Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Ганцэцэг: Офелия бид хоёр гэнэт аавыгаа алдсанаараа адилхан
Үндэсний хөгжим

Д.Ганцэцэг: Офелия бид хоёр гэнэт аавыгаа алдсанаараа адилхан

Урлаг Урлаг29/10/2012Сэтгэгдэл байхгүй8 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
01-leed1-97ruy9879ty87i97kl4101113602012-10-29-10-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Удахгүй УДЭТ-ын тайзнаа тавих  У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрд тоглохоор бэлтгэлээ хийж байгаа жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Энэ дүрд жүжигчин шалгаруулах үеэр таны гаргасан Офелия их өвөрмөц байсан…?
-Тавдугаар сараас хойш зохиолоо уншиж эхэлсэн. Манай театрт надаас дүү найм, есөн эмэгтэй жүжигчин бий. Шалгаруулалтад оръё гэж бодоо ч үгүй. Намар ажил цугласны дараа гавьяат жүжигчин Уранчимэг эгч надад “Юу ярьж байгаа юм бэ.
“Гамлет”-ыг  Монголд хэдэн жилийн дараа тавьж байгаа билээ. Чи шалгаруулалтад орох ёстой. Тэгээд ч дэлхийн сонгодогт 30-аас дээш насныхан тоглодог юм” гээд л зоригжуулсан. Тэгээд  л дүрээ судалж эхэлсэн дээ. Эмэгтэй хүний амьдралд хамгийн хайртай хоёр л эр хүн бий шүү дээ. Аав нь, хайртай залуу нь. Гэтэл хайртай залуу нь аавынх нь амийг егүүтгэсэн гэдгийг сонссон бүсгүй ямар байдалд орох нь ойлгомжтой шүү дээ. Сэтгэцийн цочролд ороод, тэр нь эмгэг болж хувирч байгаа юм л даа. Найруулагчийн санаа ч Гамлетийг голчлон гаргах байсан. Тэрийг нь бодож байгаад л дүрээ гаргасан. Энэ шалгаруулалтаар  нэг юмны төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэвэл авч чаддаг юм байна гэдгийг  ойлгосон.
-Жүжигчин А.Ганчимэг та хоёрыг шалгаруулалтад орол­цо­ход “Гамлет”-ын хоёрхон эмэгтэй дүрийн нэгийг авсан гавьяат жүжигчин У.Уранчимэг бэлдүүлсэн гэсэн. Тэгэхээр бас магадгүй шалгарах боломж бүрдсэн байх?
-Угаасаа шалгаруулалтад оролц­сон жүжигчид нэг, нэг мэргэжлийн жүжигчин авч туслуулж, зөвлөгөө авсан. Ганчимэг бид хоёр хэнээс зөвлөгөө, дэмжлэг авах талаараа ярилцаж байгаад Урнаа эгчийг гуйя гэж шийдсэн. Тэгээд гуйж чадахгүй хэсэг байж байгаад, нэг өдөр хэлсэн чинь сүрхий харснаа “Тэгье, би та хоёрыг бэлдүүлье” гээд шууд л зөвшөөрсөн. Бид хоёртой бүтэн сар ажилласан даа. Бас Урнаа эгч “Гамлет”-д тоглож байгаа болохоор зохиолын задаргаан дээр байнга хамт байсан. Тийм болохоор өөрийнхөө ойлгосон зүйлээс бид хоёрт хэлж өгсөн.
-Монголын анхны Офелия Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд гуай “Би Офелияг хамгийн сайхан туяхан цэнхэр цэцэг гэж төсөөлж тоглосон” гэж байсан…?
-Найруулагч Наранбаатар шалга­руулалтын үеэр “Ганцэцэгийн ажлаас хамгийн сайхан цэцэг Офелия өөрөө гэдгийг ойлголоо” гэж хэлсэн нь маш сайхан санагдсан. Гэхдээ би таримал эсвэл зэрлэг цэцэг байх уу гэдгийг их бодсон. Хүүгээ жаахан байхад нь унтуулах гэж өөрөө үлгэр зохиож, ярьж өгч байсан юм. “Таримал цэцэг зэрлэг цэцгэнд их онгирдог гэнэ л дээ. “Намайг хүмүүс усалдаг, цонх онгойлгож агаар амьсгалуулдаг. Чамайг хэн ч тоодоггүй. Чиний дэлбээг хэн нэгэн үнэрлээд сайхан амьсгалдаггүй. Чиний амьдрал гунигтай” гэхэд зэрлэг цэцэг нээрээ ч тийм байна шүү гэж бодоод их шаналдаг.
Тэгтэл таримал цэцгийг эзэн нь долоо хоног орхиж явчихаад ирээд усалсан ч нэгэнт үхчихсэн болохоор эргэж сэргэдэггүй. Яг тэр үеэр нь ган болоод зэрлэг цэцэг ч бас хатчихдаг. Удалгүй бороо орж зэрлэг цэцэг буцаад урьдийн адил сэргэж, өмнөхөөсөө илүү сайхнаар ургажээ” гээд л ярьж өгч байсан. Миний бодлоор Офелия юунд ч дийлдэшгүй тэр зэрлэг цэцэг юм болов уу. Цэцэг хараад муухай зүйл бодох ёсгүй. Тийм болохоор Офелиягийн уйлах нь хүртэл тансаг байх ёстой.
-Таныг дүрээ судлах  гэж Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хэд хэдэн удаа очсон гэж сонссон?
-Бие, үгийн үйлдэл, сэтгэл гурав нийлж байж төгс дүр гаргадаг л даа. Жаахан охины дүрийг гаргах гэж байгаа болохоор биеэ бэлдэх шаардлага гарсан. Урнаа эгч Ганчимэг бид хоёроор бүжгийн хичээл маш шаргуу хийлгэсэн. Зохиол дээрхи үгээ уншаад өөрийнхөөрөө гаргах нь жүжигчин хүний хувьд харьцангуй амар л даа. Хамгийн хэцүү зүйл бол сэтгэлээ бэлдэх байдаг. Тэгээд бидний ярьдгаар “Шар хад”-ны эмнэлэгт очсон. Тэнд байгаа хүмүүст тайвшруулах тариа хийчихдэг учраас бидэн шиг тайван байдаг юм билээ. Дуудлагаар явбал сэтгэцийн хямралд орсон хүнийг харж болно гэж эмч нь зөвлөсөн. Тэгээд хэд, хэдэн удаа дуудлаганд нь хамт  явсан. Сайхан залуухан охидуудтай ч таарсан. Их ч  харамссан. Намайг эмнэлгээс гарахад Баттөр, Баярмаа эмч хоёр “Галзуу хүн гэхээр л салганаж, татганасан хүмүүс байдаггүй юм. Эд чинь  та нартай яг адилхан. Сэтгэц нь л жаахан өөр бо­лохоос биш” гэсэн. Тэндээс гарч явахдаа сэтгэцийн өвчтэй хүмүүсийн талаар маш сайн ойлгосон. Бид “Энэ түлхүүрийг энд тавьчихгүй” гээд тайвнаар хэлж байхад, тэд “Энийг энд тавьчихгүй яасан юм бэ” /өөрөө хийж үзүүлэв/ гээд бухимдаж хэ­лэх жишээтэй. Офелия гэдэг дүрийг үзэгчдэд үйл хөдлөлөөр илүү харуулахын тулд тийшээ очсон. Гэхдээ би шалгаруулалтын үеэр эмнэлгээс олж мэдсэн зүйлээ үзүүлээгүй. Шалгарвал хийнэ дээ гэж бодож байсан. Тийм болохоор миний юу харуулах гэж байсныг жүжиг хөшгөө нээхээр ирж хараарай.
-Таныг бүтээсэн Офе­лиягаас үзэгчид юу олж хараасай гэж хүлээж байгаа вэ?
-Би өөрөө маш эмзэг л дээ. Шөнө унтах гэж байгаад шал дэмий юм бодоод л эмзэглээд суучихдаг. Эмнэлэгт очихдоо хоёр ч хүүхдийг хараад их өрөвдсөн. Жаахан охин нөхрөөсөө болоод, сайхан залуу эхнэрээсээ болоод сэтгэцийн эмгэгтэй болчихсон. Энэ нийгэм өөрөө хүмүүсийг тийм байдалд хүргэхэд нөлөөлж байгаа нь хамгийн том эмгэнэл. Тэднийг хараад үнэхээр хайрлаж, сэтгэл өвдөж байсан. Нэг өдөрт 700 хүн, 10 өдөрт 7000 хүн жүжгийг минь үзнэ. Түргэний машинд суугаад явж байхдаа тэр хүмүүсийн ядаж 100-д нь л өөрийнхөө мэдэрсэн зүйлийг мэдрүүлж, ойлгуулах юмсан гэж бодсон.
-Миний бодлоор жүжигчин хүн дүрээ судлаад тухайн гаргах гэж байгаа үйл явдлаа өөрт тохиолдож байсантай холбож тогловол үнэн дүр гардаг юм шиг санагддаг л даа…?
-Тэгэлгүй яахав. Офелия болохын тулд бид хоёрт адилхан зүйл юу байгаа билээ гээд бодоход аавыгаа гэнэт алдсан нь адилхан байсан. Офелиягийн хувьд хайртай хүн нь аавыг нь хөнөөчихсөн. Би бол гэнэтийн ослоор аавыгаа алдсан. Тэгээд л аавыг өнгөрөхөд Ганцэцэг ямар байлаа, ээж яасан билээ гэдгээ эргэн санасан. Мэдээж, жүжигчин хүн өөртөө тохиолдсон мэдрэмжээс дүрдээ ашиглах үе байна.
-Өмнө нь бүтээж байсан дүрүүдээс хамгийн их ажиллагаа шаардсан дүр Офелия гэвэл үнэнд нийцэх болов уу?
-Тэгж хэлж болно. “Цахлай” жүжгийн Маша их хэцүү дүр байсан. Гэхдээ тэр үед Ганчимэг шиг дөнгөж төгсөөд ирсэн учраа олохгүй байсан болохоор яаж бүтээснээ ч одоо санахгүй байна. Гэхдээ тоглосон дүр бүхэн маань надад сургууль болсон.
-Жүжигчид ахмад үеэсээ суралцдаг ч гэсэн дүү нараасаа суралцах үе бий биз?
-Тэгэлгүй яахав. Ганчимэгээс хааяа суралцах зүйл гарна. Тэр надаас 10 дүү. Шалгаруулалтад оролцсон 10 жүжигчний хамгийн ахмад нь би, хамгийн залуухан нь Ганчимэг байсан. Тэгээд бид хоёр сонгогдсон нь их сонин шүү. Манайхан та хоёр нэг дүр бүтээж байж хамаг юмаа яриад байх юм гээд л байгаа.
-Миний бараг хамгийн анх театрт ирж үзсэн жүжиг “Надаар тоглосон хайр” байсан. Уйлж уйлж л гарсан даа…?
-Би дагалдан жүжигчнээр ороод жил гаруй цалингүй ажилласан. Тэгээд “Отгонтэнгэр” сургуулийн хууль эрхзүйн ангид элсчихсэн. Хичээлдээ яваад байж байтал нэг өдөр Амгаланбаатар маань залгаад “Ийм жүжиг тоглох гэж байна. Хүрээд ир” гээд дуудсан.
Тэгэхэд надаас гадна най­руулагч Наранбаатар, жүжигчин Амга­ланбаатар, Болд-Эрдэнэ, Эрдэнэ­билэг, Цолмонсүрэн энэ хэд ч гэсэн дагалдан хийгээд жил болчихсон байсан. Одоо алийн болгон ингэж явах вэ. Өөрсдийгөө харуулсан нэг юм хийе гэж зориглосон. Тэрийг маань “Хувьсал” продакшны Цоггэрэл ах дэмжээд жүжгээ тавьж байсан. Гурван давхрын бельтаж дүүрээд сандлын голоор зогсоод үзье гэж үзэгчид гуйгаад үзэж байсан. Өмнө нь тийм олон үзэгчтэй жүжиг байгаагүй. Тэгж л театрт хөл тавьсан даа. Гэхдээ хамгийн гол нь хэний ч мэдэхгүй, юу хийж чадах нь тодорхойгүй хэдэн хүүхдийг зориг гаргаж дэмжсэн Цоггэрэл ахдаа маш их баярладаг. Найруулагч Наранбаатарын анхны бие даасан уран бүтээл.
-“Тэнгэрийн хүү” жүжгийг үзээд таны бүтээсэн Шаагай гүн­жийн дүрээс эмэгтэй хүн ийм л байх ёстой юм байна шүү гэж бодож суусан?
-Би үзэгчдэд тэр дүрээрээ монгол эмэгтэй ямар байх ёстой гэдгийг ойлгуулсан. Чамайг тэр зүйлийг маань олж харсанд баяртай байна. Тухайн үед миний амьдралд их хүнд зүйл тохиолдсон. Би Шаагай гүнжийн дүрийг бүтээж, тэр дүрээр амьдарч чадсан болохоор тэр хүнд үеийг давж гарсан. Ер нь жүжигчин хүнд дүрээрээ хүмүүжиж, тайтгарч байдаг юм шиг ээ.
-Тэр хүнд хэцүү үеийг тань хуваалцаж болох болов уу?
-Тэр тухай одоо яриад яахав дээ. Мэдэх нэг нь мэдэж байгаа байх.
-Жүжигчид жүжиг болгоноос, хамт ажилласан найруулагч бүрээс шинэ зүйл сурдаг байх?
-Найруулагч бүр өөр өөрийн онцлогтой. Баатар найруулагч гэхэд тай­зан дээр байгаа бүх юм дүр. Тэ­дэнтэй бүгдэнтэй нь анхааралтай харил­цах ёстой гэдгийг ойлгож бай­лаа. Мөнхдорж найруулагч надад бүх сэтгэл зүрхээ гаргаж тоглохыг зааж өгсөн. СУИС-ийн Гандий багш үгээр үзэгчдийг хүмүүжүүлдэг гэд­гийг сурсан. Ганхуяг найруулагч жүж­гийн дүрдээ өөрийн амьдралдаа тохиолдсон зүйлээ нааж өгвөл чиний хэлдгээр “үнэн дүр” болдог гэдгийг хэлж өгсөн. Нэг жүжгэн дээр ажиллаад зөндөө их зүйл сурсан юм шиг хэрнээ дараагийнхад нь тоглоход юу ч сураагүй гэдгээ ухаардаг.
-Та хааяа таниас хэзээ ч гарамгүй аймаар ширүүн харцаар ширэв татаад байдаг?
-Одоо арай зөөлөрчихсөн байгаа биз дээ. /инээв/ Би тайзан дээр зөө­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­лөн дүр бүтээх дуртай. Дурлаад, хаяг­­даад, уйтгарлаад, уйлаад… Гэх­дээ надад киноны санал ирэхээр намайг маш ширүүн дүрд тоглуулах гээд байдаг. Дэлгэцийн бүтээл чинь нэг л тоглочихвол үүрд тэр хэвээрээ хад­галагдаад үлддэг учраас сайтар бо­дож байж сайн тоглох хэрэгтэй бай­даг.
-Жүжигчний мэргэжил залуу насных гэдэг дээ. Нас ахиад ирэхээр тайзаа орхиж л таарна…?
-Тэр талаар хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цэрэндагва ахыг хар л даа. Биднээс хурдан шалмаг хөдөлгөөнтэй. Би ч гэсэн тэр хүний насан дээр тийм байхын тулд одооноос маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог.  

Б.Цэдэвсүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.