32 жилийн хүлээлтийг тайлж медаль авчирсан чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин
Лондонгийн Олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгуулсан билээ. Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, Олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй, хурц өрсөлдөөний талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болж чадсан түүгээр Монголын ард түмэн бахархахгүй байхын аргагүй.
Монголын их амар амгалан
Гайхалтай “дотортой”, мэдрэмжтэй бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол Цогдоржийн Бавуудорж юм. “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан яруу найрагч Ц. Бавуудорж 2012 онд Төрийн соёрхолт хүртсэн нь үнэхээр нүдээ олсон, олныг баярлуулсан явдал байлаа.
“To be or Not to be”
UBS телевизийн “To be or Not to be” театрчилсан шоу нь хамгийн өндөр шагналтай, авъяаслаг залуучуудыг хамарч чадсан оны шилдэг нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлгийн ялагч нь БНСУ-ын “Конгжу Урлагийн их сургууль”-д 4 жил жүжигчний мэргэжлээр үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардан авдаг аж. “To be or Not to be” театрчилсан шоу нэвтрүүлэг нь шинэ залуу чадварлаг жүжигчдийг төрүүлэх, театрын урлагийг үзэгчдэд мэдрүүлэх зорилготой бөгөөд олон үзэгч, залуусыг байлдан дагуулж, дэлгэцийнх нь өмнө уяж чадаж байлаа.
“Хоёр ертөнцийн буудал”
“ТВ коктейль” хамтлагийн УДБЭТ-ын тайзнаа амилуулсан “Хоёр ертөнцийн буудал” анхны драмын жүжиг нь яах аргагүй энэ оны хамгийн их үзэгчтэй, сонирхолтой үзвэрийн нэг болж чаджээ. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн хийсэн уг жүжгийн найруулагчаар Ж. Сэнгэдорж ажилсан бөгөөд “ТВ коктейль”-ын уран бүтээлчид жүжгийг тайзнаа үнэхээр сайхан амилуулсаныг үзэгчдийн алга ташилт гэрчилж байсан юм. Зохиолын сонголт ч үнэхээр гайхалтай байсан.
Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан гоо бүсгүй
“Мисс Монголиа 2012” наадмын тэргүүн мисс, чансаагаараа дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигддэг "Miss International 2012" олон улсын тэмцээнд амжилттай оролцож “Ambassador of beauty” шагналын эзэн болсон авъяаслаг, оюунлаг сайхан бүсгүй бол Монголын мисс Д.Долгион юм. Тэрээр улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж онлайн санал асуулгаар 66 орны гоо бүсгүйг ардаа орхиж 2-дугаарт бичигдсэн юм.
Тархан суурьшсан Монголчуудын судлаач
Урлаг-соёл судлаач, зургийн багш мэргэжилтэй, TASAM буюу Тархан Суурьшсан Монголчууд ТББ-ын тэргүүн Ц.Санчир нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудыг зорин судлахад оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа оюунлаг эмэтэй юм. Түүнийг оны онцлох хүний нэгд оруулахгүй байхын аргагүй бөгөөд тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд 50 орчим удаагийн судалгаа зураг авалтаар 450.000 км замыг туулж, 30 гаруй улс оронд ажиллаж 15 дугаар бүхий телевизийн баримтат цувралыг бүтээн олон нийтийн хүртээл болгосон. 2002 оноос Karakorum Souvenir арьсан эдлэлийн урланг үүсгэн байгуулж, Монголдоо байх хугацаандаа загвар урлал дээр нь өөрөө ажиллан урлангийн ашгаараа хилийн чанадад дээрхи хугацааны бүтээлүүдийг туурвижээ. Тэрээр Монголын Эзэнт Гүрний үеэс Тархан Суурьшсан Монголчууд болон Монгол дурсгалуудын тухай гэрэл зургийн ном "МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" бүтээлээ Монгол бичиг, кирил үсэг, англи хэл дээр гаргасан нь шуугиан тарьж чадсан юм.
“Эзлэн”
Дан киноны хөгжмөөр анх удаа мэргэжлийн өндөр түвшинд тоглогдсон Б. Чинбатын "Эзлэн" тоглолт энэ оны шилдэг тоглолтуудын нэг юм. Эх түүхээрээ бахархаж омогшин үзэгч олноо хөгжмийн сайхан аязуудаар уяраан баясгасан уг тоглолтод Улсын филармонийн оркестр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид, Монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд оролцсон. Түүнчлэн Б.Чинбатын урилгаар Америкийн шилдэг хөгжимчид, урлаг судлаачид хүрэлцэн ирж Монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшил, авьяас чадвар, арга техникийг үзэж сонирхсон юм. “Эзлэн” хэмээн нэрийдсэн уг тоглолт, Б.Чинбатын дохиураар эгшиглэсэн хөгжмийн яруу эгшиг хурсан олны сэтгэлийг эзэмдэж чадсан.
Залуу хүн бүрийн заавал унших сонин
МЗХ-оос эрхлэн гаргадаг 88 жилийн түүхтэй “Залуучуудын үнэн” сонин нь 2012 оны 4 сарын 02-нд арваад жил завсарлаад дахин сэргэж шинэчлэгдэн гарсан нь сэтгүүл зүй болон хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө төрх, өөрийн гэсэн байр суурийг бий болгож чадсан юм. Уг сонин нь залуучуудад зориулсан мэдээ, мэдээлэл нийтэлдэг цорын ганц сонин бөгөөд залуусын дуу хоолой, үзэл бодол, хүсэл мөрөөдлийн нэгээхэн том орон зай болсоор байна.
Монголын хамгийн хүчтэй эмэгтэй
Хүндийн өргөлтийн спортоор тив, дэлхий, олимп, олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаж Монгол улсын рекордыг 108 удаа шинэчлэн тогтоож спортын өндөр амжилт гаргасан Цагдаагийн ахмад Н. Баярмаа нь хүндийн өргөлтийн спортоор Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртэж буй анхны тамирчин болсноороо түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болов уу. Н. Баярмаа 1998 оноос хүндийн өргөлтийн спортоор хичээллэсэн бөгөөд 2008 онд Ази тивийн аварга, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний 3 алт, 3 мөнгө, зүүн Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн гээд түүний амжилтууд ар араасаа хөвөрнө. Эмэгтэй хүнээс гарамгүй их тэсвэр тэвчээр, хүч чадлыг гаргадаг спортын төрлөөр эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа түүнээр бахархууштай.
Залуучуудын талархлыг хүлээсэн дарга
Энэ оны хамгийн их талархал хүлээсэн хүнээр ШӨХТГ-ын дарга О. Магнай тодроод байна. Тэрээр нефтийн бүтээгдэхүүнийг хязгаарлаж шатахууны хомсдол үүсгэсэн “Ник” ХХК-д 4 тэрбум 965 сая төгрөгний торгууль ноогдуулсан, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хаяг шошгоо стандартын дагуу болгох, “Нарантуул”, “Хархорин” зэрэг зах руу ороход хураамж төлдөггүй болгож сүлжээ дэлгүүрүүд үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ худалдах, жүүс ундаа үйлдвэрлэгчдийг “Сэргээсэн жүүс” гэсэн санамжийг бүтээгдэхүүн дээрээ тавихаар болгосон, гар утасны тарифыг секундээр тооцдог болгосон зэрэг ажлыг санаачлан хийж чадсанаараа энэхүү жагсаалтад багтаж байгаа юм. О. Магнай шинээр байгуулагдсан Шинэчлэлийн засгийн газрын залуу удирдагчдын дундаас шийдмэг зоригтой байж ажлыг бодит үр дүнд хүргэж чадаж байгаагаараа онцгойрч чадлаа.
Монголын залуус хамтдаа наадсан “Наадам”
Энэ жил анх удаа “Хүй долоон худаг”-ийн дэнжид Монголын залуучууд хамтдаа наадсан. МЗХ наадамчин олон залуустаа зориулан өргөө цагаан гэрийг босгосон бөгөөд залуусын гэр наадмын өдрүүдээр олны хөлд дарагдаж, хүүхэд залуусын инээд баясал, дуу хуураар бялхаж байсан. Ирсэн зочид бүгд үндэсний хувцас Монгол дээлээрээ гангарч, наадмын нэгэн чимэг болж байсан юм. Түүнчлэн МЗХ-оос санаачлан “Жиргээ” хар азаргыг Монголын залуусын нэр дээр уралдуулж, “Жиргээ” хар азарга маань 12-т давхиж наадамчин олон, залуусаа баясгасан юм. Үүгээрээ Монголын залуучууд наадах гэртэй, хүчит бөхтэй, хурдлах морьтой, мэргэн харваачтай, цугладаг байгууллагатай, итгэл сэтгэлтэй гэдгээ харуулж чадсан нь залуусын хувьд энэ оны хамгийн сайхан үйл явдлын нэг байсныг онцоллоо.
“Авлига БИ авахгүй, Би өгөхгүй” аянд 6999 хүн нэгдээд байна
Энэ онд “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аян хамгийн олон залуучуудыг хамарч чаджээ. Уг аянд залуучууд сайн дураараа нэгдэж, авлигын эсрэг олон бодит ажлуудыг хийсэн юм. Авлигын тоолуур ажиллуулж одоогийн байдлаар 6999 хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид нэгдээд байна. МЗХ-оос санаачлан АТГ-тай хамтран зохион байгуулж байгаа дээрх аяны хүрээнд “TRANSPARENCY INTERNATIONAL” (Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн) байгууллагатай хамтран “Авлигагүй байгууллага” өдөрлөг, “Сэрэх цаг боллоо” телевизийн шууд нэвтрүүлгийг хийж залуучуудад авлигын эсрэг 10 дүрмийг танилцуулан санал бодлоо чөлөөтэй солилцсон зэрэг томоохон ажлуудыг хийжээ. Хэдийгээр өнөөдөр шууд авлигагүй орон болж чадахгүй ч энэ нь Монголын залуучууд нийгэмд бугшаад байгаа авлигыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулах томоохон ажлын эхлэл болж байгаа юм. Тиймээс энэ аян 2012 оны хамгийн олон залуучуудыг хамарсан онцлох үйл явдлын нэг боллоо.
Эх сурвалж: Залуучуудын Үнэн сонин