“Ньюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаатай ярилцахаар ДБЭТ-т ороход нэг дууг чангаар тавьж даган дуулж байсан юм. Түүнтэй 2013 онд хийх хамтлагийн шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Шинэ оны мэнд хүргэе?
-Баярлалаа. Уншигчдадаа ч гэсэн шинэ оны мэнд хүргэе.
-Шинэ оны анхны уран бүтээлээ фенүүддээ хүргэхэд бэлэн болжээ гэж бодлоо?
-Энэ дуу хамтлагийн маань шинэ уран бүтээл биш л дээ. Өнөрөө маань өнгөрсөн таван сард нутагтаа ирэхдээ энэ дууг бичүүлсэн юм. Үг, аяыг нь өөрөө хийсэн. АНУ руу явсны дараа уг дууны микс, мастеринг нь хийгдээд бэлэн болчихсон байна. Бид сонсоод сайхан уран бүтээл болсныг нь бишрээд сууж байлаа.
-Дууны нэр, утга санаа нь юуг илэрхийлсэн бол?
-“Нутагаа санана” гэдэг нэртэй. Үг, аяыг нь Өнөрөө Америкт байхдаа нутгаа санаж бичсэн юм. Утга агуулга нь гадаадад амьдарч байгаа монголчууд хэрхэн нутгаа санаж, шимширдэгийг үг, аялгуугаараа бүрэн илэрхийлсэн сайхан уран бүтээл болсон. Хүмүүс ч гэсэн сонсоод сэтгэл өндөр байгаа. Би удахгүй энэ дууг Америк руу явуулна. Өнөрөө маань энэ дуугаа тэнд дүрсжүүлэх юм.
-“Ньюанс” хамтлагийн хувьд өнгөрсөн он амжилтаар дүүрэн байсан болов уу?
-2012 онд амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Бид дөрөвдүгээр сараас хойш ОХУ-ын Улаан-Үд, Буриад, Читин зэрэг хотод тоглолтоо хийсэн. Сард нэг удаа очихдоо хоёр удаа тоглолтоо хийж байлаа. “Ньюанс” хамтлагийг сонсдог фенүүд тус хотод олон байдаг юм билээ. Биднийг очиход их сайхан хүлээж авсан.
-Энэ ондоо хийх тоглолтын талаар?
-Улаан-Үд, Читин, Эрхүү, Санкт-Петрбург хотод очиж сонгодог, поп опера чиглэлээрээ тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн эхний төлөвлөгөө гэвэл ирэх гуравдугаар сарын 7,8-нд “Эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан очиж томоохон хэмжээний тоглолтоо хийнэ.
-Энд тоглолтоо хийх болов уу?
-Шинэ оны хамтлагийн ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Эх орондоо аравдугаар сарын сүүлчээр шинэ тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Бэлтгэл ажилдаа ороод одоо хөгжмийн найруулгаа хийж эхэлсэн.
-Тоглолтод ямар стилийн уран бүтээлүүд багтах бол?
-Мэдээж “Ньюанс” хамтлагийн дуулдаг поп опера стилийн уран бүтээлүүд багтах болно. Бид монголоос гадна франц, англи, испани, итали хэлээр дуулж байгаа. Тиймээс уг тоглолтондоо дээрх хэлээр дуулсан уран бүтээлүүдээ оруулах бодолтой байгаа.
-Шинэ уран бүтээл хийж байгаа юу. Фенүүддээ хэзээ хүргэх вэ?
-Шинэ уран бүтээлдээ орсон. Гаваасүрэнгийн шүлэг, Бэхбатын хөгжим “Эх үрсийн элбэрэл” дууг өнгөрсөн онд бичүүлчихсэн байсан юм. Тун удахгүй энэ дуугаа дүрсжүүлэх ажилдаа орно. “Эмэгтэйчүүдийн баяр”-ын өмнө шинэ клипээ гаргаж ээжүүддээ бэлэг барихаар төлөвлөсөн.
-Ямар студийн хамт олонтой хамтарч ажиллах вэ?
-“Ньюанс” хамтлагтай хамтран ажилладаг “Логик фильм” студийнхэнтэй хамтран ажиллаж байгаа. “Эх үрсийн элбэрэл” дууны клипний зохиол нь бэлэн болчихсон.”Логик фильм”-ийнхэн одоо шинэ киноны зураг авалттай байгаа учраас энэ ажлынх нь дараа клипний зургаа авч эхлэх байх. Мөн уг дуунаас гадна аранжровшик, хөгжмийн найруулга нь хийгдээд бичүүлэхэд бэлэн болсон 10 гаруй шинэ дуу байгаа. Удахгүй бас энэ уран бүтээлээ бичүүлээд цацна.
-Эдгээр уран бүтээлүүдээсээ бүрдсэн шинэ цомог гаргах болов уу?
-2010 онд гаргаж байсан “Бид нэг хүсэлтэй”, “Аморе” цомог маань худалдаанд гараад дуусчихсан байгаа. Энэхүү хоёр цомгийнхоо хавтасны зургийг өөрчилж энэ сардаа багтааж дахин хэвлүүлэхээр болсон. Цомгоо Улаанбаатараас гадна Улаан-Үд, Эрхүү, Буриад хотод аваачиж худалдаанд гаргана. ОХУ-ын тус хотын фенүүд маань цомгоо энд авчирч ээ гэсэн хүсэлт олон удаа тавьсан. Тиймээс удахгүй цомгоо дахин хэвлүүлээд аваад явна.
-Хамтлагийн 11 жилийн ойгоороо тоглолт хийгээгүй нам жим өнгөрсөн. Үзэгчидтэйгээ хамт тэмдэглэе гэсэн бодол байгаагүй юм уу?
-“Ньюанс” хамтлагийн 11 насны төрсөн өдөр арванхоёрдугаар сарын 17-нд болсон. Төрсөн өдөртэй маань ДБЭТ-ын шинэ жилийн баяр давхцсан л даа. Тиймээс өөрсдөө бяцхан баярлаад л өнгөрсөн. Өмнө нь бид 10 жилийн ойгоо үзэгчидтэйгээ хамт тэмдэглэсэн. Уг тоглолтын дараа “Эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан “Бид ээждээ хайртай” тоглолтоо хийсэн. Үүнээс гадна ОХУ-ын хотуудаар сар тутам очиж тоглолтоо хийж байсан учраас завгүй, энд тоглолтоо хийх боломж таараагүй. “Ньюанс” хамтлаг байгуулагдсанаас хойш томоохон хэмжээний найман тоглолтоо хийсэн байна. Тоглолт хийхэд бэлтгэл ажил, хөрөнгө мөнгө их шаардагддаг тул хэсэг хугацааны завсарлага авсан. Бид робот биш шүү дээ. Үүнээс гадна уран бүтээлийн архиваа баяжуулах хэрэгтэй гэж үзсэн.
-Одоогоор хамтлаг гурван гишүүнтэй байгаа шүү дээ. Өнөрөө шинэ уран бүтээл, тоглолтод оролцож байх болов уу?
-Өнөрөө маань АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Ер нь энд ирж, очиж байдаг. Тиймээс тоглолтондоо ирж оролцоод буцаад явах байх.
-Өнөрөөг АНУ-д байгааг тохиолдуулан тэнд ажиллаж, амьдардаг монголчууддаа зориулж тоглолт хийх бодол байдаг уу. Урилга хэр их ирдэг вэ?
-Франц, Герман, Австралид ирж тоглолтоо хийгээч гэсэн санал ирдэг л дээ. Гэхдээ бид гадаадад очиж тоглолтоо хийх бодол тэр бүр байдаггүй. Болж л өгвөл эх орондоо байх дуртай.
-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. “Хунт нуур” дуурь тоглогдлоо. Сэтгэгдлэл хэр байна вэ. Та үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ дээ. Гадаадын уран бүтээлчид урилгаар ирж тоглолтод оролцож байгаа нь их сайшаалтай. Д.Алтанхуяг бол дэлхийн шилдэг найман балетчны нэг шүү дээ. Монголын сонгодог урлагийг хөгжүүлж, таниулахад гар бие оролцож байгаад талархаж явдаг. Бас олон улсад нэр хүндтэй балетчныг урж авчирч байгаад нь талархаж байгаа. “Донжуан” дуурийг тайзнаа тавихад гадны уран бүтээлчдийг урж авчирч байсан. Саяхан л гэхэд “Шелкунчик” дуурь БНХАУ-ын Тэнжань хотын тайзнаа тавигдсан. Сонгодог урлагийн энэ хөгжлөөс “Ньюанс” хамтлаг ч гэсэн хоцрохгүйг хичээж явна. Ирэх аравдугаар сард болох тоглолтондоо ОХУ-ын Москва хотоос поп опера чиглэлээр дуулдаг нэртэй дуучныг урилгаар тоглолтодоо оролцуулах бодолтой байгаа. Одоогоор судалж байгаа.
-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Марал