Өнгөрсөн онд “Өшөө авагчид” кино орлогоороо Холливудыг манлайлсан. “Elle” сэтгүүлийн сурвалжлагч тус кинонд гол дүр бүтээсэн Скарлетт Йоханссонтой ярилцжээ.
-“Өшөө авагчид” кинонд та орос эмэгтэй Наташа Романоффын дүрийг бүтээсэн. Зохиолын дагуу Наташа ямар нэг онцгой чадваргүй ч супер эмэгтэй. Хэрэв танд боломж гарвал чухам ямар онцгой чадвартай болох вэ?
-Телепортац хийх чадвартай болохыг л хүснэ дээ. Өөрөөр хэлбэл нэг газраас нөгөө рүү хормын зуур шилжих чадвар. Тэгвэл ч замын түгжрэл, нисэх буудлын шалгалт зэрэг гай л байна. Дуртай газраа дуртай үедээ гэнэт гараад ирнэ гэдэг янзын биш гэж үү.
-Та хамгийн сүүлд дуулиан тарина гэж хүлээгдэж буй “Хичкок” кинонд хуучны алдарт жүжигчин Жанет Лигийн дүрийг бүтээжээ. Тэгвэл ирээдүйд таны дүрийг хэн бүтээж чадах бол?
-Хамгийн давгүй хувилбар бол Вуди Аллен. Тэр намайг сайн мэднэ. Эсвэл Энтони Хопкинс. Гайхамшигтай жүжигчин шүү дээ.(Инээв)
-Та хамгийн сайхан бүсгүйчүүдийн элдэв жагсаалтад байнга дээгүүр бичигдэх юм. Харин өөртөө та ямар шагнал гардуулахыг хүсдэг вэ?
-Би нэгэн зэрэг өчнөөн ажил гүйцэтгэж чаддаг. Ер нь зохион байгуулах чадвар сайтай юм шиг ээ. Өөртөө бол хамгийн шилдэг үдэшлэг зохион байгуулагчийн шагнал гардуулахдаа ичихгүй байх шүү.
-Дэлхийн хамгийн сайхан бүсгүй өглөө босоод гоо сайхандаа хичнээн цаг зарцуулдаг нь бас сонин?
-Сэрчихээд би 20 минутын дараа л гадагш гарахад бэлэн болдог. Жирийн амьдралдаа би Нью-Йоркийн энгийн нэгэн бүсгүй.
-Та өөрийн ихэр Хантераас гурван минутаар эгч гэсэн?
-Тийм шүү. Би түүнд, “Чамайг хүлээж байсан гурван минут миний амьдралын хамгийн чухал мөчүүд байсан юм шүү” гэж хэлдэг. Хантер бид хоёр их дотно ч нөгөөтэйгүүр олон зүйлийг өөр өөр өнцгөөс хардаг. Бид хоёр улс төрийн үзэл бодол таардаггүйн дээр Хантер Холливудыг огтоос сонирхдоггүй.
-Таны найз болох амаргүй юу?
-Би шулуун зантай. Миний нөхөрлөлийг яг одоо, яг энд худалдаж авах бэлэн мөнгө чамд байгаа юм уу гэж хэнээс ч хамаагүй пал хийтэл асуучихдаг. Тоглосон юм шүү. (Инээв) Ер нь найзалж нөхөрлөх үйл явц хүн болгонд ижил байлгүй дээ. Эхлээд хүмүүс ямар нэг нийтлэг сонирхолтойгоо мэднэ. Дараа нь нэг нэгэндээ итгэж эхэлнэ. Тэгээд ч нэг нэгнийхээ наргиаг ойлгодог болно. Эцэст нь нэг нэгнийхээ ямар нэг үйлдэлд баярлаж талархдаг болно. Ингэж л нөхөрлөл эхэлнэ, мөн үү.
-Та хамгийн сүүлчийн оройн зоогондоо юу захиалах бол?
-Аварга том пицца. Би уг нь бяслаг иддэггүй. Гэхдээ нэгэнт хамгийн сүүлчийн зоог юм чинь дуртайяа иднэ дээ.
-Энэ асуултад Брэд Питт мөн л пицца гэж хариулж билээ?
-Тийм үү. Тэгвэл ч бид хоёр хаа нэгтээ уулзан пицца хувааж идэх шалтаг гараад ирлээ шүү.
-Брэд Питт Жорж Клунигээс илүү дур булаам уу, эсвэл?
-Бас л сонголт хийх ёстой юу. Хоёулаа дажгүй эр. Нэгэнт аль нэгийг нь нэрлэх ёстой тул Жорж дээр сонголт хийе. Тэгээд ч тэр гэрлээгүй гэсэн биз дээ.
Б.Барс