Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Н.Сувд: Дутуу гаргаж дээ гэж харамсдаг дүр ч бий..
Үндэсний хөгжим

Н.Сувд: Дутуу гаргаж дээ гэж харамсдаг дүр ч бий..

Урлаг Урлаг24/10/2012Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
79c1c825ab1b24f5big_500x5001542531112012-10-24-17-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мандухай сэцэн хатан гэхээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд гуай л нүдэнд харагддаг юм. Харин Монголын анхны Офелия гэдгийг нь мэдэх хүн цөөн л болов уу. Түүнтэй У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелиягийн дүр болон бусад уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Монголын анхны Офе­лияд тоглож байсан дурсам­жаас яриагаа эхлэе гэж бодлоо?
-Олон жилийн өмнөх явдал болохоор мартчихсан байна. 1970-аад он байсан гэхээр 40 гаруй жил өнгөрч. Ямартай ч “Гамлет”-ыг энэ жил манай театр тавих гэж байгаа нь их сайхан байна.  Залуус зарим зүйлд итгэж, гутарч, өөрөө өөрийгөө олох гэж асар их идэвхтэй эрэл хайгуул хийж, тэмцдэг болсон энэ үед цаг үеэ олсон явдал. Офелия бол хэзээ ч ийм асуултыг өөртөө тавьж байгаагүй. Тийм ч идэвхтэй дүр биш л дээ. Уянгын дүр. Хэцүү, сайхан үеийн алинд ч амьдралыг чимж байдаг цэцэг гэж ойлгож тоглож байлаа. Гамлетийн үйл явдал бол маш хатуу ширүүн. Офелия бол тэр хатуу чулуунаас ургачихсан жижигхэн “цэнхэр цэцэг”. Эмзэг, энхрий, анхилуун бүхний бүрдэл.

Офелиягийн дүр тийм ч том биш хэрнээ жүжигчнээс ур чадвар их шаарддаг юм шиг харагдсан?
-Өөрийнхөө амьдралд хам­­гийн үнэ цэнэтэй бүх зүй­лээ алдчихсан болохоор Офе­лиягийн сэтгэл санааны гүн хямралд орчихсон үе нь гардаг л даа. Амьдралын үнэн мөнийг таниагүй хүний хувьд шалгуур хүнд ачааг даахад хэцүү. Төгсгөлийн галзуурч байгаа хэсгийг би бүтэн галзуурсан гэдгээр хараагүй. Хүний ухаан санаа орж гардаг үе байдаг шүү дээ. Тэр үедээ эцгийгээ, Гамлетийг бодохоор орж гараад л гашуудаж байгаа. Судлаачдын бүтээлээс уншиж байхад мөн л  галзуурсан гэж үзээгүй байдаг. Тэрийг хүмүүст цэцэг өгдөг хэсгээс харж болно. Энэ хүнд ямар цэцэг өгөх вэ гэдгээ яг оноож олоод өгдөг.
-Эмэгтэй жүжигчдийн тоглохыг хүсдэг дүрийн л нэг. Офелияг шалгаруулалтаар тодруулсанд хүмүүс их ам сайтай байна билээ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Шалгаруулалтын үеэр байгаа­гүй ч гэсэн оролцогчдын ажил­тай танилцсан. Дүрээ өөр өөрийн­хөөрөө л харсан байна билээ. Нэг дүрийг хэдэн янзаар үзүүлж болдгийг харуулж чад­санд баяртай байгаа.
-Энэ удаагийн Офелияд шалгарсан жүжигчин Г.Ган­чи­мэг өөрийн тань дүрээ су­далж байсан аргаас судалж суралцсан гэсэн?
-Дүрийн судалгаа хийхэд олон арга байдаг л даа. Өмнө нь тоглож байсан хүнээсээ туршлага судална. Эсвэл юу ч сонсохгүй байж байгаад өөрийнхөө үзэл бодлоор дүрээ бүтээдэг жүжигчид ч бий. Надаас ганц хоёр хүүхэд асууж байсан л даа. Жүжигчин хүнд нэг үг, өгүүүлбэр хэлсэн ч нөлөөлдөг. Тийм учраас найруулагчид зарим үед юу хийхийг нь зааж өгөх тохиолдол ч байдаг. Өөр хүний үгийг сонсох хэрэггүй гэдэг  найруулагч ч бий.
-Таныг Офелияд тоглож байхад С.Галсанжав гуай юу гэж зөвлөж байсан бол?
-Тэр үед чинь жүжигчдийг су­дал­гаа маш их хийхийг шаард­даг байсан. Улсын төв но­мын сан ойрхон учраас бид ч их зүйл уншина. Тэнд уншиг­чийн карттай байсан. Тэ­гээд л тоглох жүжигтэй маань холбоотой материал юу бай­на гээд л явна. Тэгж уншиж байх­даа л дүрээ сайн таньсан даа.
-Жүжигчин Д.Ганцэцэг дү­­­рээ судлах гэж “Шар хад”­-­ны эмнэлэгт хэд хэдэн удаа оч­сон гэсэн…?
-“Эрдэмтний яриа” жүж­гийн дүрийн судалгаа хийх гээд залуухан байхдаа би ч гэсэн очиж байсан. Тэнд байгаа хүмүүс хэчнээн “галзуу” гэсэн оноштой ч ухаантай байдаг юм билээ. Намайг яваад ороход эмэгтэй хүний тухай, жүжигчин хүний тухай яриад л эсвэл ээжийн маань дуулж байсан дуунуудыг дуулж өгөх ч юм уу надад холбоотой зүйлүүдийг ярьж байсан.


-Наранбаатар найруу­лаг­чийн тавихаар бэлдэж байгаа “Гамлет”-ийн онцлог бас их сонин…?
-“Гамлет” жүжгийг их олон янзаар тавьж болно л доо. Философитой, гүн ухаа­ны шинжтэй тавьдаг. Ма­найх харин энэ удаа залууст зо­риулан орчин үеийн “Гамлет” тавина. Хүн төрлөхтний дунд орших уу, эс орших уу гэсэн үүднээс биш зүгээр л энэ нийгэмд амьдарч байгаа “би” гэж хэн бэ гэдэг асуултын хариуг л эрж хайсан.
-Мэдээж, энэ нийгэмд гүн ухаан сонирхоод явах хүний тоо цөөн байх?
-Би бодохдоо сайн тавьбал ямар ч асуудал хөндсөн үзэг­чид үзнэ гэж боддог. Ганцхан ур чадвараа гаргаж маш өндөр төвшинд тавих ёстой. Асуудлын гүн рүү орно гэдэг том зүйл.
-Сүүлийн үеийн залуу уран бүтээлчдийг ахмад үеийн­хэн хөдөлмөрлөхгүй бай­на гээд шүүмжлээд бай­на л даа?
-Бид залуу жүжигчдээс судалгаа хийхийг их шаарддаг. Тиймээс ч их бага хэмжээгээр дүрийн судалгаа хийдэг байх гэж найддаг. Гэсэн ч тэр дүр гэдэг галт уулынхаа гүн рүү орохгүй байна уу даа гэж бодогддог. Буцлаад байгаа халуун лавыг нь нэвтэлчих юм бол доор нь юу ч байж болно. Дээр үед театрт “Эрдмийн” гэдэг цол өгөхөд янз бүрээр л ярьж байсан. Би театрт нийгэм судлаач, хүн судлаач, түүхчид ажилладаг гэж боддог. Энд эрдэм шинжилгээний судалгаа хийдэг. Тиймээс энэ нэрээ хамгаалах нь бидний үүрэг. Зарим жүжигчин цээжилсэн үгээ л яриад байдаг. Сайхан цэцгийг түүгээд ирэхдээ биш хөрсийг нь судлаад дахиж тарих нь л чухал биз дээ. Энд тэнд харж байхад би бүх юмны төв гээд бодчихсон хүмүүс байна. Өөртөө итгэх итгэл сайн зүйл ч гэлээ юу ч хийж чадахгүй мөртлөө тэгж аяглах нь их өрөвдөлтэй харагддаг.
-Офелия шалгаруулах үеэр гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий гуай “Залуу уран бүтээлчдийн маань чадал дутаад байна уу л гэж харлаа” гэж байсан?
-Манай Алтан-Өлзий “Гам­лет”-д тоглож байсан шүү дээ. Хачин хөөрхөн. Эгдүүтэй хараг­даад, харахаар л инээд хүрчихнэ. Чадвартай л даа.
-Монголын ард түмний сэтгэлд үлдсэн олон сайхан дүр бүтээсэн шүү дээ. Одоо бодож байхад хамгийн хөлс хүч шаардсан даа гэх дүр бий болов уу?
-Дүр болгон л өөрийн онцлогтой. Хамаг байдаг хүчээ шавхаад хийхэд тэр хэмжээндээ бүтсэн дүр байхад ухаан, чадал мөхөсдөх ч дүр байдаг. Бүх дүрдээ л хайртай. Яагаад ч юм “Сувдан сондор” жүжгийн Мерригийн дүрд маш их ажилласан ч үнэхээр сайн бүтээж чадаагүй. Надаас хол гэхэд дэндүү хол байсан. Үзэгчид сайхан хүлээж авсан ч гэсэн одоо болтол харамсаад л явдаг юм.
-Таны тэр сайн бүтээж чадаа­гүй гээд байгаа дүр юу өгүүлдэг юм бэ?
-Вьетнамын дайнд Амери­каас очоод бөмбөг­дөлтөд өр­төөд тэндээ үлдчихсэн эмэг­тэйн дүр. Би тэр дайнд явж байсан хүмүүсийн сэтгэл санааг ойлгох гэж асар их юм уншсан. Миний уран бүтээ­лийн жагсаалтад, теат­рын уран бүтээлийн жагсаалтад нэр нь бий. Гэсэн ч би тэр дүрээ 60 хувь болгож чадаагүй. Мандухайн дүрийг бүтээхдээ хүч чадал маань хүрээгүй хэсэг бий. Офелия бол надаас их хүч шаардсан. Туяхан сайхан цэцэг байх гэж их турсан даа. Гэхдээ төгсгөлийн хэсгийг нь сайн хийж чадсан л гэж боддог.
-Төгсгөлийн хэсэгт л их анхаарч дээ, тэгвэл?
-Тэгсэн ч байж магадгүй. Нээрээ нэг зүйл санаанаас ердөө гардаггүй юм. “Гамлет”-ыг тавихаар болоод хяналтад ордог юм байна. Намайг авсанд хийгээд тайзны урд хэсэгт тавьчихдаг. Тэгээд Гамлет найз Лаерттайгаа миний оршуулга дээр ирж салах ёс гүйцэтгэдэг хэсэг байсан байхгүй юу. Тэр хяналтын дараа найруулагч Э.Оюун гуай намайг өрөөндөө дуудаад “Чи яасан Монголоо алдсан хүүхэд вэ. Яахаараа тэр авсанд орохыг зөвшөөрдөг юм” гээд л ёстой толгой түрийгүй загнасан. Хяналтаас хойш тэр хэсгийг нь болиулчихсан. Залуухан ч байж юм бодолгүй зөвшөөрсөн хэрэг л дээ. Бэлтгэлийн үеэр бол хэдэн ч удаа тэр авсанд хэвтсэн юм бүү мэд.
-Офелияд тоглох гэж их турсан гэсэн шүү дээ. Энэ бол жүжигчин хүний хувьд хэвийн л зүйл биз дээ?
-Тэгэхэд чинь би жаахан махлаг байсан. Гамлетад тоглосон Жамсранжав гуайтай өндөр өсгийтэй гутал өмсөөд зэрэгцвэл бараг ээж нь гэж харагдахаар байсан. Тэгээд л туяхан харагдах гээд турсан. Бас ерөөсөө өсгийгүй тавчиг шиг гутал хийлгэж өмсч байсан. Бид хоёр хамт концерт ч хөтөлнө. Тэр болгонд би өндөр өсгийтэй гутал өмсөөд дүүхэлзээд байхыг боддоггүй байлаа. Сүүлд надад “Сувдаа орчин үеийн жүжигчдэд нэг нэгнийгээ хайрлах сэтгэл их дутмаг болж дээ. Одоо чамайг санахаар их хайрлах юм. Намайг өндөр харагдуулах гэж яаж хичээж байсныг мартахгүй ээ” гэж хэлж байсан.
-Манай театрт орчин үеийн жүжиг дутагдаад байх шиг анзаарагддаг. Сонгодог, түүхэн гээд олон л жүжиг байгаа?
-Яг зөв. Манайх түүхэн жүжгийн зохиолын уралдаан зарлаад одоо хангалттай түүхэн зохиолууд байгаа. БСШУЯ-аас монголын орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зохион байгуулж өгөөч гэж өнгөрсөн жил дэмжлэг хүсч байсан ч шийдүүлж чадаагүй. Удахгүй энэ талаараа хүсэлт тавихаар ССАЖЯ-ыг зорино доо.
Б.Цэдэвсүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.