Монгол Улсын гавьяат жүжүжигчин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Ойрын үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач. Гадагшаа явсан сурагтай байсан. Хаашаа ямар шугамаар яваад ирэв?
-Ойрын сонин гэвэл шинэ оноо гэртээ гаргачихаад гэр бүлээрээ Сингапурт долоо хоног сайхан амарчихаад ирлээ. Тиймээс одоо ажил, амьдралдаа эрч хүчтэйгээр орж, тоглолтын бэлтгэлээ базаана. Тоглолт маань гуравдугаар сард болно. Ерөнхий найруулагчаар Д.Сосорбарам, хөгжмийн найруулагчаар гитарчин Өөжгий ажиллахаар болсон. Поп опера оркестртой өндөр хэмжээний тоглолт болох учраас бэлтгэлээ хоёр дугаар сараас эхэлнэ. Одоогоор тоглолтын нэр, хэчнээн уран бүтээлч оролцох нь тодорхой болоогүй байна. Түүнээс өмнө шинэ дуунууд дээрээ ажиллаж, клипний зураг авалтад орох гэх мэт амжуулах олон ажил байна. Тоглолтын дараа нь поп опера цомгоо гаргана.
-Тоглолтод урлагийн олон уран бүтээлчдээс гадна шавь нараас оролцох уу?
-Ер нь найруулагч маань тэр бүгдийг шийднэ. Харин би дуучныхаа үүргийг гүйцэтгэнэ. Тоглолтод 23 дуу дуулагдах бөгөөд дотор нь гадаадын алдартай уран бүтээл ч бий. Энэ удаагийн тоглолт ямар нэгэн ашиг хонжооны зорилгогүй, урлагийн сайхныг харуулахад чиглэсэн өндөр хэмжээний тоглолт байх болно. Тиймээс хөгжимчид, гэрэл, тайз зэргийг гаднаас авчирах бодолтой байгаа. Хүмүүс тоглолт хийхээр их мөнгө олох юм шиг санадаг ч тийм биш. 2007 оны тоглолтын орлого маань зарцуулсан мөнгөний дөнгөж талд нь хүрч байсан удаатай.
-Өнгөрсөн 2012 онд хийсэн ажлаа дүгнээд энэ жил хийж бүтээхээр төлөвлөөд буй зүйлийн тухайд?
-Өнгөрсөн онд тоглолтоо хийж амжаагүй ч шинээр нэлээд хэдэн дуу гаргасан байгаа. Тухайлбал “Хурд” хамтлагийн Отгонбаярын “Зөвхөн зөөлөн үнсэлт”, Нарантай хамтран дуулсан “Найзууд”, ая зохиогч Гангийн зохиосон дуунуудаас гадна “Пусаны далай дээр”, “Чи бидэн хоёр” нэртэй дууны клипний зураг авалтаа дуусгасан. Мөн Хүүхдийн ордонд тоглолт хийлээ. “Pro sоunds” студи маань 20 гаруй дуучны дууны цомог, долоон киноны дуу гаргалаа. Хамгийн сүүлд “Ану хатан” киноны дуун дээр ажиллаа. Мөн Төрийн шагнал авсан маань миний амьдралд шинэ зүйл боллоо. Энэ жил орон нутгаар явж, аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. 2006 онд орон нутгаар тойрч байхад 30 мянган үзэгч үзэж байсан бол одоо зургаан жилийн дараа МУГЖ болчихоод шинэ уран бүтээлээ сонсгохоор болсондоо баяртай байгаа.
-“Extacy” хамтлагийн охидоор сонин юутай. Та продюсерладаг шүү дээ?
-“Extacy” хамтлаг байгуулагдаад ганцхан жил болж байгаа ч 10 дуутай болсон. Одоогоор хамтлагийн охид хичээлтэй байгаа. Тэд сурахынхаа хажуугаар уран бүтээлийн эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Намайг дагаад хөдөө орон нутгаар аялан тоглолт хийнэ. Цагаан сарын үеэр ийш тийшээ авч явах, санал тавиад байгаа. Тиймээс илүү их хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөх шаардлагатай болоод байгаа.
-Урлагт хөл тавьсанаас хойш нийт хэчнээн дуу, цомог гаргаж тоглолт хийв?
-Би зургаан наснаасаа эхлэн дуулж, цэцэрлэг сургуулийнхаа дууны тэмцээн уралдаанд оролцдог хүүхэд байсан. Дуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд DVD гээ оролцуулбал нийт есөн цомог гаргасан. Дууны хувьд тийм олон биш ч кино, жүжгийн, ардын болон хүүхдийн уран бүтээлүүд байна. Мөн Турк, Япон, Солонгос зэрэг очсон орон бүрийн хоёроос гурван дууг тайзан дээр дуулах хэмжээнд мэднэ. Туркэд өглөө нь дуугаа сураад орой нь шууд нэвтрүүлгээр алдахгүйгээр дуулах тохиолдол ч гарч байлаа.
-Хүний анхны юм бүхэн сэтгэлд тод байдаг. Таны хамгийн анхны дуу, тоглолт, явсан улс орон юу вэ?
-Миний хамгийн анхны гэвэл “Чамайг би хүнийх гэж бодсонгүй” гэх дуу байдаг. Хамгийн анхны том тайз гэвэл Пентатонекийн тайзан дээр гарч дуулсан. Тэр үед нас залуу, туршлага ч бага байж. Гуяа гаргасан урт хар даашинз өмсөөд “Чамайг би хүнийх гэж бодсонгүй” дуугаа өнгө алдан дуулж байсан удаатай. Харин гадагшаа явсан улсын тухайд Азийн бар орон гэгддэг Сингапур улсад очсон. Тэр үед онгоцны буудалд буумагцаа л өндөр хөгжилтэй орны соёлыг гайхаж байлаа шүү дээ. Харин сая 12 жилийн дараа дахин очиход төдийлөн анх очсон үе шиг гээ байсангүй. Тэгэхээр Монголд үзэх хязгаар, сэтгэлгээний цар хүрээ өндөртэй улс юм шиг байна.
-Улс төр нийгмийн амьдралын хар бараан сүүдрийг урлаг соёлынхон уран бүтээлээрээ сүлж байдаг. 20 жилийн өмнөх ардчилал танд юу өгөв. Шинэ Засгийн газраас юу хүсэн хүлээж байна?
-Шинэ Засгийн газраас урлагийн бүхий л уран бүтээлчид тоглолт хийдэг ордон байгуулж өгөөсэй гэж хүсэж байна. Шинэ ордонтой болвол тэр хэрээр урлагийнхны уран бүтээл сайжрахийн сацуу үзэгчид урлагийг үнэлэх үнэлэмж дээшилнэ. Аливаа улсын урлаг соёлоор тухай орныг дүгнэж, уран бүтээлчид нүүр царай нь болдог. Тиймээс бор зүрхээрээ уран бүтээл хийж яваа урлагийн хүмүүсийг шүүмжлэхээсээ илүүтэй дэмжих хэрэгтэй юм. “Тусгай салаа” кино хийгдсэнээс хойш цэрэг татлага гурав дахин нэмэгдсэн байсан. Энэ нь урлаг ямар хүчтэйг харуулж байгаа хэрэг. Урлагийг улам хүчтэй болгохын тулд улстөрчид анхаарах хэрэгтэй. Хорин жилийн өмнөх ардчилсан нийгмийн үед хүмүүс гадагшаа явж юм үзэж, нүд тайлж эхэлсэн. Түүнээс өмнө кино, түүх, урлаг соёл төдийлөн нээлттэй байгаагүй байж болох ч ардчилсан нийгэм хүмүүст арай хэтэрхий дураараа аашлах эрхийг өгчихсөнд харамсдаг. Уран бүтээлчдийн хийсэн бүтээлээс нь илүүтэй өмсөж зүүснээр шинжиж, элдэв бусаар хэлдэг байдалд диктатур хэрэгтэй.
-Ойрд цаг агаар болоод нийгмийн амьдралын уур амьсгал хүйтэн байна. Тухайлбал нярай хүүхэдтэй холбоотой асуудлууд эрүүл мэндийн хэмжээнд яригдлаа. Үүнд ээж хүний хувьд ямар бодол төрж байв?
-Олны танил ээж гэдэг утгаараа мөн нийгэмд хүлээсэн үүргээ бодсон ч тэр өөрийгөө хүүхдийн асуудалд илүү их анхаарал тавих ёстой гэж боддог. Монголчууд бид цөөхөн хүн амтай. Гэтэл нярайн эндэгдлээс гадна хүүхдээ хаядаг, зоддог, нөхөртэйгээ хэрэлдсэн уураа хүүхэддээ гаргадаг зэрэг зүй бус авиртай эх олон болсонд сэтгэл их эмзэглэдэг. Саяхан хэвлэлээр гарсан нөхөртөө уурласан уурандаа хоёр настай хүүхдийнхээ аманд буцалсан халуун ус хийсэн, мөн тав хоногтой хүүхдээ хогийн хажууд хаясан ээжийн тухай мэдээллийг сонсоод бүхэл өдөржингөө хямарч уйлсан. Сүүн далай ээж гэж хэлэгддэг хүмүүсийн зарим нэг нь өнөөдөр зэрлэг араатнаас өөрцгүй болсон байна шүү дээ. Би тэр хаягдсан хүүхдийг өргөөд авчихъя гэж нөхөртэйгээ ярьж байсан боловч цагдаагийн харгалзаатай байдаг учир санааны зоргоор бүтээгүй. Тиймээс нэг бус нэлээн олон хүүхдэд тусалъя гэж шийдсэн. Таван хоногтой хаягдсан н.Гэгээнээ гэх тэрхүү одоо асрах газарт 12 хүүхдийн хамт байдаг. Би очдог.
-Эх хүний нэн тэргүүндээ тавьдаг зүйл үр хүүхэд нь байдаг. Гэтэл одоогийн зарим нэг залуу ээжүүд үр хүүхдээ үл ойшоох болсон нь юутай холбоотой гэж бодож байна?
-Яг үүнтэй холбоотой гэхэд хэцүү. Ядуу зүдүү байдал, ухамсар дорой, өөрийгөө боловсруулж хөгжүүлээгүй, үр хүүхэд өөрийгөө хайрлах хайр энэрэл дутсан зэрэг олон асуудал байгаа байх. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан эх хүний тухай сургалт байдаггүй нь нөлөөлдөг байх талтай. Зэрлэг балмад байдлаар хүүхдээ ойшоохгүй байгаа ээжүүдийн дийлэнх залуу хүмүүс байгаа нь харамсалтай юм. Ажил хөдөлмөр хийгээд өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, элэг бүтэн амьдрах шиг жаргал үгүй ш дээ.
-Ээж гэх эрхэм нэрийг зүүчихээд тээж төрүүлсэн хүүхэдтэйгээ зүй бусаар харьцдаг тэр ээжүүдийг яавал дээр вэ?
-Өнөөдөр нийгэмд архидалт гаарч байна. Үүнийгээ ардчилал гэж арчаагүй байдлаар зөвтгөж байгаа нь надад таалагддаггүй. Соцциализмийн үед үзэж харах зүйл цөөхөн байсан ч хайрлан шүтэж, энэрэн хайрлах маш олон зүйлтэй байсан. Гэтэл одоо хүний мөс жудаг муудан, улам адгууслаг болоод байх шиг. Төрүүлсэн хүүхдээ ч энэрч хайрлах сэтгэлгүй болсон байна шүү дээ. Тиймээс хүүхдийн эрхийн хуулийн сайжруулж зэрлэг балмад эхчүүдэд хүлээлгэдэг хууль эрх зүйг чанга болгох хэрэгтэй.
-Танай хүүхдүүд хэдэн нас хүрцгээж байна. Урлагийн хүн болгох уу?
-Би дөрвөн насны зөрөөтэй хүү, охин хоёртой. Хүү маань найман настай “Элит” дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Би дөрвөн настай охиноо урлагийн хүн болж магадгүй гэж бодоод байгаа. Яагаад гэхээр сонсгол сайтай хөөрхөн дуулчихдаг. Хүүхдүүдээ өр зөөлөн сэтгэлтэй, ухаантай, хайр энэрлийг бусдад түгээж чаддаг, хүнд тусархуу хүн болоосой гэж боддог. Хүүгээ ангиасаа тусч хүүгээр шалгараад ирэхэд маш их баярлаж байсан. Ер нь хүүхдийг өмсөж зүүх эд материал шүтэхээс илүүтэйгээр эх орон, эцэг эхээ зүрх сэтгэлдээ хайрлаж, хүндэлдэг хүмүүжлээр өсгөх хэрэгтэй юм. Гэвч манай улсад хүүхэд өсөж, хөгжих орчин нөхцөл төдийлөн сайн хөгжөөгүй л байна.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Миний туйлын хүсэл мөрөөдөл бол эх орон элгэн түмэн нь амар амгалан байгаасай гэж боддог. Мөн хүүхдийн асрах газартай болохыг хүсдэг. Түүнийг бүтээн байгуулахад асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана. Гэсэн хэдий ч хэзээ нэгэн цагт би заавал хүүхдийн асрах газартай болно гэж боддог. Үүнийгээ гэр бүл, найз нөхөддөө олон удаа хэлж байгаа бөгөөд сувилал, асрамжийн газрын хүүхдүүдтэй холбоо тогтоож эхлээд байгаа. Тэдгээр хүүхдүүдээ ядаж зундаа нэг эрүүл агаарт амраачих юмсан, хоол ундтай тохилог байлгах юмсан гэж боддог. Тав хоногтой хаягдсан Гэгээнээ хүү маань одоо таван сартай болчихсон байгаа. Энэ хүүд 18 нас хүртэл нь “Хас” банкинд хадгаламж нээсэн байгаа. Одоо тавхан сартай ч төд удалгүй том болоод сургуульд орно. Тэр болтол хадгаламж нь өсөх байх. Гэгээнээ хүүд туслах хүсэлтэй Монголын сайхан сэтгэлтэй хүмүүс тэрхүү дансанд мөнгө хандивлаж болно. Хүүхэд багачууддаа хүн бүхэн анхаардаг байгаасай гэдэг үүднээс энэ 2013 оныг хүүхэд залуучуудын жил байх болтугай гэх ерөөл тавьж байна. Мөн хүүхдэд зориулсан олон сайхан дуу, уран сайхны кино, парктай болоосой. Мөн оюун ухааныг нь хөгжүүлэх олон шинэ зүйл гараасай.Танай сайтаар дамжуулаад хүүхдийн төв сувилалын асрах газрын хамт олон болон эмнэлгийн эмч сувилагч баярласнаа хэлмээр байна.
-Хань ижил, үр хүүхэдгүй эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Тэдгээр эмэгтэйчүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?
-Хүн хань ижилгүй байж болно, үр хүүхэдгүй ч байж болно. Гэсэн хэдий ч өөрийгөө ганцаардуулж болохгүй. Олон сайхан найз нөхөдтэй байх хэрэгтэй. Учир нь найз нөхөд гэдэг хүний амьдралд зайлшгүй шаардлагатай бөгөөд сэтгэлийн хоосон том орон зайг гайхалтай нөхдөг. Хүн сайхан амьдралтай байна гэдэг хөдөлмөрлөсний хүч юм. Би өнөөдөр сайн хань, сайхан гэр бүл, ажил мэргэжилтэй ажиллаж, амьдарч байгаагаа миний хөдөлмөр гэж боддог.Хүний амьдрал дандаа сайхан байгаад байна гэж үгүй. Тиймээс хүн ямар ч үед шантралгүй хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Үүнийг би хүүхдүүддээ захидаг.
-Таны ээж, аав ямар хүн байв. Хүүхэд насны мартагдашгүй дурсамжаасаа уншигчдад маань сонирхуулбал?
-Манай ээжийг Нина гэдэг. 67 онд эм найруулагчийн мэргэжлээр сургуулиа төгссөнөөс хойш Налайхын эмийн санд одоог хүртэл ажиллаж байгаа. Тиймээс ээжийг маань налайхчууд андахгүй мэддэг. Хэдийгээр нас сүүдэр дал шахаж байгаа ч ажлаа хийж байгаа. Би ээжийгээ ажил хөдөлмөр хийж, өөрийнхөөрөө амьдрахыг нь хориглодоггүй. Ээж маань тэтгэврийнхээ хажуугаар ажиллаж, цалин аваад гоё сайхан хувцаслаад ганцаараа амьдардаг. Намайг хүүхэд байхад ээж маань энд тэнд байгаа эмийг амталж үзээд ямар эм гэдгийг хэлдэг байсан нь бахархууштай санагддаг байсан. Тэр үед эгчтэйгээ хамт ээжийн ажил дээр очоод эм боолцдог байлаа. Нэг удаа зүггүйтээд хүчтэй витамин идээд биеэр маань юм туурч загнуулж байснаа мартдаггүй юм. Харин аав маань уурхайчин хүн байсан. Налайхын уурхайд олон жил ажилласан. Налайхын уурхайн 90 жилийн ойн өдөр буюу долоодугаар сарын 9-нд концертод дуулах гээд явж байхад утсаар “Та МУГЖ боллоо маргааш ирж шагналаа авна уу” гэсэн. Би энэ үгийг машин дотроо ганцаархнаа сонссон. Тэгэхэд Налайхын уул ус маань ивээж, аав, ард олны маань хайр ивээл түшлээ гэж бодогдсон. Аав маань 97 онд бурхан болсноос хойш ээж маань ганцаараа амьдарч байна.Тэд маань эгэл жирийн л хөдөлмөрчин хүмүүс.
-Монголын урлагийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж, ирээдүйг яаж харж байна. Сүүлийн үед шинэ залуу хамтлагууд гарахын хирээр ам барьж дуулах явдал ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа?
-Монголын урлагийг хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү санагддаг. Учир нь хөгжих нөхцөл нь бохир байгаа учраас тэр л дээ. Тоглолт хийчих олигтой ордон ч алга. Уран бүтээлчид тоглолт зохион байгуулахад олон бэрхшээлтэй нүүр тулдаг. Нийтийн дуучид, хошин урлагийнхан маань бор зүрхээрээ л уран бүтээл хийж байна. Ер нь үндэсний уламжлалаа дагаж урлагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ соёлын яам байгуулагдсан учир шүүмжлэлд өртөөд буй асуудлуудыг шийдвэрлэх байх. Ам барьж дуулдаг асуудал хууль гарчихвал цэгцрэх болов уу. Гол нь тэр хуулиа мөрддөг байх нь чухал юм.
Ч.ГАНТУЯ