-“Камертон 2” төслийн тавдугаар шатыг удаан хүлээлээ?
-Одоо тавдугаар шат эхэлж байна. Дөрөвдүгээр шатны дараа шилдэг 16 үлдсэн. Гол нь бид нар маш сайн бэлтгэл хийх ёстой юм байна гээд хүүхдүүдээ бэлдүүлсэн. Дөрөвдүгээр шатанд тэнцсэн хүүхдүүдээ дөрөв дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн хамтлаг болгоод дөрвөн хоолойгоор хөгжимгүй акапелла урсгалаар дуулж сургах бэлтгэлүүдийг хийлээ. Амьд хөгижмтэй өшөө сайн дуулах бэлтгэлүүдийг хийлээ. Яагаад ийм урт хугацаанд бэлтгэл хийв ээ гэхээр гол нь шоу гэдэг нь чухал биш миний хувьд. Хүүхдүүдээс амьдаар дуулдаг сайн хамтлаг гарч ирнэ гэдэг хамгийн чухал гэж би хувьдаа бодсоны үндсэн дээр бэлдсэн. Ер нь монголын рок, попод ам барьж дуулдаг дуучин хэрэггүй. Жинхэнэ амьдаар дуулдаг дуучин хэрэгтэй. Тиймээс манай “Камертон” хамтлагийн шинэ залуу үе болох “Камертон 2“ шоунаас төрж байгаа хамтлаг бол амьдаар л дуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.
-Оролцогчоо хэрхэн дөрвөн хамтлаг болгон хуваасан бэ?
-Сугалаа сугалаад өөрсдийн багаа бүрдүүлсэн байгаа. Ерөнхийдөө дөрвөн хамтлаг маань аккпелла урсгалаар боломжийн сайхан дуулдаг боллоо. Камертон хамтлагийн дуунуудаар дөрвөн клип акапелла дуулж хийсэн байгаа. Удахгүй нэг сарын дундуур шоу маань хаалтаа хийж шалгарсан дөрвөн залуутайгаа 150 сая төгрөгний гэрээ хийнэ.
-“Камертон 2” төсөл залууст маш том бодит боломжийг олгож байгаа гэдгээрээ бусад энэ төрлийн шоунаас ялгаатай. Төсөл дуусахад тэдэнд зориулсан шинэ уран бүтээлүүд бэлэн байгаа бол уу?
-Гарч ирсэн залуусын продюсераар би өөрөө ажиллана. Одоо бол уран бүтээлүүд нь хийгдээд эхэлчихсэн. Бид нар нэгдүгээр сарын дундуур шоугаа хаангуут энэ хамтлаг маань шууд шинэ уран бүтээлдээ орно. Тийм учраас түрүүний хэлдэгээр манай хамтлагийг анх гарч ирж байхад ийм боломж, бололцоо байдаггүй. Тэр үед одоогийнх шиг олон телевиз, фм, вэб сайт, ийм мөнгөний боломж ч байгаагүй. Бид энэ төслөөрөө шинэ залуу үеээ дэмжиж байгаа том хэлбэр гэж ойлгож байгаа. Тэдэнд маш том боломжийг олгож байгаа. Тэр утгаар нь монголын рок попын сонсогч нарт маш гоё хамтлаг бэлэглэж, бэлдэж өгөхийн төлөө явж байна.
-150 сая төгрөгний хөрөнгө оруулалт гэдэг бол том боломж. Үүнийг хэрхэн босгож байгаа вэ?
-Манай залуусыг дэмждэг компани, байгууллагууд маань өгч байна. Шинэ залуу үеээ дэмжиж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шоунд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тун удахгүй шоуныхаа хаалтан дээр эдгээр компаниудыг албан ёсоор зарлана. Тэдгээр компанийн төлөөллүүд ирж шалгарсан дөрвөн залууд маань гэрээгээ гардуулна. Энэ маань эдгээр хүүхдүүдийг энтертайнмент бизнест хөл тавихад маш том хөрөнгө оруулалт боломжийг олгож байгаа хэлбэр юм.
-Төсөл “Камертон 2” нэртэй байгаа. Шинэ хамтлаг ямар нэртэй байх бол гэдэг их сонин байна л даа?
-Шоуны нэр бол “Камертон 2”. Яагаад ингэж нэрлэсэн бэ? гэхээр “Камертон” шиг биш илүү хамтлаг гарна гэсэн утгаар. Гарч ирж байгаа хамтлаг өөрсдөөө нэрээ ярилцана шинэ нэрээр гарч ирнэ. Тэд Камертоны өрсөлдөгчид байна. Хамтлаг одоо шинэ уран бүтээлдээ орох гэж байна. Тиймээс Камертон хамтлагаас мундаг байх л хамтлаг гарах ёстой.
-Төслөөс төрөн гарах хамтлаг нь “Камертон” хамтлагийн өрсөлдөгч байх хэдий ч шинэ уран бүтээлүүд дээр хамтран ажиллах уу?
-Магадгүй шинээр гарч ирж байгаа энэ хамтлагтай манай хамтлаг дуэт дуу дуулах бол уу гэж би хувьдаа бодож байна.
-Монголын рок, поп урлагт амьдаар дуулж байгаа хамтлаг их дутагдаж байгаа. Өмнө нь төрөн гарч ирж байсан хамтлагууд түр уран бүтээлээ завсарласан. Тэр орон зайг нөхөөд энэ хамтлаг гарч ирэх нь ээ хэмээн үзэгчид тэднийг тэсэн ядан хүлээж байгаа байх?
-Одоо рок, попынхон маань маш их ярьдаг болсон. Амьдаар дуулдаггүй ам барьдаг хамтлаг олон болж гэж. Энэ нь нэг талаараа маш зөв. Нөгөө талаараа биднийг сайн дуулах боломжийг хангасан концертын заал, техник, тоног төхөөрөмж, түүн дээр ажиллах инженерүүд маш сайн байх шаардлагатай. Энэ бол маш олон талтай асуудал. Мэдээж сүүлийн үед маш олон ам барьдаг хамтлаг, дуучид зөндөө гарсан. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ одоо бол дандаа амьдаар дуулах хэрэгтэй. Амьдаар дуулахын тулд тэр заал, апратур дээр өндөр шаардлага тавих хэрэгтэй гэж бодож байгаа. Одоо бид ч залуу үе маань ч рок, попыг босгохын төлөө улам нэр хүндтэй болгохын төлөө ажиллана гэж бодож байна.
-Монголд өнөөдөр томоохон хэмжээний шоу, тоглолт хийх шаардлага хангасан заал, танхим бараг л алга байна шүү дээ?
-Угаасаа байхгүй шүү дээ. Ном ёсны тоглолтын заал, танхим, хөгжим гэдэг бол шал ондоо. Хүмүүс хувцасаа өлгүүлээд тохилог орчинд үзнэ гэдэг бол огт өөр ойлголт. Тэрийг ойлгодоггүй хүмүүс гадагшаа явж гадны заал, танхимыг үзэх хэрэгтэй. Ядаж тэр бие засдаг газрыг нь харах хэрэгтэй ш дээ. Манай энэ шоу үзэж байгаа газрууд бол яг үнэндээ гадаадын шоу болдог танхимуудын хажууд малын хашаа шиг газрууд. Тиймээс манай төр засаг, улс маань ерөнхийдөө монгол улсын урлаг соёлд маш том хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж бодож байна. Токио, Нью Йорк, Сингапурын тэр жишгээр том заалтай болох хэрэгтэй.
-Тэгвэл бараг ам барьж дуулдаг хамтлагууд үүнд зохицуулдаг юм биш үү?
Ер нь тэгээд бүх зүйлтэй аргалж дуулж байна шүү дээ. Манай рок попод олон жил зүтгэсэн зарим нэгэн хүмүүс ам барихаас аргагүй апратуртай хөгжим байдаг шүү дээ гэдэг. Хөгжим нь аймаар дуугардаг, микрафон нь ажилладаггүй, хоцрогдсон хямдхан техниктэй. Тэгэхэд гадны дуучид өнөөдөр ямар том тоног төхөөрөмж дээр яаж хангагдаж дуулж байна. Тэр мундаг гадны дуучид ирээд манай ийм аппратур дээр дуулахгүй. Уучлаарай бид нар ийм апратур дээр дуулахгүй ээ гээд зөндөө нөхцөлүүд тавьдаг. Маш том шаардлага, заал, хувцас болон амралтын өрөө гээд стандарт байх ёстой зүйлс монголд байдаггүй. Тйим болохоор ид мандаж, дэлхийн залуусыг байлдан дагуулан тэргүүлж байгаа хамтлаг, дуучид монголд хэзээ ч ирдэггүй. Тийм бололцоо нөхцөл ч байдаггүй.
-Монголд сүүлийн жилүүдэд гадны хамтлагууд ирсээр байгаа шүү дээ?
-Эдгээр хамтлагууд хэдэн жилийн дараа ирэв ээ? Яг тухайн ид үедээ бол ирэх байсан уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Тийм учраас шууд утгаараа бид мундаг театр, апрутуртай болох хэрэгтэй. Мэдээж үзэгчид маш сайн чанартай тоглолт, шоуг үзэн чанартай дуучдыг л сонсох дуртай. Үүнийг бид бүрдүүлж өгөх ёстой. Яагаад гэвэл үзэгчид өөрсдийн хөдөлмөрөөрөө олж авсан мөнгөөрөө тасалбар аваад орж ирж байгаа учраас. Тиймээс үзэгчид маань ч гэсэн тоглолтын заал, хамтлаг, дуучдад маш том шаардлага тавих хэрэгтэй. Бид нар ч гэсэн шинээр гарч ирж байгаа хамтлаг, дуучдад одоо бол зөвхөн амьдаар дуулах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Одоо тэр ам барьдаг, фонограм тавьдаг асуудлыг болих хэрэгтэй. Амьдаар дуулж байж цаашид явна, тэгж гоё мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнийг гаргадаг. Тийм л шаардлага тавьж, бэлтгэлүүдээ хийгээд байна.
-“Камертон 2” төсөлд 760 залуус өрсөлдсөн. Тэдгээрээс 16 оролцогчийг тавдугаар шатанд үлдээх амаргүй байсан уу?
-Тийм ээ энэ бол маш том өрсөлдөөн. Оролцогчид маань уйлах, баярлах гээд олон сэтгэл хөдөлгөсөн зүйл байсныг манай шоунаас харсан байх. Тиймээс шилдэг 16 оролцогчоосоо сүүлийн дөрвийг сонгох гэж яарсангүй. Маш сайн бэлдэж, шүүсийг нь шахаж байж гаргахыг зорьж байна. Зүгээр л шоугаа бодоод хамтлагаа тодруулахыг бодсонгүй. Гол нь маш сайн хамтлаг гаргахаар зүтгэж байна
-Өрсөлдөгчөө өөрсдөө бэлдэх ямар байна даа?
-Мэдээж гоё шүү дээ. Өрсөлдөгчтэй байж аливаа юм хөгждөг. Уран бүтээлийн өрсөлдөөн гэдэг бол маш гоё бие биенийгээ хөгжүүлж явдаг. Өнөөдөр Монголын рок, поп урлагт тийм орон зай дутагдаж байгаа. Маш гоё өрсөлдөгчдийг бий болгох ёстой. Тэгэж байж бид нар хөгжинө. 1995-1999 оны үед манайд “Номин талст”, “Камертон” хамтлагууд уран бүтээлээрээ өрсөлддөг байсан. Тэр үед фм-ийн “хит”-д тэргүүлээд хоорондоо өрсөлддөг байлаа. Одоо бол тийм зүйл алга аа. Монголын “Chart”-уудын систем гэж төгс утгаараа алга. Ямар зарчмаар явдагийг би ойлгодоггүй. Үнэхээр манайд зэрэглэл гэдэг юм алга. Рок, попын уран бүтээлийн өрсөлдөөн, бодлогын тал дээр шинэчлэл хийж дэлхий дахины энтертайнмент шоу бизнес хөгжиж байгаа жишгээр манайх ч гэсэн хөгжих ёстой гэж бодож байгаа.
-Таныг “Гурван охин” хамтлагийн шинэ цомог дээр продюсераар ажилллаж байгаа гэж дуулсан?
-Энэ жилийн хувьд “Монгол поп 2” цомог худалдаанд гарах гэж байна. Шинэ цомогт маань багтсан “Үүлэн домог” дуу амжилттай явж байгаад баяртай байгаа. Үүний дараа “Гурван охин” хамтлагийн шинэ цомог дээр продюсераар ажиллах болно. Бас “Камертон 2” төслөөс гарах хамтлагийн шинэ дуунуудыг зохиогоод явж байна. Мөн “Камертон” хамтлагийн шинэ цомгийн ажил эхэлсэн.
-Энэ их ажлыг яаж амжуулж байна аа?
Мэдээж хөгжим гэдэг бол ариусал, гэгээрэл, маш гоё онгодыг хайрладаг шүү дээ. Түүнийхээ хүчинд би ажлаа амжуулдаг гэж боддог.
-Саяхан болсон “Гоёл” наадамд хамтлагаараа дуулсан шүү дээ? Шинэ жилийн захиалганд хэр их дарагдаж байна?
-“Гоёл” наадамд 2005 оноос хойш байнга оролцож ая дуугаа өргөж байгаа. Шинэ жилийн захиалга их ирж байгаа шүү. Гол нь “Камертон” хамтлаг тодорхой хэмжээнд завсарласан учраас маш сайн шинэ уран бүтээл хийх ёстой. Тйимээс шинэ дуунуудаа гаргахаар хувь хувьдаа ажиллацгааж байна.