Орчин үеийн “алтан гургалдай”гэгддэг дуучин Адель Лондоны хойд Энфилдэд 1988 оны таван сарын 5-нд төржээ. Хотынхоо хамгийн нэр хүндтэй урлагийн сургуулийг төгссөн. (Тус сургуулийг Саймон Коулаас эхлээд маш олон алдартнууд төгссөн аж). Дунд сургуулийн нэлээд даруухан охин Адель дуучин болох гараагаа тун ч санамсаргүй эхэлжээ. Өөрийгөө тийм ч сайхан дуулдаггүй гэж боддог тэрбээр нэгэн өдөр сургуулийнхаа урлагийн зааланд дуулж зогсчээ. Гэтэл дээд нотыг гайхалтай авахыг нь харсан нэгэн хөгжмийн мэргэжилтэн түүнд “Чамд маш гайхалтай хоолой байна. Чи энэ телевизээр дуулдаг охидоос хавьгүй дээр хоолойтой юм. Тэднээс хамаагүй илүү дуулж чадна. Чи бол жинхэнэ дуучин” гэж хэлжээ.
Ийнхүү бүсгүй түүний үгэнд урамшин дуу бичиж эхэлсэн гэдэг. Төгөлдөр хуур, гитар ч тоглож сурчээ. Түүний саяхан Их Британийн хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэе.
-Найз залуу тань яг таны төрсөн өдрөөр үерхэх санал тавьж байсан гэдэг?
-Тийм ээ. Миний анхны бөгөөд цорын ганц хайр болсон залуу маань яг төрсөн өдрөөр минь надад найз бүсгүйгээ болгох санал тавьж байлаа.
-Хамгийн алдартай “21” цомгийнхоо талаар ярихдаа та түүний тухай дурсахгүй байж чаддаггүй?
-Энэ цомгийн дуунууд найз залуугаасаа хагацсан гунигийг минь бага ч болов үргээсэн. 2010 оны эхний гурван сарын турш бичсэн дуунууд л даа. Би дуугаа сэтгэлийн шаналал, зовлонгоосоо болоод л зохиож суудаг байлаа. Өөр хаашаа ч явдаггүй байсан. Энэ талаар цаасан дээр буулгамаар. Ер нь л чимээгүй байгаад байж чадаагүй. Хайртай хүнтэй маань ийнхүү харьцаа дуусгавар болсонд маш их шаналсан. Тэр надаас хэдэн насаар ах байсан. Түүнтэй хамт байхдаа л би амьд байгаагаа мэдэрдэг байсан юм. Бидний олон зүйл адилхан байсан. Хоол хүнс, вино, кино урлаг, нийгмийн үзэл баримтлал, аялалд явах гээд л ижил сонирхолтой байлаа. Тэр миний нүдийг олон зүйл дээр нээж өгсөн.
-Гэвч та удалгүй Рейнольдстой уулзаж эхэлсэн?
-Тийм ээ. Бид уулзаж эхлээд тун удалгүй хэвлэлийнхнээс ч зугатахгүй хамтдаа харагдах болсон юм. Гэвч сэтгэл зүрхэнд анхны хайр минь л байдаг юм. Би цомгоо зөвхөн тэрэнд л зориулсан гэж ярьдаг ч Саймон надад “би чамд хайртай” гэдэг үгийг өдөрт бараг арван удаа хэлдэг байсан.
-Дэлхий ертөнц ер нь яаж таны хөгжимтэй танилцсан юм бол?
-Манай нэг ангийн оюутан, тэр үедээ нэрд гараагүй байсан, алдарт хөгжмийн зохиолч Жэк Пэнэт миний бүтээлийг MySpace-д тавьчихсан байсан. Тэгээд миний сонирхлыг нэгэн компани маш ихээр татаж эхэлсэн. Би тэр компанийг л мөрөөддөг байлаа. Харин миний хаягаар шуудхан л “дахиж надруу битгий ингэж бичээч гуйя” гэсэн хариу явуулмаар захидлууд ирдэг байсан. Тэгтэл нэг удаа “ХL Recording” компаниас захиа хүлээж авсан. Тэр компанийн төлөөлөгч Ник Хаггет надад “саад болж байгаад уучлаарай. Би зүгээр л та хэн нэгэнтэй гэрээ байгуулсан эсэхийг л тодруулах гэсэн юм” гэж бичсэн байсан. Үүнийг уншаад зүрх хүчтэй цохилж гарын алга хөлөрч эхэлсэн. Тэгэхэд л би мөрөөдөл минь биелж байгаа юм байна даа гэж мэдэрсэн юм.
-Харин одоо бол та ингэх шаардлагагүй. Аль хэдийнэ алдартай хүн болсон. Таны уран бүтээлийг бүгд мэддэг, хүндэлдэг. Ийм амьдралын юу нь өөр байна?
-Би онгоцоор нисэхээс ухаан алдталаа айдаг. Бас камерын өмнө зураг авахуулахаар пооз авахыг үзэн яддаг. Тийм зүйлд үнэхээр дургүй.
-Дэндүү хачин асуулт тавьж байж болох юм. Магадгүй та камерын өмнө гарахдаа өөрийнхөө од хүнд баймааргүй бие галбираасаа санаа зовдог юм болов уу?
-Огтхон ч тийм биш. Би ямар биетэй тиймээрээ л байх болно. Миний дуу хүмүүст таалагдлаа гээд л би жингээ бариад, хасаад л өөрийгөө зовоогоод байх хэрэг үү. Надад хүмүүсийн “түүнийг хардаа тэр ийм сайхан бие галбир царай зүстэй болохоороо л од байгаа юм. Авьяас нь чухал биш” гэсэн яриа таалагддаггүй. Харин азаар миний уран бүтээлд иймэрхүү зүйлүүд илүүц л дээ.
-Таны “21” цомог сайхан ч гэсэн бага зэргийн зовлон, салалтын сэдэлтэй санагдаад байдаг юм. Дуу бүр л уянгын дүрүүдтэй байдаг. Магадгүй эдгээр дүрүүд таны амьдралаас урган гарсан байх?
-Энэ цомог бүхэлдээ миний их хайр байсан Слинки Санбим хэмээх залууд зориулагдсан юм. Миний хувьд бидний харьцаа дуусгавар болсон нь хүнд цохилт болсон. Салсандаа би өөрийгөө жаахан буруутгадаг юм. Бидний хувьд аль алинд нь зүгээр ч нэг дэмий цаг хугацаа байгаагүй. Хоёулаа салалтын гунигаа давж гарах гэж их зовсон. Надад одоо ч зүрхэнд минь шарх үлдсэн шүү.
-Уран бүтээл, студи дээрх байнгын ажил, дэлхий даяар аялан тоглох… Энэ бүгдийн хажуугаар та өөртөө яаж цаг гаргадаг вэ?
-Би тийм ч том одын амьдралаар амьдардаггүй шүү дээ. Анхны альбомоо гаргасны дараа жаахан амсхийгээд авсан. Бид хамтдаа дуучин Лили Аллены уран бүтээлийн үдэшлэгүүдээр явдаг байлаа. Гэвч одоо бүх юм өнгөрсөн үед үлдэж дээ.
-Та ер нь зорьсон бүхэндээ хүрэх гэж их тэмүүлдэг хүн шиг санагддаг. Магадгүй цаашдаа хөгжмийг бүр гүн гүнзгий судлахаар төлөвлөсөн ч байж болох юм?
-Тийм. Гэвч их сургуульд биш ээ. Остин, Манчестер юмуу Бирмингем явмаар байна. Тэнд л жинхэнэ хөгжмийн түүх байдаг шүү дээ. Хүн ер нь мэргэжлийнхээ дагуу бүхнийг мэдэж чаддаггүй юм шиг санагддаг. Тийм боломж ч байхгүй байх. Боловсрол гэдэг бол дуусашгүй үйл явц шүү дээ. Харин би хөгжмийн тухай мэдэж болох бүхнийг л мэдмээр байна. Чухам үүнд л амьдралаа зориулсан юм чинь үүнийгээ л сайн хийх ёстой шүү дээ.