МУАЖ Б.Мөнхдорж гэдэг хүнийг найруулагчийн дүрээр нь ихэвчлэн төсөөлдөг байлаа. Энэ удаа бидний уулзах газар УДЭТ бус, СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургууль байсан. Оюутнуудтай энгийн хэрнээ басхүү нөгөө хэдийгээ жаахан “чимхэж”, хөглөж, үг бүрийнхээ завсарт сургамж өгч байгааг хараад түүний өөр нэгэн төрхийг олж харсан.
-Найруулагч Мөнхдорж, багш Мөнхдорж хоёр их ялгаатай санагдлаа. Театрт нэлээд ширүүн харагдаад байдаг хүн оюутнуудтай их зөөлөн, бүр үеийн юм шиг тоглож, хошигноод л?
-Оюутан, хүүхдүүдтэй ажиллахад шал өөр ертөнцөд ордог. Хүүхдүүдэд зааж, сургаад байгаа юм шиг хэрнээ тэднээс суралцдаг байхгүй юу. Бидний мэдэхгүй ертөнц тэдэнд байдаг юм. Хүүхдүүдийг чиглүүлж, удирдах нь театрын мэргэжлийн уран бүтээлчидтэй ажиллахаас илүү торгон мэдрэмж шаарддаг. Энд захиргаадаж, орилж хашгирахаас илүү ойлгож, мэдрэх, хүсэл тэмүүллийг нь юунд тулгуурлан чиглүүлэх вэ гэдгийг анхаарч ажиллах шаардлагатай. Мөрөөдлийнх нь ертөнцийг мэдрэх нь багшийн том үүрэг. Ингэхийн тулд өөрийгөө хөглөх, сэтгэлээ хөнгөлөх ёстой гэж боддог. Зарим үед жингүйдлийн нөхцөлөөр хандаж, харилцах шаардлага ч гарна.
-Авьяас бол байгалийн өгөгдөхүүн. Урлагийн хүнд заавал нэг материал байх ёстой гэдэг. Гэтэл тийм юм нь байхгүй хэрнээ мөрөөдөлдөө хөтлөгдөөд жүжигчний мэргэжил сонгоод орчихсон хүүхэд байдаг уу. Тийм тохиолдолд яах вэ. Тордлогоор жүжигчин болж чадах болов уу?
-Тийм явдал бий шүү. Тэр тохиолдолд нөхцөл байдлыг нь ойлгуулж, мэдрүүлэхийг хичээдэг. Зарим үед шууд хэлээд ойлгуулдаг бол заримдаа өөрөө хүлээн зөвшөөртөл нь байлгахаас өөр арга байхгүй. Яаж ч чардайгаад тэр нэхэгдээд байгаа чухал зүйл өөрт нь байхгүйг мэдрээд ирэхээр хүүхдүүд чигээ өөрчилдөг юм. Ер нь анхнаасаа чадна гээд урлагтай зууралдсан хүнд “Чи чадахгүй байна, боль” гэж хэлээд нэмэргүй, хүсэл нь дарагддаггүй юм.
-Та найруулагч, багшийн хувьд үе үеийн оюутан, жүжигчидтэй ажилласан туршлагатай. Тэдний ярьж, хийж байгаа нь, хүсэл мөрөөдөл, сэтгэлгээ нь хүртэл амьдрах орчин, нийгмээсээ шалтгаалаад мэдээж өөр байгаа. Та тэдний ялгааг яаж мэдэрдэг вэ?
-Сүүлийн үеийн хүүхэд, залуучууд аливаа зүйлийг хялбарчлах сэтгэлгээтэй болчихсон. Амьдарч байгаа үе нь үүнд нөлөөтэй. Энэ айхтар хурдтай хөгжиж байгаа техник, технологийн дэвшил бүх юмыг хялбаршуулах аргад сургаж байна. Компьютергүй юм бараг алга. Хүн өөрөө машин техник болох нь холгүй болчихож. Тэгээд ирэхээр оюун ухаанаа алдаж, сэтгэлгээний ядууралд орж эхэлж байгаа юм. Сонгодог том зохиол уншиж, судлах гэхээр зузаан хуудаснаас нь айгаад, халгаад байна. Аргагүй л дээ, хэдхэн минутад хариултыг нь олоод мэддэг болчихоор тэрэндээ найдаад бичих, унших тал дээр залхуурч байхгүй юу. Манай мэргэжлийн онцлог бол тэр техникийн ололт, дэвшил, хурд гэхээсээ илүү уран сэтгэлгээний эрэл хайгуул юм.
-Мөнхдорж найруулагч яагаад заавал хүүхдэд зориулсан театр байгуулсан юм бэ. Өөр олон чиглэл байгаа шүү дээ. Таны театр Хүүхэд, залуучуудын театрын үргэлжлэл болох уу?
-“Хөх гацуурхан” студи гэсэн статустай гэрчилгээ авсан. Студи гэдэг нь театрын үндэс суурь. Тэнд байнгын сургалт явагдаж байдаг юм. Би жүжигчдээ СУИС-ийн оюутнуудаар бүрд үүлсний шалтгаан нь сурсан, мэдсэнээ хэрэгжүүлж, мэргэших боломжийг бүрдүүлж, театрын урлагт хөл тавихад нь дэм болох зорилготой. Бид ахмад уран бүтээлчидтэй байнга хамтран ажилладаг. Энэ бол онолоос гадна дадлагаар сурах том сургууль. Үүнээс гадна оюутнуудын бодож, сэдсэн зүйлээр бид жүжиг тавих зорилготой. Энэ нь оюутнуудад маань хэрэгтэй. Хүн бүгд л энэ сайхан насыг туулсан учраас тэдний дурсамж, мэдрэмжийг уран бүтээлдээ тусгах учиртай. Тэгж байж амьд бүтээл болно.
Өнгөрсөн жилээс хойш гурав, дөрвөн жүжиг тавихдаа энэ бүхнийг тусгасан. Хүмүүс гацуур хэзээ хөх өнгөтэй байсан юм бэ гэж асуудаг. Тэсгим хүйтэнд энэ мод хөхөвтөр харагддаг юм. Хүүхэд, залуучуудын театр үгүй болсон ч түүх нь үлдсэн учраас би тэрийг одоо хэр нь байгаа л гэж боддог. Миний студи тэр театрын үргэлжлэл биш ээ. Би хүүхэд, өсвөр насныханд зориулан нас насны онцлогт нь тохирсон урлагийн бүтээл хүргэх гэж энэ байгууллагыг босгосон. Өөр нэг зорилго гэвэл хүүхдэд багаас нь урлагийг мэдрүүлж, театрын үзэгчдийг бэлтгэх зорилготой. Хүн болж төлөвшихөд урлаг, гоо зүйн хүмүүжил асар их нөлөөтэй. Социализмын үед энэ асуудлыг бодлогын хэмжээнд авч явжээ. Үүнийг орхигдуулж боломгүй санагддаг. Оюунлаг сэтгэлгээтэй, хүнлэг иргэнийг төлөвшүүлэхэд бага наснаас нь шат дараалсан арга хэмжээ авч, урлагаар хүмүүжүүлэх ёстой. Тэр бүхнээс хүүхэд төс өөллийг олж авч, амьдрал, амьдарч буй орчноо мэдэрч, хүнтэй харилцах ухаанд сурдаг. Энэ бүхнээс үүдээд хүүхдэд зориулсан театр зайлшгүй байх ёстой.
-Монголын ирээдүйн иргэнийг төлөвш үүлэхэд онцгой үүрэг, хариуцлагатай хүүхдийн гэсэн студи, театрт улсын дэмжлэг, бодлого хэрэгтэй санагддаг. “Хөх гацуурхан”-ыг улсын статустай, өөрийн гэсэн байртай болгох талаар хөөцөлдөж үзэв үү?
-Байр савны хувьд тогтсон газаргүй л явж байгаа. Энэ сургуулийн бүтээгдэхүүн болсон оюутнууд болохоор зав чөлөөгөөр нь анги танхимд сургуулилалтаа хийж байна. “Улаанбаатар” чуулгын байранд нэг хэсэг тоглосон. Энэ бүхэн Ц.Түмэнбаяр зохиолчтой салшгүй холбоотой. Хүүхдэд зориулсан жүжгийн тендерт түүний бүтээл шалгарч, тэр бүтээлээ манай театрт хийх санал тавьсан юм. Энэ бол бидний хувьд төсөл дээр ажилласан анхны бүтээл байсан. Бие дааж жүжиг хийхэд баг бүрэлдэхүүнээс эхлээд төсөв мөнгө хэр гардаг зэргийг мэдэрч, их зүйл сурах том боломж байсан. Энэ ажилд “Улаанбаатар” чуулгын Түвшинтөгс дарга их тусалсан.
Ер нь биднийг дэмждэг байгууллага, хүмүүст талархах ёстой. Түрүүн асуусан шүү дээ, байр савтай болох талаар хөөцөлдөж байна уу гэж. Өөрийн гэсэн байртай болох асуудал манай уран бүтээлчдийн хүсэл, мөрөөдөл болчихоод байгаа. Гэхдээ би байр өгөөч гэж энэ тэрүүгээр хөөцөлдөөгүй. Хамгийн гол зорилго болсон театраа нээгээд хэд хэдэн уран бүтээл хийчихлээ. Түрүүн хэлсэн төсөл бол яамнаас хэрэгжүүлсэн ажил. Тэгэхээр оны эцсээр уран бүтээлчид яаманд энэ ажлын тайлангаа тавина. Тэр тайланд бүх асуудлыг тусгасан учраас байртай болох бидний асуудал ч яригдах байх. Ямар ч байсан хийсэн ажилтай байхад болох биз дээ.
-Сүүлийн үед хүүхдийн хүмүүжил, эрх гээд ярихаас хэтрэхгүй байна гэж шүүмжилдэг болсон. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хүүхдийн хүмүүжлийн талаар ярихаас өмнө тэдний урлагийн боловсролын тухай ярих хэрэгтэй. Урлагаар дамжуулан тэдний сэтгэлд нөлөөлөх ёстой. Урлагаас хүүхэд мэддэггүй олон зүйлээ мэдэж авдаг. Тэрний хэрээр тунгаадаг. Мэддэг ч гэсэн мухардалд орсон асуудлын тайллаа уран бүтээлээс олж хардаг юм. Тиймээс хүмүүжлийн хамгийн чухал зүйлийг нас насанд нь тохирсон бүтээлээр дамжуулан хэлж өгөх хэрэгтэй. Театрт ирж байгаа хүүхэд ямар ариун гэгээлэг байдаг гээч. Тэдний сэтгэлд байгаа тэр ариун зулыг мөхөөхгүй, мөрөөдөл хүслийг нь тэжээж, түүгээрээ амьдрах боломжийг олгоход театр их үүрэгтэй юм шүү. Бид сурагч, багачуудын дунд судалгаа явуулахаар төлөвлөснөө ажил болгож байна. Хүүхдүүдэд ялангуяа өсвөр насныханд тулгамдсан асуудал их байгаа талаар хүүхдүүд ярьдаг юм. Эхний ээлжинд цэцэрлэгүүдээр явж хүүхэд юу хүсэж, мөрөөдөж, хүлээж байгааг судалж байна. Судалгаандаа тулгуурлан уран бүтээл хийнэ.
Тэдний асуултын хариулт энэ юм. Ер нь хүүхдэд үйлчилнэ гэдэг том, хариуцлагатай үүрэг. Нийгмийн хамгийн том асуудал бол иргэн, тэр дундаа хүүхдийнх байдаг. Ер нь хүүхэд театрт орж ирээд зөвхөн жүжиг үзээд гарахгүй шүү дээ. Наад зах нь хувцсаа тайлж, өлгүүлэхээс эхлээд үзвэрийн үеэр яаж сууж, биеэ хэрхэн авч явахыг сурдаг. Багаасаа театраар үйлчлүүлээд сурчихвал цаашдаа эрдмийн том театрын үзэгчид бэлтгэгдэж байгаа хэрэг. Одоо манай залуучууд үзвэрийн газраас гарахдаа бөөн хог тариад гарч байна. Энэ бол наад захын соёл. Театрыг хүндэлж сурна гэдэг том боловсрол, хүмүүжил юм шүү.
-Хүүхдийн уран бүтээл хийхэд тэдэн шиг сэтгэж, жүжиглэх шаардлагатай. Тэгэхээр илүү их ажиллагаатай, өвөрмөц урлаг юм.
-Хүүхэд хөөрхөн шүү дээ, жүжгийн үйл явдалд бүр орчихсон, тэнд болж байгаа үйл явдлыг бодит амьдрал мэт хүлээн авч, орилж хашгирч, итгэж, жигшиж хүлээн авдаг. Тэр итгэл үнэмшил нь хүүхдийн театрын оршин тогтнох үндэс юм. Тиймээс хүүхдийн уран бүтээл дээр ажиллахад илүү ур ухаан, ажиллагаа шаарддаг. Жүжиг юм чинь гээд өөрийнхөө насны хэмжээгээр сэтгэвэл болохгүй.
-Театр гэж юу юм бэ?
-Театр бол хүний амьдралын толь, их том сургууль, уран зохиолын ертөнцөөр аялуулдаг бясалгалын агуу ертөнц.
-Хэрвээ урлаг гэдэг зүйл байхгүй бол амьдрал ямар өнгөтэй байх бол?
-Хар өнгөтэй байна. Урлаг байж л амьдрал цагаан өнгөтэй байгаа. Гэхдээ хар, цагаан гэдгийг би будгийн өнгө гэдэг утгаар нь хэлээгүй юм шүү. Бараан, гутранги, гэгээлэг гэсэн утгаар нь ярьж байгаа юм.
-Та одоо ямар шинэ бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би энэ жил төгсөх ангитай учраас хүүхд үүддээ илүү анхаарч байгаа. Найруулагчаар долоо, жүжигчнээр 22 оюутан төгсгөж байна. Тиймээс тэднийг чиглүүлэх ажил ирэх хавар хүртэл үргэлжилнэ. Хэрээс хэтэрсэн, хоолой давсан ажилтай байна даа.
-“Гамлет” жүжгийг үзэгчдийн зүгээс сайн, муу болсон гэдэг хоёр туйл дээр аваачиж байна. Энэ удаагийн “Гамлет” чухам юугаараа онцлог болоод мэргэжилтнүүд ам сайтай байгаа юм бэ?
-Энэ жүжиг бол ганц Гамлет гэдэг хүний тухай биш, нийгмийн асуудлыг хөндсөнөөрөө мөнх юм. Манай Наранбаатар тэр өнцгийг нь сайн гаргаж чадсан гэж боддог. Түүнээс биш хүмүүсийн ярьж байгаа шиг У.Шекспирийн тэр үеийнх шиг “Гамлет”-ийг тавихдаа гол нь биш. Хамгийн гол нь энэ жүжгийг өнөө үетэй холбож чадсан. Зарим хүн монгол хөрсөнд буулгана гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш. Үнэхээр тэгж тухайн орны театрын хөрсөнд буулгана гэвэл Японы Күрасава шиг ахуй, орчин, нэр энэ тэр гээд бүгдийг нь ёс заншил, ахуйн онцлогтоо тааруулан буулгах хэрэгтэй. Би энд нэг зүйл онцолмоор байна. Энэ жүжиг манай сургуулийн үе үеийн төгсөгч, уран бүтээлчдийн том тайлан болж, сургалтын чанар, чадварыг харуулсан гэж бахархаж байгаа шүү.
-Сүүлийн үед түүхэн болон сонгодог жүжиг тавих тал руу илүү хошуураад, “Шар тэнгисийн тарчлаан” шиг өнөөдөр тулгамдаад байгаа асуудал хөндсөн бүтээл дутагдаад
байх шиг санагддаг?
-Тийм асуудал хөндсөн жүжиг дутагдаж байгаа нь үнэн. Орчин цагийн асуудлыг хөндсөн жүжиг бичнэ гэдэг маш их бодож боловсруулж хийхгүй бол эмзэглэл дагуулсан эрсдэлтэй сэдэв. Яг голыг нь олж, мэдрэмжтэй бичихгүй бол тэр асуудлаар туйлширч, нийгмийн амьдралыг урагш нь авч явах ёстой урлаг сөрөг нөлөө үзүүлнэ. Харин экологийн асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг цаг үеэ олсон сайн бүтээл болсон. Харин ч жаахан хугацаа алдаж, оройтож гарсан байх. Тэр жүжиг маань дээд хүмүүст нэг их хүрээгүй юм шиг санагдсан.
-Хүмүүс их сайхан хүлээж авсан шүү дээ. Яагаад хүрээгүй гэж?
-Тухайн үедээ үзэгчдэд сайн хүрснийг мэдэрсэн. Энэ жүжгийг DVD болгоод дунд сургуулийн байгаль хамгаалах хичээлийн хөтөлбөрт оруулсан нь том амжилт. Харин дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүмүүст төдийлэн хүрээгүй юм шиг.
-Танай хүүхдүүдийн дундаас найруулагч төрөв үү?
-Үгүй. Махаа идсэн энэ ажлыг сонгосон хүүхэд алга.
-Тэгвэл Та яагаад ийм ажилд дурласан юм бэ. Махаа идэх тийм амттай юм уу?
-Нэг бодлын мах цусаа сорж, барсан энэ ажил хэцүү. Гэхдээ бас амттай. “Сүхбаатар” кинонд тоглосон Зөвлөлтийн жүжигчин И.Черкасов “Жүжигчин хүн тайзан дээр байхдаа амарч, гэртээ байхдаа ажиллаж байдаг” гэж хэлсэн. Жүжигчин хүн амьдралаа золиосолдог тэр ажлаас асар их аз жаргалыг мэдэрдэг гэсэн үг. Хатуу ч гэсэн оносон үг. Тэгээд бодохоор жүжигчин хүн өрөвдмөөр байгаа биз. Тэднийг хайрлаж байх хэрэгтэй. Тоглолтын дараа жүжигчдээ хараад би бахархахаас гадна тэднээс асар их аз жаргалыг мэдэрдэг. Тэд ядарч, би амардаг байхгүй юу.
-Жүжиг дуусаад үзэгчид алга таших тэр мөчийг юутай зүйрлэх вэ?
-Гэртээ тухлаад гурилтай шөлөө идэх тэр сайхан мөчтэй зүйрлэнэ.
-Гурилтай шөлөнд тийм дуртай гэж үү?
-Бүр нугасгүй шүү дээ. Хообий гэж болно.
-Тэгвэл гурилтай шөлөнд дурладаг шигээ энэ л бүтээлийг тайзнаа амилуулахсан гэж шүлсээ асгаруулдаг зохиол бий юү?
-Миний нас хэдийгээр зуугийн талаас давж яваа ч мөрөөдөл минь тасраагүй. “Галилей”-г дахин тавимаар байна. Дорно дахины агуу зохиолуудыг ч баримаар санагддаг. Сүүлийн дөрвөн жилийн турш мөрөөдөж байгаа нэг бүтээл бол Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”. Энэ зохиол чухам юу өгүүлээд байгааг гаргаад, үзэгчдийг нэг ташуурдмаар байна. Ганц нэг бэлтгэлээ базааж л байгаа. Д.Төрбат маань тайзны бүтээл болгоод зохиолыг нь биччихсэн.
-Таны сонголт голчлон амьдралын ухаан, философи зүг рүү хандлагатай юм?
-Сэтгэлгээний юмнууд хийх хэрэгтэй. Ер нь хүн өргөн цараатай юмнаас л олон өнцгийг олж хардаг байхгүй юу.
-Тайзны бүтээлээс дэлгэцийнх нь арилжаа хөөх илүү боломжтой санагддаг. Та кино найруулж байсан биз дээ?
-Гурван ч кино бий. Кино, жүжиг хоёр тэс өөр юм билээ. Кино сонирхолтой ч хэцүү. Арилжаа хөөсөн кино бол өөр асуудал. Тийм юм хөөж чадахгүй байх. Харин сэтгэлгээний, гүн агуулгатай кино үзэх дуртай. Тарковскийн кинонууд гоё.
-Орон нутгийн театруудыг эс тооцвол нийслэлийн театруудад өрсөлдөөн байхгүй гэдэгтэй санаа нийлэх үү?
-Өөр өөр чиглэлийн театрууд яаж өрсөлдөх билээ.
-Харин тийм, ижил чиглэлийн театр байхгүйд л асуудал байх шиг. Тэгэхээр шинэ театрыг олноор байгуулах боломжийн тухай асуугаад байна л даа?
-Хэцүү шүү дээ. Хамгийн хүнд нь театрын байрны асуудал. Тэр чинь амьдрах орчин нь юм. Заавал олон давхар суудалтай, том байр гэхгүй, 100 суудалтай байсан ч үйл ажиллагаа явуулаад байх боломжтой. Гэхдээ тийм боломж, нөхцөл нь хаана байна аа. Нөгөө талаас эдийн засгийн хөшүүрэг алга. Театр байгуулчихлаа гэж бодоход тоглолт хийх бүртээ энд тэндхийн байгууллагад мөнгө төлж, байр түрээслэх хэцүү. Тийм хэцүү нөхцөл байдлыг манай “Хөх гацуурхан” студитеатр амсаж байна даа.
Ж.Эрдэнэцэцэг