1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтоо ийнхүү Монгол Улсаас эхлүүлж буй дэлхийн хэмжээний одод маань онгоцноос буугаад шууд “Bly Sky” зочид буудалд очиж байрлаж байгаад 18 цагийн орчимд “Bly Sky”-ын Даймондод сэтгүүлчид болоод үнэнч шүтэн бишрэгч фенүүдтэйгээ уулзаж, зургаа авхуулсан юм.
Тэд энэ сарын 7,8-нд “UB Palace”-д тоглолтоо хийж монголын үзэгч фенүүдтэйгээ учран золгох бөгөөд “Paint my love”, “25 minutes”, “That’s why go away”, “Sleeping child”, “Take me to your heart” хит дуунуудаа тайзнаа эгшиглүүлэх ажээ. “Michael Learns to Rock” хамтлагийн тоглолтыг “Evento” ХХК санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын холбоо ажиллаж байна. Харин төслийн зөвлөхөөр хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”, “Улаанбаатар палас”-ын хамт олон оролцож байгаа ажээ.
“Micheal learns to rock” нь 1988 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан Данийн поп, софт рок, хамтлаг. Тухайн үед бүтэн өгүүлбэр бүхий урт нэртэй хамтлагууд олноороо төрж байсны нэг нь “Micheal learns to rock” буюу “Майкл рок сурахыг хүсч байна” хамтлаг юм. Сонирхуулахад, тус хамтлагийн бараг гаргасан дуу бүхэн клиптэй. Тэд байгуулагдсан цагаасаа хойш дэлхий даяар цомгоо 11 сая хувь борлуулсан бөгөөд дийлэнхийг нь Азийн зах зээлд худалдаалсан аж. Тус хамтлагийн анхны аялан тоглолт Азиас тэр дундаа Бангкок хотноо 12 мянган үзэгчийн өмнө эхэлж байсан түүхтэй. Мөн бидний сайн мэдэх “Take me to your heart” хит дуу нь 2006 онд интернэтээс хамгийн их татаж авсан дуугаар шалгарч байсан юм.
Тоглолтын тасалбар суудал зэрэглэлээсээ хамаарч 40, 60, 80 мянгын үнээр “Hi-Fi” сиди шопын салбарууд болон, Evento.mn сайтаар цахим карт хэлбэрээр худалдаалагдаж буй.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn