+

Хөгжим: П.И.Чайковский

Цомнол: В.И.Бегпчев, В.Ф.Гельцер

Балетмейстер: ХБ, ТШ, МУАЖ Б.Жамъяндагва

Ерөнхий зураач: МУАЗ Ч.Гунгаасүх

Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, Хунт нуур” гэсэн 3-н балет бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж. П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны 03-07-нд Их театрт тоглож байжээ.

Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй 1 үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. “Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд “Хунт нуур” нь “балет” хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

“Хунт нуур” балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан түүхтэй. 2025 оны 06-р сарын 28-ны өдөр тус балетын УДБЭТ-ын тайзнаа тоглогдсоны 50 жилийн ой тохиосон түүхэн сонгодог бүтээл юм.

Зураг

Б.Дамдинсүрэн “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь

  • Хэзээ: 2025.10.18 17:00 цагт
  • 2025.10.19 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 Минут
  • Насны ангилал: 12+

/3 бүлэг, 5 үзэгдэлт/

Хөгжим: ТШ, МУАЖ Б.Дамдинсүрэн, Б.Смирнов

Цомнол: Д.Нацагдорж

Найруулагч: МУУГЗ Л.Эрдэнэбулган

Ерөнхий зураач: МУАЗ Ч. Гунгаасүх

Туслах найруулагч: МУСТА Б.Цэрэндаваа

Их Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа дуулалт жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавигдсан. “Учиртай гурван толгой” дуурь нь хүүхэд залуучууд, ахмад настангууд гээд бүхий л насныхан үзэх дуртай үндэсний бахархалт бүтээл юм. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон үндэсний дуурь юм.Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох болно.

Дуурийн нэгдүгээр үзэгдэл.. Хөдөө тал . Үдэш орой болж эх хүний бүүвэйн дуу уянгална. Сэтгэлт хос Юндэн Нансалмаа хоёр болзон уулзаж, бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлнэ. Юндэн Нансалмаа хоёр эхийн гар дээр бүүвэйлэгдэх бяцхан хүүг өхөөрдөж хэсэг зогсоод явна Тэнгэрт од түгж харанхуй болно. Хүн бүгд амгалан зүүд нойрондоо автжээ. Харин Юндэн Нансалмаа хоёр одод түгсэн шөнийн нам гүнд зугаацан

“Ижил хоёр шувуу шиг

Ижилдэн суух” тухайгаа ярилцаад Юндэн хот газар очиж хуримынхаа юмаа төхөөрөхөөр болно.

Үүр хаяарч нутгийн ардууд анд мордох эрчүүд алсад одох Юндэнг гаргаж өгөхөөр цугларна. Юндэнд дурласан нутгийн бүсгүй Хоролмаа ирж Нансалмааг хараад атаархах сэтгэлд автан ямар нэгэн хорон муу зүйлийг бодон зогсоно Нансалмаа Юндэнгээ алсын замд үдэн тэвчээртэй хүлээхээ андгайлав…. ийнхүү дуурь үргэлжлэх болно.

Зураг

П.И.ЧАЙКОВСКИЙ “ХУНТ НУУР” БАЛЕТ

  • Хэзээ: 2025.10.24 19:00 цагт
  • 2025.10.25 17:00 цагт
  • 2025.10.26 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 Минут
  • Насны ангилал: 8

Хөгжим: П.И.Чайковский

Цомнол: В.И.Бегпчев, В.Ф.Гельцер

Балетмейстер: ХБ, ТШ, МУАЖ Б.Жамъяндагва

Ерөнхий зураач: МУАЗ Ч.Гунгаасүх

Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур”  гэсэн 3-н балет бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж. П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны 03-07-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй 1 үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна.

“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд “Хунт нуур” нь “балет” хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

“Хунт нуур” балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан түүхтэй. 2025 оны 06-р сарын 28-ны өдөр тус балетын УДБЭТ-ын тайзнаа тоглогдсоны 50 жилийн ой тохиосон түүхэн сонгодог бүтээл юм.

Зураг

Ж. РОССИНИ “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРЬ

  • Хэзээ: 2025.11.01-нд 17:00 цагт
  • 2025.11.02-нд 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 90 минут
  • Насны ангилал: +12

/2 бүлэгт хошин дуурь/

Хөгжим: Ж.Россини

Цомнол: П.О.Бомаршегийн “Севилийн үсчин”

Найруулагч: Стефано Монти /Итали улс/

Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх МУАЗ

Хөтлөх найруулагч : Б.Цэрэндаваа МУСТА

“Севилийн үсчин” хошин дуурийн хөгжмийг Жоакино Россини, цомнолыг Чезаре Стербини Францын нэртэй зохиолч Пьер Огюстен Карон де Бомаршегийн “Севиль хотын үсчин” (1775) гэх хошин зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Уг дуурийг анх 1816 оны 02 сарын 02-ны өдөр Ромын “Аржентино” театрт тоглосон. Дуурийн урлагт хошин төрөл жанрыг тодорхойлдог гол бүтээл болох “Севилийн үсчин” дуурь өнөөдөр хоёр зуун жилийн дараа ч алдартай бүтээл хэвээр байна.

Россини уг дуурьтаа Бомаршегийн зохиолын гурвангол дүрийн нэг болох авхаалж самбаатай, сэргэлэн эр Фигарог тод томруун харуулж, түүний үйл явдлыг дүрсэлсэн байдаг. “Севилийн үсчин” дууриас гучин жилийн өмнө буюу 1786 онд алдарт зохиолч В.А.Моцарт “Фигарогийн хурим” дууриа мөн Бомаршегийн гурамсан зохиолын 2-р хэсгээс сэдэвлэн бичсэн байна.

УДБЭТ-ын хамт олон энэхүү гайхамшигт дуурийг 1979 онд найруулагч УГЗ Л.Эрдэнэбулган, удирдаач УГЗ Ч.Жамсранжав, зураач СТА Г.Адьяа гэсэн уран бүтээлийн бүрэлдэхүүний удирдлага дор бүтээж байжээ. Анх “Севилийн үсчин” дуурийг монгол хэлнээ орос хэлнээс дамжуулан хөрвүүлэн тавьж байсан бол 1998 онд сэргээн тавьж, дуурийн гол ари хэсгүүдийг Итали хэлнээ тогложээ. Сэргээн тавилтын найруулагчаар мөн УГЗ Л.Эрдэнэбулган зураачаар СТА Г.Адьяа нар ажиллаж УГЗ Н.Туулайхүү удирдсан байна.

Энэ удаа УДБЭТ-ын 2020 он хүртэлх стратегийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу энэхүү гайхамшигт хошин дуурийг эх зохиолоор нь, бүрэн итали хэл дээр тоглохоор шийдвэрлэсэн “Севилийн үсчин” хэмээх 2 бүлэгт хошин дуурийг Ж.Россини 1816 онд Чезаре Стербинигийн Итали цомнол дээр бичжээ. Цомнолыг Францын алдарт хошин зохиолч П.О.Бомаршегийн “Севилийн үсчин” гурамсан жүжгийн нэгдүгээр хэсгээс сэдэвлэн бичсэн бөгөөд ухаалаг, сэргэлэн Фигаро хэмээх баатрыг үзэгчдэд таниулдаг. 2017 онд Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилттай болгож шинэчлэн найруулсан.

Энэ алдарт бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч, 2017 онд шинэчлэн найруулахдаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьсан онцлогтой. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байна.

Зураг

А.Адан “Жизель” балет

  • Хэзээ: 2025.11.07-нд 19:00 цагт
  • 2025.11.08-нд 17:00 цагт
  • 2025.11.09-нд 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут
  • Насны хязгаар: 12+

Хөгжим: А.Адан

Цомнол: Т.Готье, Ж.Сен-Жорж

Хөрвүүлэн дэглэсэн: Ф.Г.Кайдани

Ерөнхий зураач: А.Морозов

Тайзнаа анх тавигдсан: 1841.06.28

УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан: 1979.12.22

Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ.

Ийнхүү “Жизель” балетын сэдэв санааны сэжүүр үүсч үүнийгээ жүжгийн цомнол болгон бичихэд туршлагатай цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан байна. Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ.

Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa –гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Сүүлийн Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ. А.Аданы “Жизель” нь балетын төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна.

Зохиолч Ж.Сен-Жорж нэгдүгээр үзэгдлийн үйл явдлын зангилаа, хоёрдугаар үзэгдлийн сэдвийн ерөнхий чигийг тодруулж өгсөн бөгөөд. хоёр энэ балетын сэдвийн учгийг ийнхүү гаргахдаа өмнөх үеийн бүжгийн урлагийн ололт амжилтыг түшиглээд зогссонгүй романтизмын эхэн үеийн шинэчлэлтийн арга барилыг ч бас бодолцсон юм. Сэтгэл санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд цомхотгон багтаах зарчмыг ч бас баримталсан бөгөөд мөрөөдөл, гунигт хувь тавилан, аз жаргалын хий хоосон чанарыг гол сэдвээ болгосон гутранги үзэл бүхий романтизмын эхэн үеийн балетуудаас огт өөр утга санааг энэхүү балет илэрхийсэн байдаг.

Зураг

Б. Шарав “Чингис хаан” дуурь

  • Хэзээ: 2025.11.15-нд 17:00 цагт
  • 2025.11.16-нд 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут
  • Насны хязгаар: 8+

/Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурь/

Хөгжим:ТШ, ХБ, Чингис хаан одонт МУУГЗ Б.Шарав

Цомнол: Ардын уран зохиолч, П.Бадарч

Найруулагч: МУАЖ Ч.Найдандорж

Ерөнхий зураач: МУАЗ Ч.Гунгаасүх

Тайзнаа анх тавигдсан: 2003.05.03

Шинэчилэн тавигдсан: 2016.06 сар

ТШ, ХБ, Б.Шаравын “Чингис хаан” хэмээх 2 бүлэг 6 үзэгдэлт дуурийн анхны тоглолт 2003 оны 5-р сарын 3-ны өдөр болжээ.

Хөгжмийн зохиолч Б.Шарав “Чингис хаан” дуурь олон дүртэй байхаас аргагүй. Учир нь, Чингис хааны талаар хийсэн бүтээл учраас түүний хүрээлэл, өргөн хүрээг оруулахгүй байх боломжгүй. Энэ бүтээлийг тавихын тулд Өүлэн эх, Жамухаас гадна Тоорил ванг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймээс тайзан дээр тавихад их нүсэр, нэлээд хөдөлмөр шаарддаг дуурь юм” хэмээж байжээ.

Дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм. Анх тус дуурийн Удирдаач АЖ Ж.Бүрэнбэх, найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган, зураач МУАЗ Ч.Гунгаасүх нар анх бүтээсэн түүхтэй.

Тус дуурийг 2016 оны 6 сард МУАЖ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү нар ажилласан. Шинэчилсэн хувилбарын талаар Б.Шарав гуай өгүүлэхдээ “Дуурийг шинэчлэн найруулахад хөгжмийн зохиолчийн хувьд би багахан шинэчлэл хийсэн. Өмнөх бүтээлийг илүү өргөн цар хүрээтэй, олон хөгжимчин тоглохоор бодож хийсэн. Түүнийгээ өнөөдрийн театрын нөхцөлд тааруулж арай хялбар болгосон нь миний бодлоор гайгүй болчих шиг санагдлаа. Хөгжмийн хувьд илүүдсэн эсвэл дуугаралт нь дуучдаа дараад байгаа зүйл олон бий. Ер нь төгс бүтээл гэж байдаггүй. Миний хувьд 10 гаруй жилийн дараа хөгжмийг нь дахин шинэчилж байгаа учраас сэтгэлдээ хүртэл хийхийг хичээсэн хэмээжээ.

Тус дуурь нь Монгол аймгийн захирагч Есүхэй баатар Татаруудад хорлогдож нас барсны дараа ард иргэд нь хатан Өүлэнг таван өнчин хүүхдийнх нь хамт орхиж Тайчуудыг даган нүүж оддог. Хөмүүл, таанаар хооллож хэдий зовж зүдэрсэн ч Өүлэн эх хөвүүдээ баатар хүний ёсоор өсгөн хүмүүжүүлдэг. Таван хүү нь хэдий өлмөн зэлмүүн, ядуу зүдүү ч эр зоригтой, үнэнч шударга зантай болж өснө. Гэтэл Тайчууд эргэн ирж том хүү Тэмүүжинг олзлон авч одно. Ирээдүйн хааныг барьсан Тайчууд найрлан суух хойгуур Тэмүүжин тэднээс оргон зайлдаг. Голын харгианд дунд амандаа зэгс зуун хэвтээ түүнийг харсан Сорхоншар “Би чамайг хэлэхгүй” гэж шивнэчихээд явж одно. Тайчуудын эрэл мухардана. Тэмүүжин Сорхоншар, түүний охин Хадаан нарын тусламжтайгаар сайтар тэнхэрч аваад ээж, дүү нарын зүг явснаар дараагийн үзэгдэл эхэлдэг.

Уг үзэгдэлд Тэмүүжиний анхны томоохон тулалдааны талаар өгүүлнэ. Эцэг Есүхэйн амьд сэрүүн байхад сүй тавьсан Дай сэцэний охин Бөртэг бэр буулган авч Мэнлиг эцэг, дүү Бэлгүтэйн хамтаар гэр рүүгээ буцах замд эрт цагт танилцсан Боорчи, Зэлмэ нартай нөхөрлөнө. Тэгтэл урьд эцэг Есүхэй Мэргэдийн Чилэдүгээс Өүлэн хатныг булаасан өсийг санаж, тус аймгийнхан цэрэглэн ирж Бөртэг булаан одно. Тэмүүжиний эцгийн эртний анд, Хэрэйдийн хаан Тоорил Ван, бага насандаа анд барилдсан Жамуха нарын хамтаар Мэргэдийг ялж хатан Бөртийгөө буцаан авна. Гэвч салж нүүх гэснээс болж андууд эвдрэлцэнэ. Эндээс л тэдний их тэмцэл, атаа хорсол эхэлдэг. Харин энэ үеэр олон омог, аймаг Тэмүүжинд дагаар орж хаанд өргөмжлөн Чингис хэмээх алдрыг хайрласнаар дуурь төгсөнө. Хайр сэтгэл, атаа хорсол, баатруудын хоорондын тэмцлээс илүүтэй XIII зууны үеийн Монголчуудын ахуй амьдралын дүр зураг, нүүдэлчдийн ёс заншлын тухай өгүүлснээр тус дуурь ихээхэн алдартай.

Зураг

Ж. Пуччини “Богема” дуурь

  • Хэзээ: 2025.11.29-нд 17:00 цагт
  • 2025.11.30-нд 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут
  • Насны ангилал: 12+

Хөгжим: Ж. Пуччини

Найруулагч: МУУГЗ Г. Эрдэнэбаатар

Зураач: МУУГЗ Г. Ганбаатар

/Дөрвөн үзэгдэлт дуурь/

Богема дуурь нь 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Париж хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Ж.Пуччинийг дуурь бичсэн байна. Ж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгаа харуулахыг зорьжээ. Ж.Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь хийгээд заяасан авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа хүн төрөлхтөнд агуу ихийг үлдээдэг боловч эмгэнэлтэй байдаг тухай хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан юм. Уг романыг дуурь болгоход нилээд товчлох шаардлагатай байсан ба зохиолын утга санаа огт хөндөлгүй хадгалж үлдсэн байна. Ж.Пуччини “Богема” дуурь нь УДБЭТ-ын тайзнаа 2004 оны 05-р сарын 07-ны өдөр анх тоглогдож байсан бөгөөд дуурийн найруулагчаар МУУГЗ Г. Эрдэнэбаатар, удирдаачаар нь МУУГЗ Н. Туулайхүү, ерөнхий зураачаар МУУГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байсан.

Богема дуурьт дараах үйл явдал өрнөнө. Париж хотын Латин хорооллын нэгэн мансардад яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен хэмээх дөрвөн найз хамтран өрөө хөлсөлж амьдарцгаах аж. Тэдний байраар зочид ихтэй үргэлжийн хөл хөдөлгөөнтэй уран бүтээл хийх нөхцлөөр хүнд хэдий ч тэд үүнд сэтгэл төвдөхгүй сууцгаах аж. Рудольф мөн тэр байшинд амьдардаг Мими гэдэг бүсгүйтэй танилцах бөгөөд удалгүй тэд хайр сэтгэлийн холбоотой болно. Марселийн урьд нь үерхэж байгаад орхиод явсан Мюзетта гэгч бүсгүй нь эргэн ирнэ.

Удалгүй тэдний дунд үл ойлголцол гарах бөгөөд Мюзетта дахин Марселийг орхин явах ба Рудольф Мимиг зайлшгүй шалтгаанаар орхин явахад хүрнэ. Өвөл болж хүйтрэх үед хүйтэн байр болон уушигны өвчнөөс Мимигийн бие муудаж амьсгаа хураахын өмнө Мюзеттаг гуйж Мансард руу ирнэ. Рудольф мөнгө байхгүйн улмаас Мимиг орхисон тухайгаа учирлах боловч Мими аврагдахаасаа нэгэнт өнгөрсөн байна.Энэхүү дуурийн зохиол нь анхаарал татсан огцом хөдөлгөөн адал явдал дуулианаар бага ч хүний сэтгэлийн дотоодод болж буй хямрал, залуу хүмүүсийн ертөнцийг ил тод, сэтгэл хөдлөл болон дүрийг хурц тодоор илэрхийлсэн тансаг аялгуугаар дүүрэн байдаг гэнэ. Хөгжим нь бүхэлдээ гол баатруудынхаа мэдрэмж болон сэтгэл санааны байдлыг маш тод зурсан байдаг аж. “Богема” дуурь нь маш хурдан хугацаанд үзэгчдийн сэтгэлийг татаж олон орны дуурийн театрын тайзнаа амилж байжээ.

Зураг

П.И Чайковский “Цөмөөхэй” балет

  • Хэзээ: 2025.12.05-нд 19:00 цагт
  • 2025.12.06-нд 17:00 цагт
  • 2025.12.07-нд 17.00 цагт
  • 2025.12.12-нд 19:00 цагт
  • 2025.12.13 17:00 цагт
  • 2025.12.14 17:00 цагт
  • 2025.12.19 19:00 цагт
  • 2025.12.20 17:00 цагт
  • 2025.12.21 17:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут
  • Насны хязгаар: +5

Хөгжим: П. И. Чайковский

Дэглэн, найруулсан: МУГЖ, МУ-ын Соёлын элч Д. Алтанхуяг

Хөтлөх найруулагч: Т. Ганбаяр

1835 оны шинэ жилийн баярын өмнөх орой: Цасан бударсан өвлийн үдэш, цахим хүйтэн шинэ жилийн өмнөх орой Дросселмайер уран дарханы газартаа Цөмөөхэй хүүхэлдэйн сүүлийн будгийг түрхэж дуусна. Харин гадаа жиндүүхэн гудамжаар хотын иргэд шуугилдан холхилдоно.

Нэгдүгээр үзэгдэл

Ноён Сильберхаусын гэр бүл шинэ жилийн баярын үдэшлэгтээ найз нөхөд, хамаатан саднаа хүлээж авахад бэлдэцгээнэ. Эцэг эх нь шинэ жилийн гацуур чимэглэж байх хооронд гэрийн асрагч ахайтан Сильберхаусын хүүхдүүд болох Клара, Фриц хоёрт анхаарал тавина.Сильберхаусын гэр бүл уригдсан зочидтой мэндчилж, үзэсгэлэнтэй чимэглэсэн гацуурынхаа гэрэлтүүлгийг асаана. Баяр цэнгээн үргэлжилж, Сильберхаус зочдоо бүжигт урина. Гэнэт оройтож ирсэн нэгэн зочныг зарласан нь цугларсан зочид, ялангуяа хүүхэд, багачуудыг сэргээнэ.

Кларагийн загалмайлсан эцэг, Сильберхаусын гэр бүлийн дотны найз, авга ах Дросселмайер ирсэн нь тэр ажээ. Тэрээр хурэлцэн ирсэн зочдыг өөрийн бүтээсэн гар урлал, механик бүжигчин хүүхэлдэйнүүдээрээ алмайруулан баясгана. Клара бүжигчин болох мөрөөдөлтэй тул бүжигчин хүүхэлдэйд маш ихээр дурлах аж.Дросселмайер Кларад өөрийн тусгай бэлэг болох цэрэг хувцастай ер бусын Цөмөөхэй хүүхэлдэйг бэлэглэнэ. Фриц эгчдээ атаархаж, хүүхэлдэйг хулгайлж авахаар найзуудтайгаа хуйвилдана. Тэрээр зальтай нь аргагүй сэмхэн гэтэж, байгаад Кларагаас Цөмөөхэйг булааж авахыг оролдоно. Хүүхдүүд хүүхэлдэйг булаацалдан тэмцэлдсэн ч эцэст нь Фриц ялж, Цөмөөхэйг аван газар шиднэ. Клара маш их харамсан гутрахад ноён Сильберхаус хүүгээ зэмлэнэ. Дросселмайер Цөмөөхэйн гэмтлийг шинжээд илбэ шид бүхий хэд хэдэн хөдөлгөөн хийсний дараа хүүхэлдэйг Кларад эргүүлэн өгнө.Сильберхаус зочиддоо бүжиглэхийг санал болгосноор бүгд түүнтэй нэгдэнэ.

Цаг орой болж, зочид ч салах ёс гүйцэтгэн явцгаана. Гэрэл унтарч, Сильберхаусын гэр бүл өвлийн урт шөнө амрахаар хэвтэцгээнэ. Шөнө дунд ойртох үед Клара хайрт Цөмөөхэйгөө харахаар өлмий дээрээ гишгэн өрөөнд чимээгүйхэн орж ирнэ. Хүүхэлдэйг аюулгүй байгааг хараад сэтгэл амарч, буйдан дээр нойрсохоор хэвтэнэ. Клараг нүдээ анимагц нэгэн хулгана гарч ирнэ. Тэр мөчид хуучин өвөөгийн цаг 12 цохиж Клара цагийн чимээгээр сэрээд өрөөгөөр нь олон хулгана гүйлдэж байхыг харан гайхна. Тэрээр Цөмөөхэйгөө тэврээд буйдан дээр суун хорогдоно. Гэнэт Дросселмайер гарч ирэн Клараг тайвшруулж, хулгануудыг үргээнэ. Гэвч адал явдал үүгээр дууссангүй. Өрөөний хананууд өөрчлөгдөж эхлэн шинэ жилийн гацуур мод аварга том болж хувирна.

Үүнтэй ижил Цөмөөхэй ч гэсэн өсөн том болж хувиран Клараг гайхшрууллаа.Хулганы хаан гарч ирэн Цөмөөхэйг тулаанд дуудна. Хулганы хаан давамгайлж эхлэх шиг болоход Клара шаахайгаа тайлан түүний толгой руу шиднэ. Цөмөөхэй ч боломжийг ашиглаж, хорон санаат Хулганы хааныг устгана. Дросселмайер дахин гарч ирж, сүүлийн илбэ шидээ хийж, Цөмөөхэйг сэтгэл татам Ханхүү болгон хувиргана. Ханхүү Клараг дагуулан Цасны оронг гаталж, Амттангуудын хаант улсыг зорихоор аялалд гарна.

Хоёрдугаар үзэгдэл

Дросселмайерын илбэ шид үйлчилсэн хэвээр.., Клара, Ханхүү хоёр Амтатны дагины захирдаг чамин тансаг Амттаны хаант улсад ирнэ. Ханхүү Амтатны дагинад хулгануудтай хийсэн тулааныг дүрслэн үзүүлж, Клараг хэрхэн зоригтойгоор Хулганы хааныг хашраасныг ярьж өгнө. Хаант улсын иргэд Кларагийн зоригийг гайхан биширч, түүнд зориулж олон янзийн гайхамшигт аялгуут бүжиг хийцгээх бөгөөд Амтатны дагина, сэтгэл татам Ханхүү хоёрын хослон бүжгээр оргилдоо хүрнэ. Тэдний бүжиг дууссанаар Кларагийн адал явдал өндөрлөсөн ч, Кларагийн зүүд үргэлжилсээр…

 

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдыг чансаагаараа тэргүүлж байна

31/07/2025
Сонгодог урлаг Урлаг

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025
Балет Урлаг

Монголын балетчид Японд тоглоно

29/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025

Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.